УИХ-ын дарга эмэгтэйчүүдийн дуу хоолой чухал байгааг онцлов

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 14

Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлсэн нь маргаан дагуулж байгаа энэ үед Монгол Улсад “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ, жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” олон улсын чуулган зохион байгуулж байгаа нь уг асуудлыг илүү томоор харж байгааг харуулсан хэрэг.

Өөрөөр хэлбэл, жендэрийн тухайд тулга тойрсон асуудал биш гэдгийг уг арга хэмжээг зохион байгуулагчид болон оролцогчид батлан харуулав. Тиймдээ ч УИХ-ын дарга Г.Занданшатар уг чуулганы индэр дээрээс “Ирж яваа цагийн дууг эрчүүд дангаараа дуулж болохгүй, эмэгтэйчүүдийн дуу хоолой чухал болж буй шинэ цаг үе эхэлж байна” хэмээн хэлсэн нь монголчуудын төдийгүй олон улсын анхааралд оруулсан.

Энэ үеэр оролцогчид “УИХ-аас санаачилан зохион байгуулсан энэхүү чуулга уулзалт нь цаг үеэ олсон үнэ цэнтэй арга хэмжээ боллоо” гэдгийг тал талаас онцолж байв. Уг олон улсын чуулганыг Монгол Улсын Их Хурал, АНУ-ын Стэнфордын их сургууль, "Бан Ги Мүн сан", БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран зохион байгуулж байгаагаар онцлог. Ийнхүү УИХ-ын дарга уг чуулганыг нээж үг хэлсний дараа БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү, Стэнфордын их сургуулийн Ази-Номхон далайн судалгааны төв, Солонгос судлалын хөтөлбөрийн захирал, Социологийн ухааны профессор Жи Вук Шин, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар нээлтийн үйл ажиллагаанд оролцож, илтгэл тавьж, үг хэлсэн. Үүнээс гадна Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонг чуулганд оролцогчдод хандан видео мэндчилгээ ирүүлсэн юм. Ингээд хүндэт зочдын хэлсэн үг, илтгэлээс түүвэрлэн хүргэж байна. 

 

Г.ЗАНДАНШАТАР: ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХГҮЙГЭЭР ЖИНХЭНЭ ҮР ДҮНД ХҮРЧ ЧАДАХГҮЙ

 

НҮБ-аас зарласан Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хамтын ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн шударга ёс, эдийн засгийн хүртээмж гэх мэт олон харилцан уялдаатай өргөн хүрээний асуудлыг авч үздэг. Гэхдээ эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд манай дэлхийн, манай нийгмийн тэн хагасын оролцоог буюу жендэрийн эрх тэгш байдлыг хангахгүйгээр жинхэнэ үр дүнд хүрч чадахгүй. Өөрөөр хэлбэл, их яваа цагийн дууг эрчүүд дангаараа дуулж болохгүй. Эргэх хорвоогийн эргэлтэд учирч буй дэлхий дахины хүндрэл бэрхшээлийг эрчүүд дангаараа шийдэж чадахгүй.

Эмэгтэйчүүдийн дуу хоолой чухал болж буй шинэ цаг үе эхэлж байна. Ийм ч учраас өнөөдрийн бидний чуулга уулзалтад эмэгтэйчүүдийн манлайлал, хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн эрх тэгш байдал, боловсролын салбар дахь жендэрийн эрх тэгш байдал, жендэрт суурилсан хүчирхийлэл ба хүний эрхийн талаар Монгол Улсад болон бүс нутагт тулгамдаж буй асуудлаар, мөн Алтай судлалын олон улсын чиг хандлага гэсэн өргөн сэдвүүдээр ярилцах болно. Мөн эрдэмтэн судлаачид, бодлого тодорхойлогчид, иргэний нийгэм болон дараа үеийн манлайлагчид болох оюутан залуусын төлөөллийг оролцуулж, олон талт хамтын ажиллагааг ханган зохион байгуулж байна. Чуулга уулзалт маань олон хүний хүчин чармайлт дор зохион байгуулагдаж байна.

Энэ ташрамд Номхон далай дамнасан тогтвортой хөгжлийн яриа хэлэлцээрийг санаачилан манлайлж буй НҮБ-ын найм дахь ерөнхийлөгч Бан Ги Мүн, Стэнфордын их сургууль, Эва эмэгтэйчүүдийн их сургуулийн хамт олон, хүндэт зочиддоо гүн талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газраас  энэ жилийг  ”Монголд зочлох жил” хэмээн зарласан. Тиймээс алтай хэлний язгууртай улс орнуудын олон арван сая хүмүүс Монгол Улсад зочлох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Түрэг гаралтай парламентын холбооны Ерөнхийлөгч хэлэхдээ, Турк Улсаас л гэхэд 20-30 сая хүн Монгол Улсад тэр дундаа Орхоны хөндийд очиж үзэхийг мөрөөддөг гэж хэлж байсан.

 

БАН ГИН МҮН: ЭНЭ ЧУУЛГА УУЛЗАЛТ НЬ МОНГОЛ УЛСЫН НЭРИЙГ ДЭЛХИЙД ЦУУРАЙТУУЛАХ БОЛНО

 

Бид хамтдаа бүх нийтийн шударга, эрх тэгш ертөнцийг бий болгохыг эрмэлзэж буй дэлхийн хөдөлгөөнийг төлөөлдөг. Энэ бол миний карьерийнхаа туршид дэмжиж, хийх хэрэгжүүлсэн үйл хэрэг юм. Бан Ги Мүний "Илүү сайн ирээдүйн төлөө" сангийн эрхэм зорилгын гол цөм юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж эхлээд л  жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг дэлхийн тэргүүлэх зорилт болгохоо амласан. Өөрчлөлт эх орноосоо эхэлдэг гэдгийг хүлээн зөвшөөрч, НҮБ-ын хүрээнд олон арван нэр хүндтэй эмэгтэйчүүдийг удирдах албан тушаалд томилоход түлхэц болсон.

Би дэлхийгээр аялахдаа нийгэмдээ өөрчлөлт хийх тэсвэр хатуужил, шийдэмгий байдлаа харуулдаг эмэгтэйчүүдийн няцашгүй сэтгэлээс хүч авч, эмэгтэйчүүд, охидын тэмцлийн гэрч болсон. Биднийг Алтайн өвөр нутгийн Тогтвортой байдлын яриа хэлэлцээр чуулга уулзалт Монгол Улсын нэр хүндийг хилийн чанадад цуурайтуулах болно гэдэгт найдаж байна. Эв нэгдэл, шийдэмгий байж  саад бэрхшээлийг даван туулж,  охид эмэгтэйчүүдийн ялгаварлан гадуурхалт устаж,  цэцэглэн хөгжиж, тогтвортой, чинээлэг нийгмийг бүрдүүлэхэд бүрэн оролцох боломжтой ирээдүйг хурдасгах болно

КИМ ЁН ЖҮ: ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДЭД ДАРГА БОЛСОН ЭМЭГТЭЙ БОЛ БИ

 

Тогтвортой хөгжлийн зорилтуудын "Хэнийг ч орхихгүй" гэсэн уриа бидний сэтгэлийг хөдөлгөж байна. Энэ бол эмэгтэйчүүдийг чадавхижуулахгүйгээр биелэх боломжгүй зорилго юм. Гэвч Азийн хэд хэдэн орнуудад эмэгтэйчүүд улс төр, эдийн засаг зэрэг нийгмийн олон салбарт ялгаварлан гадуурхалттай тулгарсаар байна. Монгол Улс  багтдаг  алтай дамнасан  бүс нутагт тогтвортой хөгжлийг дэмжих арга замыг судлахаар бид хуран чуулаад байна гээд БНСУ-д жендэрийн тэгш байдлыг хангах талаар хэрхэн тэмцэж амжилтад хүрсэн түүхээ хуваалцлаа.

БНСУ 1948 онд Засгийн газар байгуулагдсанаас хойш эмэгтэйчүүдэд санал өгөх эрхийг олгосон боловч Үндсэн хуулийн ассамблейд нийт 200 гишүүнээс ганцхан эмэгтэй гишүүн байсан. Харин 2000 онд буюу 50 гаруй жилийн дараа 16 эмэгтэйг Үндэсний Ассемблэйд сонгосон түүхтэй. Түүний дараа намайг 2004 онд Үндэсний Ассамблейд анх сонгогдоход 39 эмэгтэйтэй болж, өмнөх эмэгтэйчүүдийн тооноос хоёр дахин нэмэгдсэн юм” хэмээсэн. Энэ бол Монгол Улсад жендэрийн асуудал хурцаар тавигдаж байгаа үед ихээхэн ач холдбогдол бүхий илтгэл гэдгийг эхний өгүүлбэрээс л харж болно. Түүхэндээ анх удаа буюу 21 дүгээр Үндэсний ассамблейн дөрвөн жилийн бүрэн эрхийн эхний болон хоёрдугаар хагаст дэд даргаар нь эмэгтэй хүн сонгосон. Энэ бүх амжилтыг үргэлжлүүлэхийн төлөө  би зогсох болоогүй. БНСУ-ын жендэрийн тэгш байдлын төлөөх тэмцлийн  түүхийн гэрч бол би юм гэсэн

ЖИ ВУК ШИН: МОНГОЛ УЛС ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮҮРГИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ ХҮЧИН ЧАРМАЙЛТ ГАРГАСАН

 

Бид НҮБ-аас баталсан 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ахиц дэвшлийг хурдасгах зорилготойгоор АНУ болон Азийн мэргэжилтнүүдийн хооронд утга учиртай хэлэлцүүлэг, судалгааны хамтын ажиллагаа, бодлогын түншлэлийг дэмжиж, Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээний санаачлагыг бий болгосон.  Монгол Улс тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн  үүргийг хүлээн зөвшөөрч, жендэрийн тэгш байдлыг хангах үйл явц, бүтцийг хэрэгжүүлэхэд сайшаалтай хүчин чармайлт гаргасан. УИХ жендэрийн мэдрэмжтэй, хүний эрхийг дээдэлсэн институц байх амлалт нь үнэхээр урам зориг өгч байна.

Монгол Улсын Их Хурлын гишүүд бусад оролцогчдын хамт жендэрийн тэгш байдлыг хангах, түгээн дэлгэрүүлэх талаар олж авсан туршлага, сургамжаа хуваалцаж, бид бүгдэд чухал ойлголт өгөх болно гээд Алтайн өвөр нутгийн тогтвортой байдлын яриа хэлэлцээг өөдрөг, зорилготой, шийдэмгий байдлаар эхлүүлцгээе хэмээн уриаллаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top