Д.Ган-Очир: Оюу Толгойн далд уурхай бүрэн хүчин чадалдаа хүрэхээр төсөвт 1-1.5 тэрбум ам.долларын орлого орно

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 13

Оюу Толгойн гүний уурхайн нээлт өнөөдөр болж буй. Үүнтэй холбогдуулан тус уурхай нь Монгол Улсын эдийн засагт оруулсан хувь нэмэр, боломж хийгээд далд уурхайн ашиглалтад орсноор үзүүлэх эерэг нөлөөллийн талаар Эдийн засагч Д.Ган-Очиртой ярилцлаа.


-Оюу Толгой ашиглалтад ороод 10 гаруй жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд манай улсын эдийн засагт шууд байдлаараа ямар эерэг нөлөө үзүүлсэн бэ?

-Оюу Толгойн хөрөнгө оруулалт 2010 оноос эхэлсэн байдаг. Бидэнд байгаа мэдээллээр энэ хугацаанд нийтдээ 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн гэж байгаа. Үүнийг өнөөдрийн ханшаар тооцоод үзвэл ямар том хэмжээний хөрөнгө оруулалт орж ирсэн нь тодорхой. Мэдээж бүтээн байгуулалтад хэрэгтэй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслээс гаднаас худалдан аваад оруулж ирсэн байж таараа. Харин нөгөө талдаа яг манай улсад ирэхээрээ газрын дээр болон доорх бүтээн байгуулалтын ажлууд, түүнд шаардлагатай туслан гүйцэтгэгч нарыг ажиллуулахад шаардлагатай хөлс, цалин гээд хөрөнгө оруулалтыг нь хоёр ангилж болох байх.

Харин сүүлийн 3-4 жилийн хугацаа буюу далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын үед 15-20 мянган хүн Оюу Толгой болон Оюу Толгойн туслан гүйцэтгэгч компанид ажилласан гэсэн тооцоолол бий. Нэг хүний ард дунджаар 3-4 хүн бий гэж үзвэл 80 мянга орчим хүний аж амьдралтай Оюу Толгой гэдэг бүтээн байгуулалт үр өгөөжөө өгч байна гэж үзэж болно.

-Бусад салбарууддаа ч гэсэн нөлөөллөө үзүүлдэг гэдэг юм билээ?

-Тэгэлгүй яах вэ, дээрх 80-аад мянган хүн чинь харьцангуй орлого сайтай учраас санхүүгийн найдвартай зээлдэгч болох, орон сууц, автомашин худалдан авах, үйлчилгээний гээд дараагийн зах зээлүүд дээр чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Онолоороо ч гэсэн ийм байдаг.

Уул уурхайн салбар өөрөө хөрөнгө оруулалт татаад үйл ажиллагаагаа явуулаад эхлэхээр нэгдүгээрт, ажиллах хүчийг өөртөө татдаг. Хоёрдугаарт, үйлчилгээний эрэлтүүдийг бий болгодог.

Жишээлбэл, хоол үйлчилгээ, хувцас, эд материал гээд эрэлт уул уурхайг дагаад бий болдог гэсэн онол байдаг. Мөн дээрээс нь үржүүлэгчийн нөлөө гэж бий. Нэг төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм бол бусад салбарын хөрөнгө оруулалтыг нэгээс илүү өсгөж болдог. Сүүлийн үеийн судалгаагаар энэ нэг төгрөг магадгүй 1.3 буюу 30 хувиар үржүүлэгчийн нөлөө бий болгосон гэсэн тооцоолол байгаа юм билээ.

-Тэгвэл ийм том төслийн шууд бус нөлөөлөл гэж юу юм бэ?

-Үндэстэн дамнасан том корпорацуудыг дагаж олон улсын шилдэг ноу-хау, стандартууд орж ирдэг. Энэ нь өөрөө үндсэн мөнгөнөөсөө дутахгүй хөрөнгө оруулалт болдог. Тэдгээр дагаж мөрддөг журам, стандартууд нь хамтарч ажилладаг, туслан гүйцэтгэгч хийдэг компаниудад нь дам нөлөө үзүүлж, тэдэнд нутагшиж үлддэгээрээ маш чухал. Мөн монгол залуучуудыг олон улсын зах зээлд гарч ажиллах, чанартай ажлын байраар дамжуулан өөрийнхөө хөдөлмөрийг бодитоор үнэлүүлэх боломж олгож байгаа нь үнэхээр сайн хэрэг. Миний мэдэж байгаагаар манай салбарын залуусаас гадна хуулийнхан, инженерүүд гээд олон салбараас сайн мэргэжилтнүүд төрөн гарч, одоо олон улсад ажиллаж байгаа. Тэр бүү хэл эх орноосоо цахимаар ажиллаж байгаа хүмүүс ч байдаг юм билээ.   

-Манай улс санхүүгийн хүнд үеийг даван туулахад Оюу Толгойн хөрөнгө оруулалтууд нэлээд хэмжээгээр дэм тус болсон болов уу?

-Оюу Толгойн хөрөнгө оруулалт 2008, 2009 онууд буюу дэлхийн санхүүгийн хямралын үед орж ирсэн. Тэр үед манай улс Олон улсын валютын сангийн Стэнд-бай хөтөлбөрт хамрагдчихсан байсан. Тийм ч учраас ОУВС-гийн олон хөтөлбөрүүдээс Стэнд-бай хөтөлбөрийг хамгийн амжилттай хэрэгжүүлсэн гэж үнэлэгдсэн. Үүнээс гадна манай улс 2017 онд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг авсан. Мөн л энэ үе Оюу Толгой компанийн далд уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн үетэй давхацсан.

Сүүлийн жишээ гэвэл Ковидын нөхцөл байдал, олон улсын геополитикийн асуудал гээд олон хүнд асуудлыг даван туулахад сүүлийн гурван жилийн хугацаанд 1.4-1.6 тэрбум ам.долларыг Оюу Толгой манайх руу биет хэмжээгээр оруулсан. Бүр тодруулбал 2019 онд 1.6 тэрбум, 2020 онд 1.4 тэрбум, 2021 онд 1.8, 2022 онд 1.8 тэрбум ам.долларыг оруулж ирсэн нь тэр хэмжээгээрээ валютын зах зээлд сэргэлт болсон гэсэн үг. Үүнээс Монголбанк дор хаяж 50 хувийг нь авч байсан бол 2022 онд хойш 100 хувь валютын нөөц рүү авсан.

Ингэснээр валютын нөөц хомсдож гурван сарын хэрэгцээгээ хангаж чадахаа байх, олон улсын санхүүгийн байгууллагуудын итгэлийг алдах, зээлжих зэрэглэл буурах зэрэг эрсдэлээс сэргийлж чадсан.

Ер нь ам.доллар гэдэг өөрөө манай улсын эдийн засагт санхүүгийн гол эх үүсвэр болдог. Яагаад гэхээр гаднаас орж ирсэн ам.долларыг Төв банк авч, банкуудад төгрөг өгдөг. Энэ нь эргээд дараагийн зээлдэгч нарт зээл болж очдог учраас санхүүгийн зах зээлд мөнгө үүсэх процессын эхлэл нь болдог юм.

-Монголчуудын маань мэдэж байгаачлан Оюу Толгой төсөл төдийгөө өдий хүртэл сайн, муу олон зүйлийг туулсан. Та түрүүн яриандаа Монголбанк 2022 оноос 100 хувь ам.долларыг авч байгаа гэсэн. Төв банкнаас энэ талаар хүсэлт тавьсан гэж сонссон?

-Ганц, хоёрхон удаагийн хүчин зүйл Төв банкны валютын нөөцөд тийм ч сөргөөр нөлөөлөхгүй. Гэтэл манай улсад чинь сүүлийн хэдэн жил дараалсан олон шокууд орж ирсэн. Энэ үед төсвийн дэмжлэгүүд хүчтэй явсан. Мөнгөний бодлогын хүүгээ бууруулах зэрэг арга хэмжээнүүдийг удаа дараа авч байсан. Гэсэн хэдий боловч гадагшаа хаалттай, бидний худалдаж авдаг бараа бүтээгдэхүүний үнэ өсчихсөн учраас бидний төлдөг валют маань илүү өндөр болсон. Энэ хүнд байдал маань төлбөрийн тэнцэл дээр алдагдлыг нэмсэн. Гардаг урсгал маань огцом өссөн ч ордог урсгал хаагдсан энэ зөрүү ачааллыг валютын нөөц дээрээ даахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Хэдийгээр ингэж ачааллыг авч байсан ч гэсэн хил гаалийн асуудал хэзээ шийдэгдэх нь бүрэн мэдэгдэхгүй тодорхойгүй нөхцөл байдалтай байсан тул бид бас болгоомжлох арга хэмжээг авах зайлшгүй шаардлага үүссэн. Энэ утгаараа гаднаас орж ирж байгаа валютын урсгалыг аль болохоор нөөц дээрээ авч зохистой түвшин буюу дор хаяж гурван сарын хэрэгцээгээ хангах, түүнээс дээш байлгах хэрэгтэй. Энэ зөвхөн нэг тоо байлгах гээд байгаа хэрэг огт биш. Монгол Улс маань олон улсын санхүүгийн зохицуулагч нар, хөрөнгө оруулагчдын өмнө бонд гаргачихсан. Нөгөө талд нь зээлжих зэрэглэлийг тогтоодог байгууллагууд хөрөнгө оруулагч нарт мэдээлэл гаргаж өгөхийн тулд манайд үнэлгээ хийж байдаг. Нэг үгээр хэлбэл, хөрөнгө оруулагч нарт Монгол Улс тодорхой хэмжээний валютын нөөцтэй, шаардлагатай бол тэр нөөцөөсөө бондын болон бусад зээлийн хүүгийн төлбөрийг тухай бүрд нь гаргаж өгөх чадамжтай гэдгийг нотолдог. Бид өмнө нь Оюу Толгойгоос 50 хувийг нь аваад явж байсныг би түрүүн хэлсэн.

Харин 2022 онд Оюу Толгойгоос орж ирсэн 1.8 тэрбум ам.долларыг 100 хувь валютын нөөц рүүгээ авсан нь тэр дүнгээрээ нөөцийг нэмэгдүүлсэн л гэсэн үг шүү дээ. Энэ утгаараа хүнд нөхцөл байдалтай үеүдэд манай улсын зээлжих зэрэглэл тогтвортой байсан. Бидэнд ийм том боломж байсны зөвхөн нэг илрэл нь л энэ. Түүнээс биш ийм том бүтээн байгуулалт, ийм том мөнгөн урсгал байгаагүй бол бидний валютын нөөц маань 1.8 тэрбум ам.доллароор буух ч эрсдэл байсан.

-Өнөөдөр Оюу Толгойн далд уурхай албан ёсоор эхэлж байна. Ингэснээр манай улсад орж ирэх мөнгөн урсгал улам л нэмэгдэх байх гэж бодож байна. Мэдээж энэ бүхэнд олон улсын зах зээл дээрх зэс болоод бусад металлын үнэ ханш нөлөөлнө байх л даа?

-Мэдээж ямар хэмжээний олборлолт хийх юм. Шорооноос гадна түүн дотор байгаа зэс, алт болоод бусад металлын агууламж маань хэр байх вэ гэдэг нь нэг асуудал. Хоёрдугаарт, дэлхийн зах зээл дээрх үнийн хэлбэлзэл. Ер нь бол дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаа нэг зүйл бол дунд болон урт хугацаандаа зэсийн эрэлт өсөлттэй байна. Үүнийг дагаад үнэ ханш нь өсөх буюу ядаж одоогийнхоосоо буухгүйгээр өндөр түвшинд хадгалагдана гэсэн төсөөлөл байгаа. Тэгвэл зэсийн эрэлтийг улам нэмэгдүүлээд байгаа зүйл нь юу юм бэ гэсэн асуулт гарна. Сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд “Уур амьсгалын өөрчлөлт 2030” гэж их ярьж байна. Нэг ёсондоо улс орон бүр ялгаруулж байгаа хүлэмжийн хийгээ тодорхой хэмжээнд буулгая. Харин 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг бүр тэг болгоё гэсэн зорилт тавиад, амлалтаа аваад явж байгаа. Хэдийгээр бидэнд цар тахал, дайн тулаан гэсэн богино хугацааны асуудлууд байгаа боловч урт хугацаандаа хүн төрөлхтний өмнө тавигдаж байгаа шалгуур бол уур амьсгалын өөрчлөлт. Энэ нь цөлжилт бий болгодог, усгүй, агааргүй болгодог, хүн төрөлхтний ая тухтай амьдрал, оршин байх эсэхэд занал хийлж байгаа хамгийн том дайсан юм байна гэдэг дээр өнөөдөр байлдаж байгаа улс орнууд ч гэсэн нэгдчихсэн асуудал. Ингээд улс орнууд амлалтаа хэрэгжүүлэхийн тулд шилжилт хийж эхэлж байна.

-Шилжилт гэдэг нь?

-Цахилгаан машин, сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийг гарган тавьж, тэдгээрийг илүү ихээр бүтээж, үйлдвэрлэж байна. Гэтэл эдгээрийнх нь ард байгаа хамгийн чухал зүйл бол батарей. Харин батарейнд хамгийн их орох металл нь зэс. Ингээд бүх хүн энэ шилжилт рүү явахаар өнөө металлын эрэлтийг нэмэгдүүлж байгаа юм. Энэ нэмэгдэж байгаа эрэлтээ нийлүүлэлт нь хангаж чадахгүй байдалд орох тооцоолол ч бий. Үүнийгээ дагаад үнэ нь өсөн нэмэгдэнэ гэсэн үг.

-Тэгвэл эрэлт улам нэмэгдэх ийм цаг үед далд уурхай ашиглалтад орж байгаа нь сайн хэрэг юм биш үү?

-Яг үнэн. Үнэндээ Оюу Толгойн далд уурхайн олборлолт туршилтын түвшинд эхэлчихсэн явж байгаа. Энэ сарын 13-нд /өнөөдөр/ албан ёсны нээлт нь л болж байгаа юм. Үйлдвэрлэлийг нээснээс болоод богино хугацаандаа экспортын хэмжээ өгцөм өсөлт үзүүлэхгүй байх. Гэхдээ өнгөрсөн жилтэй харьцуулахад 10 орчим хувиар экспортын орлого өснө.

Улмаар 2023-2024 оны хооронд 25 орчим хувь, 2025 оноос эхлээд экспортын орлого нь нэлээд хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Тус уурхай бүрэн хүчин чадалдаа хүрэх хугацаа нь 2028 он. Үйлдвэрлэлийн оргил үе нь 2028-2036 он бөгөөд энэ үедээ жилд дунджаар 500 мянган тонн зэс, 330 мянган унц алт үйлдвэрлэнэ гэсэн мэдээлэл байгаа юм. Ингэснээр улсын төсөв дээр маш том татварын орлого буюу 1-1.5 тэрбум ам.долларын орлого орно гэсэн урьдчилсан тооцоолол бий.

Өнөөдрийн ханшаар бодоход л зургаа орчим их наяд төгрөгийн нэмэгдэх учиртай. Одоогийн байдлаар Оюу Толгой 500 мянга орчим ам.долларыг төлдөг юм. Улсын төсөвт дээр хэлсэн хэмжээний орлого нэмэгдсэнээр бид дараагийн том бүтээн байгуулалтынхаа дэд бүтцийн асуудлыг шийдэхэд хамгийн гол хөрөнгө оруулалт, санхүүгийн боломж болох учиртай гэж харж байгаа.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(129.205.113.154) 2023 оны 03 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. PRADHAN(129.205.113.154) 2023 оны 03 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Зочин(66.181.161.132) 2023 оны 03 сарын 14

100 жилд Монголчууд 300 тэрбум доллар олно.

0  |  0
Зангараг(150.129.140.49) 2023 оны 03 сарын 18

Ганцхан тэрбум $ ын төлөө асар их баялгаа ухуулах хэрэггүй. Наадхаа зогсоо.

1  |  1
Top