Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн удирдаж буй Засгийн газрын 200 дахь хоног тохиох үед буюу 2021 оны наймдугаар сарын 17-нд “Өнгөрсөн 30 жилд хөрөнгө оруулагч нартай холбоотой тодорхойгүй байсан бүх асуудалд Монгол Улсын үе үеийн Засгийн газрыг төлөөлж Ерөнхий сайдын хувиар уучлал хүсэж байна” хэмээн мэдэгдэж байв.
Мөн 2022 оны хоёрдугаар сард өөрийн сошиал хуудсаараа дамжуулан гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголд хөрөнгө оруулалт хийхийг уриалж байсан билээ. Тэрбээр “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчдад үр ашигтай, ойлгомжтой, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор Монгол Улс Гадаадын хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийг сэргээн байгуулна. Монголд хөрөнгө оруулалт хийхийг урьж байна” гэсэн юм.
Түүнчлэн энэ 2023 оны хоёрдугаар сарын 1-нд Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгуулахаар шийдвэрлэсэн.
“Шинэ сэргэлтийн бодлогo”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн 94 төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт шаардлагатай. Манай улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын 72 хувь нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, газрын тосны салбарт байна. Эдийн засгийн бусад салбарыг дэмжих, хөрөнгө оруулалтыг татах, хөгжүүлэх болон хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой байлгах шаардлага нэмэгдсээр байгаа учраас ийнхүү агентлаг байгуулж буйгаа Засгийн газраас тодотгож буй.
Хөрөнгө оруулагчдын зүгээс манайд хөрөнгө оруулахад тулгамддаг асуудлуудаа эрх зүйн орчны хувьд тогтворгүй, ойлгомжгүй гэж тодорхойлдог. Мөн хөрөнгө оруулах гэж ирээд тонон дээрэмдүүлсэн тухай гомдол гаргасан хөрөнгө оруулагчид ч цөөнгүй байдаг нь ил болоод байгаа. “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах үед хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдсэн хэргүүдийн талаар судалгаа хийгдсэнийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлж байсан.
Ерөнхийдөө Засгийн газрын зүгээс Монголыг чиглэсэн хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарсан алхмуудыг хийж байна. “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн сард УИХ-д өргөн барьсан.
Тэгвэл өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчлэл батлагдсан хөрөнгө оруулагчдын гомдол тайлагдаж, итгэл сэргэх үү гэдэг асуудал анхаарлын төвд байгаа энэ үед Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан мэдээллийн дэлгэрэнгүйг хүргэе.
Ч.Хүрэлбаатар хэлэхдээ, Үндсэн хуульд Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц, онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна гэж тусгасан байдаг. Төрөөс Үндсэн хуульд нийцүүлэн Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогыг батлахдаа эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих бодлогыг тодорхойлж, энэ хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх асуудлыг тусгасан. Засгийн газраас бодлогын баримт бичгүүдэд тусгасан хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогын хүрээнд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан өргөн мэдүүлсэн гэв.
Төсөл санаачлагчийн зүгээс гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлогыг тодорхойлохын тулд өнөөгийн тулгамдаж байгаа нөхцөл байдлыг судалсан байна.
Монгол Улсад 1990-2023 оны I улирлын байдлаар нийт 41.1 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирсний 73 хувь нь уул уурхайн олборлолт, 11 хувь нь худалдаа үйлчилгээний салбарт, үлдсэн 16 хувь нь бусад салбарт хийгдсэн гэдгийг тэмдэглэв. Гадаадын хөрөнгө оруулалт төрөлжихгүй, нэг салбарт харьцангуй ихээр төвлөрч байгааг дээрх тоон үзүүлэлтээс харж болох аж.
Оюутолгой төслийн уул уурхайн олборлолт, бүтээн байгуулалттай холбоотойгоор Монгол Улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт 2011 оноос эрс нэмэгдэж, сүүлийн 10 жилийн дунджаар гадаадын шууд хөрөнгө оруулалтын 42 хувийг “Оюутолгой” компани дангаараа бүрдүүлж байгааг төслийн танилцуулгад дурдав. Гэсэн хэдий ч нийт орж ирж буй гадаадын хөрөнгө оруулалтын урсгал хангалтгүй байгаа бөгөөд улсын хэмжээнд 2023 оны эхний улирлын байдлаар хуулийн этгээдийн улсын бүртгэлд нийт 246.8 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас гадаадын хөрөнгө оруулалттай 9350 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа аж. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд 1990-2023 онд нийт 14836 гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бүртгүүлснээс 5486 аж ахуйн нэгж татан буугдсан байна. Эдгээрийн 33 хувь нь 2010-2022 онд татан буугджээ.
Гадаадын хөрөнгө оруулалт нь уул уурхайн салбарт илүүтэй байгаа нь Монгол Улсын эдийн засгийн төрөлжилтийг хязгаарлаж байгаа гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд танилцуулаад, энэ хэрээр бусад салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нөхцөл боломж хязгаарлагдмал байгааг хэллээ.
Хуулийн төслийг нийт 65 хоногийн хугацаанд иргэд, олон нийт, хөрөнгө оруулагч нарын дунд нээлттэй хэлэлцүүлж санал авсан бөгөөд олон улсын байгууллага, гадаад улсын Элчин сайдын яамд, мэргэжлийн холбоод, бизнесийн зөвлөл, танхимууд, төрийн байгууллага, гадаад, дотоодын 120 байгууллагын 250 орчим төлөөллөөс 695 саналыг хүлээн авсан байна. Хууль санаачлагчийн зүгээс олон нийтээс ирүүлсэн санал, хуулийн хэрэгжилтийн үр нөлөө болон практик шаардлагад нийцүүлж гадаадын хөрөнгө оруулалтыг шинээр татах, эдийн засгийг төрөлжүүлэх, суурийг тэлэх, хөрөнгө оруулагчийн эрх, хууль, ёсны, ашиг сонирхлыг хамгаалах тогтолцоог бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдад үзүүлэх төрийн үйлчилгээг хялбаршуулах замаар хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг хадгалах зорилгод нийцүүлэн хуулийн төслийг боловсруулжээ.
Үргэлжлүүлэн төсөл санаачлагчийн илтгэлд хуулийн төсөлд туссан зарчмын гол асуудлуудыг дурдсан. Хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэх, шинээр орж ирэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор гадаадын хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд тавигдах шаардлага болох 100 мянган ам.долларын шаардлагыг зарим салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтад байхгүй болгожээ. Ингэснээр эдийн засгийг төрөлжүүлэх нөхцөл бүрдэх ба уул уурхайн салбараас бусад салбарт оруулах гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзсэн байна.
Хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зөвлөлийг байгуулж, төрийн байгууллага, төрийн албан хаагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой хөрөнгө оруулагчийг хохироосон аливаа гомдлыг шалган шийдвэрлэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна. Үүний үр дүнд хөрөнгө оруулагчид өөрсдийн үйл ажиллагаанд үүссэн хүндрэл бэрхшээлийг цаг алдалгүй шийдүүлэх, улмаар гомдол нь даамжран шүүхийн болон арбитрын маргаан болж, төрд болон хөрөнгө оруулагчдад хүндрэл үүсгэдэг байдал арилна гэж тооцсон байна.
Хөрөнгө оруулалттай холбоотой гомдол, маргаан үүссэн тохиолдолд гадаадын хөрөнгө оруулагч олон улсын арбитрт хандах эрхийг нээж, хөрөнгө оруулагчийн хөрөнгийг хууль бусаар дайчлан хураахгүй байх баталгааг төрөөс олгох зэрэг зохицуулалтыг төсөлд тусгажээ. Хөрөнгө оруулагчийн хөрөнгийг хамгаалах баталгааны зохицуулалтыг хуульд тусгаснаар Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх итгэл сэргэнэ гэж үзсэн байна.
Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд төрөөс тухайн жилд төлөвлөгөөт хяналт шалгалтын тоог хуулиар тогтоон хязгаарлаж, хэрэгжүүлэхээр тусгажээ. Энэ нь хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийг дэмжих, төрийн хүнд суртлыг бууруулах, бизнесийн үйл ажиллагаанд учруулдаг шаардлагагүй дарамтыг бууруулах томоохон хөшүүрэг гэж тооцжээ.
Хөрөнгө оруулалтын чиглэлээр төрийн байгууллагуудын хүлээх үүргийг тодорхой тусгажээ. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр хөрөнгө оруулагчдад төрөөс нөхөн төлбөр олгохоор шийдэгдсэн тохиолдолд тухайн хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтнаар төрд учирсан хохирлыг буцаан төлүүлэх, хариуцлага тооцох тухай зохицуулалтыг тусгажээ. Энэхүү зохицуулалт нь аливаа албан тушаалтан нь хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх ашгийг хувийн үзэмж, ашиг сонирхлын үүднээс ялгамжтай байдлаар шийдвэр гаргаж хохироодог байдлыг бууруулахад хувь нэмрээ оруулна гэж үзсэн байна.
Хөрөнгө оруулагч нарт үзүүлэх төрийн үйлчилгээг хялбаршуулж, нэг цонхны зарчмаар хөрөнгө оруулагчдад үйлчилгээ үзүүлэхээр тусгасан байна. Хөрөнгө оруулагчдад үйлчилгээ үзүүлэх төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах замаар хөрөнгө оруулагчид нэг сувгаар төрийн дэмжлэг, үйлчилгээг үзүүлэх давуу тал бий болох аж. Хөрөнгө оруулагч нарт эргэлзээ үүсгэж байсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн зарим зүйл, заалтыг ойлгомжтой болгож, хуулийн давхардлыг арилгасан байна. Тухайлбал, татварын хөнгөлөлт чөлөөлөлттэй холбоотой зохицуулалт нь татварын хуульд тусгагдаагүй бол хэрэгждэггүй байсан. Иймд хөрөнгө оруулагч нарт эргэлзээ үүсгэдэг байсан тус зохицуулалтыг хасаж, аливаа татварын дэмжлэгийг зөвхөн татварын хуулиар зохицуулж байх холбогдох зохицуулалтыг төсөлд тусгажээ.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу үзүүлэх татварын хувь хэмжээг тогтворжуулах асуудлыг тодорхой болгосон байна. Тогтворжуулах гэрчилгээ олгох асуудлыг хялбаршуулж, шаардлага хангасан аж ахуйн нэгжийн хүсэлтэд үндэслэн цахимаар шийдвэрлэдэг байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар болон ажлын хэсгээс хариулт авсан юм.
Хөрөнгө оруулагчид төрөөс татварын хувь хэмжээг тогтворжуулах урамшуулал болон татварын бус урамшууллыг үзүүлж болно хэмээн заасан төсөл дэх зохицуулалтын талаар Ч.Ундрам гишүүн тодрууллаа. Түүнчлэн хөрөнгө оруулалтын татварын бус урамшуулалд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтныг ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх зохицуулалтыг тусгасан байгаа талаар асуухад хөрөнгө оруулагчид үзүүлэх татварын бус урамшуулал, ажлын байрны төлбөртэй холбоотой төсөл дэх зохицуулалт нь одоо мөрдөгдөж байгаа хуулийн зохицуулалт гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд хэлсэн. Түүнчлэн олон гишүүний лавлаж байгаа төсөл дэх “газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” татварын бус урамшууллыг хөрөнгө оруулагчид үзүүлэх зохицуулалт нь одоо хүчин төгөлдөр байгаа хуулийн зохицуулалт гэв. Газрыг 60 жил эзэмшүүлэх, ашиглуулах, дээр нь 40 жилээр сунгах зохицуулалттай байгааг Ч.Хүрэлбаатар сайд хэлээд “Үндсэн хуульд гадаадын аж ахуйн нэгжүүдэд газрыг эзэмшүүлж болохгүй гээд заасан байгаа учраас энэ төсөлд “эзэмшүүлэх” гэдэг үгийг нь хассан. Одоо мөрдөгдөж буй, гэхдээ Үндсэн хуультай зөрчилдөж байгаа хэсгийг л бид өөрчилсөн” хэмээн тайлбарлав. Байнгын хорооны гишүүд гадаадын хөрөнгө оруулагчдын гомдолыг хэрхэн хүлээн авч, шийдвэрлэх талаар тодруулж байлаа. Засгийн газар энэ чиглэлд хоёр ажлыг хийж байгаа гэв. Хууль зүй, дотоод хэргийн сайд энэ төрлийн гомдлыг хүлээн авч, хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар нягталж, шийдвэрлэх ажлын хэсэг ажиллаж байгаа юм байна. Үүний зэрэгцээ Ерөнхий прокурорын газарт тусгай ажлын хэсэг ажиллуулж байгаа юм байна. Хөрөнгө оруулагч нарын гомдлыг Засгийн газар хуралдаанаараа улиралд тутам хэлэлцэж байгаа аж. Эхний удаа 32 аж ахуйн нэгжийн гомдол ирсэн бол дараагийн хуралдаанд 44 гомдол ирсэн гэв. Төрийн албан хаагчдын гаргасан алдаа, ёс зүйгүй үйлдэл гээд бүх асуудлыг шийдвэрлээд явж байгаа гэх мэдээллийг Байнгын хорооны хуралдааны үеэр мэдээллээ. Төсөлд “Хөрөнгө оруулагчийн эрх, ашгийг хамгаалах зөвлөл” байгуулахаар тусгасан бөгөөд аливаа асуудал Татварын маргаан таслах зөвлөл, шүүх, арбитрт шилжихийн өмнө эхлээд төр асуудлыг тал бүрээс нь судалж, аль болох маргаанд хүргэхгүйгээр шийдвэрлэх гарц гэв. Түүнчлэн арбитрыг сонгоод, хандах боломжийг нь нээж өгсөн гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд онцлон, тайлбарласан. Т.Аубакир гишүүн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд, тогтворжуулах гэрчилгээтэй холбоотой төсөл дэх зохицуулалтыг онцолсон. Тэрбээр, шүүх шударга шийдвэр гаргадаг байх нь гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чухал ач холбогдолтой гэдгийг хэлсэн. Хөрөнгө оруулагчийн гаргасан гомдолыг шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүх дунджаар 6.2 жилийг зарцуулдаг гэх тооцоог Ч.Хүрэлбаатар сайд танилцуулаад, 16 жил шүүхээр явсан тохиолдол байгааг мөн дурдав. Энэ асуудлыг шийдвэрлэхээр “Хөрөнгө оруулагчийн эрх, ашгийг хамгаалах зөвлөл”-ийг байгуулахаар төсөлд зохицуулалтыг тусгасан гэлээ. Дотоодын аж ахуйн нэгжүүдээ хамгаалах, шударга өрсөлдөөнийг бий болгох талаар ямар зохицуулалт тусгасныг Ж.Бат-Эрдэнэ гишүүн тодруулж хариулт авсан бол Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж газрыг 15 жилээр ашиглаж, эзэмших зохицуулаттай атлаа гадаадын хөрөнгө оруулагчид төсөл дэх зохицуулалтаар санал болгож буй хувилбарын талаар харьцуулж Д.Батлут гишүүн асуулаа. Улсын Их Хурлаас 2013 онд баталсан, өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасан “газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” зохицуулалтыг Үндсэн хуульд нийцүүлэн “эзэмшүүлэх” гэсэн үгийг хасаж, бусад агуулгыг хэвээр төсөлд тусгасан гэдэг тайлбарыг Ч.Хүрэлбаатар сайд хэллээ.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан асуулт асуусан Улсын Их Хурлын гишүүд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Т.Доржханд, Ц.Цэрэнпунцаг нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд Монголбанк, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдууд, худалдааны атташе нарыг үүрэгжүүлэх саналыг хэлж байв. Түүнчлэн байгалийн баялагт тулгуурлаж хөгжсөн улс орнуудын туршлагыг судалж, тэргүүлэх салбар, чиглэлээ оновчтой эрэмбэлэн, бүх талаар дэмжих шаардлагыг талаар санал хэлсэн. Ийнхүү гишүүд хууль санаачлагчаас хуулийн төслийн үзэл баримтлалын талаар асуулт асууж, үг хэлсний дараа хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 12 гишүүний 66.7 хувь нь дэмжив. Иймд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Сэтгэгдэл ( 4 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар