БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Ховд аймгийн 5 сумын нутаг дэвсгэрийг дамнан орших Хар ус нуурын эргийн менежменттэй танилцжээ. Уг нуур нь цэнгэг уст нууруудаас гадна ус намгархаг газар, говь хээр, тал хээр, Алтайн мөнх цаст сарьдаг уулс хүрээлэн оршдог нь шувуу судлаачид жаргалын орон гэлцдэг. Тиймдээ ч энэ чиглэлийн зорилтот жуулчид Хар ус нуурт ирдэг тул тэдний шувуу ажиглалт хийх, аялах таатай орчныг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа тухай Ховд аймгийн БОАЖГ-ын дарга Л.Батбаяр мэдээлэл өгчээ.
Хар ус нуурын эрэгт 2019 онд стандартын шаардлага хангасан халуун, хүйтэн устай душ, био ариун цэврийн байгууламжийг GIZ Spaces төслийн санхүүжилтээр байгуулж, гадна дотнын жуулчдад үйлчилж байна. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх II төсөл”-ийн хүрээнд Шувуу харах цамхаг байгуулах зорилт тавин ажиллаж буй аж.
Мөн 2020 онд 98 сая төгрөгийн сонгон шалгаруулалтаар “Талст чиглэл” ХХК отоглох цэг барьсан ба өнөөг хүртэл ашиглалтад оруулаагүй байна. Учир нь чанар муутай хийсэн гэж Хар ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, аймгийн БОАЖГ үзэж байгаа тул хүлээн авахгүй, комисс ажиллуулахгүй байхыг аймгийн удирдлагуудаас хүсжээ. Иймд тендер сонгон шалгаруулалтад оролцож шалгаран ажилласан компанийн удирдлагуудыг дуудаж уулзах, шаардлагатай төсөв хөрөнгийг өөрсдөөр нь гаргуулан тус отоглох цэгийн ажлыг дуусгахыг холбогдох албан тушаалтнуудад БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ үүрэг болгосон байна.
Хар ус нуурын урт 72 км, өргөн нь 27 км бол дундаж гүн нь 2,2 метр, зарим хэсэгтээ 18-20 метрийн гүн юм. Тус цогцолбор газарт 54 зүйлийн хөхтөн амьтан, 275 зүйлийн жигүүртэн шувуу, 455 зүйлийн өвс ургамал, 4 зүйлийн загас, 6 зүйлийн мөлхөгч амьтан, 131 зүйлийн шавж амьдардаг байна.
Сэтгэгдэл ( 0 )