Сонсгол гэх “СОНГОМОЛ” улс төр өө болиул яасан юм

С.Данзан | Zindaa.mn
2023 оны 09 сарын 05

Тусгаар тогтносон Монгол Улс нь өөрийн гэсэн засаглалтай, хуультай орон. Гэвч энэ бүгдээ умартан, аливаа зүйлийг улс төрийн шоу болгох нь элбэг. Тэдгээрийн нэг нь Хөгжлийн банкны, Нүүрсний гэх мэт сонсгол болчихлоо. Бүрэн улсын мөрдөх үүрэг бүхий Цагдаагийн ерөнхий газар, хянаж цагдах прокурор, эцэслэн шүүх Шүүхийн байгууллага байсаар байтал Хууль тогтоох дээд байгууллагынхаа танхимд хэдэн шоучин гишүүдийн хүслийг хангаж байгаа мэт “сонсгол” гэх завхарсан зүйлээ болиул яасан юм. Өнгөрөгч өвлөөс УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гэх боловсон популист нөхрөөр удирдуулан, Хөгжлийн банкны сонсгол гэгчийг удаа дараа зохион байгуулсан. Одоо Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсгийнхэн Нүүрсний гэх сонгсол хийх аж. Тэд Хууль тогтоох хамгийн дээд байгууллагын гишүүд байж болох ч бүрэн улсын мөрдөх, хянах, шүүх байгууллага эсэн мэнд ажлаа явуулж байгааг санах хэрэгтэй.

Энэ бол эрх баригчдын цэвэр шоу. Тухайлбал, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо гэгчийг 2023 оны эхээр байгуулж, нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг гурван удаа зохион байгуулсан. Түр хорооны сонсголыг нэгдүгээр сарын 16-20-нд, хоёрдугаар сарын 6-10-нд, гуравдугаар сарын 13-17-нд тус тус зохион байгуулсан.

Сонсголоор нэгдүгээрт, Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 1.6 их наяд төгрөгийн 2542 зээлийн зарцуулалт, хоёрдугаарт, 2011-2020 он хүртэлх хугацаанд Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудад байршуулсан нийт 3280 мөнгөн хадгаламжийн хэлцэлд дүн шинжилгээ хийнэ хэмээж байснаараа ажилласан ч энэхүү сонсгол ямар ч үр дүнд хүрээгүй. Монгол Улсын мөрдөх алба мөрдлөгөө явуулж, хянах үүрэгтэй прокурор нь хянаад өдгөө шүүх ёстой байгууллагын шатанд хэргүүд явж байна. Зарим нь ч эцэслэн шийдвэрлэж байна.

Нүүрсний гэх сонсгол ч энэ шүүн таслах, мөрдөх, хянах процесст ямар ч нөлөөлөл үзүүлэхгүй. Улстөрчдийн шоу болно. Улстөрчдийн юу байхав, эрх баригчдын шоу гэж болно. Ямар сайндаа л УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Би нүүрсний сонсголыг ахалмаар байна” гээд хэлэхдээ “Олон нийтэд нийгмийн сүлжээгээр дамжуулан 27 асуудлаар хандаж мэдээлэл хүргэсэн, үүнээс нууцын зэрэглэлтэй хоёр асуудлыг олон нийтэд дэлгэж чадаагүй, миний хувьд нууцлаад байх шаардлагагүй гэж үзэж байгаа ч олон улсын гэрээ учраас хэм хэмжээ зөрчиж тухайн асуудлыг нийтэд мэдээлээгүй. Иймд нүүрстэй холбоотой өөрт байгаа мэдээллийг Хянан шалгах түр хороонд өгөхөө илэрхийлэв. Мөн сөрөг хүчний хувиар Хянан шалгах түр хороог ахлан, ард түмний өмнө хариуцлага үүрье гэсэн үүднээс өөрийн нэрийг дэвшүүлснээ тодотгож, хараат бус байдлаар ажиллана” гэж байсан ч чадаагүй. МАН юу л гэж өөрийнхөө босгож ирсэн улс төрийн шоуг С.Ганбаатарт өгөх билээ.

Нүүрсний сонсгол гэхээсээ илүүтэй нэг том асуудал бий. Тэр нь нууц гэрээнүүд юм. Үүнийг бүгдийг нь ил болгох гэхээр эрх мэдлийн хамгийн дээр байгаа хүн оролцсон байж магадгүй гэх мэдээлэл байдаг. Өдгөө Төрийн өндөрлөгт Ерөнхий сайд хэмээх алба хашиж байсан хүн ч бий, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан хүн ч бий. Мөнгөний асуудал дунд засаг барьж байсан, засгийн гал тогоо барьж байсан хүмүүс цор ганцхан шахам мөнгөний эх үүсвэр болсон нүүрстэй хутгалдсан байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр энэхүү сонсгол хэмээх шоугаар нууц гэрээг ил болгон зарлаж чадах уу гэдэгт л хамаг зүйл оршино. Түүнээс бус Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэнд шүүгч шиг, мөрдөн байцаагч шиг суучихаад хүн хүнд буруу зөв асуулт тавьж суух нь ерөөсөө биш.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ч энэ замаар улс төрийн карьераа шударга дүрээр өсгөж, МАН-д нэмэх оноо авчирсан. Энэ удаагийн нүүрсний сонсгол ч ийм болох талтай.  Тухайлбал, нууцаас ил болсон гэрээнүүдийн талаарх холбогдох байгууллагуудын мэдээлэл “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой нууцаас ил болсон гэрээнүүд Тавантолгой Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдтэй холбоотой нууцаас ил болсон хоёр гэрээ, тэдгээр гэрээнд тусгагдсан төмөр замын өртөг, бүтээн байгуулалтын хэрэгжилт 2013 оноос хойших нүүрсний хэргүүдийн талаарх холбогдох байгууллагуудын мэдээлэл бүгд багцаараа мөрдөх хянах, шүүхийн шатанд явж байгаа гэх мэдээлэл байдаг. Үүнд Гаалийн ерөнхий газраас хийсэн шалгалтын тайлан, түүний шийдвэрлэсэн байдлын талаарх тайлан мэдээлэл, нүүрсний асуудлаар 2013 оноос хойш шийдвэрлэгдсэн, хэрэгсэхгүй болсон, шалгагдаж байгаа хэргүүдийн шийдвэрлэлтийн байдал, нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспортын асуудлаар холбогдох байгууллагуудын тайлан, мэдээлэл зэрэг асуудлаар эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээллийг сонсох нь нэг талын зөв байх.

Харин албан мэдээллээс харж байхад УИХ-ын гишүүд асуулт асууж, иргэд  санал гомдол, шаадлага, байр сууриа илэрхийлнэ гэсэн өгүүлбэр харагдана лээ. Энэ бол дэмий асуудал. Гол төлөв нүүрстэй ил далд холбоотой нөхдүүд суучихаад нүүрсний талаар асууна гэдэг зүйд нийцэхгүй. Хэрэв тухайн улстөрч нүүрсэнд ямар нэгэн хэмжээгээр гар дүрсэн бол хэрхэн хэнээс юу гэж асуух нь тодорхой. Нөгөө талаар улстөрчдийг бүгдийг нь нүүрсний хулгайч хэмээн бодож байгаа ард түмэн байр сууриа илэрхийлнэ гэдэг бүр ч байж болохгүй асуудал. Иргэдээс нууц мэдээлэл авдаг хууль дүрэм бол бий. Гэтэл хэрэгт холбогдсон эсэх нь эцэслэн тогтоогдоогүй нөхрийг олны өмнө гаргаж улайлгана гэдэг нь хүний эрх ноцтой зөрчсөн явдал болно.

Тухайлбал, Сангийн сайд Б.Жавхлан “Монгол Улс 1995 оноос хойш 336 сая тонн нүүрс экспортолсон. Үүний 80 хувь нь 2011 оноос өнөөдрийг хүртэлх экспорт. 336 сая тонн нүүрс экспортлоод, 45.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон байна. Үүний 43.5 их наяд төгрөг буюу 95 хувь нь 2011 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хамаарна. Үндсэндээ 90 хувийг нь найман компани гаргасан. 2011-2022 оны хугацаанд татварын байгууллагаас нүүрсний 177 компанид 239 удаа татварын шалгалт хийсэн байдаг. Энэ шалгалтаар 1.6 их наяд төгрөгийн зөрчил илрүүлж, 295 тэрбум төгрөгийн акт тавьсан. Түүнчлэн Гаалийн байгууллага 2013-2018 онд дотоод хяналт шалгалт хийж, хэд хэдэн үйлдлийг илрүүлэн хуулийн байгууллагад шилжүүлсэн байдаг” гэхээс өөр зүйл хэлээгүй бол Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Манай улс БНХАУ-тай 2011 онд Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр”-ийг шинэчлэн баталж, хариуцсан яам хоорондын протоколыг байгуулсан. Энэхүү хэлэлцээрт хэлэлцэн тохирогч талууд нөгөө талынхаа нутаг дэвсгэрт нэвтрэх тээврийн хэрэгсэлд нөгөө талаас өгсөн зөвшөөрлийн бичиг олгон хил нэвтрүүлэх зохицуулалт тусгагдсан бөгөөд БНХАУ-тай зорчигчийн байнгын тээвэр буюу “А” төрөл /тухайн жилдээ хүчинтэй/, байнгын бус зорчигч тээвэр буюу “B” төрөл /нэг удаагийн/, байнгын ачаа тээврийн буюу “C” төрөл /3 сарын хугацаанд олон удаа хил нэвтрэх/, түр хугацааны ачаа тээвэр буюу “D” /нэг удаагийн/, овор ихтэй ачаа тээврийн буюу “E” төрөл /нэг удаа/, аюултай ачаа тээврийн буюу “F” төрөл /нэг удаагийн/, зорчигчийн тогтмол тээврийн автобусыг дагаж тээш тээвэрлэх тээврийн хэрэгсэлд олгодог “A-C” гэсэн төрлийн зөвшөөрлийн бичгийг солилцож, ашиглаж байна. Өнгөрсөн хугацаанд Авто тээврийн үндэсний төвийн олгодог "C" зөвшөөрлийн олголтыг уурхайн компаниуд хийх шийдвэр гарсан. Хоорондын үл ойлголцлын асуудал байгааг зөвшилцөж шийднэ. Ирэх онд 50 мянган "С" зөвшөөрөл олгоно” гэдгээ л хэлсэн.

Харин Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван “Гаалийн мэдүүлэггүйгээр нүүрс гарсан асуудал яригдаж байна. Тодорхой хэмжээний бүртгэл дутсан гэх асуудал шалгагдаж байгаа. Хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн тоон мэдээлэл Хил хамгаалах ерөнхий газарт байдаг. 2013 оны мэдээллээр 2010-2011 оны долоодугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд 3758 машинаар 379 мянган тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлт хийлгүй улсын хилээр гаргасан байж болзошгүй гэх үйлдлийг Гаалийн ерөнхий газрын албан хаагчид илрүүлсэн байдаг. 2013-2017 оны хооронд нүүрс тээврийн 86 аж ахуйн нэгжийн 2527 машин улсын хилээр гарсан бүртгэлтэй. "Тавантолгой" ХК-ийн экспортын бүрдүүлэлт хийж гаргасан нүүрсний хэмжээ тус компанитай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулсан 21 аж ахуйн нэгж гэрээнд заасан тоо хэмжээнээсээ нэг сая тонн нүүрс илүү гарсан байна. Гэрээнд тусгасан нүүрснээс илүү сая тонн нүүрс экспортолсон гэсэн үг. Мөн 12 аж ахуй нэгж эх үүсвэр нь тодорхойгүй, гэрээгүйгээр 515 мянган тонн нүүрс экспортолсон зэрэг асуудлыг шалгуулахаар ЦЕГ-т 2018 оны долдугаар сарын 17-нд хандсан.Хятад, Монголын гаалийн байгууллагын статистикийг харьцуулж хардаг. Хятадын тал нүүрс хүлээж авсан эсэхийг нотлосноор хэн буруутайг гаргаж ирнэ. Гашуунсухайтад ажиллаж байсан хоёр ч гаалийн улсын ахлах байцаагчийг шалгаж байгаа” гэсэн юм.

Мөн Засгийн газраас томилсон Бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат “Эрдэнэс Тавантолгой одоогоор 369.5 сая ам.долларын борлуулалт хийгээд байна. Үүнээс 143.8 сая ам.долларыг Монголбанканд тушаасан. Нүүрсээр төлж барагдуулна гэж 51.1 сая ам.доллар, урьдчилж олсон орлого дээр 185.8 сая ам.доллар нэмсэн. Урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл өнөөдрийн байдлаар 286.0 сая ам.доллар байна. "Эрдэнэс тавантолгой" компаниас Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын өртгийн талаар дэлгэрэн­гүй тайлбарлана. Төс­лийн анхны ТЭЗҮ-ийг тодотгож, нийт өртөг нь тэрбум 282 сая ам.долларын төсөвтэй гэж гаргасан” гэсэн бол АТГ-ын дарга З.Дашдаваа “Одоогоор 50 гаруй хүнийг энэ хэрэгт яллагдагчаар татсан, 20 гаруй хүнийг баривчилсан. Шалгалтын ажиллагаа эхлээд удаагүй учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. АТГ “Нүүрсний” гэх хэрэгт ямар нэг этгээдэд ял завшуулахгүй учраас тодорхой үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм. Талуудын байр сууриас харж байхад энд “сонсгол” хэмээх шоу хийх ямар ч хэрэг алга.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnbvcб(176.66.87.78) 2023 оны 09 сарын 05

Үүнийг бичигч гарцаагүй хулгайч

0  |  0
Top