Их гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөний хүрээнд ойрын хугацаанд ямар сорилтууд тулгарахаар байгаа вэ гэдэгт стратеги судлаачид дараах хариултыг өгч байна.
ОХУ дотооддоо хямрах, задрах асуудал үүсэх, Хятад- Тайванийн зөрчил хурцдах, Украины дайн сунжрах, АНУ, БНХАУ эдийн засгаа тусгаарлах, ардчилсан болон авторитар хэлбэрийн засаглалуудын зөрчил эрчимжих, дэлхийн аюулгүй байдлын өнөөгийн тогтолцоо өөрчлөгдөх гэсэн сорилтууд тулгарч болзошгүй юм.
Өнөөгийн их гүрнүүдийн сөргөлдөөн нь 1870 оны Франц-Германы дайн, 1914 оны дэлхийн I дайн, 1991 оны хүйтэн дайны төгсгөл зэрэгтэй адил геополитикийн тектоник өөрчлөлтөд хүрч байж шийдвэрлэгдэх магадлал бий. АНУ, ОХУ-ын сөргөлдөөн хурцдах, Украинд үзүүлэх цэргийн тусламж улам нэмэгдэж, дайн удаан хугацаагаар үргэлжилснээр цаашид дэлхийн улс орнууд улам хуваагдаж, дэлхийн дайнд татагдан орох, өртөх магадлал нэмэгдлээ.
Дэлхийн их гүрнүүд сүүлийн жилүүдэд зэвсэглэлээр өрсөлдөх, байр суурь, нөлөөний төлөө сөргөлдөх, батлан хамгаалах төсвөө нэмэгдүүлэх, харилцан эдийн засаг, худалдаа, дипломат хориг арга хэмжээ авах, мэдээлэл сэтгэл зүйн холимог дайн явуулах, бүс нутагт дайн дажин, зэвсэгт түрэмгийлэл, мөргөлдөөн, бослого, үймээн самуун өдөөх болсон нь Монгол Улсын аюулгүй байдлын орчинд учруулах сөрөг нөлөөг нэмэгдүүлж байна гэж Стратеги судалгааны хүрээлэнгийн судалгаанд дурджээ.
Манай улс нь дэлхийн бүх улс оронтой улс төр-дипломатын аргад тулгуурлан найрсаг, идэвхтэй, нээлттэй, уян хатан, тэнцвэртэй, олон талт хамтын ажиллагааг явуулах, дэлхийн энх тайвны үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулах замаар улс орныхоо аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлыг шийдвэрлэх бодлоготой. Ялангуяа их гүрнүүдтэй аюулгүй байдлын хүрээнд тэнцвэртэй, уян хатан харилцах бодлого баримтлах сорилт үе ирж байна гэж судлаачид үзэж буй юм.
Сэтгэгдэл ( 1 )
Яг тийм болж бна шүү!