Монгол Улс хоёр сая шахам сонгогчтой гэж үзэхэд нэг сая хүрэхгүй сонгогчийн санал авсан улс төрийн хүчин үнэмлэхүй олонх болж, парламентад ноёрхож байна. Энэ нь олонх болсон улс төрийн намын алдаа биш. Ерөөсөө Монгол Улсын сонгуулийн тогтолцоонд байгаа юм.
Буруу явж ирсэн сонгуулийн хууль ямар байхаас үүдэж, төрийн системын гажуудал бий болдог. Тиймээс өнөөх л авлига хээл хахууль, нэгнээ хаацайлсан хууль тогтоомж гарч байгааг сүүлийн олон жил шүүмжиллээ. Тэгэхээр “Сонгуулийн тухай хууль”-ийг өөрчилж, холимог тогтолцоонд шилжих, УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох тал дээр МАН тэргүүтэй улс төрийн хүчнүүд байр сууриа нэгтгэжээ. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэн цагаас хойш нийт найман удаагийн сонгууль зохион явуулахдаа ганцхан удаа буюу 2012 онд холимог тогтолцоогоор сонгууль явуулж байсан түүхтэй.
Энэ сонгуулиар АН ялалт байгуулж 31, МАН удаалж 25, ИЗНН-аас хоёр, МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ээс 11, бие даан гурван нэр дэвшигч тус тус сонгогдож байсан юм. Энэ удаагийн парламентыг янз бүрээр ярьдаг ч ардчилсан түүхэнд хамгийн нээлттэй, хамгийн өрсөлдөөнтэй парламент байсан болов уу. Тухайлбал, авлига хээл хахууль, баялгийн болон төсвийн хулгайтай тэмцэх зэрэг олон үйл явдал ил тод өрнөж байсан юм. Тэгэхээр өнөөдөр сонгуулийг холимог тогтолцоонд шилжүүлж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэхээр парламент илүү олон талын төлөөлөлтэй болно. Энэ хэрээр парламентын ардчилал тогтож, шударга ёс бий болно. Авлига хээл хахууль татарч, төсвийн хулгай үгүй болно, олонхи болсон намын 30 гишүүн нийлэн хууль баталж, үндэсний эрх ашиг хөндөхгүй гээд олон талын ашигтай юм. Тиймдээ ч эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй албаны хүмүүс энэ тал дээр байр сууриа нэгтгэж, шударга ёсны төлөө уриалаад байгаа. Нэгэнт ийнхүү уриалсан учраас төрийн тогтолцоо, системын гажуудлыг засахгүйгээр цааш явах аргагүй гэдгийг хаа хаанаа ойлгожээ.
УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал өнөөдөр яригдаж байгаа асуудал биш. Өмнө нь УИХ-ын гишүүдийн тооны олон хувилбар явж байсан. Өнөөдрийн хувьд 152 гишүүнтэй байх нь зөв гэсэн дүгнэлтэд хүрчээ. Гэхдээ 152 гишүүнийг мажоратор тогтолцоогоор биш харин холимог тогтолцоогоор явуулах ёстой. Нэг үгээр хэлбэл Сонгуулийн тогтолцоог өөрчлөх цаг нь болсон гэж намууд дүгнэж байна. Та бидний өдөр тутмын хэрэглээ болсон гар утас, компьютер, автомашин гээд бүх зүйл цаг минутаар хувьсан өөрчлөгдөж байна. Энэхүү хурдацтай өөрчлөлтөд математикийн шинжлэх ухаан голлох байр суурь эзэлнэ. Монголчууд бидний үлгэрлэн дуурайдаг улс орнууд улс төрийн тогтолцоондоо математикийн шинжлэх ухааныг ашиглаж тэр нь ч тодорхой бодит үр дүнг өгч эхэлсэн гэдгийг эрдэмтэн судлаачид хэлэх болов. Ямартай ч хуулиа засаж залруулаад цааш явахаар нийгэмд шударга ёс тогтоно хэмээн олон түмэн найдаж байна.
Нэг асуудал бий. Тэр нь хуулиараа бол энэ оны долоодугаар сарын 1-ний дотор эцэслэн шийдвэрлэх ёстой. Тэгэхээр чухам хуулийн асуудал аль шатандаа явааг дуулгах учиртай. Одоогийн байдлаар Ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулж дуусаад Засгийн газарт санал авахаар хүргүүлээд байгаа. Харин Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, энэ долоо хоногт намын бүлгүүдийн хурлаар хэлэлцэж, ирэх долоо хоногоос “Сонгуулийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барих учиртай.
Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар Н.Энхболд гишүүн ажиллаж байгаа. Тэрбээр хуулийн ажлын хэсгийн ахлагчийн хувиар “Бид Засгийн газраас санал авах гээд хуулийн төслийг хүргүүлсэн. УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулаад, намайг ажлын хэсгийн ахлагчаар томилсон. Энэ ажлын хэсэгт зөвхөн УИХ-ын гишүүд биш УИХ-д суудалтай намууд, удирдлагууд, Сонгуулийн ерөнхий хороо, Бүртгэлийн хороо, статистик гээд холбогдох бүх байгууллагыг оролцуулж байгаа. Сүүлийн жилүүдэд Үндсэн хууль, “Сонгуулийн тухай хууль”, сонгуулийн тогтолцоо, улс төрийн намын санхүүжилтийн талаар гарч байсан олон санааг нэгтгэж, өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзээд хуулийн төслийг боловсруулсан. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд саналаа ирүүлэхээр хуулийн төслөө УИХ-д өргөн барина” гэж байсан. Гэвч өчигдөр намын бүлгийн хуралдаанаар уг асуудал орж ирсэнгүй. Тэгэхээр хуулийн төсөл эцсийн байдлаар ил болоогүй гэсэн үг. Холимог тогтолцоог оруулж ирсэн улс орнууд нийгмийн бүлгүүдийн төлөөллүүдийг оруулж чадаж байгаагаараа онцлог.
Учир нь Швед, Финланд гэх мэт хурдацтай хөгжиж байгаа, дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд оногдох хэмжээ нь өндөр орнуудыг харахад голчлон 100 хувь пропорционал байдаг аж. Гэхдээ өнөөдөртөө манай улсад 100 хувь пропорционал байх нь арай тохирохгүй гэдгийг ч улстөрчид болон судлаачид хэлдэг. Учир нь, бид эхлээд улс төрийн намуудаа төлөвшүүлэх хэрэгтэй. Иймд холимог тогтолцоогоор явуулах нь зүйтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, мажоритар ба пропорционалтай хослуулах. Пропорционал тогтолцооны сайн тал нь улс төрийн намууд төлөвшдөг, учир нь бүгд нэг завин дээр суудаг, үзэл баримтлал ярьдаг, түүнийгээ ард түмэндээ танилцуулдаг. Ерөөсөө сонгуулийнхаа хуулийг өөрчилж байж төрийнхөө тогтолцоог зөв замд нь оруулна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Togtolvoo yarij tolgoi ergyyleh hrteggyiee.hulgaiCV h naraa huuliar shiitgedeg shudarga alban haagchid l turd maani heregtei
Төрд хэрэгтэй түмэнд тустай шилдгийн шилдэг 10 хүнийг энэ манай намын гишүүн, би энэ намын гишүүн гээд гаргачих чадваргүй гэр бүлийн , бизнесийн явцуу эрх ашгийн хамааралтай эсвэл нутаг нугын, сургууль соёлын найзууд танилууд гэх мэт хэсэг бүлэгхэн хүнтэй наманцарууд гишүүдийн тоог нэмэх, намын нэрээр пропорциналь системээр сонгох гэх мэтэд найдаж түүнд хавчуулагдан их хурлын эрхэм гишүүн болох мөрөөдөлдөө арай эртнээс илүү их хүслээр хандаад байх шиг санагдана.