33-НЫ МӨЧЛӨГИЙГ АМЬДРАЛАА ӨӨРЧЛӨХ БОЛОМЖ ГЭЖ ХАРАХ ХЭРЭГТЭЙ
Жил бүрийн цагаан сараар 33-ны мөчлөгийг талаар багагүй яригддаг. Энэ туулай жилд 1991 онд төрсөн хонь жилтнүүдэд 33-ны мөчлөг таарч байна. Тэгвэл тэдгээр хүмүүс юуг анхаарах талаар “Манба дацан хийд”-ийн зурхайч Д.Сайнсайханаас тодрууллаа.
Тэрээр "Ер нь 33-ны мөчлөгийг сайн ойлгуулах хэрэгтэй. 33-ний мөчлөгөө мэдэхгүй учраас зан үйл засал ном, бодох бодлоо өөрчилж чадаагүйгээс болоод залуус амьдралдаа алдах зүйлүүд байдаг нь надад харамсалтай санагддаг. Надад ирж үзүүлж байгаа олон хүнээс 33-ны мөчлөгөө ойшоохгүй яав даа гэсэн сэтгэл төрдөг учраас үүнийг дахин дахин ярьж, ойлгуулах юм сан гэж боддог. Залуус маань 33-ны мөчлөгийг муу зүйл гэж айж, цэрвэхээсээ илүүтэйгээр үүнийг боломж гэж харах хэрэгтэй. Энэ мөчлөгөөс эхлээд надад амьдралаа сайн сайхан болгох ямар боломж байж болох вэ гэдэг өнцгөөр харах нь зүйтэй.
Яагаад гэхээр 33-ны мөчлөг дээр хүн суудлын гүймиг буюу эхээс төрсөн суудал дээрээ эргэж суудаг. Эрэгтэй хүн эхээсээ төрөхдөө гал, эмэгтэй хүн усан суудал дээр суудаг. 33-ны мөчлөг дээр төрөхөд анх суусан суудал дээрээ суудаг. Тийм учраас л үүнийг 33-ны эхийн хий гэж яриад байгаа юм. Хүн эхээс төрнө гэдэг амьдралаа шинээр эхлүүлж байна. Эхээс төрөөд 33 хүртлээ хүн амьдралын нэг замаар явж.
Тэгвэл энэ мөчлөгөөсөө эхлэн цаашид тухайн хүн юу бодсон бэ, ямар зан үйл хийсэн бэ, засал номоо хийлгэсэн үү гэдгээс хамаараад тухайн хүний амьдрал уруудах уу, өөдлөх үү гэдэг нь бас хамаардаг. Тиймээс 33-ны мөчлөгийг амьдралаа өөрчлөх боломж гэж харан ашигла гээд байгаа нь өмнөх амьдралдаа болсон, болохгүй байсан зүйлдээ дүгнэлт хийгээд, болж бүтэж байсан зүйлээс цааш нь улам дэвжээж, болохгүй байсан, хичээгээд хүрч чадаагүй зүйлүүдээ бий болгоё гэсэн эерэг хүсэл тэмүүллийг хамгийн нэгдүгээрт дотоод сэтгэлдээ бий болгох хэрэгтэй. Бодол их чухал.
Хоёрт зан үйл чухал. Энэ нь ээжийгээ л баярлуул гэж байгаа юм. Ээжийгээ баярлуулахдаа тийм зүйл хий гэсэн юмгүй. Ээжийгээ баярлуулбал хүний дотор сайхан мэдрэмж төрнө дөө. Тэр бодол, мэдрэмж хоёр нийлэх нь чухал. Гэхдээ хүний эцэг, эх эд баялгаас илүүтэй үр хүүхдээ сайн явахад л хамгийн их баярладаг байх гэж боддог. Тиймээс та бүхэн энэ мөчлөг дээрээ зөв явж, сайн амьдраад ээж аавынхаа сэтгэлийг зовоолгүй, одоо л миний хүүхэд зөв амьдарч байна даа гэж сэтгэл амартал нь баярлуулбал хамгийн дээд зүйл болов уу.
Гуравт 33-ны мөчлөг дээр гурван гүймиг байдгаас суудлын гүймиг, ясан махбодын гүмэг гэсэн хоёр сүрхий гүймиг таарч байгаа. Тиймээс энэ хоёр гүймигийн засал номыг хийлгэхгүй бол том нөлөөтэй.
Энэ туулай жилд 1991 онд төрсөн хонь жилтэй хүмүүст 33-ны мөчлөг таарч байна. Тиймээс энэ жил амьдрал нь өөдлөх, сайн амьдрал нь эхлэх гараг эрхсийн үүд зам нээгдэж байна. Нөгөө талаараа үүнийг анзаарахгүй хөлөөрөө толгой хийгээд, толгойгоороо хөл хийгээд явбал энэ туулай жилдээ өвчин зовлонд өртөх, хэл ам, хэрүүл зарга, шүүх цагдаа зэрэгт орооцолдох өндөр магадлалтай. Ийм асуудалд орсон хүмүүс жилийн дундуур их ирдэг учраас дээр хэлсэн зан үйлийг жилийн эхээр чухалчилж хийгээрэй. Залуу хүмүүс үүнийг тоохгүй явахад 100 хувь амьдралд чинь нөлөөлөхгүй ч тодорхой хэмжээнд нөлөө гардаг" хэмээв. /Туулай жилд анхаарах зүйлс, засал номын талаарх дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД дарж уншина уу./