Г.Нарантунгалаг: “Чөлөөт сэтгэлгээний дуулал” наадам уламжлал, зорилгоо хадгалж байгаа

2023 оны 05 сарын 05

Өдгөөгөөс 30 жилийн өмнө анх зохион байгуулагдсан “Чөлөөт сэтгэлгээний дуулал” яруу найргийн наадмыг үе үеийн шүлэг зохиолд дурлагч оюутан, залуус андахгүй сайн мэднэ. Тухайн үеийн утга зохиолын шинэчлэлийн салхийг даган бий болсон уг наадам нь энэ сарын 25-ны өдөр зохион байгуулагдахаар зэхжээ. Тиймээс наадмыг зохион байгуулагч, МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор Г.Нарантунгалагтай ярилцлаа.


-“Чөлөөт сэтгэлгээний дуулал” яруу найргийн наадмыг хэдэн онд ямар зорилгоор зохион байгуулж байв?

-МУИС-ийн Утга зохиолын тэнхим, Утга зохиолын нэгдлээс “Ногоон морь” нийгэмлэгтэй хамтран, 1993 онд доктор, профессор Д.Галбаатар багшийн санаачилгаар зохион байгуулсан түүхтэй. Анхны наадамд Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Б.Галсансүх түрүүлж, дараа жил нь Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Д.Энхболдбаатар түрүүлж байсан. Наадам маань тухайн үед арай өөр чиглэлээр бичиж, утга зохиолын шинэчлэлийн төлөө явж байгаа залуусын дуу хоолойг нэгтгэх, тэднийг хөгжүүлэх зорилготой байжээ. Тиймээс реалист бус чиглэлээр шүлэг бүтээлээ туурвидаг залуусыг татан оролцуулж, уран зохиолын нэг ийм чиг хандлага байгааг нийгэмд харуулах зорилго ч давхар агуулж байсан болов уу. Эртнээсээ л яруу найргийн олон наадам болдог байсан ч “Чөлөөт сэтгэлгээний дуулал” яруу найргийн наадмын тэднээс ялгарах онцлог өнөө ч хэвээрээ хадгалагдаж ирлээ.

-Тухайн үед наадамд оролцож байсан залуусаас өдгөө нэрд гарсан ямар яруу найрагчид байна вэ?

-Ерээд онд утга зохиолд өөр өнгө аяс бий болж, тухайн үед өөрөөр сэтгэж бичдэг, шинэчлэл ярьж байсан залуус бүгд л хамрагдаж байсан. Тухайлбал, “Хүрээ хөвгүүд”, “Зүс бүгэг андууд” гэх мэт хэсэг бүлгээрээ хамрагдаж байв. Энэ наадмаас утга зохиол, тэр дундаас яруу найргийн олон зүтгэлтнүүд төрж гарснаас Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Бадамсамбуу, “Болор цом”-ын эзэн Л.Хасар агсан нарыг нэрлэж болно. Сүүлийн үед гэвэл Ш.Хатанбүүвэйбаатар, Б.Алтанхуяг, Тө.Бямбасүрэн гээд залуу үеийн төлөөллүүд орж ирж байна. “Чөлөөт сэтгэлгээний дуулал” наадамд дундажаар 80 орчим оюутан, залуус шүлэг бүтээлээ ирүүлдэг. Үүнээс 10 хүнийг шүүгчид шалгаруулж дунд нь уралдуулдаг юм.

-Тодорхой зорилго дор, тодорхой урсгал чиглэлийн хүрээнд 30 жилийн өмнө болж байсан наадам өнөөдөр энэ өнгө аяс, зорилгоо хадгалж чадаж байгаа болов уу?

-Анх МУИС-ийн Утга зохиолын тэнхимийг түшиглээд болж байсан наадам өнөөдөр ч “Чөлөөт сэтгэлгээний дуулал” нэрийнхээ дагуу болон тодорхой зорилгын дор болж байсан уламжлалаа хадгалж байгаа. Өнөөдөр харьцангуй залуус олноор оролцдог болсон нь уран зохиолын шинэ үе гарч ирж байгааг харуулсан хэрэг болов уу. Гэхдээ энэ нь реалист уран зохиолоо, реалист чиглэлээр бичдэг зохиолч, яруу найрагчдаа үгүйсгэж байгаа хэрэг огт биш. Өнөөдөр болж байгаа наадмууд ихэнх нь реалист чиглэлд болдог, яруу найрагчдын дийлэнх нь реалист чиглэлээр бичдэг шүү дээ.

-Яруу найргийн маш олон наадам болж, оюутан залуус, яруу найрагчид өргөн хүрээнд оролцдог. “Чөлөөт сэтгэлгээний дуулал” наадмын хамрах хүрээ хэр өргөн болдог вэ?

-Манай сургуулиас богино өгүүллэгийн “Давалгаа” гэж наадмыг бас уламжлал болгон СУИС-ийн Тайзнаас ярих урлагийн тэнхимтэй хамтран зохион байгуулдаг. Сүүлийн үед богино өгүүллэгийн наадмаа нэг жилд нь, дараа жил нь яруу найргийн наадмаа гэх мэтээр салаавчилж явуулахаар болсон. Энэ жилийн наадмын нэг онцлог гэвэл Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн хүүхдүүд, оюутан залуус гэсэн хоёр чиглэлээр зохион байгуулж байгаа болохоор хамрах хүрээ улам л өргөн дэлгэр болж байна гэсэн үг. 

-Энэ жилийн хувьд шүлэг бүтээлээ ямар хугацаанд хүлээн авч байна. Оюутан залуус хэр оролцох хандлагатай байна?

-Оюутан залуусын бүтээлийг энэ сарын 5-ны өдрийг дуустал хүлээн авна. Бид 21 аймаг руу удирдамжаа явуулсан, одоогийн байдлаар Ерөнхий боловсролын төгсөх ангийнхнаас хориод бүтээл, оюутан залуусаас гучаад бүтээл ирсэн. Наадмын хугацаа дөхөхөөр олон бүтээл ирдэг. Бусад яруу найргийн наадмуудаас ялгаатай нь зохион байгуулагчид ирсэн бүтээлүүдээ дугаарлаж кодлоод шүүгч нарт өгдөг, ингээд тайзан дээр задлаад оролцогчдын оноог өгдөг. Ирэх жилээс наадмаа өргөтгөх зорилготой байгаа.

С.БАЯР

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top