Хөрөнгө оруулагчид биднээс хэлсэндээ хүрэхийг л хүсэж байна

2023 оны 06 сарын 12

Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран “Шинэ сэргэлтийн бодлого-Зам, тээврийн сэргэлт” зам, тээврийн салбарын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг энэ сарын 9-нд МҮХАҮТ-ын байранд зохион байгууллаа. Тус хөрөнгө оруулалтын чуулганд дотоод гадаадын хөрөнгө оруулагчид, ОХУ, БНХАУ-ын 500 гаруй төлөөлөгчид оролцсон байна. Энэ үеэр зам тээврийн салбарт ирэх жилүүдэд хийгдэхээр төлөвлөж байгаа томоохон бүтээн байгуулалтууд, түүнээс өгөх эдийн засгийн үр өгөөж хийгээд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дотоод, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах боломжтой төсөл хөтөлбөрүүдийг танилцуулав.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд 2966 км хатуу хучилттай авто зам, 3358 км төмөр зам барих, шинээр 11 боомтыг хатуу хучилттай авто замаар, дөрвөн боомтыг төмөр замаар холбохоор төлөвлөөд эхнээс ажлууд хийгдээд явж буй.

Энэ мэтчилэн тус салбарт бүтээн байгуулалтын ажил асар их байгаа ч төрөөс бүх зардлыг нь гаргаад хийх боломжгүй, гаднын зээл тусламж авах нь улсын өрийн таазаас шалтгаалан хумигдмал байгаа учраас гадна, дотнын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах замаар эл асуудлуудаа шийдэх нь чухал гэдгийг салбарын сайд нь онцолж байв. Чуулга уулзалтын үеэр Монголиан транс лайн компани 3000 ширхэг вагон оруулж ирэхээр хятадын компанитай хэлцэл байгуулсан бол Зам, тээврийн яам мөн л хятадын компанитай  шинэ Хархорин чиглэлийн төмөр замын зураг төслийг боловсруулах, зүүн босоо чиглэлийн төмөр замыг барьж байгуулах ажилд Монгол-Хятадын хамтарсан компани байгуулах зэрэг хэлэлцээрт гарын үсэг зурав.

Ер нь энэ чуулга уулзалтын үеэр зам, тээврийн салбарт хийж хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдээ хөрөнгө оруулагч нарт санал болгосон гэсэн үг. Төмөр замын салбарт л гэхэд нийтдээ долоон тэрбум ам.доллар орчим хөрөнгийн бүтээн байгуулалт хийхээр байгаа бол авто замын салбарт хоёр тэрбум ам.долларын бүтээн байгуулалт хийхээр байгаа аж. Сүүлийн жилүүдэд манай улсад хөрөнгө оруулалт хийж, бүтээн байгуулалтад оролцох хөрөнгө оруулагч нарын итгэл буурсан гэдгийг дээр дооргүй ярьдаг.

Төрийн өндөр дээд албан тушаалтнаас эхлээд жирийн нэг бизнесмен нь хүртэл гаднын хөрөнгө оруулагчдыг залилах, хуурах мэхлэх, дээрэмдэх зэрэг гэмт хэрэг үйлдсэн гэсэн асуудалд орооцолдож, энэ талын мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөвөрч, зарим нэг нь олон улсын шүүхэд хүртэл хандаж байв. Тэгвэл хөрөнгө оруулагч нарын алдарсан итгэлийг сэргээх нь зайлшгүй чухал байгаа гэдгийг чуулга уулзалтад оролцогч төлөөллүүд хэлж байлаа. ОХУ, болон БНХАУ-ын төлөөллүүд ч гэсэн хөрөнгө оруулалтын болоод эрх зүйн орчин нь ойлгомжтой, тогтвортой байх юм бол хөрөнгө оруулахад татгалзах зүйлгүй гэдгээ ч мэдэгдэв.

Тийм ч учраас энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Хөрөнгө оруулагч нар хаширсан байна. Өмнө нь Хөрөнгө оруулалтын тухай хуулиараа дэмжиж байгаа мэт боловч нөгөө талдаа Төсвийн болон Татварын хуулиараа хүнд суртал гаргадаг, хүнд байдал гаргадаг байсан. Тийм болохоор цаашдаа Монгол Улсын Их хурал, Засгийн газар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалсан эрх зүйн тогтвортой, тодорхой орчныг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллах шаардлагатай” гэв. Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийн тулд эхний ээлжинд ямар ч байсан Үндсэн хуульд оруулсан 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр Монгол тиөрийн хөгжлийн бодлого тодорхой байна гэдгийг оруулж өгсөн. Үүнийг хэрэгжүүлэх зорилгоор Эдийн засгийн хөгжлийн яамтай болсон. Урт хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлэхэд энэ яам онцгой чухал үүрэгтэй ажиллана. Нэн яаралтай Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Их хурлаар батлуулах шаардлагатай. Үүнтэйгээ уялдуулж, Төсвийн болон Таатварын хууль, бусад хуулиудаа өөрчилж, сайжруулах ёстой. Тэгж байж бид хөрөнгө оруулагч нарыг татна гэдгийг салбарын сайд онцлов.

Орос, Хятад хоёрын хооронд хийж байгаа худалдаа арилжаа Монголыг зүүн талаар нь тойрч буюу Манжуураар явж байгаа. Ингэх нь зардал ихээс гадна асар их цаг хугацаа ордог. Харин бид зүүн болон баруун босоо чиглэлийн төмөр замаа ашиглалтад оруулснаар энэ зардал, цаг хугацааг хоёр хөрш маань хэмнэх боломжтой болно. Энэ хэмнэлтээс нь манай улсад эдийн засгийн үр өгөөж бий болно хэмээн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин онцолсон. Мөн тэрбээр, худалдааны замыг хэн илүү найдвартай, аюулгүй байлгаж чадсан нь хождог дүрэмтэй. Тийм болохоор энэ талбарт манай улс илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай. Хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг сэргээх, татахын тулд амласан л бол түүндээ хүрдэг байх учиртай. Энэ тал дээр гурван том хууль явж байгаа юм билээ. Хөрөнгө оруулагчдын үр өгөөж нь хөрөнгө оруулалтынхаа дүнгээр илэрдэггүй юм. Тухайн бүсэд бий болгож байгаа дам нөлөө нь асар өндөр байдаг. Сүүлийн арваад жилийн хугацаанд уул уурхайн салбарын хайгуулын лицензийг байхгүй болгосноор дахин шинэ бүтээн байгуулалт, ажил хийгдэхгүй байна. Засгийн газар түүхэндээ анх удаа гаднын хөрөнгө оруулагч нараас уучлалт гуйсан. Цаашид гаргасан шийдвэртээ хүрдэг, түүнээ хамгаалдаг чиглэл рүү явах хэрэгтэй гэсэн юм.

Хэн нэгэн бизнес эхлүүлэхийн тулд эхлэл хөрөнгөтэй байх нь чухал. Тэрхүү хөрөнгө, төсвийг өөрийн хадгаламж, бусдаас зээлэх, аль нэг зүйлээ барьцаанд тавих, эсхүл мөнгөтэй бусадтай хамтрах зэрэг олон аргаар босгож болно. Улс орон ч гэсэн үүнтэй агаар нэг. Гэвч өнөөгийн байдалд манай улс шууд өөрийн хадгаламжаасаа мөнгө гаргаад дараагийн их мөнгө олох бүтээн байгуулалтуудаа хийх боломж алга. Мөн бусдаас зээлье гэхээр улсын өрийн тааз хэтрэх зэрэг хязгаарлах хүчин зүйл байгаа бөгөөд зээл одсон ч хэтэрхий өндөр хүү төлөх шаардлагатай.

Тийм учраас л мөнгөтэй бусадтай хамтарч эдгээр ажлуудаа хийгээд хэн хэндээ харилцан ашигтай байх саналыг энэ удаад Зам, тээврийн салбарынхан эхэлж тавьлаа. Хөрөнгө оруулагч нар ч энэ саналыг нь таатай хүлээн авч байгаа ч гэсэн асуудлаа тодорхой, хөдөлшгүй болгохыг хүсэж байна. Тийм болохоор төр засгаас хуулийн орчноо сайжруулж, за бол ёогүй байх зармыг баримтлах ёстой болж байна. Тэгж гэмээнэ хоёр талдаа ашигтай хөрөнгө оруулалтын гэрээнүүд хийгдэж, зам тээврийн салбарын бүтээн байгуулалтууд хийгдсэнээр дараагийн олон жилд орлого тогтвортой байх боломж бий болох юм. Нэг ёсондоо бид хэлсэндээ байж чадвал хөрөнгө оруулагч нар нааштай хандах боломж байна.

Т.ДАРХАН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top