Засгийн газрын УЛС ТӨРИЙН ЗОРИГ - "Шүгэл" ажиллагаа

2023 оны 03 сарын 11

"Шүгэл" ажиллагааны ажлын хэсгээс пүрэв гаригт /2023.03.09/ мэдээлэл хийлээ. Уг ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ажиллах юм.

“Транспэрэнси интернэшнл” байгууллагаас “Авлигатай тэмцэх хамгийн үр дүнтэй арга юу вэ” гэж иргэдээс асуухад олонх нь "мэдээлэх" гэж хариулжээ. Цаашид нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээгчдийг хамгаалах хуулийг 2023 оны хаврын чуулганаар УИХ хэлэлцэж батлах ажил хүлээгдэж байгаа талаар ажлын хэсгээс мэдээлэв.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо “УИХ-ын хаврын чуулганаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулахад ажлын хэсэг дэмжлэг үзүүлж, хэлэлцүүлэг хийж ажиллахаар төлөвлөж байна. Ажлын хэсэг олон эх сурвалжаас, иргэдээс мэдээлэл авахаар төлөвлөж байна. 11-11 төв, Е-Mongolia, "Шүгэл" ажиллагааны талаар сошиал хуудсаар дамжуулан мэдээлэл авах боломжтой. Шуудангийн салбар болон ажлын хэсгийн гишүүдийн нэр дээр хаягласан бичгийг хүлээн авах боломжтой. Цаашдаа мэдээллийг тогтмол хүргэнэ.

Эхний ээлжид 11-11 төвд иргэдээс мэдээлэл авахаар төлөвлөж байна. Долоо хоног бүрийн Баасан гаригийн 9-12 цагийн хооронд "Шүгэл" ажиллагааны талаар мэдээлэхийг хүссэн иргэдтэй уулзалт зохион байгуулна.

Баасан гаригт 9-12 цагийн хооронд 11-11 төвийн оператор утсаар болон биечилж уулзалт зохион байгуулж, иргэдээс мэдээлэл авах боломжтой. Засгийн газраас улс төрийн зориг гаргаж, энэ жилийг авлигатай тэмцэх жил болгон зарласан. "Шүгэл" ажиллагааны хүрээнд иргэдтэй хамтарч ажиллах, иргэдийнхээ дэмжлэгийг авах, ажлын хэсэгтэй та бүхнийг хамтарч ажиллахыг уриалж байна” гэв.

Харин тус ажлын хэсгийн гишүүдээр
 

  • Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар
  • ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг
  • ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж,
  • Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа
  • Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Т.Ганзул
  • АТГ-ын дэд дарга Г.Азжаргал
  • ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун
  • УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга
  • ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны дарга Т.Сүхболд
  • Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул
  • Шинэ сэргэлтийн бодлого, хурдасгуур төв, Улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн
  • Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл нар ажиллах ажээ.

Ажлын хэсэг анхан, дунд шатанд төрийн үйлчилгээ авахад үүсэж буй хүнд суртал, авлига өгөх эрсдэл үүсгэж буй нөхцөл байдлыг тогтоож, арилгах, иргэд, хувийн хэвшлээс мэдээлэл авч, хамтран ажиллах, иргэдээс ирүүлсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийн, иргэд, хувийн хэвшлийг чирэгдүүлж авлига үүсгэх нөхцөл бүрдүүлж байгаа үйл ажиллагаа, чиг үүргийн талаар дүгнэлт гаргах зорилготой аж.

Энэ талаар АТГ-ын дэд дарга, Ажлын хэсгийн гишүүн Г.Азжаргал "Шүгэл үлээгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийг салбар яам дээр хүргүүлсэн. Тэнд олон зүйлийг зааж өгсөн. Шударга бус хүнд суртлын талаар мэдээлсэн хүнийг хэрхэн хамгаалах талаар л байгаа. Хялбаршуулах журмаар шийдвэрлүүлэхийг зөвхөн улс төрд нөлөө бүхий этгээдийг хорьсон. Улс төрд нөлөө бүхий этгээд гэж хэн бэ гэдгийг нь нарийн зааж өгсөн. Өнгөрсөн онд 2196 гомдол АТГ-т ирсэн, энэ бол өндөр тоо. Нөгөө талаараа хүнд суртал өндөр байна гэсэн үг. Манайд 47 мянган албан тушаалтны хөрөнгийг мэдүүлдэг. Жилд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бусаар 500 орчмыг нь шалгадаг" гэсэн юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top