Дэлхийн банк 2020 онд Монгол Улсын хайж олоод буй байгалийн баялгийг гурван их наяд ам.доллароор үнэлсэн. Энэ их баялгийг хувьцаа болгон 3.4 сая хүндээ хуваан өмчлүүлж чадвал, хүн бүр нэг сая ам.долларын өмч, хөрөнгө, хувьцаатай болох бүрэн боломжтой. Харамсалтай нь, Монгол Улсын иргэд хэзээ ч байгалийн баялагийнхаа эзэн нь, өмчлөгч нь байж үзсэнгүй. Ийм боломжийг Үндсэн хуулиараа 100 жил хаасан байна. Яагаад гэвэл байгалийн баялаг нь 1924 оны Үндсэн хуульд “Ард нийтийн хөрөнгө”, 1940 оны Үндсэн хуульд “Улсын өмч”, 1960 оны Үндсэн хуульд “Социалист өмч”, 1992 оны Үндсэн хуульд “Төрийн өмч”, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлтэд “Төрийн нийтийн өмч” боллоо. “Өмчлөх эрхтэй” гэсэн энэ холбоо үг 1992 оны Үндсэн хуульд огт байхгүй. Харин гадаад дотоодын ААН-дэд байгалийн баялагаа захиран зарцуулах эрхийг хуулиараа, “А” лиценз нэртэй алга дарам цаасаар олгодог. Жишээ нь, Рио Тинто компани 2018 оны үнэлгээгээр 400 тэрбум ам.долларын үнэлгээтэй Оюутолгойн ордыг өөрийн өмч мэт үзэж гадаадын 14 банканд барьцаалж хөрөнгө босгож зээл авч болж байна. Рио Тинто эдгээр банкуудад өрөө төлж чадахгүй нөхцөл байдал үүсвэл манай Оюутолгой автоматаар хураагдаж бид Оюутолгойн уурхайгаа гадаадын банканд алдах эрсдэлтэй. Ийм байдлыг давтахгүйн тулд бид ЭТТ хувьцааг иргэддээ өмчилж гадаад дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан эдийн засгийн эргэлтэнд оруулах нь хамгийн зөв шийдэл хэмээн үзэж байгаа юм.
Монгол улс Хөрөнгийн биржтэй болоод 32 жилийн нүүр үзэж байгаа ч Эрдэнэт, Оюутолгой, Эрдэнэс таван толгой, нисэх, төмөр зам, банк гэх мэт ААН-дийн хувьцаа огт байхгүй. Иргэд нь хөрөнгийн бирж дээр хувьцааны үнийн өсөлт, уналтаас ашиг хийж чаддаггүй. Ойлголт муу, хувьцааг тоодоггүй. 90-д оны эхээр цэнхэр ягаан тасалбараар ААН-дийн хувьцаа эзэмшигч болсон ч 30 жил ногдол ашгаа аваагүй 10 гаран тэрбум төгрөг хуримтлагдсан, мөн 1072 хувьцаагаа өөрийн болгоогүй, бичиг баримтын зөрчилтэй, данс нээлгээгүй шалтгаанаар 30 гаруй тэрбум төгрөгийн хувьцаа эзэнгүй байна. Цалин бага байна, үнийн өсөлт их байна гэх боловч 1072 хувьцааны ногдол ашгийг өгнө гэхээр ийм бага мөнгөөр яахав төрийн бүтээн байгуулалт хийе гэцгээж байна. Төр 85 хувийн ашгаа авч байгаа шүү дээ, түүгээрээ л бүтээн байгуулалтаа хийг. Та авах ёстойгоо авах л ёстой. Иргэд мөнгөтэй болсноор инфляц болоод улс дампуурах гээд байна гэх доромжлолыг таслан зогсоох ёстой. Засгийн газар, Монгол банк, Сангийн яам хуулинд заасан үүргийнхээ дагуу инфляцтайгаа тэмцэх ёстой. Харин Монголчууд бид байгалийн баялагийнхаа жинхэнэ эзэн нь, өмчлөгч нь байх нэг боломж бол “Эрдэнэс таван толгой” ХК-ийн төрийн мэдлийн 15 тэрбум ширхэг хувьцааг иргэдэд 100 хувь үнэ төлбөргүй өмчлүүлэх явдал юм. Монгол Улсын нийт 3.4 сая иргэн бүр 4685 ш /93700 $/ хувьцаатай болох боломжтой. 2018 онд бидний боловсруулсан ЭТТ төрийн мэдлийн хувьцааг иргэдэд өмчлүүлэх тухай хуулийн төсөлд нэгж хувьцааг дунджаар 20 ам.доллар хэмээн тооцсон бөгөөд ЭТТ нийт 15 тэрбум хувьцааны үнэ 300 тэрбум ам.доллар болно. Энэхүү хуулийн төслийг ард түмэн шаардаад, Засгийн газар дэмжээд, УИХ нь баталвал ард түмэндээ, улс эх орондоо хийсэн хамгийн том буян болно. Энэхүү хуулийн төсөл батлагдвал бидний эзэмшдэг гэх нэг сая төгрөгөөр үнэлэгддэг 1072 хувьцаа өмчлөх эрхтэй 1072 хувьцаа болж 21440 ам.доллароор үнэлэгдэнэ гэсэн үг. Өнөөдрийн ам.долларын ханшаар тооцвол 74 сая төгрөг болж хувьцаагаа дотоодын биржийн болон биржийн бус зах зээлд эргэлтэнд оруулах боломж нээгдэнэ. Өмчийг эзэмших, өмчлөх хоёрын ялгаа нь ердөө л энэ.
Харин бид үлдсэн 3613 хувьцаагаа гадаадын зах зээл дээр гаргах боломж, туршлага байна уу гэдэг асуудал гарч таарна. Тэгвэл Таван толгойн ордод түшиглэн үйл ажиллагаа явуулж байгаа Энэржи ресурс ХХК 12 жилийн өмнө Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаж 650 сая ам.доллар босгож байсан туршлага бэлээхэн байна. Монгол Улсын Засгийн газар дээрх бэлээхэн туршлага дээр үндэслээд судлаад, хамтраад ЭТТ иргэдэд өмчлүүлсэн хувьцааг олон улсын хөрөнгийн биржид гаргах нөхцөл бололцоог хангаад өгвөл коксждог нүүрс үнэд ороод байгаа өнөө үед хувьцааны эрэлт нэмэгдэж үнэ өсөх нь тодорхой. Үүнээс гарах эдийн засгийн үр өгөөжийг тоочоод барахгүй биз ээ. Товчхон дүгнээд хэлбэл ЭТТ төрийн мэдлийн хувьцааг иргэддээ өмчлүүлбэл Засгийн газар нь алтан хувьцаа эзэмшигчийн хувиар компанийн үйл ажиллагаанд хяналт тавих, иргэдийн хувьцааг дотоод, гадаадын хөрөнгийн биржид гарах үүд хаалгыг нь нээж өгөх үүрэг хүлээнэ, харин иргэдэд 74 сая төгрөгөөр үнэлэгдэх 1072 хувьцаагаа дотоодын биржийн болон биржийн бус зах зээлд эргэлтэд оруулах боломж бүрдэх юм. Таван толгойн бүлэг орд хэмээх нэг л нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа Энержи ресурс ХХК Хонконгод, жижиг хэмээх Таван толгой ХХК дотоодын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаад зах зээлийн зарчмаар ажиллаад байхад Эрдэнэс таван толгой ХК одоо болтол хөрөнгийн биржид бүртгэлгүй, хувьцааны үнэ 10 жил 933 төгрөгөөр үнэлэгдэн, эзэмшигчид нь худалдах, худалдан авах, бэлэглэх, өвлүүлэх эрхгүй байсаар байна. Иргэн баян бол улс баян гэдэг. Иргэддээ ЭТТ-н хувьцааг өмчлүүлснээр иргэдээ өмчтэй хөрөнгөтэй болгож, улсынхаа эдийн засгийг ч аврах алтан боломжийн үеийг бүү алдаачээ гэдгийг төр засагтаа сануулцгаая, шаардацгаая.
2023 оны 1-р сарын 20-ны өдөр Эрхзүйч М.Сайнбаяр
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Зангарагтай эдийн засгийн бодит үнлэслэл энэ л байна даа монголчууд минь.