Монгол Улсад цалингаараа гэр бүлээ тэжээж, хүүхдүүдийнхээ бүрэн хэрэгцээг нь хангана гэвэл тэр шиг үлгэр байхгүй биз. Наад захын хэрэглээгээ ч хангалттай хангах хэмжээний цалингүйдээ тэд арга ядаж зээл тавьдаг. Гэтэл авдаг хэдэн төгрөгөөсөө НДШ-д 26 хувь буюу ажил олгогч талаас 13.5 хувь, хувь хүн 12.5 хувийг төлдөг. Гэвч бидний төлдөг НДШ-ийн мөнгө хуримтлагддаггүй бөгөөд өмнөх 30 жилийн хугацаанд хуримтлуулж ирсэн Тэтгэврийн даатгалын сангийн өрийг төлдөг. Тодруулбал, тэтгэвэр авч буй иргэдийн мөнгийг одоо ажил эрхэлж, “татаас” төлдөг хүмүүс бүрдүүлдэг гэсэн үг.
Тэгвэл одоо ажил эрхэлж байгаа хүмүүс тэтгэвэрт гарахад эрсдэл үүсээд байна. Учир нь, Дэлхийн банкнаас Монгол Улсад “Хөдөлмөрийн зах зээлийн дүн шинжилгээ”-г өнгөрсөн онд хийж, танилцуулсан. Тус дүн шинжилгээгээр Монгол Улсын зах зээл 2015 оноос хойш өргөжин тэлж, хөгжиж чадаагүйгээс гадна эдийн засгийн нэг том хэсэг болсон хөдөлмөрийн зах зээл нь стагнац (өсөлтгүй) шинжтэй, ужигдуу түвшинд тогтдог болж байна гэж дүгнэсэн байна.
Энэ бол улсын нийгэм, эдийн засгийн маш том сэтгэл эмзэглүүлсэн асуудал. Үүнээс гадна Монгол Улсын хүн амын өсөлт 1.8 хувь болж буурч байгаа. Гэтэл 60-аас дээш насны хүмүүсийн өсөлт нь нэг жилд найман хувь байна.
Үүнээс харахад, тэтгэвэр авдаг хүмүүсийн тоо нэмэгдсэнээр НДШ төлж буй хүмүүс өндөр татвар төлнө л гэсэн үг. Бүүр цаашлаад хүн амын өсөлт буураад байвал бид нар тэтгэвэрт гарахаар яах вэ гэдэг асуудал гарч ирнэ.
Иймд НДШ-ийн мөнгөө цалингаасаа суутгуулж, ирээдүйд авах эсэх нь тодорхойгүй байснаас тэр мөнгөө хадгаламждаа хуримлуулж байсан нь тустай санагдана.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )