ТБХ: Хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэж, төрийн аудитын байгууллагын 2022 оны тайланг сонслоо

2023 оны 06 сарын 15

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдрийн /2023.06.14/ хуралдаан 15 цагт 19 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт хуулийн долоон төсөл, Улсын Их Хурлын тогтоолын хоёр төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Сангийн сайд танилцуулгадаа дурдаад эдгээр хууль тогтоомжийн төслүүдийн талаар танилцуулав. Тухайлбал,

1.Төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэг хуулиар зохицуулах, төрийн албан хаагчийн тоог үндэсний ажиллах хүчний тоотой уялдуулан тогтоох, төрийн албан хаагчийн үндсэн цалин ба нэмэгдлийн харьцааг оновчтой болгох зэрэг зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгалаа. Түүнчлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрийн албанд ажиллах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хуульд заасан ажилласан жилийн тусгай шаардлагыг хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд бууруулан тооцох зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөлд тусгалаа. Энэхүү өөрчлөлттэй уялдуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн агентлагийн даргаар хуульд заасан ажилласан жилийн тусгай шаардлагыг хангасан хүнийг томилж болох, энэ тохиолдолд агентлаг нь дэд даргатай байх зохицуулалтыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөлд тусгасан болно.  

2.Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар төрийн байгууллагуудаас ирүүлж байгаа санал, хүсэлтийг харгалзан хэмнэлтийн зарим зохицуулалтыг өөрчлөх санал боловсрууллаа. Тухайлбал, хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болон төрийн байгууллагын үйл ажиллагааны шуурхай байдлыг хангах үүднээс эдгээр байгууллагууд автомашинтай байхаар хуулийн төсөлд тусгав. Мөн төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулж дууссан байвал зохих хугацааг хойшлуулах өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгасан болно.  

3. Засгийн газраас хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын асуудлыг онцгой анхаарч үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан агентлагийн бүтцийг шинэчлэн тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсрууллаа. Үүнтэй холбогдуулан залуучуудын хөгжлийг дэмжих төрийн чиг үүргийг цаашид иргэний нийгмийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр тооцож Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулав.

4.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн шинэчлэлийг хөрөнгө оруулагч нарт сурталчлан таниулах, түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийн судалгаа хийх, хүний нөөцийн чадавх бэхжүүлэхэд тодорхой хугацаа шаардлагатай байна. Мөн шинэ хуулийн дагуу хууль хэрэгжиж эхэлмэгц байгуулагдсан байх ёстой төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв зэрэг нэмж байгуулагдах ёстой Засгийн газрын бүтцийн нэгжүүдийг байгуулах ажил тодорхой хэмжээнд хойшилсон, бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй байгаа тул Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн үйлчлэлийг хагас жилээр хойшлуулах, төрийн өмчийн эрдэм шинжилгээ, судалгааны  байгууллагууд  бага зардлаар өндөр бүтээмж бүхий технологи, шинэ бүтээл нэвтрүүлэхийг дэмжих зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулав. Түүнчлэн, нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглан иргэдэд өндөр хурдны интернэтийн үйлчилгээг газар зүйн байрлал харгалзахгүй үзүүлэхтэй холбогдуулан Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа.

5.Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрд олгох, мөн 2023 оны 1-6 дугаар саруудад хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаагүй хүүхдэд уг хугацаанд ногдох мөнгөн тэтгэмжийг нөхөн олгох зорилгоор Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан хэлэлцүүлж байна гэж байлаа.

Хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Д.Тогтохсүрэн, Ж.Батжаргал, Ш.Раднаасэд, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, үг хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, “Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ хамт өргөн мэдүүлсэн зарим хуулийн төслүүдийг тодорхой хугацаанд судалж, холбогдох тооцоо судалгааг сайтар хийх шаардлагатай. Төрийн албаны тухай, Төрийн хэмнэлтийн тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай зэрэг хуулийн холбогдох заалтуудыг өөрчлөх зохицуулалтад нухацтай хандаж, эргэн харах нь зүйтэй” гэсэн санал хэлсэн. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, “Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн 7 хуулийн төслөөс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй байна. Учир нь Улсын Их Хурлаар уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцээд эцэслэн батлаагүй байхад төсвийн тодотголын хүрээнд энэ хуулийг дахин өөрчлөх асуудлыг оруулж байгаа нь логикын хувьд алдаатай тул төсөл санаачлагчид үүнийгээ татаж авах нь зүйтэй" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Түүнчлэн гишүүд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн зарим зохицуулалтыг сулруулж буй шалтгаан болон Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл буюу төрийн албан тушаалд тавих тусгай шаардлагыг хөндөхгүйгээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн агентлагийн даргаар томилох боломж байгаа эсэхийг илүүтэй тодруулж байсан.

“Төрийн хэмнэлтийн тухай маш сайн хууль батлагдсан. Энэ хуулийн зорилгоос ухраад эсвэл, зарлагуудыг  нээж өгч байна гэж ойлгож болохгүй.  Харин энэ удаа хуулийн зарим зохицуулалтыг суллаж байгаа асуудал нь төсвийн зардал гэхээсээ илүү тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагаанд хориг саад болж, тасалдал үүсэх эрсдэл гарч буй тул өөрчлөлт оруулсан. Тухайлбал, Төрийн хэмнэлтийн тухай хуульд аливаа байгууллагын үндсэн үйл ажиллагаанд саад болохгүй болбол гэсэн заалт байгаа ч номын сангууд маань ном хэвлэл гэдэг заалтад хамааруулаад номын сангийнхаа баяжуулалтыг хийж чадахгүйд хүрч байна. Үүнийг нарийвчлан зохицуулж тусгасан. Мөн хүүхэд хамгааллын байгууллага болон тусгай чиглэлийн автомашин хэрэглэдэг шуурхай албадуудыг хэрэгцээнийх нь автомашинаар хангахгүй бол үйл ажиллагаа нь саатах, тасалдах эрсдэл гарч буй тул тодорхой зохицуулалтыг тусгасан” хэмээн Сангийн сайд Б.Жавхлан хариулж байлаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн албанд ахиж дэвших, мерит зарчмыг нь хоёр дахин хөнгөн болгосон нь бүх талуудын оролцоог хангасан нийгмийг бүтээе гэвэл төр өөрөө манлайлах  нь зүйтэй гэсэн зарчим барьсантай холбоотой. Үнэнийг хэлэхэд төрийн албан хаагчид болон аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзахад Төрийн албаны тухай хуульд заасан шаардлагыг хангаж сум, орон нутгийн анхан шатны нэгжид ажиллах хүн олдохгүй байна гэдэг. Төрийн албанд тавих шалгуур нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бүр хүнд тусна гэсэн үг. Улсын хэмжээнд 115 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 4800 орчим нь төрд ажиллаж байна. Үүнээс 87 хувь нь төрийн үйлчилгээний албанд ажиллаж байгаа бөгөөд цаашаа ахиж дэвшихэд төрийн албаны шалгуур маш өндөр, тэнцэхэд хэцүү байдаг. Иймд бид Төрийн албаны зөвлөлтэй хамтраад төрийн албаны шалгалт өгөх болзол, журамд хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх зохицуулалт байхгүй байсныг өөрчилж, шалгалт авах байрыг нь хүртээмжтэй болгох зэргээр ажиллаж байгаа. 2022 онд төрийн албаны шалгалтад хөгжлийн бэрхшээлтэй гуравхан хүн оролцсон байдаг. Иймд асуудалд төр өөрөө манлайлах нь чухал гэж үзсэн” хэмээн хариулж байлаа.

Мөн Ажлын хэсгээс төрийн албан хаагчдад тавих шаардлагыг Төрийн албаны тухай хуулиар тодорхой зохицуулсан тул уг хуульд өөрчлөлт оруулсан гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.  

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн 7 төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 2 төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг төсөл бүрээр явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь зургаан хууль, тогтоолын хоёр төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн. Харин Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал дэмжигдлээ

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, хариулт авсан.

Харин гишүүдээс хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гаргасангүй. Иймд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүлийн 39.22-т заасны дагуу хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг гаргав.

Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжсэн тул төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 

Төрийн аудитын байгууллагын 2022 оны үйл ажиллагааны тайланг сонслоо

Хуралдаан  Төрийн аудитын байгууллагын 2022 оны үйл ажиллагааны тайлангийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхий Аудитор Д.Занданбат танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, “Төрийн аудитын байгууллага 2022 онд хуульд заасны дагуу болон бодлогын хүрээнд төлөвлөсөн 4069 санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, сэдэвчилсэн байдлаар гүйцэтгэл, нийцлийн 215 аудитыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, үр дүнг баталгаажуулан харилцагч талууд, иргэд олон нийтэд албан ёсны цахим хуудас, нээлттэй портал сайтаар дамжуулан үр дүн, тайланг бүрэн эхээр нь ил тод мэдээлэв. Тайлант онд гүйцэтгэсэн аудитаар нийт 11.1 их наяд төгрөгийн алдаа, зөрчлийг илрүүлэн  160.9 тэрбум төгрөгийн төлбөрийн акт, 5.9 их наяд төгрөгийн албан шаардлагыг шалгагдагч этгээдэд өгч, үйл ажиллагааны зохион байгуулалт, санхүү нягтлан бодох бүртгэл, дотоод хяналт, хууль тогтоомжийн нийцлийг хангуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулж, зорилтот үр дүнд хүрч ажиллахыг үүрэгжүүлэн шалгагдагч болон хамрагдагч байгууллагын холбогдох албан тушаалтанд нийт 10.235 зөвлөмж хүргүүлсэнЗангуу” гэдгийг онцлов.

Мөн төрийн аудитын байгууллага санхүүгийн тайлангийн аудитаар нягтлан бодох бүртгэлтэй холбоотой нийт 2.4 их наяд төгрөгийн алдаа илрүүлэн, аудитын явцад залруулж, төсвийн хөрөнгийн зарцуулалт, ашиглалт, хамгаалалт, санхүүгийн сахилга хариуцлагыг сайжруулж, алдаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөвлөх чиг үүргээ үр нөлөөтэй хэрэгжүүллээ.Тайлант хугацаанд улс, орон нутгийн төсөвт 41.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, шалгагдагч байгууллагууд 1,244.9 тэрбум төгрөгийн үр өгөөжийг хүлээн зөвшөөрсөн нь Төрийн аудитын байгууллага төсвөөс авсан “Нэг” төгрөгийн санхүүжилт тутамд 50.9 төгрөгийн үр өгөөжийг бий болгосон бөгөөд энэхүү үр өгөөж нь төрийн байгууллагын үйл ажиллагааны ахиц дэвшил,  бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, үр нөлөөг сайжруулах замаар улс, нийгэмд үзүүлсэн ашиг тусыг илэрхийлэх үр дүнгийн чухал үзүүлэлт гэж байлаа.

Түүнчлэн тайлант онд сахилгын шийтгэл ногдуулах 342 албан шаардлага өгч, өмнөх оны үлдэгдэл 24, нийт 366 сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагын 331 буюу 90.4 хувь нь бүрэн хэрэгжсэн байна. Харин хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн асуудлаас бүрэн шийдвэрлэгдсэн 22, хянан шалгах ажиллагаа явуулж байгаа 85 асуудал байна. Төрийн байгууллагуудын дотоод аудитын нэгжийн үйл ажиллагаа нь стандарт, арга зүй, дотоод аудит болон хяналт шинжилгээ, үнэлгээ, эрсдэлийн удирдлага, хэрэглэгчийг зөвлөгөө, мэдээллээр хангах зэрэг чиг үүргийн хүрээнд хэрэгжиж байгаа мэт боловч хэлбэр төдий, тогтвортой бус, дотоод аудитын харилцааг зохицуулсан эрх зүйн орчин бүрдээгүй, дотоод хяналтын тогтолцооны төлөвшил хангалтгүйгээс жил бүрийн аудитаар илэрч буй алдаа, зөрчил буурахгүй байна. Иймд төрийн аудитын байгууллагаас өгсөн зөвлөмж, аудитын шийдвэрийн хэрэгжилтэд УИХ анхаарлаа хандуулан дотоод аудитын хууль эрх зүйн орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, төрийн аудитын шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар Засгийн газарт чиглэл өгч ажиллах бодит шаардлага байгааг Монгол Улсын Ерөнхий Аудитор танилцуулгадаа онцлон тэмдэглэсэн.

Төрийн аудитын байгууллагаас 2022 онд 15 эрх зүйн баримт бичгийг шинэчлэн боловсруулж, аудитын бодлого, арга зүйг боловсронгуй болгох, аудитын чанар, үр нөлөөг сайжруулах хүрээнд аудитын дээд байгууллагын олон улсын байгууллагаас гаргасан стандарт, аргачлалыг Стандартын хороогоор хэлэлцүүлэн баталж мөрдүүлж буйг Д.Занданбат дарга танилцуулгадаа онцлохын зэрэгцээ төрийн аудитыг чанартай гүйцэтгэж, харилцагч талууд бие биетэйгээ хамтран ажиллах зарчмуудын ач холбогдлыг баталгаажуулах, харилцагч талуудтай тогтоосон хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжих чиглэлээр гаргасан тунхаглалыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Төрийн аудитын байгууллага ИНТОСАИ болон хамтын ажиллагаатай аудитын дээд байгууллагуудын сайн туршлага, харилцаа хамтын ажиллагааг улам хөгжүүлж тодорхой ахиц дэвшлийг гарган ажиллаж байгаагаа дурдав.

Түүнчлэн төрийн аудитын байгууллага хуулийн хүрээнд Улсын Их Хурлын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, олон нийтийн эрх ашгийн төлөө Засгийн газрын хүлээх хариуцлага, үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэхэд туслах, олгогдсон бүрэн эрхийн хүрээнд төрийн хяналтын чиг үүргийг гүйцэтгэхдээ төрийн бүх шатны байгууллагын санхүүгийн сахилга, хариуцлагыг сайжруулж, төсвийн хэмнэлтийг хянах, төрийн аудитын чиглэлээр гаргасан бодлого, арга зүйг улс, орны төсөв, эдийн засгийн нөхцөл байдлыг үнэн зөв үнэлж, дүгнэх гол хэрэглүүр болгоход анхаарлаа хандуулж байна гэж байлаа.

Монгол Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийн шинэчлэлт, өөрчлөлттэй холбогдуулан төсвийн үр ашигтай, зохистой удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх, түүнийг төлөвшүүлэхэд Төрийн аудитын байгууллагын бүх шатны салбар нэгжийн хүлээх хариуцлага өндөр хэвээр байгаа бөгөөд Төрийн аудитын байгууллага 2023 онд “Аудитын шийдвэрийн хэрэгжилт, түүний үр нөлөө, ил тод хариуцлагатай байдлыг сайжруулах” зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаагаа Монгол Улсын Ерөнхий Аудитор онцолсон.

Тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Ж.Батжаргал нар асуулт асууж, үг хэлэв.

Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

Хуралдааны төгсгөлд Төрийн аудитын байгууллагын 2024 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Монгол Улсын Ерөнхий Аудитор Д.Занданбат төслийн талаарх танилцуулгадаа, Төрийн аудитын байгууллагын Монгол Улсын хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн хүрээнд болон бодлогоор гүйцэтгэх 33 аудитын сэдвийг судалж бэлтгэн тэдгээрээс хуульд заасны дагуу хийх 28, бодлогоор гүйцэтгэх аудитын таван сэдэв байна. Төрийн аудитын байгууллагаас Төрийн аудитын тухай хуулийн хүрээнд Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан цаглаварт хугацаа буюу 2024 оны 01 дүгээр сарын 25-наас 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон улс, орон нутгийн төсөвт байгууллага, сан, төсөл хөтөлбөр, Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлэхийг тодотгоод  Газрын тосны тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Төрийн аудитын тухай хуулийн хүрээнд газрын тосны өртөг нөхөх зардлыг баталгаажуулах, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, улсын хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн зэрэг сэдвээр гүйцэтгэл, нийцлийн аудит хэрэгжүүлэхээр боловсруулсан гэж байлаа.

Мөн Монгол Улсын Их Хурлын болон орон нутгийн 2024 оны ээлжит сонгууль зохион байгуулахтай холбогдуулан сонгуулийн тойрогт нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох, намуудад иргэд, хуулийн этгээдээс өгсөн хандивын тайланг баталгаажуулах, улс төрийн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн  сонгуулийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргах болон сонгуулийн зардлын тайланг хянаж, үр дүнг олон нийтэд мэдээлэх, түүнчлэн улс, орон нутгийн ээлжит сонгуульд төсвөөс санхүүжүүлсэн зардлын гүйцэтгэлд хуульд заасан цаглаварт хугацаанд аудитыг гүйцэтгэхээр төлөвлөлөө. Төсөлд хүргүүлсэн аудитын сэдвээс гадна Төрийн аудитын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т заасны дагуу орон нутаг дахь Төрийн аудитын газар тухайн орон нутагтаа дөрвөөс доошгүй аудитын сэдвийг бодлогоор төлөвлөж,  гүйцэтгэнэ гэдгийг танилцуулгадаа онцолсон.

Аудитын сэдэвтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир төрийн аудитын байгууллагын 2024 онд гүйцэтгэх аудитын сэдэвт Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт аудит оруулах саналтай байсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний үр дүн, хэрэгжилтийг сайтар судлах шаардлагатай тул аудитынхаа удирдамжийг тодорхой нарийвчлалтай гаргаж, асуудлыг цогц байдлаар харах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Иймд Ажлын хэсэг зөвлөлдөөд бодлогоор гүйцэтгэх аудитын сэдвээс 30 дахь ажлыг хасаад Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очирын гаргасан саналыг нэмж тусгахаар болов.  

Ингээд Төрийн аудитын байгууллагын 2024 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top