Гишүүдийн тоог 126-д тогтож, холимог тогтолцоо гараанаас гарлаа

2023 оны 05 сарын 31

МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, энэ удаагийн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслөөр УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, үүнээс 78-ыг нь мажоритар тогтолцоогоор, үлдсэн 48-ыг нь намын жагсаалтаар байхаар тогтлоо.

Харин өчигдөр (2023.05.30) эл асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Ямар ч байсан гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог холимог байх нь зүйтэй гэж үзсэн хэрэг. Үүнийг нь АН-ын гишүүд, МАН-ын зарим нэг нөхөд бүрэн дэмжиж чадвал батлагдана гэсэн үг. Үүнээс өмнө чухам яагаад сонгуулийн тогтолцоо холимог байх ёстой болон гишүүдийн тоог нэмэх ёстойг авч үзье.

Бид сүүлийн 30 жилийн түүхэнд Их хурлын сонгуулиа дандаа мажоритар тогтолцоогоор явуулж ирсэн гэхэд хилсдэхгүй. Дунд нь ганц удаа 2012 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсан бөгөөд үндсэн 76 гишүүнийхээ 30 хувийг жагсаалтаар оруулсан юм. Харин энэ удаад энэ хувийг 40 болгож нэмлээ. Зүй нь бол үүнээс ч олон гишүүнтэй болгож, хоёр тогтолцоогоо 50/50 болгох хэрэгтэй байв. Хэрэв 30 хувиас дээшлүүлж нэмж чадахгүй бол Засгийн газар өргөн барьсан төслөө эргүүлэн татна. Тэгэх эрх нь нээлттэй гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн сэтгүүлчидтэй уулзахдаа хэлж байлаа. Үнэхээр ч тийм.

Ингэж тоог нэмснээр иргэдийн төлөөлөл нэмэгдэнэ гэдгийг улстөрчид, судлаачид хэлж байгаа. Одоогийн байдлаар Их хурлын нэг гишүүн 45 орчим мянган хүнийг төлөөлж байгаа гэнэ лээ. Гишүүдийн тоог нэмснээр энэ байдал 30 орчим хувиар нэмэгдэнэ гэдгийг судлаач онцолсон байсан. Ер нь хатуухан хэлэхэд одоо бол Үндсэн хуульд оруулах өөрчлөлт гэхээр хүмүүст зөвхөн гишүүдийн тооны нэмэгдэл л харагдаад байгаа юм. Уг нь бол гишүүдийн тоо нэмэгдсэнээр парламент жинхэнэ утгаараа мэтгэлцээн дээр суурилж явагддаг.

Нэг хуулийг зүйл бүрээр ярилцаж, хэлэлцдэг, асуудалд нухацтай ханддаг, хуулийн үндэслэлийг шинжлэх ухаанч байдлаар хардаг байдал бий болно. Гэтэл одоогийн 76 гишүүнтэй буюу хэт жижиг парламентад дээрх байдлын аль нь ч байхгүй. Өнөөдрийн байдлаар л гэхэд 19 гишүүнтэй байнгын хорооны хуралдаан дээр 10-хан гишүүний саналаар сайн хууль нь унаж, харин улстөрчид, дарга ангийнханд ашигтай хууль нь мөн л 10-хан хүнээр дэмжигдээд Их хуралд очиж байна. Ингээд чуулганы шатанд мөн л ирц 39 хүнээр бүрдэж, 20 хүний саналаар хууль батлах процесс явагдаж байгаа.

Энэ байдал асар хор уршигтай гэдгийг өнөөдөр ил тод болсоор байгаа сангуудын мэдээлэл, Хөгжлийн банкны болон нүүрсний хулгай харуулж байна. Эдгээрийг өдүүлсэн, цөлмөсөн хүмүүсийг хуруу даран тоолбол ээлжлэн их хуралд суусан, дарга хийсэн 200 орчим хүн л байгаа. Цаашид энэ хэвээрээ хөмөрсөн тогоон дотроо яваад л байвал дахиад олон олон Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сангууд тонуулна. Ер нь хүн гэдэг муу зүйлд амархан дасаж, суралцдаг. Эсрэгээрээ сайн сайхан зүйлд их цаг ордог. Ирэх сонгуульд бид ийм өөрчлөлт хийж оролцсоноор нэр дэвшилт, сонгуулийн компанит ажил зэрэгт арай өөр зүйлсийг харж, шинэ парламент, шинэ соёлыг өлгийдөж авч таарна. Үүн дээр нэмээд эрх мэдлийн төвлөрөл буурч, “УИХ-д л гарчихвал” гэсэн шунал хүслийн бодол алга болно.

Мэдээж улсын төсөв 76 тойрог руу салж урсаад аманд ч үгүй, хамарт ч үгүй үрэн таран болдог байдал арилж, улс орны хөгжлийг шинэ шатанд гаргаж ДНБ-ыг огцом өсгөх томоохон төсөл хөтөлбөрүүд гацалтгүйгээр урагшлах боломжтой. Мөн шинэ залуу, мэдлэгтэй улстөрчид төрөн гарахаас гадна нийгмийн бүхий л салбарын төлөөллүүд орж ирэх нөхцөл бүрдэнэ. Намынхаа жагсаалт, тойргийн нэр дэвшилтэд шинэ салхи оруулж, бусад намууддаа үлгэр дуурайл үзүүлнэ гэдгийг эрх баригч намын дарга, ЗГХЭГ-ын дарга нь хэлж байсан. Түүндээ хүрэх байх гэсэн итгэл ч олон нийтэд бий. Эс бөгөөс ирэх сонгуульд ялалт байгуулах, засаг толгойлох, төсөл хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэх нь лөөлөө болно гэсэн үг.                

 

ТӨГСГӨЛИЙН ОРОНД

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд гишүүдийн тоог 126 байхаар Их хуралд суудалтай намууд тохиролцоонд хүрсэн. Гэсэн хэдий ч улс төрд мөнхийн найз, үүрдийн дайсан байдаггүйн үлгэрээр зөвхөн өөрийн эрх ашгаа бодох хүмүүс ч гарч мэднэ. Тэд зүгээр нэг бодоод суухгүй нь тодорхой. Заримынхаа санаа бодлыг эргүүлэх, барьцаалах, худалдаж авах гээд олон аргыг ч хэрэглэж мэднэ. Бараг ийм тохиолдол эхнээсээ ч гарч байх шиг байна. Учир нь БХБ-ын сайд Ц.Даваасүрэн л гэхэд хөдөө хээрээс олон нийтийн сүлжээгээр гишүүдийн тоог нэмэхгүй гэдгээ хэлсэн.

Харин энэ нь Боловсролын зээлийн сангаас хүүхдүүддээ авсан зээлээ төл гэсэн шахалтын эсрэг хийсэн акц ч гэж үзэх хүмүүс мэр сэр байна билээ. Тэгэхээр одоогийн парламентад бүрэн эрх, ямбыг нь эдэлж суугаа гишүүд маань үүрэг хариуцлагаа ухамсарлаж, ялыг нь ч гэсэн давхар үүрэх ёстой гэдгээ бодолцож, ирээдүйн сайн сайхан нийгэм, эрүүл саруул парламентыг бий болгохын төлөө сайтар бодолцох ёстой. Тэгж гэмээнэ та бүхний өдийг хүртэл хийсэн муу муухайг ирээдүй хойч чинь уучлан өршөөж, нэрийг тань алтан үсгээр биш юм гэхэд ном товхимолдоо бичин үлдээж мэдэх юм. Тиймээс л зөвхөн энэ удаад хувь амбиц, эгогоо дараад асуудалд нухацтай хандаарай гэдгийг сануулъя. Ямартай ч УИХ-ын гишүүдийн тоо 126 болж, холимог тогтолцоо гараанаас гарлаа. 

Т.ДАРХАН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top