Б.Пүрэвдорж: МАН-ын дарга жагсаалтдаа хэнийг оруулахаас хамаарч зовлон нь ирнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 20

Энэ удаагийн “Өглөөний зочин”-оор УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг урьж оролцууллаа. Түүнтэй өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар ярилцсан юм.


-Сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа гол зүйл бол Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болоод байна. Энэ хуулийн төслийг хувь гишүүний зүгээс юу гэж дүгнэж байна вэ?

-Хоёр ч хуулийн төсөл өргөн баригдсан. Нэг нь МАН-ын бүлгийн гишүүд, нөгөө нь АН-ын бүлгээс Сонгуулийн тухай хуулийн төслийг өргөөд бариад байна. МАН-ын бүлгээс өргөн баригдсан төсөлд 38/38 буюу УИХ-ын 76 гишүүний 38 нь намын жагсаалтаар, 38 нь тойргоос сонгогдохоор тусгасан байна лээ. МАН өнгөрсөн хугацаанд дандаа мажоритар тогтолцоогоор сонгуульд ялалт байгуулж ирсэн. Гэтэл одоо ингэж үнэмлэхүй ялалт байгуулж байсан мажоритар тогтолцооноос буцаж байгаа үндсэн шалтгаан нь эрх барихаас уйдсандаа ингэж байгаа юм биш. Ганцхан ард түмэн дээр нэг, нэгээрээ очиж шүүлгэхээс айж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд ЖДҮ, Хөгжлийн банк, Нүүрсний хулгай, Төмөр замын хулгай гээд олон асуудал гарсан. Нүүрсний хулгай л гэхэд нийтдээ 40 их наяд төгрөгийн хохиролтой. Ийм том, том асуудалд өнөөдрийн эрх баригчид бүгдээрээ холбогдсон. Өнөөдөр үүнтэй холбоотой мэдээллийг Монгол Улсад хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр маш сайн түгээж байгаа. энэ мэдээллийнх нь дагуу сонгогчид хэн нь хэн бэ гэдгийг бүгдийг нь мэддэг болсон. Тийм учраас 2024 оны сонгуулийг тэд нар анаж байгаад өнөөдрийн мажоритар тогтолцоогоор очих юм бол нэг, нэгээр нь шүүх хүсэлтэй байна. Ард түмнийг ийм хүсэлтэй байгааг мэдэж байгаа эрх баригчид үргэлж ялж байсан тогтолцоогоосоо болиод холимог тогтолцоог сонгож авч байна. Өөрөөр хэлбэл жагсаалтын ард үл бүтэх нөхдөө нууж парламентад оруулах сонирхол бий. Энэ нь сонгуулийн холимог тогтолцоог оруулж ирэх үндсэн шалтгаан нь болсон.

-Ардчилсан намын бүлгээс оруулж ирсэн хуулийн төсөлд ч гэсэн холимог тогтолцоог тусгасан байсан?

1992 онд Үндсэн хуулиа баталж, Монгол Улс олон намын системтэй болсон. Харамсалтай нь 2016 оноос манай улс нэг намын системтэй, бусад намууд нь дагуул болж хувирсан. Ардчилсан нам хэдийгээр хүчтэй, улсын хэмжээний нам мөн боловч түүнийг удирдаж байсан удирдлагууд нь МАН-ын дагуул, хавсарга маягаар асуудалд хандаж ирсэн. Үүний нэг жишээ нь сонгуулийн хууль болж байна. Өөрөөр хэлбэл Монголын ард түмэн Их хурлын гишүүдийн тоог нэмэхгүй, жагсаалтын ард хулгай хийсэн хүмүүсийг оруулахгүй гэж байгаа энэ хүслийн эсрэг сонгуулийн холимог тогтолцоог Ардын намын дагуул маягаар өргөн барьснаас ч энэ нь харагдаж байгаа юм.

-Сонгуулийн хуулийн хоёр төсөлд Их хурлын гишүүдийг 76 байхаар өргөн барьсан. Гэсэн ч олон нийтээс санал аваад эхэлсэн Засгийн газраас боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд 152 байхаар тусгасан байна лээ. Гишүүдийн тоог нэмэх дээр та юу хэлэх вэ?

-Тэртээ 1992 оны анхны ардчилсан сонгуулиар нийт сонгогчдын тоо 900 мянга байсан. Тэр үед нэг Их хурлын гишүүн 13 мянган сонгогчийг төлөөлдөг байсан. Харин 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогчдын тоо 2.1 сая болсон байна лээ. Ингэхэд нэг гишүүн нийтдээ 28 мянган сонгогчийг төлөөлж байгаа юм. Хүн амын тоо нэмэгдсэн энэ үед сонгогчдыг төлөөлөх төлөөллийн чадамж нь Их хурлын гишүүний хувьд муудаж байгаа. Хөдөө орон нутгийн хувьд УИХ-ын гишүүд сумдаараа тойроод уулзалт хийгээд иргэддээ хүрч, саналыг нь авч төрдөө хүргэж чадаж байна. Харамсалтай нь нийслэлийн томоохон дүүргүүдэд ингэж чадахгүй байна. Тэнд бараг уулзалт хийгдэхгүй байгаа. Ерөнхий массаар нь л асуудлыг нь шийддэг болчихсон. Тийм учраас төлөөллийн чадамжийг сайжруулах үүднээс Их хурлын гишүүдийн тоог бага зэрэг нэмж болно. Гэхдээ монголчуудын асар том философийн нэг үг байдаг. Тэр нь “Зуун ямаанд жаран ухна” гэж үг. Тийм болохоор гишүүдийн тоог 100-гаас дээш гаргаж болохгүй. Би бол хоёр оронтой тоондоо бариад 99 хүртэл нэмж болно гэсэн бодолтой байдаг. Миний хувьд өнгөрсөн оны долоодугаар сарын 15-наас хойш Ховд аймагт 60 гаруй, бусад аймгуудад 5-6 уулзалт хийсэн. Энэ уулзалтуудаас харж байхад Их хурлын гишүүний тоог 152 болгохыг ард түмэн эрс эсэргүүцэж байгаа. Гэхдээ багахан хэмжээгээр буюу 100-гаас дээш давуулахгүй нэмэхийг ихэнх нь дэмжиж байна лээ.

-Үндсэн хуульд оруулсан 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн үеэр гишүүдийн тоог 99 болгох асуудал яригдаж байсан ч дэмжигдээгүй. Гэтэл одоо 152 болгоно гээд байгаа нь олон нийтийн хардлага төрүүлж байх шиг байна. Тухайн үедээ энэ асуудал яагаад дэмжигдээгүй юм бэ?

-Тухайн үед Их хурлын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог холимог болгох гэсэн хоёр санал орж ирсэн. Харамсалтай нь үүн дээр манай намын тухайн үеийн удирдлагад байсан С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар сөрөг байр суурьтай байгаад хурал хаяснаас энэ асуудал дээр Их хурал дээр санал хураалт дээр унаж байсан. Тэгэхээр ер нь бол сонгуулийн холимог тогтолцоог би нэг талаараа дэмждэг. Яагаад гэхээр улс орны хөгжил дэвшилд маш хэрэгтэй. Учир нь гишүүд тойрогтоо санаа зовохгүйгээр улс орны нийтлэг эрх ашигт санаа зовж, улсын төсөв, бусад хөрөнгө оруулалтыг тийшээ чиглүүлдэг тал бий. Даанч харамсалтай нь өнөөдөр ингэж их хулгай хийсэн МАН-ынханыг бүгдэд нь хариуцлага тооцохын тулд хэдийгээр дэмждэг боловч холимог тогтолцооноосоо нэг удаадаа ухаръя гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, манай экспортын гол бүтээгдэхүүн болсон уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр маш өндөр үнэтэй байсан уул уурхайн супер циклийг хувьдаа завшиж, Монголын ард түмнийг хохироосон энэ эрх баригчдыг нүцгэн үнэнээр нь ард түмний өмнө аваачиж мажоритар тогтолцоогоор сонгуулийг явуулж шүүлгэхийг би зориод байгаа юм.  

-Жагсаалтыг сонгуулийн хуулийн төслүүдэд яаж оруулж өгсөн юм бэ?

-МАН-ын өргөн барьсан хувилбар дээр нэг бол намыг дугуйлна. Үгүй бол жагсаалт дотор байгаа хүнийг сонгоно гэж байгаа. Өнөөдөр МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шударга ёсыг бий болгохын төлөө, авлига хээл хахуулийн эсрэг тэмцэж байна. Дээрээс нь хууль бус байдлын эсрэг “Таван Ш” ажиллагаа зэргийг явуулж байгаа нь олон нийтэд таалагдаж байна. Харин үүн дээрээ суурилаад “Нэг бол МАН-ыг дугуйл, үгүй бол Л.Оюун-Эрдэнийг дугуйл” гэдэг зорилгын хүрээнд илүү их ялалт авахын тулд ийм загварыг оруулж ирсэн. Тэгэхээр МАН бол коммунист нам. Харин коммунист үзэл суртлаар “Ленин бол нам юм. Нам бол Ленин юм” гэдэг. Яг л энэ үзэл суртлынхаа дагуу намынхаа даргын рейтингийг өндөр байлгаж байгаад нэг бол намыг, үгүй бол Л.Оюун-Эрдэнийг гэсэн зорилгоор оруулж ирж байгаад харамсаж байгаа. Жагсаалтын ард дахиад л нүүрсний, төмөр замын хулгайчид гарна шүү дээ.

-Намууд жагсаалтад орох хүмүүстээ тавих шаардлагын талаар хуулийн төслүүдэд тусгасан зүйл бий болов уу. Учир нь дахиж тойрогт очих нэр нүүргүй болчихсон хүмүүсийн сүүлчийн орогнох газар нь жагсаалт гэсэн яриа байдаг?

-МАН-ын даргын хувьд жагсаалтдаа хэнийг оруулахаас хамаарч хэдийгээр эрх мэдэл ирэх ч бас бөөн зовлонг ч авч ирнэ. Жагсаалт дотроо олон нийтийг мэддэг, таньдаг хүмүүсийг оруулах ёстой. Гэтэл тэдгээрийнх нь ихэнх ямар нэгэн асуудалд орооцолдчихсон. Тиймээс тэр хүмүүсийг оруулах хэцүү, оруулахгүй байх бүр хэцүү. Яагаад гэхээр тэр хүмүүс нь намынх нь санхүүжилтийг хийдэг. Энэ эрх мэдэл, зовлон хоёрын дунд л МАН-ын дарга байж байгаа. Ардчилсан намын даргын хувьд намын жагсаалт цэвэр эрх мэдлийг авч ирж байгаа. Учир нь манай намын гишүүд 2012-2016 онд засаглаж байсан нөхдөөс зайгаа барьж байна. Тиймээс шинэ залуу, нэр цэвэр хүмүүсийг жагсаах боломжтой. Тийм учраас манай намын даргын хувьд үнэмлэхүй ялалт авч ирнэ.

-Сонгуулийн хуультай зэрэгцээд Улс төрийн намын тухай хуулийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас мөн өргөн барьсан. Тус хуулийн төсөлд улс төрийн намуудад төрөөс санхүүгийн дэмжлэг олгодог байхаар тусгасан байсан. Үүнийг та хэрхэн үзэж байна вэ?     

-Ихэнх хөгжилтэй орнуудын улс төрийн намын төлөвшилтөд төрийн санхүүжилт тодорхой нөлөө үзүүлдэг. Улс төрийн сонгуулиар тодорхой хувь авсан байдлаар нь төрөөс санхүүжилт олгохыг зөв гэж харж байгаа. Сонгуулиар ямар ч хувь авдаггүй. Тэгсэн хэрнээ 30 жилийн турш байж байгаа нам байна. Тэр намуудад тодорхой бүтэцтэй, хурлаа хийдэг, улс төрийн сонгуульд ороод тодорхой хувийн санал авч босго хувиа давдаг. Тэрнийхээ хэрээр төрөөс санхүүжилт авдаг. Түүгээрээ дамжуулан намынхаа дотоод үйл ажиллагааг сайжруулдаг байх нь намын төлөвшилт эергээр нөлөөлнө. Тийм болохоор Ерөнхийлөгчийн оруулж ирж байгаа энэ саналыг дэмжиж байгаа.

-Сонгуулийн хуулийг маш олон удаа солилоо, эрх баригчид өөрсдөдөө тааруулж өөрчилдөг гэсэн шүүмжлэл байдаг дээр юу хэлэх вэ?

-Аливаа улс орон, улс төрийн нам, төрийн байгуулалтын хувьд сонгуулийн хуулиар шийддэг. Тиймээс сонгуулийн хуулийг шууд автоматаар ийм байна гэж заах нь хөгжиж байгаа орны хувьд асуудалтай. Скандинавын орнуудын хувьд хамгийн сайн хөгжилтэй орнуудын тоонд ордог. Тэнд 100 хувь пропорциональ системтэй учраас илүү хөгжил авч ирж байна гэж үздэг. Гэхдээ манайх бол өнөөдрийн геополитикийн, улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад сонгуулийн хуулиа нэг загвараар явна гэж зааж өгөх нь өрөөсгөл. Харин тодорхой хүрээнд хувирах боломжтой системийг тухайн үеийн парламент нь шийдээд явдаг байх нь зүйтэй гэж үзэж байна.  

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top