Хэвлэл мэдээлэлд хэмнэлт зарлах нь Засгийн газрын ажил биш

С.Данзан | Zindaa.mn
2023 оны 03 сарын 08

Цар тахлын нөхцөл байдал, хил гаалийн асуудлаас үүдэн, нийгэм, эдийн засаг хүндэрсэн гэдгийг хаа хаанаа ойлгоно. Нөгөө талаар Орос, Украины зэвсэгт мөргөлдөөн ч үүнд нөлөөлсөн. Хил гаалийн гацаа, шатахуун түлшний үнийн нэмэгдлээс үүдэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөн гээд дурдаад байвал энэ хавар олон асуудал шил шилээ даран үүссэн. Энэ нь зөвхөн Монгол Улс бус дэлхийн нийтийн асуудал болчихлоо.

Тиймээс Засгийн газраас энэ тал дээр анхаарал хандуулж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахуун түлшний үнийг хазаарлан тогтоохоос гадна иргэдийн амьдрал ахуйд эерэг үр дүн үзүүлэх тогтоол, шийдвэр олныг гаргасан. Гэвч эдгээр тогтоол, шийдвэр нь цаашид тогтвортой хэрэгждэггүй, төсвийн байгууллагуудад тэгш бус үйлчилж ирсэн учраас “Хэмнэлтийн тухай хууль” боловсруулан, УИХ-д өргөн барьсан дагуу батлагдсан ч сайтар хэрэгжихгүй байна. Өөрөөр хэлбэл, төр түүний бүх шатны байгууллага, нийтийн алба тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлын эсрэг хязгаарлалт тогтоох, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор уг хуулийг өргөн барьсан. Мэдээж хэрэг тус хууль нь Үндсэн хууль, Төсвийн тухай хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

Гэхдээ “Хэмнэлтийн тухай хууль”-ийн үйлчлэх хүрээнд төрийн захиргааны, тусгай болон үйлчилгээний албан хаагч, төсвийн байгууллага түүний албан тушаалтан, банк, санхүү, бусад салбарын хуулийн этгээд, түүний албан тушаалтан багтана. Үүнд Монголбанк, улсын болон орон нутгийн төсөв, Засгийн газрын болон орон нутгийн тусгай сан, олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол улсын төсөвт хүлээн авсан болон дамжуулан зээлдүүлсэн гадаад дотоод эх үүсвэрээс авсан зээл, мөн гадаад, дотоодын эх үүсвэрээс олгосон хандив тусламж , орон нутгийн бүх сан энэхүү хуулийн үйлчлэлийн хүрээнд зохицуулагдах юм байна.

Тиймдээ ч хуульд заасан этгээд, албан тушаалтан, санхүүжилтийн эх үүсвэртэй холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулах бөгөөд бусад хуульд өөрөөр заасан бол энэ хуулийг баримтлана хэмээжээ. Хүнд цагт байх ёстой хууль бол энэ гэдэгтэй маргахаргагүй . Хуульд зааснаас харахад зардал бууруулах арга хэмжээг энгийн ойлгомжтойгоос гадна өндөр сахилга баттай байхыг заасан. Жишээ нь хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа, арга хэмжээ нь хамгийн бага зардлаар хамгийн өндөр үр дүнтэй байхад чиглэхийг ч анхааруулжээ. Төсөвт ч, төрд ч тэр тэвчиж болох олон зүйл байгааг Засгийн газрын өргөн барьсан тус хуулиар зохицуулахыг зорьсон. Тэгээд ч эдийн засаг хямрах, үүнээс үүдсэн хэмнэх гэдэг нь бидний хувьд өнөөдөр ганцхан тохиож байгаа зүйл биш. Урьд өмнө туулж ирсэн түүх ч бий. Магадгүй энэ удаад чамгүй хүндрэл тулж байгаа учраас Засгийн газраас ийнхүү УИХ-ыг яаравчлуулсан байх. Хэвлэл мэдээлэлд хэмнэлт гаргах бол энэ засгийн ёс биш.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top