Аз жаргалтай Улаанбаатарт эзэнгүй зүйл олон юм. Дэлхийн хөгжилтэй орнуудтай хөл нийлүүлэх гэж сайхан бүтээн байгуулалт хийгдэж байгаа нь сайшаалтай хэдий ч хожим хөсөр хаягдах тохиолдол олон. Үүний нэг жишээ, 2014 оны Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн захирамжаар 33 цэгт нийтийн бие засах газар байгуулах тухай төсөл хэрэгжиж эхлээд 10 гаруй жилийн нүүрийг үзжээ. Ямартай ч одоогоор 22 байршилд “сity toilet” баригдсан байна. Гэтэл нийслэлд тоотой хэдэн “сity toilet” ажиллаж үлдсэн нь ажиллахгүй байгаа юм. Иймд “сity toilet”-уудын үйл ажиллагаа ямар байгаа талаар сурвалжилсан юм.
Б.Мөнхжаргал: “Сity toilet”-ийг нэмж барих шаардлагатай
“Бөмбөгөр” худалдааны төвийн ойролцоо байрлах “сity toilet”-оор ороход хүйтэн байхын зэрэгцээ бохирын үнэр хамар цоргино. Үйлчлэгч эмэгтэй хүмүүсийн өгсөн мөнгийг авч алга дарам 00-ын цаас тасдаж өгнө. Нийтийн бие засах газар нэртэй энэ байгууламжийг үнэгүй болгох захирамж 2022 онд гарч хэрэгжиж эхэлсэн. Гэтэл бодит байдал дээр үйлчлүүлэгчид үүнийг мэдэхгүй байсаар. Цаашлаад тус байгууламжийн цэвэрхэн тухтай байх тал дээр хяналт огт алга. Ариун цэврийн байгууламж гэхээр эвгүй үнэртэй бохир, жихүүн тухгүй байх ёсгүй. Ажиллаж байгаа байгууламж нь адаглаад гар ариутгагч саван байхгүй байх жишээний.
Тус газраас гарч “Бөмбөгөр” худалдааны төвийн автобусны буудлын ойролцоо худалдаа эрхэлдэг хүмүүстэй уулзахад “Нийтийн бие засах газар нэртэй энэ байгууламж зарим өдөр ажилладаггүй. Зуны улиралд байнга нээлттэй байдаг. Өвөл болохоор хааяахан огт ажилладаг” хэмээн ярив. Зарим байршилд 2-3 жил ажиллагаагүй байдаг “city toilet” байна лээ” гэдгийг хүртэл онцлов. Үнэхээр тэдний хэлсэнтэй бодит байдал нийцэж буй юм.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны тойргийн ойролцоох нийтийн бие засах газар үргэлж хаалттай байх бөгөөд тус газраар үйлчлүүлэх иргэд цоожтой хаалга мөргөдөг гэдгийг автобусны буудал дээр зогсох хүмүүс ярина. Ийн нийтийн бие засах газар баригдсан гэх хэд хэдэн байршлаар явсан нь энэ. Мөн л Сонгинохайрхан дүүргийн Саппорогийн автобусны буудлаас зайдуу зүүн хойд зүгт нийтийн бие засах газар барьсан бөгөөд үүнийг зорих хүн байдаггүй. Тийм учраас байнга цоожтой байдаг аж.
Учир нь хүний хөл хөдөлгөөнөөс хол байршилд баригджээ. Энэхүү бүтээн байгуулалтыг хийхдээ судалгаа шинжилгээний ажил дутуу дулимаг хийгдсэнийг үүнээс харж болохоор. Нийтийн бие засах газрыг автобусны буудал болон эмнэлэг сургууль, худалдаа үйлчилгээний байгууллагын ойролцоо барих ёстой. Гэтэл барагтай хүн явдаггүй газар бүтээн байгуулалт хийдэг нь төсвийн мөнгийг үрж ядсан үзэгдэл үү. Иймд буух эзэн буцах хаяггүй болсон “сity toilet”-уудыг бүрэн ажиллагаанд оруулах хэрэгтэй байгаа юм. Сувенир болсон “сity toilet”-ууд өглөөний 08:30 орой 22:00 цаг хүртэл ажиллах цагийн хуваарьтай. Гэтэл энэ нь мөрдөгдөхгүй байгаа юм. Нийслэлийн хэмжээнд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг гэх мэт ерөнхий 22 байршилд 24 нийтийн бие засах газар байдаг аж. Гэтэл үүний 19 нь өдөр тутам үйл ажиллагаа явуулдаг. Зарим “city toilet”-ууд ямар шалтгаанаар ажиллахгүй байгаа талаар Нийслэлийн захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Б.Мөнхжаргалаас тодруулсан юм.
-Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийтийн бие засах газарт хэн хэрхэн хяналт тавьдаг юм бол?
-Захирагчийн ажлын албатай гэрээтэй 17 нийтийн бие засах газар бий. Тэднийг хариуцан ажилладаг холбогдох байгууллагын хүмүүс өдөр тутам цэвэрлэгээ үйлчилгээ хариуцаж сар бүр урсгал зардлаа тооцуулан авч байгаа. Харин хоёр “сity toilet”-ийг 2022 онд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдийн дунд нээлттэй сонгон шалгаруулалт явуулж нийтийн бие засах газрын үйлчилгээ орчин нөхцөлийг сайжруулах төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд урилга хүргүүллээ. Үүний хүрээнд GS25 сүлжээ дэлгүүр манайд санал тавьж холбогдох зураг төсөл бичиг баримтаа бүрдүүлж өгсөн тул төсөл нь шалгарсан. Тийм учраас 120 мянгат болон Зүүн дөрвөн замд байршилтай “сity toilet”-ийг өргөтгөж засварлан, шинэчлээд 24 цагийн турш нээлттэй байлгаж, цэвэрлэгээ үйлчилгээ бүх зардлыг хариуцан ажиллаж байгаа.
-Өөрөөр хэлбэл, Нийслэлээс хувийн хэвшлийхэнд “city toilet”-ийг түрээслэсэн гэсэн үг үү. Цаашид цоожтой байгаа “city toilet”-ийг хувийн хэвшлийхэн, болон иргэдтэй гэрээ байгуулж түр хугацаанд эзэмшүүлэх юм уу?
-Үгүй. Ингэсний төлөө бид тус хувийн хэвшлээс ямар нэгэн түрээсийн төлбөр авахгүй. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хот, нийтийн аж ахуйн чиглэлийн зарим үйл ажиллагаанд хувийн хэвшлийхэн, иргэдийг татан оролцуулах ажлыг үргэлжлүүлнэ.
-Тэгвэл ажиллахгүй байгаа “city toilet”-уудыг яах юм бэ. Ямар шалтгаанаар ажиллахгүй байна вэ?
-2012 онд нийтийн бие засах газруудыг Нийслэлийн хөрөнгө оруулалтаар шат дараатай барьж байсан. Иргэдэд үйлчлэх боломжгүй буюу ажиллагаагүй байгаа нийтийн бие засах газар нь тохиромжгүй байршилд баригдсан. Тухайлбал, Дамбадаржаа хийд болон, Батлан хамгаалах их сургуулийн хашаан дотор гэх мэт дөрвөн байршилд баригдсан. Эдгээр “city toilet”-ийг нийслэлийн өмчөөс тухайн байгуулагуудад нь шилжүүлэх байх.
-Анхнаасаа судалгаа хийгдээгүй юм уу?
-Тухайн үед чухам яагаад эдгээр байршилд баригдсан гэдгийг хэлж мэдэхгүй.
-Нийслэлийн хэмжээнд баригдсан бүх “city toilet”-ийн урсгал зардал бас бус асуудлыг Нийслэлийн захирагчийн ажлын алба хариуцах боломж байдаггүй хэрэг үү. Яагаад заавал хувийн хэвшил, иргэдэд даатгана гэж?
-Нийслэл хариуцах гэхээр дулаан, цэвэр бохир ус гээд урсгал зардалд Нийслэлийн төсвөөс мөнгө зарцуулдаг. Өнгөрөгч онд 598 сая төгрөгийг “city toilet”-ийн урсгал зардалд зарцуулсан. Харин энэ онд 680 сая орчим төгрөг төсөвлөсөн. Сард 7-8 сая төгрөгийн урсгал зардал гардаг. Хувийн хэвшилд хариуцуулснаар тэдэнд давхар ашиг орлого олох боломж бүрдэж байгаа юм. “Сity toilet”-д засвар үйлчилгээ хийхэд хувийн хэвшлийхэн 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийдэг. Үүнийг тэд нөхөх учиртай. Тиймээс гурван жилийн хугацаатай хамтын ажиллагааны гэрээг хувийн хэвшилтэй байгуулж байна. Ингэснээр тэд “сity toilet”-оор үйлчүүлсэн үйлчлүүлэгчдийн төлбөрөөр сэргээн засах ажлыг хийх юм.
Тэгвэл Нийслэлийн захирагчийн ажлын албанаас “сity toilet”-ийг нэмж барих шаардлагатай гэж үзэж буй бөгөөд 2023 оны төсөвт тусгагдаагүй байна. Харин бусад дүүргүүдэд төсөв тусгагдсан байх боломжтой гэдгийг албаныхан онцоллоо. Гэхдээ гаднын хөрөнгө оруулалт төслийн хүрээнд шинээр “сity toilet”-ийг барих боломжтой аж.
Уг нь бол Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журамд зааснаар "Худалдаа үйлчилгээ болон эрүүл мэндийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нь иргэд үйлчлүүлэгчдэд бие засах газраар үнэ төлбөргүй үйлчилнэ" хэмээн журамлажээ".
Гэтэл аж ахуйн нэгж байгууллагууд үүнийг хэрэгжүүлдэггүй буюу нийтийн бие засах байгууламж засвартай гэж хэлээд цоожилдог үзэгдэл цөөнгүй. Үүнээс үзэхэд нийслэлийн хэмжээнд бие засах газар дутагдалтай нь үнэн. Тийм ч учраас “сity toilet”-ийг байгуулсан. Гэтэл энэ байгууламж эзэнгүй мэт хөсөр хаягдахад хүрчээ. Улсын төсвөөр босгосон энэ мэт байгууламжаа битүүмжлэлгүйгээр иргэд үйчилгээ авахад нээлттэй болгож өгөх нь зүйтэй юм.
Б.ОЮУНЖАРГАЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Хүн бол нийгмийн гол цөм. Нийгэм бол хүний сайн сайхныг хангахад зорилгоо чиглүүлэх ёстой. Гэтэл үхэр монголчууд хүнийг хясан боогдуулах замаар мөнгө олно гэж самуурдаг. Эрүүл мэндийн саобарт энэ нь улайм цайм болсон.