Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт орон нутгийн зарим нислэгийг сэргээсэн талаар мэдээлэл хийв. Энэ үеэр нь түүнээс дараах тодруулгыг авлаа.
-Орон нутгийн зарим нислэгийг сэргээсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монгод зочлох жил” болгон зарласан байгаа. Энэ хүрээнд Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын тээврийн лебаралчлалыг амжилттай хийх бодлогыг хэрэгжүүлж байна. Ингэснээр гадаад нислэгүүд эргэн сэргэж, үнэ зардлын хувьд буурсан.
Харин орон нутгийн нислэгүүдийг сэргээх ажил хоцрогдолтой, асуудалтай байсан бол энэ ажил амжилттай хэрэгжлээ. Орон нутгийн нислэгүүдийг сэргээх, үнэ тарифыг бууруулах ажлын хүрээнд нэг талаасаа орон нутагт ажиллаж, амьдарч байгаа хүмүүсээ дэмжих, Монгол Улсад ирж байгаа гадаадын жуулчдыг орон нутаг руу аялах, амрах таатай орчныг бүрдүүлэхийн тулд орон нутгийн есөн чиглэлд нислэгийг сэргээж байна. Мөн давхар нислэгийн зардлыг 2-2.5 дахин бууруулахаар шийдвэрлэж, Монголын иргэний агаарын тээвэр /МИАТ/ компани нийгмйин хариуцлагын хүрээнд нислэг үйлдэхээр болж байна.
-Орон нутгийн нислэгүүдийг сэргээснээр ямар ач холбогдолтой юм бэ?
-Нэгдүгээрт, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хөдөөгийн сэргэлт”-д маш том хөшүүрэг болж өгнө. Орон нутагт ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн маань ажил хөдөлмөр, цаг зав, орлогод тодорхой сэргэлтүүд бий болно гэж харж байгаа. Хоёрдугаарт, тэр бүх хол замд авто машинаар явж чадахгүй хөгшин настай, нялх хүүхэдтэй хүмүүс маань агаарын тээврээр зорчих боломж нээгдэнэ. Манай улсыг сонирхож ирсэн гадаадын жуулчид орон нутгийн есөн чиглэлд онгоцоор зорчоод хүссэн газраа аялж, зугаалах, үзэсгэлэнт газруудтай танилцах боломжтой болно. Энэ нь мэдээж жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдэд тодорхой орлого нэмэгдэх санй талтай. Үүнээс гадна бид цаашдаа Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгадын нисэх буудлуудыг олон улсын чанартай нисэх буудал болгохоор төлөвлөж байгаа. Хэрэгжүүлж байгаа бодлогод маань тодорхой дэмжлэг болно гэж харж байна. Ер нь орон нутгийн нислэгийн тийз 2-2.5 дахин буурснаараа ард иргэдийн зардал мөнгө хэмнэгдэх хамгийн чухал давуу талтай гэдгийг хэлмээр байна.
-Яг ямар, ямар чиглэлд нислэг хийгдэж, тийзний үнэ хэд болж буурч байгааг тодорхой хэлж өгнө үү?
-Дээр хэлсэнчлэн Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улиастай, Алтай, Ховд, Улаангом, Өлгий гэсэн чиглэлүүдэд долоо хоногт 1-3 удаа нислэгийг ирэх сарын 1-нээс эхлэн үйлдэнэ. Баян-Өлгий аймгийн хувьд өмнө нь хоёр талдаа 1.700.000 байсан бол 810-900 мянга, нэг талдаа 400-450 мянган төгрөг болж буурч байна. Хөвсгөл аймгийн төв Мөрөн хот руу хааяа нэг нисдэг, нисэхдээ 1.5 сая орчмоор нисдэг байсан бол 500-680 мянга буюу үндсэндээ билетийн үнэ бараг гурав дахин буурна. Манай улсын хамгийн зүүн цэг болох Чойбалсан хот руу онгоц нисдэггүй байсан. Харин ирэх сарын 1-нээс хоёр талдаа 540-620 мянга, нэг талдаа 260-310 мянган төгрөгөөр нисэх боломжтой болно. Нислэгийн хувиарийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тодорхой гаргаж, тийзний захиалга маргааш /өнөөдөр/-наас эхэлнэ.
-Нислэгийн тийзний үнийг бууруулсантай холбоотойгоор зөрүү мөнгийг нь төрөөс олгох уу. Ер нь МИАТ компани орон нутгийн нислэг үйлдэж эхэлснээр ямар нэгэн алдагдал хүлээх үү?
-МИАТ клмпани ямар нэгэн байдлаар алдагдал хүлээхгүй. Гэсэн хэдий ч орон нутгийн нислэгээс ашиг олохгүй. Үндсэндээ Монголын төрийн өмчит МИАт компани маань нийгмийн хариуцлагын хүрээнд ашиггүй, алдагдалгүй буюу өөрийнх нь өртөгөөр нислэг үйлдэнэ. Харин орон нутгийн нислэг тогтворжоод зорчигчийн урсгал нэмэгдээд ирэхээр цаашдаа хувийн хэвшлийнхэн нислэг үйлдэх боломж, бололцоо бүрдсэн тохиолдолд МИАТ компани заавал орон нутаг руу байнга нисээд байх шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл, өнөөдөр хувийн хэвшлийн авиа компаниуд маань орон нутгийн олон чиглэлд нисэх онгоцны хүртээмж, муу, санхүүгийн чадавх сул байгаа. Тийм учраас хувийн хэвшлүүдээ дэмжиж, тэднийг нислэг үйлдэх чадавхтай болтол МИАТ компани нийгмийн хариуцлагын хүрээнд ашиг ч үгүй, алдагдал ч үгүй байдлаар нислэг үйлдэх зохицуулалтыг Засгийн газар, Зам, тээврийн яамнаас хийсэн юм.
-Орон нутгийн онгоцны буудлуудыг олон улсынх болгон гэлээ. Энэ ажил хэзээнээс эхлэх вэ?
-Манайх өнөөдөр ганцхан Чингис хаан гэсэн олон улсын нисэх буудалтай байгаа. Хэрэв агаар муудлаа гэхэд Улаанбаатарт буух гэж байсан онгоцууд цаг гаруй нисэж байж Эрхүү, Хөх хотод буудаг. Ингээд цаг агаар гайгүй болсны дараа наашаа ирдэг. Тэгвэл улсын өмнөд бүс болох Даланзадгад, баруун бүс Ховд, хойд Мөрөн, Зүүн бүсийн Чойбалсан зэрэг нисэх буудлуудыг олон улсын чанартай болгосноор заавал Улаанбаатараар дамжиж гадагшаа нисдэг байдал арилна. Ингэснээр иргэдийн цаг зав, хөрөнгө мөнгийг хэмнэнэ. Мөн цаг агаарын эрсдэлтэй нөхцөлд эдгээр буудлуудад гаднаас ирж байгаа онгоцууд буух боломжтой болно. Гаднын жуулчид ч гэсэн заавал нийслэлээр дамжин орон нутаг руу явдаг байдал арилна. Эдгээр ажлууд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан. Үүнийг л хэрэгжүүлэхийн тулд Зам, тээврийн хөгжлийн яам ажиллаж байна.
-Орон нутаг руу жуулчид нисээд очсоны дараа тэднийг тосож авдаг, цаашаа үзэсгэлэнт газруудаар авч явдаг авто машины үйлчилгээг бий болгох уу?
-Аливаа бизнесийн үйл ажиллагаа, үйлчилгээг сайжруулъя, үнийг нь бууруулъя гэх юм бол хувийн хэвшлээ л дэмжих шаардлагатай. Түүнээс биш төр оролцоод, төрийн өмчит компаниуд онгоцэоос буунгуут нь машин гаргаад явах ёсгүй. Энэ үйлчилгээг манай хувийн хэвшлийнхэн ч гэсэн олон жил хийж ирсэн туршлагатай. Урд нь фаз автобус, фургон явдаг байсан бол одоо жип машин, том оврын автобус явдаг болсон. Тиймээс орон нутгийн нислэгийг сэргээсний дараа хувийн хэвшлийнхэн маань жуулчдаа тосч аваад үзэсгэлэнт газруудаараа аялуулаад байх боломжтой. Харин жуулчдынхаа тав тухыг хангаж байж илүү орлого олох учраас энэ асуудлаар л хувийн хэвшлийнхэн өрсөлдөх хэрэгтэй. Үүнд нь төр засгаас ямар нэгэн байдлаар саад болох ёсгүй.
-Орон нутгуудад ашиглахгүй байгаа нисэх буудлуудыг сэргээх үү. Ер нь хувийн хэвшлийнхэн яагаад орон нутагт нислэг хийхгүй байна вэ?
-Яагаад орон нутаг руу нисэхгүй байна вэ гэхээр зорчигч урсгал бага байгаатай холбоотой. Тийзнийх нь үнэ өндөр байгаа учраас хүмүүс онгоцоор нисэхгүй байна. Тийм болохоор бид өнөөдөр тийзний үнийг буулгаж байна. Ингэх юм бол иргэд маань онгоцоор нисээд эхэлнэ. Байнгын зорчигч урсгалтай болсны дараа хувийн хэвшлийнхэнээ дэмжээд төрийн өмчит компани маань орон нутгийн нислэг хийхээ болино. Бусад нисэх буудлууд бол шаардлагатай тохиолдолд байнгын бэлэн байдалд байдаг. Захиалгатай нислэгүүдийг ч хүлээн авах боломжтой.
Гэхдээ эдгээр нисэх буудлуудаас олж байгаа орлого маш муу. Тийм учраас цаашдаа нисэх буудлуудынхаа үйл ажиллагааг сайжруулж, орлогыг нь нэмэгдүүлэх шаардлага байна. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд орон нутгийн нисэх буудлуудыг том оврын нисэх онгоц буудаг болгоно. Ингэсний дараагаар ойролцоо аймгууд руу нь жижиг онгоцоор нислэг үйлдэх боломж бүрдэнэ гэдэг байдлаар аль болох олон чиглэлд орон нутгийн нислэгийг сэргээх бодлого бариад ажиллаж байгаа. Энэ тал дээр ямар нэгэн байдлаар хаасан, хориглосон зүйл байхгүй. Нисье гэсэн авиа компаниудаа дэмжээд боломжийг нь олгоно.
-Нислэгийн тоо нэмэгдэхээр шатахууны хэрэглээ нэмэгдэнэ. Нөөцийг бүрдүүлэхэд ямар нэгэн хүндрэл гарах уу?
-Энэ тал дээр ямар нэгэн асуудал байхгүй. Ер нь нийлүүлэлт нэмэгдэхийн хэрээр үнэ буурдаг. Олон нислэг үйлдэхийн хэрээр Монгол Улсад орж ирэх онгоцны шатахууны хэмжээ нэмэгдэнэ. Ингэснээр үнэ нь хямдарна.
-Навигац буюу өнгөрөлтийн нислэгийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр юу хийх вэ. Манайхыг сонгохгүй байгаа шалтгаан нь юу юм бэ?
-Ер нь бол манай улсын хувьд навигацын орлогоос жилдээ 300 гаруй тэрбум төгрөгийн орлого олдог байсан. Одоо бол энэ орлого 100 хүрэхгүй болсон. Энэ нь ОХУ, Украины хоорондох дайнтай холбоотойгоор ОХУ-ыг олон улсын байгууллагууд, олон улс хилийн хоригт оруулж, агаарын орон зайг нь ашиглахаа больсонтой холбоотой.
Монгол Улсын дээгүүр нисчихээд Оросын дээгүүр нисэхгүй байх боломжгүй учраас манайхыг тойрч нисээд байгаа юм. Тийм болохоор бид Оросыг тойрсон гаарын замуудыг нээх шаардлагатай. Ингэж байж навигацын орлогоо нэмэх бодлого барина. Бидэнд өөр боломж байхгүй. Өөрөөр хэлбэл, Оросыг тойрсон агаарын замуудыг нээгээд түүгээрээ Европоос Зүүн хойд Ази руу нисэх нислэгүүдийг яаж нисгэх вэ гэдгийг ярьж байна. Говь-Алтай аймгийн Цээл, Баян-Өлгийн Саруул гэсэн хаалгуудыг нээх асуудлыг БНХАУ-тай ярилцаж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Yum hiigeed baigaa sain said ajild ni amjilt