Ц.Адъяасүрэн: Хөргөлт-агааржуулалтын салбарын технологийн шинэчлэл нь озоны давхаргыг хамгаалах гол нөхцөл болдог

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 09 сарын 13

“Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан БОАЖЯ-ны Озоны үндэсний албаны захирал, Байгаль орчны гавьяат ажилтан, доктор, профессор Ц.Адъяасүрэнтэй ярилцлаа.


-Жил бүрийн есдүгээр сарын 16-нд “Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр”-ийг манай гараг даяар тэмдэглэн өнгөрүүлдэг. Дэлхийн озоны давхаргыг хамгаалах,бас дэлхийн дулаарлыг бууруулахад хөргөлтийн болон агааржуулатын салбар гол үүрэгтэй гэж сонслоо. Энэ талаар тодруулга  өгнө үү?

-2023 оны Дэлхийн Озоны давхаргыг хамгаалах өдрийг ”Озоны давхаргыг задалж буй бодисын тухай Монреалийн Протоколын хүрээнд озоны давхаргыг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад авч хэрэгжүүлсэн ажлын ололт, амжилт” -ыг үнэлэн тэмдэглэж байна.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн “Озоны давхаргыг задалж буй бодисын тухай Монреалийн протокол”-ын Шинжлэх ухааны үнэлгээний ажлын хэсэг нь хориглосон озон задалдаг бодис буюу хлорфторт нүүрстөрөгчийн үйлдвэрлэл, хэрэглээний бараг 99 хувийг бүрмөсөн зогсоож чадсаныг баталгаажуулсан байна. Хэрэв одоогийн бодлогоо цаашид хэвээр үргэлжлүүлбэл, озоны давхарга 2066 оны орчимд Антарктидад, 2045 он гэхэд Хойд туйлд, 2040 он гэхэд Дэлхийн бусад хэсгүүдэд озоны давхарга 1980 оны түвшиндээ хүрч (озоны цоорхой үүсэхээс өмнөх) нөхөгдөх төлөвтэй байна.

Озон задалдаг бодисын хэрэглээг хориглож, озоны давхаргыг аажмаар нөхөгдөх боломжийг олгосноор энэхүү Монреалийн протокол нь олон сая хүн амыг арьсны хорт хавдар тусах, нүдний цагаа унах өвчнөөс сэргийлж, Дэлхийн экосистемийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж байгаа юм.

Гэсэн хэдий ч Монреалийн Озоны давхаргыг задалж буй бодисын тухай протоколоор хийх ажил болон ашиг тус хараахан дуусаагүй байна. Монреалийн протоколд 2018 онд оруулсан Кигалийн нэмэлт, өөрчлөлт нь хөргөлтийн үйлдвэрт озон задалдаг бодисыг орлуулан хэрэглэж буй уур амьсгалыг өөрчлөлтийг нэмэгдүүлэх хүчтэй хий болох гидрофторт нүүрстөрөгчийн үйлдвэрлэл, хэрэглээг 2024 оноос эхлэн 2045  хүртэл үе шаттай бууруулах зорилго тавьсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг дэлхийн бүх улс орнууд соёрхон батлах, бүрэн хэрэгжүүлэх нь олон шалтгааны улмаас маш чухал ач холбогдолтой юм.

-Манай дэлхий гараг халж байгаагаас шалтгаалан  айл гэр, сургууль болон ажлын байр дахь агааржуулагчийн хэрэглээг бас давхар нэмэгдүүлж байна гэсэн үг үү?

-Тийм.Үүний зэрэгцээ, хүнсний бүтээгдэхүүнийг муудахаас сэргийлэх, эмнэлгийн вакциныг амьдрах чадвартай байлгахын тулд зохистой хүйтэн хэлхээний хүртээмжийг өргөжүүлэх нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад чухал ач холбогдолтой юм. Хөргөх үйл ажиллагааны энэхүү өсөлт нь зохистой байх ёстой бөгөөд энэ нь гидрофторт нүүрстөрөгчийн (ГФН/HFC) төрлийн бодисын аюулгүй байдал, байгаль орчинд ээлтэй орлуулах бодисуудыг хайж олох, хөргөх төхөөрөмжийн эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх гэсэн үг юм. Монреалийн протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу гидрофторт нүүрстөрөгчийн  төрлийн бодисыг үе шаттай бууруулснаар дэлхийн дулаарлыг 2100 он гэхэд 0.3-0.5°C дулаарахаас сэргийлэх боломжтой.Эрчим хүч хэмнэж чадсанаар энэ үзүүлэлт хоёр дахин нэмэгдэх боломжтой болох юм. Өнгөрч байгаа 2024 он бол дэлхийн маш их халалтын жил байлаа. Дэлхийн цаг уурын байгууллагын мэдээгээр бол энэхүү халалт цаашид жил бүр үргэлжлэх бөгөөд түүний улмаас олон нутаг оронд үер усны аюул гарч, зарим хэсэгтээ ган гачиг тохиолдож , ой хээрийн түймэр гарах тохиолдол эрс нэмэгдэх төлөвтэй. Энэ бүхэн нь хүнс тэжээлийн хомсдол, унды цэвэр усны гачигдлыг улам нэмэгдүүлнэ. Иймд Монреалийн протокол нь дэлхий гарагийн озоны давхаргыг хамгаалах, Дэлхийн дулаарлыг сааруулах гэсэн хоёр чиглэлээр үйлчилж, хүн төрлөхтөний тусын тулд үнэтэй хувь нэмэр оруулж буй олон улсын гэрээ болж байгаа юм.  Өнгөрсөн 40 жилийн турш Озоны давхаргыг задалж буй бодисын тухай Монреалийн протокол нь дэлхий гарагийн хүн зоны эрүүл мэнд, байгаль орчин болон уур амьсгалыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд цаашид ч мөн адил энэ чухал үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэсээр байх болно.

-Дэлхий нийтэд хөргөлтийн хүйтэн сүлжээ гэж их ярих боллоо. Энэ ямар учиртай зүйл вэ?

-Дэлхийн улс орнуудад хүнсний хүйтэн сүлжээг хамгийн зохистой байдлаар ашиглаж,хүнсний хомсдол ба хүнсний элдэв хаягдлыг багасагах талаар  том амжилт олсоор байна.

Манай  дэлхий дээрх хүн амыг хүнсний бүтээгдэхүүнээр хангахын тулд жил бүр хангалттай хэмжээний хүнс тэжээл бэлтгэж, боловсруулж үйлдвэрлэдэг.

Гэвч бас сая сая хүн ам өлссөөр, сая сая жижиг тариаланч, малчид, орлого багатай иргэд ядуу зүдүү амьдарсаар байна вэ  гэсэн зүй ёсны асуулт байнга гардаг.

Саяхан НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудаас “Ядуурлыг бууруулах зорилго” биелэлгүй 2014 оны суурь түвшинтэй харьцуулахад ядуурал улам бүр өссөн дүн гарчээ.Түүний дотор Монгол Улсад ядуурал нүүрлэснийг НҮБ дэлхий дахинд заралсан.Энэ мэтээр ядуурал нь хүнсний хангамжтай бас уялдаатай асуудал болж байгаа юм.

Тэгэхээр ядуурлын үндсэн шалтгаан нь нарийн төвөгтэй хэдий ч шийдвэрлэх ёстой тулгамдсан олон асуудлын нэг нь хүнсний алдагдал,хүнсний үлдэгдэл, хаягдал болж байгаа юм.

Өнөөгийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүний 14 орчим хувь нь хэрэглэгчдэд хүрэхээсээ өмнө чанараа алдаж, мууддаг бол 17 хувь нь жил бүр хэрэглэгчдийн гарт очоод хаягддаг. Үүний уршгаар олон тариаланчид, малчдын орлого багасч, амьжиргаагаа дээшлүүлэх боломж хомсдоно гэсэн үг. Энэ бүхний учир шалтгаан юу байна вэ  гэсэн асуулт бас гарна.

-Тэр нь юу билээ?

-Тэр нь хүнс хадгалах үр ашигтай хүйтэн хэлхээ дутмаг буюу энгийнээр хэлбэл тариаланчид, малчдын хотноос та бүхний хоолны ширээ хүртэл хоол хүнсээ шинэхэн байлгах боломж хомс байгаа нь нэг хүчин зүйл болж байна.Түргэн мууддаг хоол хүнсийг үйлдвэрлэх, хадгалах, боловсруулах, борлуулах, түгээхээс эхлээд хэрэглэгчдэд хүргэх хүртэлх бүх замын туршид сэрүүн, температурын хяналттай орчинд хадгалах шаардлагатай байдаг.

Энэхүү сэрүүн температурын хяналттай хүнсний хангамжийн сүлжээг хүнсний хүйтэн хэлхээ хэмээн нэрлэдэг.Гэвч хөргөх технологи нь органик түлшнээс гаргасан маш их цахилгаан эрчим хүчийг хэргэлдэг.Хөргөх үйл ажиллагааг орчин үеийн шатанд маш зөв зохион байгуулснаар хүнсий бүтээгдэхүүнийг хадгалах хугацааг уртасгаж, бас хэрэглэгчдэд дандаа шинэ хүнс хүргэж байх боломжтой юм. Гэтэл энэ бүхнийг шийдвэрлэхэд хөргөлтөнд хэрэглэж байгаа хөргөх бодисыг байгаль орчинд халгүй шинэ төрлийн орлуулах бодисоор солих,эрчим хүчний хэмнэлтийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар дэлхий нийтээр бодлого гаргаад хамтран ажиллаж амжилтанд хүрч байна.

-Хүнсний хүйтэн хэлхээ хүртээмжгүй байх нь ямар хор уршигтай вэ?

-Дэлхийн эрчим хүчний хэрэглээний 10 хувийг хөргөх үйл ажиллагаанд зарцуулдаг гэсэн тооцоог Олон улсын эрх бүхий байгуулага гаргаад байна. 

Дэлхий нийтийн хэмжээнд хөргөх үйл ажиллагаанд зарим төрлийн хүчтэй хүлэмжийн хий болох озон задалдаг бодсийг орлуулах бодис буюу гидрофторт нүүрстөрөгчийг нийт хөргөх бодисын 80 орчим хувьд нь хэрэглэж байна. Гэтэл өнөө үед хүйтэн хэлхээ нь Дэлхийн хүлэмжийн хийн ялгаралтын дөрөв орчим хувийг эзэлдэг бөгөөд энэ нь хүнсний үйлдвэрлэл болон уур амьсгалын өөрчлөлтөд шууд нөлөө үзүүлдэг.

Хүнсний хүйтэн хэлхээ хүртээмжгүй байх нь хүнсний аюулгүй байдал, амьжиргаанд нөлөөлж, зах зээлд нэвтрэх боломжийг хязгаарладаг. Энэ бүхнээс үүдээд хөргөлтийн зохистой шийдэл байхгүй бол бидний эрүүл мэнд, хоол хүнс, амьжиргаа эрсдэлд орж, өнөөх ядуурал нэмэгдэх магадлалтай.

Тэгэхээр хүнсний хүйтэн хэлхээг сайжруулахын тулд өнөө үед юу хийх ёстой вэ? гэдэг асуулт гарч ирнэ. Дэлхий гарагийн озоны давхаргыг хамгаалах зорилгоор 1987 онд улс орнууд саналаа нэгтгэн Монреалийн протоколд гарын үсэг зурж нэгдэн орсон болно. Монреалийн протоколыг 40 жилийн турш хэрэгжүүлсний үр дүнд озоны давхаргыг задалдаг хүчтэй бодис болох хлорфтортнүүстөрөгчийн хэрэглээг өнөө үед 99 хувиар бууруулж чадсан нь олон улсын гэрээг хэрэгжүүлэх талаар Дэлхийн улс орнуудын хамтын ажиллагааны гайхалтай үр дүн гэж хэлж болно.

Монреалийн протоколыг хэрэгжүүлэхийн тулд хөргөлтийн технологи гэх мэт янз бүрийн салбарт ашиглаж буй озон задалдаг бодисын хэрэглээг үе шаттайгаар бууруулах ажлыг улс орон бүр гүйцэтгэдэг.Тэрхүү дэлхий гарагийн озоны давхаргыг  задалдаг бодис болох хлорфтортнүүрстөрөгчийг өнөө үед гидрохлорфтортнүүрстөрөгч, мөн гидрофторт нүүрстөрөгчийн төрлийн бодисуудаар оруулан хэрэглэж байгаа юм. Үүнээс улбаалаад Дэлхийн дулаарал эрс нэмэгдэх аюул дагуулж байна.

-Энэ зуны бороо ус, үерийн гамшиг, газар хөдлөлт зэргийг дэлхийн хэт халалттай холбоотой гэлцэж байгаа. Энэ тухайд та юу хэлэх бол?

-Дэлхийн дулаарал нь энэ зун Монголд ажиглагдсан олон удаагийн үер дагуулсан бороо орох, мөн одоо Гонконгид тохиолдоод байгаа их үер, Европ, Америкийг хамарсан хэт халалт зэрэг байгалийн гамшгийн аюулыг дуудаж байгаа юм. Тэр бүхэн нь хүн ам, эдийн засагт асар их хохирол учруулж байна.

Дэлхийн улс орнууд нүүрсхүчлийн хийнээс олон мянга дахин хүчтэй дулаарал үүсгэх гидрофторт нүүрстөрөгчийн төрлийн бодисын хэрэглээг 2024 оноос эхлэн Монреалийн Протоколын Кигалийн нэмэлт өөрчлөлтөөр үе шаттайгаар бууруулахын зэрэгцээ эрчим хүчний хэмнэлтийн асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээх болсон.

-Энэ зорилтод яаж хүрэх вэ?

-2019 онд баталсан Ромын тунхаглалд засгийн газар, аж ахуйн нэгж байгууллагууд, хувийн компаниудыг хүнсний хүйтэн хэлхээний зохистой шийдлүүдийг боловсруулахын тулд хамтран ажиллахыг уриалсан байдаг.

Хүнсний гинжин хэлхээний дагуу хөргөх эрчим хүчний хүртээмжийг сайжруулах, мэдээлэл боловсруулах, цуглуулах, техникийн чадавхийг сайжруулах, бодлогоо шинэчлэх, үр ашгийг дээшлүүлэх, зохистой хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх , шинэлэг бизнесийн загваруудыг санхүүжүүлэх замаар түүнд хүрэх боломжтой гэж НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуйн байгуулага үзэж байна. Хүнсний хүйтэн хэлхээ нь эрүүл орчныг бүрдүүлж, тариаланчид, малчдын амьжиргааг тэтгэж, илүү тэжээллэг хоол хүнсийг хүн бүрт хүргэх замаар Тогтвортой Хөгжлийн Зорилтод хүрэхэд туслах болно.

-Монгол Улсад хөргөлтийн хүйтэн сүлжээний талаар юу хийж байна вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээлд дор хүнсний хангамжийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах том ажил үйлс эхлээд байна. Түүний нэг бүрэлдэхүүн хэсэг бол хүнсний хүйтэн сүлжээ байх болно.Тэр нь хөргөлт, агааржуулалтын сайн засвар үйлчилгээтэй шууд  холбоотой юм.

Хөргөлт, агааржуулалтын засвар үйлчилгээний сайн арга туршлагын бүрэлдэхүүн хэсгийг багтаасан хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний техникчдийн гэрчилгээжүүлэх үндэсний тогтолцоо бүрдүүлэх зорилгоор Монгол Улсад гидрохлорфторт нүүрстөрөгчийн төрлийн (ГХФН/HCFC) хөргөх бодисыг үе шаттай бууруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд агааржуулалтын (эйркондишн) тоног төхөөрөмжийн техникч  болон хөргөлтийн тоног төхөөрөмжийн техникч мэргэжлийн ажил мэргэжлийн стандартыг мэргэжлийн холбоо, холбогдох байгууллага, салбарын эрдэмтэн,судлаачидтай хамтран 2021-2022 онд боловсруулаад байна.

Хөтөлбөрийн I үе шат болон сүүлийн шатны хэрэгжилтийн явцад хөргөлт, агааржуулалтын салбарын техникийн ажилтануудыг гэрчилгээжүүлэх тогтолцоог бэхжүүлэх үйл ажиллагааны хүрээнд 2019-2021 онд дөрвөн удаагийн өмнөх мэдлэг ур чадварыг үнэлэх үнэлгээг Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбоо, хуучнаар Мэргэжлийн боловсрол үнэлгээ арга зүйн төвтэй хамтран зохион байгуулж “чадамжтай” гэж үнэлүүлсэн нийт 63  хөргөлт, агааржуулалтын засвар үйлчилгээний техникч, засварчдад “Чадамжийн гэрчилгээ” олгоод байна.

-Цаашид хөргөлт агааржуулалтын засвар үйлчилгээний ажлыг “чадамжийн гэрчилгээ” бүхий мэргэжлийн хүмүүс хийж байх болно гэсэн үг үү?

-Ийм гэрчилгээгүй хэн нэгэн тус ажлыг гүйцэтгэвэл хэрэглэчдийн тоног төхөөрөмжийг гэмтээх, эвдэх зэрэг ноцтой уршиг учруулах тул энэ ажлыг сайн дураар хийвэл хууль бус ажиллагаа гэж бас үзэх болно. Иймд энэ талаар эрх зүйн үндэс,холбогдох стандартыг бүрдүүлэх талаар БОАЖЯ-ны Озоны алба ихээхэн анхаарч ажиллаж байна. Иймд энэхүү асуудалд чиглэсэн ажил мэргэжлийн стандартыг олон талын оролцоотойгоор ойрын өдрүүдэд зөвлөлдөх уулзалтыг БОАЖЯ-ны Озоны үндэсний албанаас зохион байгуулах бэлтгэлийг хангаж байна. Энэхүү зөвлөлдөх уулзалт нь ажил мэргэжлийн стандартыг  хэрэглээнд нэвтрүүлэхийн зэрэгцээ одоогоор хүчин төгөлдөр мөрдөж буй чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн загварт нийцүүлэн боловсруулсан хүнс боловсруулах үйлдвэрлэлийн салбарын хөргөлттэй агуулах/зоорийн засвар үйлчилгээ хийхэд засвар үйлчилгээний зөв дадал (GSPs)-д тулгуурлан боловсруулсан зорилтот бүлэгт танилцуулж, тэдний саналыг тусгах зорилготой юм.

-Бид бүхэн хөргөлтийн хүйтэн сүлжээ болон агааржуулалтын талаар аж амьдралдаа мөрдөж байх энгийн зүйлсийн талаар та юу зөвлөмөөр байна вэ?

-За тэгвэл та гэртээ хадгалж болохгүй дөрвөн зүйл байдгаас эхэлье.

1. Хуучин хөргөгч. Таны цахилгааны төлбөр сар бүр өндөр гарч байгаа нь хуучин хөргөгчнөөс шалтгаалдаг гэдгийг та бодож үзсэн үү?

Тохиромжтой засвар үйлчилгээ  хийгдээгүйгүй хуучин хөргөгч нь эрчим хүчний хэмнэлттэй шинэ загваруудаас хамаагүй их эрчим хүч зарцуулдаг. Хөргөгч худалдаж авсны дараа та үүнийг 24/7 тасралтгүй ашиглах болно. Тиймээс хөргөгчний ашиглалтын хугацааны өртөгийг бодохоо бүү мартаарай. Өөрөөр хэлбэл: хэрэв та шинэ, үр ашигтай хөргөгчийг ашиглавал таны цахилгааны төлбөр хамаагүй бага гарах бөгөөд урт хугацаанд илүү хэмнэлт гаргах боломжтой.

Засвар үйлчилгээ үзүүлэх боломжтой эсэх: Тохиромжтой засвар үйлчилгээ хийгээгүй хуучин тоног төхөөрөмж нь хөргөх бодис алдагдах, озоны давхаргыг цоолох, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлдөг гол шалтгаан болдог. Монреалийн Протокол гэж нэрлэгддэг олон улсын гэрээ нь озоны давхаргыг цоолж буй хөргөх бодисын хэрэглээг хянадаг. Эдгээр хөргөх бодисыг озон задалдаг бодис гэж нэрлэнэ. Олон улс орнууд эдгээр хөргөх бодис мөн түүгээр ажилладаг хөргөгч импортлохыг хориглосон байдаг. Хэрэв таны хуучин хөргөгч гидрохлорфторт нүүрстөрөгчийн төрлийн (R-12 гэх мэт) хөргөх бодисоор ажилладаг бол ойрын ирээдүйд эдгээр хөргөх бодисын нөөц дэлхийн нийт орнуудад хязгаарлагдаж байгааг анхааруулж байна. Ийм төрлийн хөргөх бодисоор ажилладаг хөргөгч ашигладаг бол мэргэшсэн хөргөлтийн техникчтэй холбогдох эсвэл ойролцоох цахилгаан барааны дэлгүүрт очиж шинийг худалдаж авах цаг болсон байна шүү.

Байгаль орчинд ээлтэй хандлага: Хуучин хөргөгчинд агуулагдаж буй хөргөх бодис нь агаар мандалд тархах үед байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд энэ нь эцэстээ бидний аж амьдралд дам байдлаар маш их уршиг учруулдаг  болно.

Найдвартай байдал: Хөргөгчийг хоол хүнс, эм болон бусад амьдралын хэрэгцээт бүтээгдэхүүнийг хадгалахад ашигладаг.Хэрэглэгчдийн судалгаагаар нэг хөргөгчний хэвийн ажиллах хугацаа нь ойролцоогоор 11-14 жил байдаг.      

2. Хуучин агааржуулагч. Одоо таны хуучин агааржуулагчийн талаар бас ярилцъя. Энэ нь дээр дурдсантай ижил төстэй ойлголтуудыг багтааж байгаа юм. Шинэ агааржуулагч гэдэг нь шинэ технологи гэсэн үг. Энэ нь хангалттай хүчин чадалтай байхын зэрэгцээ бага эрчим хүч зарцуулах зорилгоор хийгдсэн байдаг. Энгийнээр хэлбэл: та сэрүүцэхийн тулд агааржуулагчаа байнга асаасан ч цахилгааны төлбөрөө бага төлж болно гэсэн үг юм. "Гэхдээ миний агааржуулагч зүгээр ажиллаж байхад яагаад би үүнийг солих ёстой гэж" та асууж магадгүй. Шинэ агааржуулагч худалдан авснаар та дараах үр ашгийг урт хугацаандаа авна.

Мөнгөө хэмнэх: Энэ нь ойлгомжгүй мэт санагдаж болох ч ерөнхийдөө агааржуулагч хэдий чинээ шинэ байна төдий чинээ эрчим хүч хэмнэж  байдаг. Та сарын цахилгааны төлбөрөө харах болгондоо сэтгэлээр унахгүй ба олон удаа засаж байснаас шинэчилж солих нь хамаагүй хямд тусах болно.

Эрүүл мэндэд тустай:  Хуучин агааржуулалтын систем нь дулаан, бороотой үед мөөгөнцөр гэх мэт бактериудын байрлах "таатай орчин-гэр орон" нь болдог. Хэдийгээр таны хуучин агааржуулагч хэвийн ажиллагаатай харагдаж байж болох ч агаарын урсгал нь аюултай байж болзошгүй юм. Шинэ агааржуулагч нь ихэвчлэн амьсгалын замын эрүүл мэндийн эрсдлээс урьдчилан сэргийлэхэд тусалдаг сайжруулсан агаар шүүгчтэйгээр үйлдвэрлэгдсэн байдаг.

Арчлахад хялбар: Хуучин агааржуулагчийн хөргөх хүчин чадлыг хангах, засварлахын тулд танд өнөөх гидрохлорфторт нүүрстөрөгчийн төрлийн (R-22 гэх мэт) хуучирсан хөргөх бодис хэрэгтэй болно.Гэтэл эдгээр бодисууд нь одоогоор хязгаарлагдсаар 2030 оноос эхлэн Дэлхийн аль оронд худалдаалагдахгүй юм. Иймд таньд эдийн засгийн хувьд хохиролтой байх болно. Дахин хэлэхэд Монреалийн Протокол хүрээнд эдгээр хөргөх бодис удахгүй дэлхийн зах зээлээс гарч байгааг дахин сануулья. Нөгөөтэйгүүр, сүүлийн үеийн, илүү үр ашигтай агааржуулагч нь байгаль орчинд ээлтэй, ойрын ирээдүйд бэлэн ашиглагдах боломжтой хөргөх бодисыг хэрэглэдэгээрээ давуу талтай.

Хэрхэн зөв устгах: Дотоодын эрх бүхий байгууллагаас устгах шаардлагуудыг шалгана уу. Хуучин агааржуулагчийг өөрт ойр байрлах зориулалтын газарт өгөх эсвэл хог хаягдал устгах компанитай холбогдох хэрэгтэй.

3. Дуураймал нарны шил. Нарны шилний загварын чиг хандлага маш хурдан өөрчлөгдөж байна. Бараг ижил загварын шилийг арай хямд үнээр авах боломж бидэнд байхад яагаад их мөнгө үрэх ёстой гэж.  Тэгвэл дуураймал нарны шил зүүж болохгүй шалтгааныг энд тайлбарлая. Таны нүд нарны хэт ягаан туяанд өртөх үед нүдний хараа муудах, нүдэнд цагаа унах зэрэг ноцтой өвчин тусах эрсдэлтэй. Энэ бүхэн нь таныг нүдний болороо солиулахад хүргэнэ. Сүүлийн хэдэн арван жилд агаар мандалд озоны давхаргыг задалдаг бодис ялгарснаас болж озоны давхарга нимгэрч, хэт ягаан туяаг шингээх чадвар багассан байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар озоны давхарга одоо нөхөгдөх хандлагатай байгаа ч нүдээ хамгаалах нь улам бүр хэцүү болж байна. Хэт ягаан туяа нь таны харааг нөхөж баршгүй гэмтээж болох ба дуураймал нарны шил нь нүд хамгаалах хангалттай баталгаа болж чадахгүй байгаа болно. Тиймээс хэт ягаан туяаны хамгаалалттай нарны шилийг таны нүдийг хэт ягаан туяанаас хамгаалах зорилгоор зохион бүтээсэн байна.Гэвч зарим үед хүмүүс гэнэдэж хэт ягаан туяаны хамгаалалтгүй дуураймал шил зүүх нь танд шууд дээр дурдсан эрсдэл учруулна.Үнэн хэрэгтээ брэндийн нарны шил үйлдвэрлэгчид нь нарны шилийг хэт ягаан туяаны хамгаалалттай болгохын тулд технологийн хувьд маш их хүчин чармайлт гаргасан байдаг.

Хэт ягаан туяаны индексийг цаг агаарын мобайл аппликейшн дээр шууд шалгах боломжтой гэдгийг та мэдэх үү? Шалгаад үзээрэй!

Нарнаас хамгаалах (зарим) тос: Эрдэмтэд 1980-аад онд озоны давхаргад цоорхой бий болсныг олон нийтэд мэдээлсний ачаар арьсны хорт хавдрын талаарх бодит үнэн ил болж, дэлхийг донсолгосон. Наранд түлэгдэх нь нэг хэрэг, харин меланома гэх мэт арьсны хорт хавдарыг нь тоохгүй өнгөрөөж болохгүй  юм. Тэр цагаас хойш нарны тос заавал түрхэх ёстой болсон.

Иймээс нарны тос өдөр бүр хэрэглэхийг зөвлөж байна.Таны арьсанд тохирохгүй зарим төрлийн нарны тос байдаг. Хэрэв нарнаас хамгаалах тосны найрлаганд "оксибензон " ба/эсвэл " октиноксат " агуулсан бол түрхэж болохгүй. Зарим улс оронд эдгээр найрлагыг хориглосон байдаг.

Учир нь эдгээр найрлага нь далайн шүрний ДНХ-ийг гэмтээж, далайн амьтдыг болон (мөн бидний) амьдралыг сүйтгэх замаар байгаль орчинд хор хөнөөл учруулдаг гэдгийг санаарай.

-Та энэ намаржин озоны албаныхаа шугмаар хөргөлтийн инженерүүдийн зөвлөх баг байгуулан Монгол орны олон газраар явж ажиллах шиг боллоо. Энэ ямар ач холбогдолтой ажил юм бэ?

-Дэлхийн улс орнууд  гидрофторт нүүрстөрөгчийн төрлийн бодисын хэрэглээг 2024 оноос эхлэн Монреалийн Протоколын Кигалийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд үе шаттайгаар бууруулахын тулд өнөө үед өөрсдийнхөө хэрэглээнд судлагаа, үнэлгээ хийж суурь түвшинээ тогтоож байгаа юм. Иймд манай улс хөргөлтийн инженер багш, доктор Одгэрэл, Балжинням болон зөвлөх инженер Яндүүлэн, инженер багш Отгонбаяр, инженер Энхбат, байгаль орчны ахлах байцаагч Өлзийцэцэг гэсэн бүрэлдүүнтэй зөвлөх баг байгуулан бүх 21 аймагт судалгаа хийж байна. 8-9 сард тэдгээрээс 13 аймагт  очиж хөргөлт, агааржуулалтын бодис болон тоног төхөөрөмжийн хэрэглээг хүнсний зоорь, махны үйлдвэрүүд, том зочид буудлууд, том дэлгүүрүүд, засвар үйлчилгээний газруудад очиж биечлэн үзэж судалж бас цаашдын хэрэглээний тогтвортой байдлыг хангах, аюулгүй арга ажиллагааны талаар зөвөлгөө өгч, шаардлагатай мэдээлэлээ цуглуулж аваад байна. Ойрын үед хойд зүгийн дөрвөн  аймаг, нийслэл Улаанбаатар хотод судалгаагаа хийх болно.Судалгааны үр дүнд үндэслэн Монгол Улсын гидрофторт нүүрстөрөгчийн төрлийн бодисын болон байгаль орчинд халгүй орлуулах бодисын 2024-2045 он хүртэл хэрэглээний стратеги, бодлогыг боловсруулах болно.

-Өнгөрсөн жил болон энэ онд озоны давхаргыг хамгаалах, Монреалийн протоколыг хэрэгжүүэхтэй холбогдуулан нилээд олон хуулиудад нэмэлт оруулсан гэсэн. Энэ ажлыг яаж гүйцэтгэдэг бөгөөд ямар хуулиудад нэмэлт оруулсан  юм бэ?

-Дэлхийн улс орнууд  гидрофторт нүүрстөрөгчийн төрлийн бодисын хэрэглээг 2024 оноос эхлэн үе шаттайгаар бууруулах зорилтын хүрээнд эрх зүйн шинэчлэл хийж байгаа болно.Монгол улсын их хуралд Монреалийн протоколын Кигалын нэмэлт хэмээх олон улсын гэрээнд нэгдэн орох шийдвэр гаргасныг  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга 2022 оны долдугаар сарын 27-д хүлээн авч баталгаажуулсан болно. Нэгэнт олон улсын гэрээнд нэгдсэн тул хэрэгжүүлэх талаар эрх зүйн шинэчлэл хийх шаардлагатай болсон.Тэдгээр шинэчлэлийн хууль тогтоомжийн төслийг бид 2017 оноос эхлэн боловсруулж холбогдох талуудыг оролцуулан олон удаа хэлэлцэж нэгдсэн саналд хүрсэн болно.Энд “Зөвшөөрлийн тухай хууль”, “Байгаль хамгаалах тухай хууль”, “Байгаль орчны үнэлгээний тухай хууль”, “Агаарын тухай хууль”, “Барилгын тухай хууль”, “Тэмдэгтийн хураамжийн тухай хууль” зэрэг 6 хуульд УИХ нэмэлт оруулсан. Тэдгээрийг одоо legalinfo.mn сайтаас харж болно.

-Та озоны албаны ажлаас гадна бас зүгээр суудаггүй Монгол Улсын  хөгжлийн олон төслүүдэд байгаль орчны зөвлөхөөр ажилладаг.Таны байгаль орчны салбарын бодлого боловсруулах бас технологийн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх зэрэг туршлагыг олон газрууд сонирхдог гэсэн. Энэ талаар таны амнаас сонсмоор байна?

-Монгол Улсын хөгжилд хэрэгтэй хэд хэдэн төслүүдэд сүүлийн хэдэн жилд зөвлөхөөр ажиллаж эхний үр дүнгүүд нь гарсаар байна.

Эгийн голын УЦС барихтай холбогдуулан ЮНЕСКО-гийн “Дэлхийн өв”-ийн хорооны хүсэлтийн дагуу “Эгийн голын бүс нутгийн био олон янз байдлын судалгаа”-ны гурван орны (Монгол-Франц-Орос) судлаачдын багийг ахлан ажиллаж тайлангаа боловсруулж бэлтгээд Парисруу явуулсан. Удахгүй энэ есдүгээр сард Дэлхийн өвийн хороо хэлэлцэнэ. Эерэг шийдэл гарах байх гэж хүлээж байна.

Мөн “Эрдэнэбүрэнгийн УЦС-ийн 463 км цахилгаан дамжуулах агаарын шугам” төслийн болон түр замын байгаль орчны судалгаа, үнэлгээг хийж батлуулсан.

Азийн хөгжлийн банкны “Баруун бүсийн сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх” гэсэн том агуулгатай төслүүдийн Завханы Алдархаанын 5 МВт Нарны станц, Алтай хотын 10 МВт “Сэмүүн” Нарны цахилгаан станц, Улиастай, Улаангомын болон Баянхонгорын Өлзийтийн сургуулиуд, Ховдын I цэцэрлэгийн “ Газрын гүний дулааны насос” төслүүдийн байгаль орчны судалгааг хийж тэдгээрийг ашиглалтанд оруулаад байна. Мөн Өвөрхангайн Хархорины төвийн “ Газрын гүний дунд түвшний насос “ төслүүд ч бас судалгаа хийж ,Говь-Алтайн Алтай сумын нар-салхины гибрид станц болон Завханы Тэлмэний салхин парк зэрэг дэд төслүүдийг ашиглалтанд оруулахад бэлэн болоод байна.

Одоо маш чухал нэг төсөл бол Улаанбаатарын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, хахир хүйтэн өвлийг даван туулахад нэн хэрэгцээтэй АХБ-ны “Том оворын зай хуримтлуур” төслийн байгаль орчны анхан шатны судалгаа, байгаль орчны үнэлгээг 2017 оноос эхлэн гүйцэтгэж одоо барилга угсаралт хийх үеийн байгаль орчны бие даасан зөвлөхөөр ажиллаж байна.Сар бүр очиж мониторинг, хяналт хийж АХБ-д тайлагнаж байна. Уг төсөл энэ оны 11-12 дугаар  сард өндөрлөх байхаа.

Мөн Салхитын 50 МВтын салхин парк, Цогтцэцийн салхин станц, Чойрын салхин станц, Буян-ухаагийн 20 мянган шоо метр ус цэвэрлэх байгууламж, Бага нуурын аж үйлдвэрийн парк гээд олон төслийн байгаль орчны үнэлгээ, судалгааг хийж дээ. Дээрх төслүүдийг хараад өөрийнхээ хүүхдүүд шиг бахархаж байдаг даа. Миний нэг зорилго бол Монгол Улсаа хөгжүүлэхэд байгаль экологи, хүн зоны аж амьдралд халгүй ногоон эрчим хүч, цэвэр технологиор хангах үйлсэд өөрийн мэдлэг чадвараа дайчлан хувь нэмрээ оруулах ёстой гэж боддог шүү.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top