Цалин өсөх нь ЗӨВ, харин өсөлтийг даах ЧАДАМЖ төрд ч хувийн хэвшилд ч байх ёстой

2023 оны 06 сарын 13

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд 1 сая 125 мянган хүн ажиллаж байгаагийн 22 хувь нь төрийн албанд, 74 хувь нь хувийн хэвшилд ажиллаж байна. Тэгэхээр төсвийн тодотголын хүрээнд яригдаж буй  төрийн албан хаагчдын цалингийн хэт ялгаатай байдлыг цэгцлэх тухай асуудал бол хөдөлмөрийн зах зээл дэх дөрвөн хүн тутмын нэгийнх нь ахуй амьжиргаатай холбоотой сэдэв юм л даа.

Төсөвт тодотгол хийж, зарлагыг 1.8 их наядаар нэмэгдүүлэх гэж буйн 1 их наяд шахам нь цалингийн нэмэгдэлд зориулагдах гэж байгаад  шүүмжлэлтэй хандаж буй талууд байна. Гэхдээ нөгөө талд цалин тоон утгаараа өсөхийн сацуу амьдралын чанарт нөлөөлөх бодит цалингийн өсөлтийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай талаар ч яригдаж байгаа юм. 

Ер нь бол манай улсын хувьд бодит цалингийн өсөлт тун удаан. Энэ нь эдийн засгийн суурь нөхцөл байдалтай холбоотой. 2022 оны нэгдүгээр  улирлын байдлаар дундаж нэрлэсэн цалин 2015 онтой харьцуулахад 67 хувиар нэмэгдсэн байсан ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 13.4 хувиар нэмэгдсэн гэж ҮСХ-ноос мэдээлж байв.  

2014 оноос хойших үзүүлэлтүүдийг харахад төгрөгөөр илэрхийлэх дундаж цалин хоёр дахин өссөн ч бодит цалингийн өсөлт 15 хувь ч хүрээгүй. Төгрөгөөр илэрхийлэгдэх өсөлтийн дүнг ам.доллароор жишвэл долоон жилийн хугацаанд 80 гаруй ам.доллароор л өссөн байгаа юм л даа.

2020 оны сүүлээс буюу ковидоос хойш өнөөдрийг хүртэлх нөхцөл байдлыг аваад үзэхэд бодит цалин өсөх боломж нөхцөл ерөнхийдөө хумигдмал байсан нь үнэн. 2021 оны хоёр дахь хагасаас эхлээд эрчимжиж, хоёр оронтой тоонд шилжсэн инфляц одоо ч хоёр оронтой тоогоор илэрхийлэгдсэн хэвээрээ байна. 2020 оноос хойш  инфляц иргэдийн халааснаас 15-16 их наяд төгрөг хийсгэчихсэн нөхцөл байдалтай байгааг Төв банкны эдийн засагч хэлсэн байсан.

Тэгэхээр ийм нөхцөлд орлого нь юунд ч хүрэлцэхгүй байгаа ажил эрхлэгчид цалингаа нэмүүлэхийг хүсэх нь ойлгомжтой.

Харин нөгөө талд инфляцын эрчмийг буулгах бодлого хэрэгжүүлдэг бүтцүүд, эдийн засагчдын хувьд цалин нэмэх цаг нь одоо биш гэсэн байр суурийг  дүрмийн дагуу илэрхийлж байна.

Эрх баригчдын зүгээс бол 20 сар дараалсан инфляц иргэдийг туйлдуулж буй энэ үед төсвийн орлого давж биелсэн боломжийг ашиглаад иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах гэж байна хэмээн тайлбарлаж байгаа юм.

Манай тухайд үнэ өсөхдөө хурдан ч эргээд буухдаа тун хөшүүн гэдгийг бүгд мэднэ. Тиймээс цалингийн өсөлт эрэлтийг нэмэгдүүлснээр харьцангуй намжаад байгаа инфляц дахин өдөөгдөх вий, тэгсэн нөхцөлд цалингийн өсөлт үнэгүйднэ гэдэг асуудал бий.

Ерөнхийдөө бол Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл бүтцийн хувьд эрүүл бус, хөдөлмөрийн үнэлэмж тааруу. Тиймээс ч мянга мянган иргэн харь оронд хөдөлмөр эрхэлж, арав таван цаасаа Монгол руугаа илгээсээр олон жилүүдийг элээсээр өнөөдрийг хүрсэн. Монгол Улс цаашид ид хөдөлмөрлөж бүтээх ажиллах хүчнээ дотооддоо авч үлдэхийн тулд эдийн засгийн суурь асуудлуудаа цогцоор шийдвэрлэх, хөдөлмөрийн зах зээлээ эрүүлжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, бодит  цалин хөлсийг өсгөх зайлшгүй шаардлага бий. Энэ нь төрд ч хувийн хэвшилд ч хамаатай асуудал.

Сануулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сарын эхээр аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийн менежерүүдтэй “Өглөөний уулзалт” хийсэн. Тухайн үед хувийн хэвшлийнхний хэлж ярьсан үгсийг хүргэе.

 "Онч аудит" ХХК-ийн захирал Д.Ончинсүрэн: Цалин нэмэхгүй бол боловсон хүчнээ гадагшаа алдаж дууслаа. Гэхдээ өндөр цалин олгоход НДШ зэрэг татварын хэмжээ дарамт болж байгааг анхаарах хэрэгтэй байна. Мөн гадаадаас ажиллах хүчин оруулж ирэхэд ажлын байрны төлбөр өндөр байгаад анхаармаар байна.

"HR club” холбооны тэргүүн Ш.Баярмагнай: Байгууллагуудадажиллах хүчний асуудал тулгамдаж байна. Мөн чадварлаг боловсон хүчнээс түрүүнд зөв төлөвшил, хандлагатай хүн хэрэгтэй байна. Үүнийг боловсролын суурь хөтөлбөрт оруулж өгмөөр байна.

"Макс" группийн Хүний нөөцийн захирал Д.Нямлхаажав: Ажлын байранд чадвартай, дадлага, туршлагатай туслах ажилтан дутагдаж байна. МСҮТ-ийн төгсөгчдийн ур чадварыг сайжруулмаар байна. Ажлын байр олноор бий болгосон баялаг бүтээгчдээ бодлогоор дэмжмээр байна.

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл: Төрийн албан хаагчдын болон цалингийн доод хэмжээг нэмэхийг нийгмийн баялгийн тэгш хуваарилалт илүү явагдана гэдэг утгаараа дэмжиж байна. Гэхдээ хувийн хэвшилд ирэх сөрөг үр дагаврыг нь бууруулъя гэвэл үүнийг бүтээмжтэй уях нь зөв. Аж ахуйн нэгжүүдийн хувьд цалин нэмэхэд гол асуудал нь нийгмийн даатгалын шимтгэл байдаг.

Монголын мэргэшсэн "Хүний нөөцийн менежер" холбооны тэргүүн Т.Цэцэгмаа: Хөдөлмөрийн зах зээл дээр залуу ажиллах хүчний хомсдол үүссэн. Цаашид ч үргэлжлэхээр байна. Төр үүнд бодлогын зохицуулалт хийх хэрэгтэй. Мөн гадагшаа чиглэсэн их нүүдэл бий болсон. Үүнд бодлоготой хандах хэрэгтэй байна” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top