Уран тойрсон асуудал сүүлийн олон жил өрнөж байгаа. Уг нь дэлхийн олон оронд амжилттай ашиглаж байгаа уг бүтээгдэхүүнийг монголчууд ашиглах цаг нь хэдийнэ болсон гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Гэвч энэ салбарын эсрэг зосгож байгаа иргэд, Төрийн бус байгууллагууд цөөнгүй байдаг нь ажлыг гацааж хойшлуулсан тал ч бий. Ямартай ч Монгол Улсын Засгийн газар Францын “Орано Майнинг” компанитай байгуулах уран олборлох, ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах ажилдаа орсон гэдгийг эх сурвалж хэлж байна.
Удахгүй Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл “Бадрах Энержи” ХХК-ийн ураны Дулаан-Уул, Зөөвч-Овоо ордыг ашиглах ТЭЗҮ-г батлах аж. Талууд Хөрөнгө оруулалтын гэрээг амжилттай үзэглэвэл 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монгол Улсад хийгдэх бөгөөд Монголын Засгийн газраас харилцан ашигтай байх зарчмыг нэгд тавина. Энэхүү ураны төсөл нь Монгол Улсын хувьд гуравдагч хөршийн орны компанитай хийх томоохон Хөрөнгө оруулалтын гэрээнд тооцогдоно. Тиймээс 2009 онд байгуулж байсан Хөрөнгө оруулалтын гэрээн дээр гаргасан алдаагаа давтахгүй, тийм эрх ч байхгүй гэдгийг Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар онцолж байсныг санаж байгаа байх.
Тэгвэл өнгөрөгч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад өнгөрөгч тавдугаар сарын 21-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийсэн. Тус айлчлал нь Франц улсаас Төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны түүхэн айлчлал юм.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар албан ёсны хэлэлцээ, уулзалт хийж хоёр орны харилцааг шат ахиулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцсан. Ингэхдээ хоёр улсын харилцааг ногоон эрчим хүч, зам тээвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарт тэлж, харилцан ашигтай хамтарсан төслүүд хэрэгжүүлэх талаар санал солилцсон.
Албан мэдээллээс харахад хоёр орны Ерөнхийлөгч ураны салбарт хамтран ажиллах тухай ерөөсөө дурдаагүй. Гэвч албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол тус уулзалтаар ураны салбарт хамтран ажиллахаар болсон гэдгийг хэлжээ. Болохгүй зүйл үгүй. Энэ үеэр Цөмийн энергийн газрын дарга асан, фифзикийн ухааны доктор Н.Тэгшбаяр “Монголын гадаад харилцааны хувьд шинэ сэргэлтийн үе тохиож байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орны Төрийн тэргүүн Монголд айлчилж байгаа нь геополитикийн хувьд, стратеги, эдийн засгийн хувьд маш чухал ач холбогдолтой юм.
Шуудхан хэлэхэд, Э.Макроны айлчлалаас Монгол Улс нэг сумаар хэд, хэдэн туулай буудах боломжтой. Франц улс нь Европын холбооны гол тоглогч орон тул Францаар дамжуулан Европын орнуудын итгэлийг олж, хөрөнгө оруулагчдыг татах хэрэгтэй байна. Цөмийн энергийн салбартаа Франц тэргүүлэгч орон. Тэр утгаараа атомын цахилгаан станцыг Монголд барих, Монголоос уран нийлүүлэх яриа хэлэлцээ явагдах байх гэсэн хүлээлт надад байгаа. Бидэнд түүхий эд нь байна, тэд ноухау, техник, технологи, мөнгө нь байна” хэмээн байр сууриа илэрхийлж байв.
Үүнээс хойш Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Бадрах энержи” компанийн үйл ажиллагаа ихээхэн идэхжиж байгааг хэлж байсан. Мөн хоёр орны Ерөнхийлөгчийн уулзалтын өмнө парламентын түвшинд ч энэ асуудал хурцаар хөндөгдөх болсон Тухайлбал, өнгөрөгч зургаадугаар сарын эхээр өрнөсөн чуулганы хуралдаанд энэ асуудал нэлээд бодитой тавигдсан. Тэгэхээр энд өрнөсөн асуудлыг хөндөх гээд үзье.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас “Эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” ирүүлсэн асуулгад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариу өгсөн явдал юм. Ингэхдээ УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, нэг килограмм цэвэр уранаас гаргаж буй эрчим хүчний нөөц нэг сая тонн нүүрснээс гаргаж буй эрчим хүчтэй тэнцэж байна.
Тиймээс ураны эрчим хүчнийг ашиглах талд хэрхэн ажиллаж буй талаар асуусан юм.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Францын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах сураг бий. Тэр үеэр энэхүү асуудал хөндөгдөнө. Тухайн үед тодорхой хариулт өгье" гэв. Түүний мэдээлснээр Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон манай улсад айлчлах үеэр атомын цахилгаан станцын асуудал яригдах юм байна.
Атомын цахилгаан станц барих талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Эрчим хүчний салбар хөгжлийн чухал хөшүүрэг учраас энэхүү асуулгыг тавьсан. Гэтэл бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд эрчим хүчний салбар хоцрогдож байна. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хувийн хэвшлийн ганцхан л цахилгаан станц баригдсан байна. Цаашдаа уран баяжуулж атомын цахилгаан станц байгуулах зэрэг эрчим хүчний шинэ эх үүсвэрийг судлах хэрэгтэй байна" хэмээн хэллээ.
Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ сүүлийн 15 жилийн хугацаанд жил бүр 6-7 хувь өсжээ. Өнөөдөр ажиллаж буй найман дулааны цахилгаан станц байгаа юм байна. Суурилагдсан хүчин чадал 1.264 меггават. 2035 он хүртэл хэрэглээний хэмжээг гаргаж үзэхэд 3.000 орчим меггават хүртэл нэмэгдэхээр байгаа аж. "Энэхүү хэрэгцээг хангахад “ТЭЦ-3” хүчин чадлыг нэмэгдүүлэх, Тавантолгойн дулааны цахилгаан станцыг ашиглалтад оруулах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станц болон Багануур, Эрдэнэбүрэний цахилгаан станцыг ашиглалтад оруулж, Дорнод бүсийн цахилгаан станцыг өргөтгөх бүтээн байгуулалт өрнөж байна.
Тиймээс өсөн нэмэгдэж буй хэрэгцээнээс өмнө цахилгаан станцыг барьж байгуулах боломжтой. Нар, салхины 11 станцыг ашиглалтад оруулахаар төлөвлөж буй боловч нар, салхины эрчим хүчний тохируулгын функцгүй. БНСУ-ын Засгийн газрын зээлээр есөн аймагт дулааны цахилгаан станцыг барихад үнийн өсөлт гарсан. Тооцоо, үнэлгээг магадлан, асуудлыг шийдэх талаар ярилцаж байгаа"-г Эрчим хүчний сайд танилцуулж байсныг санах хэрэгтэй.
Мөн үеэр ээлжит бус чуулган хуралдаж, ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протколыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Уран олборлох, ашиглахтай холбоотой асуудал нь эмзэг сэдэв бөгөөд иргэний хөдөлгөөн, Төрийн бус байгууллагууд үүнийг эсэргүүцэж жагсаал цуглаан зохион байгуулдаг. УИХ ч үүнийг мэддэг учраас ээлжит бус чуулган зарлаж дээрх асуудлуудыг хэлэлцэхээр болсон даруйдаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийгэмд эерэг мэдээлэл өгөхийг хичээсэн юм. Гэвч иргэний хөдөлгөөнүүд, Төрийн бус байгууллагууд түүнд нь итгэсэнгүй, Төрийн ордны гадаа эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж байсан юм.
Уран гэхээр монголчууд цацрагт идэвхт, байгаль дээр өргөн тархалттай металл гэхээсээ илүүтэй ховор, хор хөнөөл нь гамшгийн түвшинд хүргэх аюултай, онц чухал "стратегийн" түүхий эд гэсэн ойлголт давамгайлдаг. Харин ураныг байгаль дээр өргөн тархацтай металл хэмээн ярьдаг. Түүнчлэн хор хөнөөл багатай гэх тохиолдол ч цөөнгүй яригддаг. Ураны олборлолт ирэх жилээс эхэлнэ гэж байгаа. Харин одоогоор хайгуулын ажлууд хийгдэж байна.
Тодруулж хэлбэл, АНУ, Орос, Канад, Франц, Хятад зэрэг улсуудын төлөөлөгчид 20 гаруй ордод хайгуулын ажил явуулж байгаа. Энэ удаад Уран тийм ашиг тустай, нийгэм эдийн засагт тэгж нөлөөлнө гэдгийг ярихыг хүссэнгүй. Харин үнэхээр олборлолт хийх төвшинд бидэнд стандарт гэсэн зүйл байна уу. Өнөөдөр ураныг дэлхийн олон оронд амжилттай бөгөөд ашигтайгаар ашиглаж байна. Харин Монгол Улсад тун бүрхэг байгаа юм. Одоогийн байдлаар ураны асуудал сэргэж байгаа ч урагшлах уу, ухрах уу гэдэг асуулт ямар нэг бодит хариултгүйгээр үлдэж байна.
С.ДАНЗАН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
huuhduud chin tsatsragiin hordlogotoi mah ideed ireheer naad uranii ashig tusaa magtan duulaarai.Mongol ulsad hyanalt shalgalt muu , tehnologiin daguu ajilaa yavuldgui zambaraagui sahilga batgui bolohoor l gadniihand iluu amar hyalbar baidag.Ted 1 dargad hahuuli uguud l nuhun sergeeltee hiilgui hayad akga boldog.Getel kazahstand Uranii 8 ord baidag ba mash hatuu hyanalt,ayulgui ajilgaag hangan ajilladag.Gadniihan ch huuli duremiig n saitar dagaj bieluuldeg.Mongilchuud bolohooroo l ezengui ail shig gadniiganii zuush yanhan amnii tsaas boldog n uher mongolchuudiin hagas zerlegshiliin ur dun.
Гэрээ хийн гэдэг маш чухал яагаад буцааж хог хадгалах болно энэ асуудал
Уранаа ашиглах цаг нь болсон.
Монгол улс уранаа ашиглах цаг болсон. Дэлхийн олон орон энэ шидэт металлаа ашиглаад эдийн засгийн өсөлтөө бий болгож дулаарлын үеийн ногоон эдийн засаг руу ороод удаж бна. Манай оронд баялаг нь бна, өндөр мэргэжлийн оюунлаг Монгол хүн нь бна. Дутах юм юу чалга.