Мартагдах учиргүй зүйл гэж бий. Түүний нэг бол дал, наяад оны залуусын зүрх, сэтгэлийн дуулал болж явсан, Монголын эстрадын урлагийн анхдагч хамтлагийн нэг “Үүрийн туяа” юм. “Үүрийн туяа” өдгөө 50 насны босго алхаж, ид дуулж хуурдаж явсан хамтлагийн залуус нэгэн далны босго алхаж, зарим нь тэнгэрийн оронд дэвшиж одсон бол тус хамтлагийн дууг шимтэн сонсож байсан фенүүд маань ч өтөл насны даваан дээр тухалжээ.
Нэгэн цагт хүүхэд залуусыг байлдан дагуулж байсан “Үүрийн туяа” хамтлаг зах зээлийн нийгмийн ороо бусгаа цагт дуу хуураа сонсогч түмнийхээ мэлмий, сонорт хурааж орхиод тодорхой цаг хугацааны дараа эргэн ирж бэлтгэл ажилдаа оржээ. Өөрөөр хэлбэл, тус хамтлаг эргэн сэргэж, сэргэхдээ залуусаар цусаа сэлбэн сонсогч түмнийхээ зүрх сэтгэлд зочлохоор зэхжээ. Өдгөө ч түмний сонорт эгшиглэж байгаа “Тэр жилийн тэр өдөр”, “Илгээлтийн эзэд”, “Өвлийн уянга”, “Хаврын уянга”, “Эх орны өглөө”, “Амгалан шөнийн дуу”, “Ханийн дуу” гээд олон дууг өөрийн бүтээл болгож мөнхөлсөн гэдгийг хүмүүс мэднэ. Тиймээс “Ханийн дуу”, “Хилчний хөшөө” тэргүүтэн олон дууны аялгууг тааруулсан, домогт хамтлагийг үүсгэн байгуулагч УГЖ, хөгжмийн зохиолч Ө.Батдэлгэр, өдгөө хамтлагийг залгамжлан сэргээж байгаа гитарчин Г.Очтөгс, дуу хуурыг өргөн дэмжиж байгаа Зорчигч тээврийн нэгтгэлийн Нэгдүгээр баазын дарга Х.Цогхүү нарын сэтгэгдлийг сонсож, хөөрөлдсөнөө хүргэж байна. Тэгэхээр өнөөдрийн манай “Өглөөний зочин”-оор нэг биш гурван эрхэм зочилж байна гэсэн үг.
“ҮҮРИЙН ТУЯА” ХАМТЛАГИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН, ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ А.БАТДЭЛГЭР
МАНАЙ ХАМТЛАГ ДУУРИЙН ТЕАТРЫН ТАСАЛДСАН ТӨЛӨВЛӨГӨӨГ БРИГАДААР ЯВЖ БИЕЛҮҮЛДЭГ БАЙЛАА
-“Үүрийн туяа” хамтлагийг өдгөө дунд насны хүмүүс бол сайн мэднэ. Тэгэхээр хамтлаг анх хэдийд ямар бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байв?
-“Үүрийн туяа” хамтлаг анх 1973 оноос хоёр гитарчин, нэг бөмбөрчинтэйгөөр, гурван хоолойгоор тоглож эхэлсэн. Манай хамтлагийн ахлагчаар Дагванамдалын Баатар ажиллаж, өөрөө бөмбөр цохидог байлаа. Мөн Дэмбэрэлийн Ганбаатар гэж Дуурийн театрын хөгжимчин байсан, тэр маань соль гитар тоглож, би басс гитар тоглож байсан. Тэр үед өөрсдийн хөгжим гэж байгаагүй. Надаас бусад нь дандаа мэргэжлийн хөгжимчин, Дуурийн театрын найрал хөгжимд тоглодог хүмүүс байсан.
Сүүлд Түвшинжаргал, Бат-Өлзий нар төгсөж ирээд хамтлагийн гишүүд нэмэгдсэн. Манай хамтлаг Сандагдоржийн, Нацагийн гээд хоёр Ганболдтой байсан. С.Ганболд нь басс гитар тоглож, дуулдаг бол Н.Ганболд маань хийл тоглоно. Мөн Пунцагийн Урнаа, Лувсанчойдорын Мөнхцэцэг гээд хоёр эмэгтэй дуучин, хийл тоглоно. Ингээд бид анх гурван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан бол арваад хүнтэй тоглож, олон хоолойгоор дуулах болсон доо.
-Тухайн үед эстрад хамтлагууд бойжиж өсөх нь өсөж, мөн шинээр байгуулагдаж байсан үе байх. Танай хамтлаг тэднээс юугаар ялгарч байв?
-Манай хамтлагийн онцлог гэвэл цахилгаан хөгжмөөсөө гадна сонгодог хөгжмийн элемент оруулж тоглоно. Тухайлбал, хийл болон үлээвэр хөгжмөөр тоглоно. Бид өөрийн хөгжимгүй байсан учраас хоёр гитар босгож аваад энд тэнд тоглоно. Пионерын ордны н.Пүрэвжав гэж мундаг багш байсан, түүнээс дөрвөн оролттой өсгөгч аваад тоглож байгаад сүүлд 1977 онд “Үүрийн туяа” гэдэг нэртэй болсон.
-Нэргүй тоглож байсан хэрэг үү, эсвэл өөр нэртэй байсан юм уу?
-Бид нар анх нэр ч үгүй, өөрийн гэсэн хөгжим ч үгүй л тоглож байлаа. “Үүрийн туяа” нэрийг өгсөн нь цаанаа шалтгаантай. Улс төрийн дууны уралдаан 1977 онд зарласан юм. Уралдаанд би “Хилчний хөшөө” гэж дуу бичээд бүртгүүлэх гэтэл хамтлагт нэр хэрэгтэй болохоор нь би “Маргааш ирж бүртгүүлье” гээд хэдэн нөхөд дээрээ ирсэн. Бид дундаа ярилцаж байгаад Дуурийн театрын дэргэдэх “Үүрийн туяа” гэж нэр өгөөд бүртгүүлж байсан. Ингэж анхны уралдаанд манай театраас Ардын жүжигчин Ж.Чулуун, алдарт хөгжмийн зохиолч Г.Дарамзагд гуай бид гурав орж, гурвуулаа байр эзэллээ. Ж.Чулуун гуайн “Бөмбөг дэлбэрвэл аюултай” дуу түрүүлж, Г.Дарамзагд гуайн “Сансар биднийг дуудаж байна” гэдэг дуу, миний “Хилчний хөшөө” дуу хоёулаа хоёрдугаар байранд орж байсан. Бидний гол тоглодог газар бол МУИС-ийн Шинэ жил дээр их тоглоно. Тухайн үед битүү хүн чихнэ, бүжиг явж байхад толгой шоволзоод гараад явах зайгүй байдаг байсан.
-Танай хамтлагийн “Бөмбөг дэлбэрвэл аюултай” дууг дуулж байсныг олон хүн мэднэ. Өөр хит болж байсан ямар дуунууд байна?
-Үүний дараа ар араасаа дуунууд цувсан даа. “Тэр жилийн тэр өдөр”, “Илгээлтийн эзэд”, “Хаврын уянга”, “Дорнын өглөө”, “Амгалан шөнийн дуу”, “Ханийн дуу” гээд олон дуу бий. Тухайн үед нийгэм хаалттай учраас ихэнх дуу нийтэд түгээгүй. Ард түмэнд дэлгэрсэн дуу гэвэл радиогийн фондод орсон дуунууд л байна. Тэр цагт үг, аянаас эхлээд баргийн дууг радиогийн фондод авдаггүй байлаа. Миний “Ханийн дуу”-г 40 жилийн дараа дуучин Л.Чулуунбаатар “Би дуулъя” гэж надад санал тавиад дуулсан даа.
-Тухайн цагтаа залуусын сонсох дуртай хамтлаг яагаад сураг алдрав?
-Бид 1973 оноос хойш тоглож байгаад наяад оны сүүлчээр больсон. Уг нь манайх азаар нэг япон хөгжимтэй болоод тоглож байсан ч сүүлд “Соёл-Эрдэнэ”-д аваад өгчихсөн. Яагаад гэхээр “Соёл-Эрдэнэ” гадаадад их явдаг байсан, хөгжмийн элэгдэл хоргодол байдаг байсан биз. Манай хамтлаг театрын тасарсан төлөвлөгөөг биелүүлдэг байлаа. Тэр үед хүмүүс балет, дуурь үзэх нь ховор, оны эцэс болохоор театрын төлөвлөгөө тасалдаж, манай хамтлагийг нэг сар орон нутагт тоглуулж, театрынхаа төлөвлөгөөг биелүүлдэг байлаа. Хөдөө сар тоглож ирээд “Үүрийн туяа” хамтлагт гэсэн нэг Баярын бичиг авна даа, өөр зүйл байхгүй. Намайг хамтлагтаа ганцаараа балетийн жүжигчин байсан учраас театраас хөдөө явуулдаггүй байлаа. Учир нь би 1964 онд Ленинградын Балетийн сургуульд очиж, найман жил суралцаад 1972 онд төгссөн хүн. Ленинградад 13 настайгаасаа л хөгжим тоглоод сурчихсан, түүндээ их дуртай байсан учраас хамтлаг байгуулаад дуулж хөгжимдсөн хэрэг. Театрын үндсэн гол хүмүүсийн нэг байсан учраас явуулдаггүй байсан л даа.
-Эргээд хэдийнээс уран бүтээлдээ оров?
-Хоёр жилийн өмнөөс застав бүрдүүлээд тоглож эхэллээ. Ер нь бол миний төрсөн дүүгийн бага хүү Г.Очтгөс санал тавиад өөрөө зохион байгуулаад явж байна. Манай хамтлагт байсан эрэгтэйчүүдээс Д.Баатар бид хоёр л үлдсэн. Г.Очтгөс дүү маань манай хамтлагийн дууг сонсоод дахин сэргээн байгуулъя гээд өөрөө хөгжим цуглуулаад зүтгэж байгаа юм. Хамгийн гол нь Зорчигч тээврийн нэгтгэлийн удирдлага Ц.Баттөр, Нэгдүгээр баазын дарга Х.Цогхүү нар урлаг, уран сайхны мэдрэмжтэй хүмүүс дэмжиж байгаад баярлаж байдаг. Уг нь бол манай Дуурийн театр л дэмжих учиртай ч хаа байсан хүмүүс дэмжиж байгаад үнэхээр талархалтай байгаа. Маш том дэмжлэг. Манай энэ дүү өөрөө автобусны жолооч, гитар тоглоно. Бид шинэ уран бүтээл хийж байна, үүн дээр хуучны дуунуудаа нэмэхээр томоохон хэмжээний концерт болох юм билээ.
ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН НЭГТГЭЛИЙН НЭГДҮГЭЭР БААЗЫН ДАРГА Х.ЦОГХҮҮ
“ҮҮРИЙН ТУЯА” ХАМТЛАГИЙН “ХАНИЙН ДУУ”, “БӨМБӨГ ДЭЛБЭРВЭЛ АЮУЛТАЙ” ЗЭРЭГ ОЛОН ДУУГ СОНСОЖ ӨССӨН
-Монголын анхдагч эстрад хамтлагуудын нэг “Үүрийн туяа” хамтлаг байгуулагдаад 50 жил болжээ. Зах зээлийн үед тодорхой хугацаанд завсарлаад эргэн уран бүтээлдээ орж. Үүнд танай байгууллага ихээхэн дэмжлэг үзүүлдэг тухай ярьж байна. Энэ хамтлагтай хэрхэн холбогдов?
-Би энэ байгууллагад Нэгдүгээр баазын даргын ажлыг хүлээж авсан даруйд манай баазын жолооч Г.Очтөгс надтай уулзаад “Үүрийн туяа” хамтлагтай танилцаж байлаа. Энэ үед Г.Очтөгс надад “Үүрийн туяа гэж хамтлаг байсан, та мэдэх байх. Үүнийг сэргээн тоглуулах гэж байна. Манай нагац ах анх байгуулж байсан хамтлаг. Тиймээс байгууллагынхаа дэргэд студи байгуулаад хамтлагаа ч сэргээе, уран бүтээл ч хийе” гэж санал тавьж байсан. Үүнийг газар дээр нь шийдээд бааздаа байр гаргаж өгч байсан. Энэ хэд маань ч сайн ажиллаж байна.
-Таны хувьд “Үүрийн туяа” хамтлагийг мэддэг байв уу. Өөрөө урлаг уран сайханд хэр ойр хүн бэ. Дуулж хуурдаж байв уу?
-Мэдэлгүй яахав. “Үүрийн туяа” хамтлагийн “Бөмбөг дэлбэрвэл аюултай”, “Ханийн дуу” гээд олон дууг нь сонсож өссөн. Би өөрөө дуулдаггүй байсан. Харин цэцэрлэгт байхдаа бүжиглэж, дунд сургуульд байхдаа шүлэг уншдаг байсан гэхээр урлагт ойр өссөн. Нөгөө талаар миний багын найзын аав нь Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Дашням гэж хүн байсан. Найзыгаа дагаж аавынх нь ажил дээр очдог байлаа. Ер нь бол урлаг ойлгоно, боломжоороо дэмждэг.
-“Үүрийн туяа” хамтлаг ирэх намар тоглолтоо зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Таны зүгээс ямар бодолтой байна?
-Би бол аль болох дэмжээд явна. Энд тэнд урлаг соёлын арга хэмжээ болно, Очоо руугаа л хэлнэ. Хаа нэг байгууллага хамт олноороо баярлах болон бусад арга хэмжээн дээр “Үүрийн туяа” хамтлаг л байдаг. Тус хамтлагт Улсын гавьяат жүжигчин нь байна, дуу нь байна, авьяаслаг залуучууд нь байна, юу дутах юм. Аливаа байгууллага дэргэдээ урлаг соёлын нэг нэгдэл ч юм уу, хамтлаг ч юм уу байх хэрэгтэй гэж боддог. Энэ жилээс байгууллагынхаа хэмжээнд урлаг, уран сайхны арга хэмжээ зохион байгуулъя гэж ярьж байна. Наадмын өмнө хэн нь сайн дуулдаг юм, хэн нь сайн бүжиглэдэг юм гэдгийг мэдэх зорилгоор урлагийн арга хэмжээ зохион байгуулна. Одоо харж байхад манай студи дээр урлаг соёлын одууд л ирж байх юм. Манай хэдэд ч харилцан ажиллахад таатай байдаг бололтой. Нэг нэгнээсээ суралцах, биенээ хөглөх гэж асуудал бий шүү дээ.
“ҮҮРИЙН ТУЯА” ХАМТЛАГИЙН ХӨГЖИМЧИН Г.ОЧТӨГС
МАНАЙ ХАМТЛАГИЙНХАН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН НЭГТГЭЛИЙН ЗАХИРАЛ Ц.БАТТӨР, БААЗЫН ДАРГА Х.ЦОГХҮҮ НАРТАА ТАЛАРХАЖ ЯВДАГ
-“Үүрийн туяа” хамтлаг үзэгч, сонсогчдынхоо өмнө дахин гарч байна. Олон жилийн түүхтэй хамтлаг учраас бүрэлдэхүүн шинэчлэгдсэн, тиймээс хамтлагийнхаа гишүүдээ танилцуулаач?
-Манай хамтлаг сүүлийн хоёр жил уран бүтээлдээ ороод байна. Анхдагч хамтлагийн хувьд гишүүд маань шинэчлэгдэж залуусаар багаа бүрдүүлсэн. Манай хамтлаг О.Батэрдэнэ, Б.Эрдэнэсайхан, Г.Очтөгс, А.Батдэлгэр, Д.Даваасүрэн, Ц.Наранбат, дуучин Г.Янжинлхам нарын бүрэлдэхүүнтэй уран бүтээлээ хийж байна. Үүн дээр хийл нэмээд хуучин тоглож байснаараа тоглох төлөвлөгөөтэй байгаа. Ирэх аравдугаар сард Ахмадын баярын үеэр тоглох санаатай. Гэтэл ирэх аравдугаар сард “Хурд”, “Харанга” болон Т.Ариунаа нар лав тоглох юм билээ. Гэхдээ үзээд алдана гэж бодож байгаа. “Харанга”, “Хурд” хамтлагуудыг сонссон байх.
Харин “Үүрийн туяа” хамтлагийг сонсохоор дуурайсан, давтсан зүйл огт байдаггүй. Өөрийн гэсэн өвөрмөц өнгө аястай байдаг. Бид ч энэ өнгө аясыг хадгална. Жинхэнэ монгол эстрадыг харуулах зорилготой. Үүнийг дараа дараагийн залуучуудад хүргэх учиртай гэж боддог. Одоо Монгол хүний тархи, сэтгэмжээс гарсан ая аялгуутай бүтээл цөөхөн болсон. Ихэнхдээ баруун руу чиглэсэн, тэндээс хуулбарласан зүйл ажиглагдаж байгааг судлаачид ч ярьж байна. Тэгэхээр бид монгол аялгуутай байх хэрэгтэй. Уламжлалаа хадгалсан, монгол ая данг тааруулсан ийм л байхыг зорьж байна. Хэн нэгнийг дуурайхгүй.
-Даяаршиж буй өнөө цагт уламжлалт арга барил, монгол хөг эгшгээ тэргүүнд тавьж байна гэдэг сайн хэрэг. Энэ магадгүй танай хамтлагийн онцлог байх?
-“Үүрийн туяа” хамтлагийг үүсгэн байгуулан тоглож байсан ахмадууд маань өөрийн гэсэн өнгө төрхтэй, хэн ч давтахгүйгээр бүтээж ирсэн. Тэд бүтээл дээрээ ажиллаж, уул ус, байгаль дэлхий, эх орныхоо агуулга, өнгө аясыг шингээж туурвиж байсан шүү дээ. Харин өнөөдөр энэ бүхэн улам л алсарч байна. Улс төрийн дуунууд гэхэд зөвхөн сэдэвтээ баригдаагүй ил далд утга санаанаас эхлээд бүхий л зүйлийг харуулж сонсгож байсан. Тэдний бүтээлийг сонсохоор хэдийгээр улс төр, иргэний аястай ч бүхий л зүйлээ багтаан туурвиж байжээ.
-Гэхдээ “Үүрийн туяа” хамтлагийн дуулж байсан 40, 50 жилийн өмнөх үеийг өнөөдөртэй харьцуулах аргагүй болж дээ?
-Харьцуулах аргагүй байж болох ч уран бүтээл бол бүтээл. Хамгийн их өөрчлөгдсөн зүйл гэвэл хүмүүс мөнгө харж хөдөлдөг болжээ. Миний чин сэтгэл бол Монгол эстрад, ая аялгуу гэж юу юм, ямар хүмүүс байсан юм гэдгийг гаргаж ирэхээр зүтгэж байна. “Үүрийн туяа” хамтлаг бол анхдагч юм. Аль тэртээ 1973 онд “Соёл-Эрдэнэ“ хамтлагтай зэрэгцээд тоглож байсан хамтлаг. Үүнээс улбаалж “Инээмсэглэл”, “Айзам”, “Өргөө” гэх мэт хамтлагууд гарч ирсэн түүхтэй. “Соёл-Эрдэнэ” хамтлаг 1972 оноос эхэлж тоглоход “Үүрийн туяа” хамтлаг хөрс сууриа тавьчихсан, 1973 оноос тоглож эхэлсэн гэдгийг А.Батдэлгэр ах ярьж байсан.
Зун цагт урлагийнхан амрах үеэр “Соёл-Эрдэнэ”-д хүн дутаж, А.Батдэлгэр ах өөрөө УГЖ Д.Галсанбаттай хамт явж тоглодог байсан гэдэг. Анх гурван ятгатай “Соёл-Эрдэнэ” хамтлаг байгуулагдаж, А.Батдэлгэр ах маань Орост сурч байхдаа рок хамтлагт тоглож байсан учраас тус хамтлагт дайчлагдан тоглож байсан гээд яривал түүх их бий. Үүнээс харахад ах маань “Соёл-Эрдэнэ” хамтлагийг эстрадын урлагт хөл тавихад тус дэм болсон хүн гэж боддог.
-Хэдийгээр шинэ тутам биш ч олон жил үзэгч сонсогчийн сонор, мэлмийнээс хол байсан хамтлагийг сэргээн тоглуулна гэдэг амаргүй. Хамгийн наад зах нь хөрөнгө санхүүгийн асуудал тулгарна. Хэрхэн зохицуулж байна вэ?
-Мэдээж амаргүй. Гэхдээ урлагт хайртай чин сэтгэлтэй хүмүүсийн тус дэмээр болж байна. Манай Зорчигч тээврийн нэгтгэлийн захирал Ц.Баттөр, Нэгдүгээр баазын дарга Х.Цогхүү нар дэмжиж байр сав гаргаж өгсөн, бид ая тухтай уран бүтээлээ туурвиж байна. Танай сониноор дамжуулж баазынхаа удирдлагуудад хамтлагийнхаа өмнөөс талархал илэрхийлж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 9 )
Ямар сайхан юм бэ.улс төрийн дууны уралдаанд Үүрийн Туяа хамтлагийн дууг дуулдаггүй хамтлаг байдаггүй бсандаа.одоо ч дуунуудыг нь сонсох дуулах дуртай амжилт хүсьеээ хамтлагынхандаа
Их гоё аялгуутай дуунууд зохиож дуулдаг байлаа
Их дэгжин гоё хамтлаг байсан юм байна,урын сан ч баялаг юм байна. Сонсож байснаас үзэж байсангүй, улам сайжруулаад амжилттай хөгжөөрэй
Ухаантай дарга нар байна .
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Hvgen mini mundag bna amjilt hvsiee
Очтөгсийн яриа таалагдсангүй.