Д.Болортуяа: Драмын урлагт шинэ үе ирснийг “Гэгээн Муза-17” харууллаа

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 09 сарын 29

Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” хөгжимт, жүжгийн театрын жүжигчин, туслах найруулагч Д.Болортуяаг “Өглөөний зочин”-оор урилаа. 


-Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын бүтээл “Тэрх нуурын дэгдээхэй” хүүхдийн оролцоот хөгжимт жүжиг  “Гэгээн Муза” шагналыг  хүртлээ, баяр хүргэе. Өөрийн чинь хувьд хоёр дахь удаагаа энэ шагналыг авч байна. Тэгэхээр“Гэгээн Муза”урлагийнханд ямар мэдрэмж, эрч хүч өгдөг юм бэ?

-“Гэгээн Муза” бол уран бүтээлчдийн чанар чансааг сорьж, дээр нь өсөн дэвжиж, өөрийгөө хөгжүүлэхэд нь маш том түлхэц болдог. Мэргэжлийн түвшинд уран бүтээл туурвих, мэргэжлийн жүжигчидтэй өрсөлдөх, түүнээсээ гадна өөрийгөө хөгжүүлэх, тэнд өрсөлдөж байгаа олон  бүтээлийг харж, харьцуулж, уран бүтээлчдээс суралцаж, бараг дахин нэг их сургууль төгссөний дайтай мэдлэг, чадварыг олж авч байдгаараа онцлог.

-Тэгэхээр  энэ наадамд өөрийгөө сорьж, нэр дэвшиж уралдсан цаг хугацаа бол нэг, хоёр  жилээр тогтохгүй урт биз?

-Миний хувьд “Гэгээн Муза-11” наадмаас эхлэн оролцож ирсэн. Манай театрынхан хамгийн анх “Муурын байшин” жүжгээр  бүрэн бүрэлдэхүүнээрээ нэр дэвшээд “Гэгээн Муза” хүртэж байсан юм. Тэгэхэд манайхаас хоёр жүжигчин нэр дэвшиж байлаа. Өөрийн хувьд, жүжигчнийхээ чанар чансааг сорих боломж анх тэгж гарсан даа. “Муурын байшин” жүжгийн шилдэг эмэгтэй туслах дүрийн номинацид нэр дэвшиж, энэ сайхан шагналыг хүртэж байлаа.

Түүнээс хойш манай театрынхан байнга оролцож ирсэн.“Гэгээн Муза-12”-д драмын жүжгээр нэр дэвшсэн боловч “Энэ төрөлд олон жүжиг байхгүй байна” гээд хасагдсан. 13, 14, 15 дахь удаагийн наадмуудад тасралтгүй нэр дэвшиж байсан. 13 дахь наадмаас “Гэгээн тамлан” жүжгээр манай театрын ерөнхий найруулагч З.Далай “Гэгээн Муза” авч байлаа. Миний хувьд “Гэгээн тамлан”, “Гоолингоо” жүжгийн шилдэг туслах эмэгтэй дүрээр нэр дэвшсэн. 15 дахь удаагийн “Гэгээн Муза” наадамд “Далан худалч” жүжгийн Пагма авгайн дүрээр нэр дэвшсэн. Өнгөрсөн жил манай театрынхан шүүгчдийн нэрэмжит цомыг хүртэж байлаа.

-Энэ жил хүүхдийн төрлийг сонгосон нь  сонирхолтой, содон хийгээд өвөрмөц юм?

-Манай театрынхан 2015 оноос аймагтаа хүүхдийн драмын дугуйлан хичээллүүлэх болсон юм. Нэг хэсэг цар тахлаас болж завсарласан. Энэ онд сэргээгээд ажиллуулж эхэлсэн. Хүүхдүүдээ шинээр бүртгэж, ЕБС-ийн зургаадугаар ангийн сурагчдыг авсан. Тэдэнтэйгээ багагүй  хугацаанд ажиллаж, драмын дугуйлангаа хичээллүүлээд явж байтал гэнэт Өвөрмонголын  зураач сургуулиа төгсөх дипломын ажил хийнэ гэж бидэнд  хандсан юм. Түүний хувьд хүүхдийн жүжгийн төрлөөр тайз хийх сонирхолтой учраас зохиол байна уу гэсэн. Тэгэхээр нь манайх хүүхдийн драмын дугуйлантай юм чинь энэ жүжгийг аваад хийчихье гээд ажлаа эхлүүлсэн. Аливаа зүйлийн тохироо бүрдэнэ гэж бас байдаг шиг байна. Юу гэвэл намайг дугуйлан хичээллүүлээд 7-8 сар болж байтал ийм боломж гарч ирсэн. Эхлээд жүжгээ драмын төрлөөр тавьсан юм. Гэхдээ хүүхэд хүүхэддээ драмын жүжиг тоглох хүндрэлтэй байдаг. Ингээд мюзыкл болгоё гэж бодсон. Хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргал манай театрт ажиллаж байгаа үе бас таарлаа. Санал тавихад дуртай зөвшөөрсөн. Ер нь бид уран бүтээлд гар, сэтгэл, санаа оноо их   нийлдэг. Ингэж хамтарч ажилласнаар амжилтад хүрлээ.

-Хүүхдүүдийг багаас нь драмын дугуйланд хичээллүүлэх болсны гол зорилго нь юу вэ?

-Би нэг зүйлийг их боддог юм.Өнөөгийн монголчууд маань даяарчлалын давал­гаанд давлаж, хурдтай  хувьсан өөрчлөгдөж байгаа дэлхийг дагаад глобалчлагдаж байна шүү дээ. Монгол гэдэг өв соёлын зүйлүүд, монгол гэдэг үнэт зүйл жаахан ч  гэлтгүй  алдагдах гээд байна уу даа гэсэн эмзэглэл надад төрдөг. Энэ үүднээсээ хүүхдүүдийг монголоороо байгаасай, монгол гэсэн нэг ч гэсэн үнэт зүйлийг тэдэнд шингээж үлдээх юмсан гэж хүсдэг. Хайр гэдэг эх орноо хайрлахаас эхэлдэг. Тэр утга санааг илэрхийлж  “Тэрх нуурын дэгдээхэй” жүжгээ найруулсан. Байгаль дэлхий, хүн хоёр хүйн холбоотой гэдгийг хүүхдийн оюун бодол,  зүрх сэтгэлд  багаас нь суулгачихвал тэр бүхэн улам тэлсээр, илүү гүн гүнзгий болж хөгжсөөр байх болно.

-Ингэхэд Сүхбаатар аймгийн театр шинэ найруулагчтай болсон гэж сонссон. Яагаад ингэж шийдсэн юм бол?

-З.Далай найруулагч маань  уран сайхны удирдагч болсон. Манай хамт олон Улаанбаатар хотоос шинэ залуу найруулагчийг урьж ажилуулж байгаа. Яагаад ийм шийдэлд хүрэв гэвэл урлаг шинэчлэгдэж байна. Ийм учраас бид ч бас шинэ найруулагчийг театртаа урьж, уран бүтээлчдийг шинэчлэлд уриалан дуудаж, шинэ,  өөр өнцгөөс бүтээл туурвих зорилт тавьсан.

-Хөдөө орон нутагт урлаг соёлын ажлыг явуулахад нөхцөл байдал ямар байна вэ. Цалин, хүний нөөц гээд...?

-Нэг онцлог нь мэргэжлийн сургууль төгсөж байгаа залуус олон боловч хөдөө орон нутагт ирж ажиллах нь маш ховор. Урьдчилж гэрээ хийж байж, болзол тавьж, сургалтын төлбөрийг нь  төлж, хэрэв ирж ажиллахгүй бол  нугалж  төлнө гэх юм уу, нэг тийм албадлагын чанартай уран бүтээлчдийг татаж байна. Жүжигчин, дуучин, бүжигчин  хэн ч ирээд ажиллахад нэг үеэ бодвол цалин дээрдсэн. Өмнө нь бид 7-8-хан мянган төгрөгийн цалин аваад амьдрал ахуйгаа болгож явсан. Энэ мөнгө ялангуяа залуу гэр бүлд  хүрэлцэхгүй, нялх хүүхдүүдтэй бол бүр ч хэцүү. Хий дэмий дөрвөн жил сурч ирээд амьдрахын эрхэнд өөр салбар руу, уул уурхайн компанид ажилд орчихож байна шүү дээ.Тэгэхээр орон нутгийн театрууд боловсон хүчнээ өөрсдөө бэлдэж, практикаар сургаад авчихвал илүү юм уу гэж бодох болсон. Аймаг, орон нутагтаа байгаа авьяастай хүүхдүүдийг дугуйлан хичээллүүлэх замаар бэлдэж, шалгаад авчих хэрэгтэй. 12 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүдийг гурван сарын дагалдангаар сургаж,  зургаан сараас жилийн хугацаатай  дагалдангаар авч цааш ажиллуулж  болно. Ийм боломжуудыг хэрэгжүүлж явахгүй бол Улаанбаатараас хүн урьж авчирна. Байр орон  сууц байхгүй. Байгууллагад түрээсийн зардал төлөх мөнгө байхгүй. Тэгэхээр уран бүтээлч өөрөө төлөх болдог. Цалингаасаа байрны түрээс төлөөд юугаар нь амьдрах вэ. Энэ мэт асуудал, бэрхшээл олон бий. Гэхдээ бид аль болох зохицуулахыг хичээж, хотоос багш нарыг урьж, 1-2 жилийн хугацаатай гэрээгээр ажиллуулж байна. Сүүлийн үед техник, технологийн хөгжил дэвшлийг дагаад заавал танхимын сургалт гэхгүй  цахимаар ч гэсэн сургалт авах боломжтой. Өөрөөр хэлбэл, биеэр гүйцэтгэх үйл  ажиллагаа  биш бол зайнаас ажиллах  боломжууд нээлттэй. Энэ мэтээр уран бүтээл хийе гэвэл бас ч гэж  нөөц бололцоо орон нутагт их байна. Драмын дугуйлан хичээллүүлэхэд байр саванд санаа зовох юм алга. Тайз нь, гэрэлтүүлэг нь бэлэн байна. Хотод бол өрөө түрээслэх болно, бүтээлээ толилуулахад тайз олох хэрэг  гарна. Энэ мэт өчнөөн зардал шаардагдана  шүү дээ. Төсөв мөнгөгүй ч гэлээ сэтгэл байх юм бол юм хийх боломж, бололцоо хөдөө орон нутагт их байгааг  энэ ташрамд залуустаа уриалмаар байна. Гол нь сэтгэл, сэтгэл байваас юу ч хийсэн болно. Хийхгүй гэсэн хүнд мянган шалтгаан байдаг, хийе гэсэн хүнд түмэн зовлон байхад тэрийг даваад хийдэг. Бүтээл хийхэд бэрхшээл их байдаг ч бид тэрийг даваад хүүхдийн бүтээлээр “Гэгээн Муза-17”-д шалгарлаа. Хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргалдаа маш их баярлаж байна. Би больдог ч юм билүү гэж байхад “Юу ярьж байгаа юм” гэж загнаж байсан хүн шүү дээ. Манай театрын хамт олон хүүхдийн оролцоотой бүтээлээр “Гэгээн Муза”-аа тосож авлаа. Үнэхээр сайхан байна. Оролцсон, дэмжсэн бүх хүмүүстээ баярласнаа илэрхийлье. “Гэгээн Муза” академийнханд бас их баярлаж байна. Хүүхдийн бүтээл гэдгээр нь олж харж, үнэлсэнд нь талархаж байна.

-Өөрийн чинь хувьд театрын босгоор хэрхэн алхаж оров?

-Миний мэргэжил малын эмч. 1987 онд наймдугаар анги төгсөөд суруульд явж 1990 онд мэргэжил эзэмшээд нутагтаа ирсэн. Техникумд сурч байхад манай мэргэжлийн багш Энх-Амгалан гэж хүн байсан юм. Багш маань “Болортуяа, чиний малын эмч болдог гэж хаашаа харсан юм байх вэ. Чи эртхэн шиг зайгаа тавь” гэдэг байж билээ. Гэсэн ч би төгссөн. Хөдөө суманд  бригадын  малын эмч болж очлоо. Гэр аймагт, хүүхдээрээ малын эмч болчихсон гүйж яваа намайг сумын удирдлагууд өхөөрдөж, дэмжиж байв. Өөрсдөө бүх сууриар тойроод явахдаа намайг дагуулаад явна. Эм тариагаа тарааж, үзлэг хийгээд ирнэ. Малын эмч гоё мэргэжил. Амьд амьтантай харилцана, малаа хайрлаж сурсан хүн бүгдийг хайрлаж энэрэх сэтгэлтэй болдог. Сүүлдээ өттэй хонь харвал, орилоод л “Яанаа, өтийг нь түүгээд өгчих юм сан” гээд очдог болсон доо. 1994 оны хавар  анхны хүүхдээ төрүүлчихээд байж байтал “Аймгийн театрт дуучин авна” гэсэн зар гарч, тэр дагуу очиж шалгуулаад ажилд орж байлаа. Урлагийн гавьяат зүтгэлтэн Гомбосүрэн найруулагч, театрынхан гээд маш олон хүн суугаад шалгалт авч байсан. Уран сайхны зөвлөл нь ирийтэл сууцгаачихсан. Тэдний өмнө дуулж, өвдөг чичрээд зогсож байлаа. Дуучин Х.Болормаагийн “Талын гурван улаан минь” гэж дуу өргөн дэлгэрч, хүмүүс их дуулдаг. Тэрийг дуулсан юм. Гэтэл найруулагч “Бодлын цагаан хун” дууг нэг дуулаадах гэж байна. Сумаас аймаг ортол машин дотор дуулаад давхидаг байсан болохоор дуулах хэцүү байгаагүй ч тайзан дээр гарахаар өвдөг чичрээд хэцүү байсан. Ингээд театрт ажилд орж байлаа. Зургадугаар сарын 10-нд ажилд орсон хүн долоодугаар сарын 11 гэхэд наадмын хүндэтгэлийн  концертод  “Бодлын цагаан хун”-г дуулж байлаа. Тэр үед амьд хөгжимтэй шууд дуулна. Ам барих гэх мэт зүйл байсангүй. Түүнээс хойш театртаа ажиллаж байгаад 2003 оны үеэс засварлаж, 2005 онд тайлан тоглолтоо хийчихээд хэсэг зуур өөр ажил эрхэлж үзсэн. Гэхдээ багаасаа урлаг соёлын ажилд дуртай байсан, зүрх сэтгэлээ өгсөн хүн бол түүндээ эргэж татагдаад, түүнээс өөр ямар ч зүйлийг хийсэн болохгүй болчихдог юм билээ. Тэр хооронд бие даасан тоглолтоо хийж, сонгуулийн үеэр урлагийнханд ажил гарахаар сумдаар үдэшлэг бүжиг зохион байгуулж, хөтлөгч хийж, дуулдаг байлаа.

-Орон нутгийн театрынхан дуулна, бүжиглэнэ, жүжигт ч дүр бүтээнэ гээд олон талын авьяас чадвартай байх юм?

-Боловсон хүчин цөөн болохоор өөр аргагүй. 1995 онд манай театр шинэ жүжиг тавьсан юм. Гэтэл гол дүрийн жүжигчин нь тоглолт болохоос 14 хоногийн өмнө олгойн хагалгаанд орчихсон. Би ажилд ороод удаагүй шинэков атал найруулагч дуудаад “За, чи энэ дүрийг аваад ажилла” гээд даалгачихсан. Тэр үед яасан ч зоригтой байсан юм бэ, “за” гээд гарсан. Ер нь найруулагч үүрэг өгсөн бол тэрийг хийхээс өөр замгүй. Зааж зөвлөх хүн ч цөөн, хүмүүсийг хараад дуурайгаад, дотор нь ороод  бэлдээд, хийгээд  явсан.Ингэж би анх “Саран хөхөө” жүжигт тоглож билээ.  Тийм болохоор драмын урлаг намайг ивээдэг гэж боддог шүү дээ.

-Миний мэдэж байгаагаар түүхэн жүжигт хатны дүр нэлээн олныг бүтээсэн санагдана. Яагаад  хатны дүрд сонгогдоод байв?

-Нээрээ, тоглосон жүжгүүдээ эргээд харахад янз бүрийн хатны дүрд олон тогложээ. Деталь нь найруулагч нарт  тэгж харагддаг юм болов уу. Ер нь л их хатуу, ширүүн авиртай хатны дүрд тоглож ирсэн. Нэг их сайхан хатны дүр бүтээгүй шүү. Дандаа ааш авиртай, яравгар хатдын дүр оногддог байсан.

-Энэ наадамд олон жил нэр дэвшиж, хоёр ч Муза авлаа.“Гэгээн Муза-17” наадмын  онцлог юу байв?

-Онцлог зүйл олонтой наадам боллоо. Гадаадаас түлхүү оролцож байна. Нэг хүний жүжиг, хүүхдийн жүжгүүд их орж ирсэн. Драмын жүжгүүд ч олон байна. Яалт ч үгүй драмын урлагт шинэ үе иржээ. Үүнийг “Гэгээн Муза-17” наадамд оролцсон хүүхдийн жүжгийн төрлүүд харууллаа. Шагнал авсан уран бүтээлчид нь дандаа залуус. Ер нь 35-аас доош насныхан. Залуус маш их уншиж, судалж байна. Дэлхийн урлагтай хөл нийлүүлэн алхаж чадаж байна. Түүний төлөө зорьж тэмүүлж байна. Шинийг эрхэлхийлэх, хийж бүтээх хүсэл тэмүүллээр жигүүрлэж байгаа юм байна. Тэгэхээр бид цааш хөгжих шаардлагатай, орон нутгийнхан театраа улам хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг “Гэгээн Муза-17” наадмаас харлаа. Миний хувьд залуусыг дагаж мелодрам, шинэ төрлүүд гэхээс илүүтэй, монголчууд монголоороо байх, тэр өв соёлыг л хүүхэд залуустаа үлдээхсэн гэж бодож байгаа. Даяарчлалд сайн, муу тал бий. Шинэ үеийн хүүхдүүд монгол гэж хэн болохыг, би яагаад монгол хүн бэ, яагаад монголоороо бахархах ёстой вэ. Энд төрснөөрөө яагаад бахархах ёстой вэ гэдгийг багаас нь зүрх, тархинд нь суулгах хүсэл байна. Гэхдээ драмын урлаг монгол тал руугаа эргэж байна. Наад захын жишээ гэхэд л “Гэгээн Муза” наадамд ирэхдээ монгол хувцсаа өмсөөд ирцгээж байна. Өмнө нь юу өмсөх вэ гэлцдэг, өмссөн зүүснээрээ өрсөлддөг, бие хаагаа гайхуулах байдал харагддаг байсан бол одоо толгойгоороо өрсөлддөг болжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zail(59.153.115.43) 2023 оны 10 сарын 04

chaavaas uursdiiguu urlag byteej bga gej boddog bhdaa

0  |  0
Зочин(202.126.90.74) 2023 оны 09 сарын 29

Энэ гэгээн Муза гэж алиа жүжгийг одоо больмоор юм доо

0  |  0
Top