УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Нямбаатар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дараагийн захирагч болох нь тодорхой болов. МАН-ын Удирдах зөвлөл ч, НИТХ дахь тус намын бүлэг ч тэр, түүнийг хотын дараагийн мэр болгохыг нэгэн дуугаар шахам дэмжсэн. Дараа дараагийн шатанд яралзтал баталсан үйл явдлуудаар үргэлжилнэ.
Х.Нямбаатар гишүүн ч үүндээ бат итгэлтэйгээр нийслэлд үүрлэсэн бугшмал идээг шахахын тулд давс мэт гашуун арга хэмжээнүүд авч, дунд шатанд үүрлэсэн авлигатай хатуухан гараар тэмцэх тул “Над руу угаадас цацах гэж байгаа бол сарын дараа л цацаарай” хэмээн сануулжээ.
Д.Сумъяабазар цагтаа бас л УИХ-ын гишүүний суудлаасаа өөрөө бууж, хүсэж тэмүүлж байгаад хотын дарга гэдэг хүндхэн үүргийг хүлээж авсан. Д.Сумъяабазар ч, Х.Нямбаатар ч аль аль нь Сонгинохайрхан дүүргээс сонгогдон төр түшсэн, нийслэлийн баруун “хаяа”-ныхан.
Утаа, замын түгжрэл, авлига, өвлийн замын халтиргаа, зуны үер ус, хог шороо, золбин муур, нохой, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, ажилгүйдэл, архидалт, ядуурал гээд сая илүү хүн амтай Мегаполис хотын даргад хүртээлгүй, хамааралгүй сайн, муу ажил гэж байхгүй. Нийгмээрээ улиг болтол үглэж буй эдгээр ажлаас гадна огцроод буй Д.Сумъяабазараас хүлээж авах ямар өв байгаа вэ?
Тэрбээр төвлөрлийг сааруулж түгжрэлийг бууруулах нэг арга нь дагуул хотууд хэмээн үзэж байв. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэн босох Шинэ Зуун мод дагуул хот наад зах нь худалдаа, ложистик, тээврийн томоохон зангилаа бүс болно. Шав тавьсан ч хөдөлж эхлээгүй байгаа “Богд хан” төмөр зам “амь орвол” тэндээс холгүй бас нэг суурин үүснэ. Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг дагуул хотуудад тараан сийрэгжүүлэх энэ мэт үндэслэл Д.Сумъяабазар даргын үед УИХ-аар нэмэлт, өөрчлөлт оруулан баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд тусгалаа олсон. Хүн амын их төвлөрлийг сааруулахын тулд нийслэл хотын сүүлийн удирдлага нэг цөмт хотоос олон төвт нийслэл рүү шилжих бодлогыг хэрэгжүүлж эхлээд буйн бодит биелэл нь дэд төвүүд юм. Баянхошуу, Сэлбэ дэд төвөөр энэ ажил эхэлж бодит зүйл багагүй хийсэн, цаашдаа Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвөөр үргэлжилж, гурав дахь шатанд Шархад, Толгойтод хэрэгжих төлөвлөгөөтэй юм. Баянхошуу дэд төвд гэхэд иргэдэд үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн инкубатор төв, үер усны далан, гудамжны гэрэлтүүлэг, гэр хорооллын дундах явган болон авто зам гээд сүүлийн хэдхэн жилд асар их өөрчлөлт ороод байна.
Дэлхийн улс орнуудын томоохон хотууд ухаалаг хэрэглээ, ухаалаг зохицуулалтыг үйл амьдралдаа нэвтрүүлэхийг чухалчилдаг болсон. Энэ нь техникжиж, технологижсон гэхээсээ илүүтэй иргэдэд тулгамдсан асуудлыг тухай бүрт нь шуурхай мэдэрч шийдвэрлэх тухай ойлголт. Үүнд мөнөөх утаа, түгжрэл ч багтана. Emongolia болон бусад цахим хэрэглээ нийслэлчүүдийн өдөр тутмын өргөн хэрэглээ болсон нь ухаалагжиж буйн нэг жишээ.
Түгжрэлийг бууруулахын тулд хийж байгаа ажлууд ч бий. Ойрын жилүүдэд 220 км зам, 40 км гүүрэн байгууламж, хөндлөн, хэвтээ тэнхлэгийн замууд тавьж, хороолол дундах замуудыг шинэчлэхээр төлөвлөөд захын хороодод хэрэгжээд явж байна. Нэг хот-нэг стандарт гэж хотын сүүлийн гурван ч дарга дамжуулан хэрэгжүүлж яваа нэг ажил байдаг. Нийслэлийн төвийн Бага тойруугаас Багахангай дүүрэг, Сүх жанжны талбайгаас захын хороолол хүртэл нийслэл хотын 4700 ам дөрвөлжин км нутаг дэвсгэрт иргэдэд төрийн үйлчилгээний ижил стандарт үйлчлэхийг “Нэг хот, нэг стандарт” хэмээж буй юм.
Нийслэл хотыг хөгжүүлэх урт хугацааны төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд үнэт цаас гаргах, хөрөнгө оруулалтын сан байгуулж, менежментийн тогтолцоог бүрдүүлэх, татварын олон төрөл, олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх, нийслэл хотын хэмжээнд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж хотын бие даасан эдийн засгийн бүтцийг бий болгох, инженерийн шугам сүлжээг шинэчлэх зэрэг олон ажлыг 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөнд тусгаж эхнээс нь хийгээд явж байгаа. Өмнөх даргаасаа өвлөх эдгээр ажлыг Х.Нямбаатар залгаж явах үүрэг хүлээж таарна.
УИХ-ын 2024 оны сонгууль, түүний дараах орон нутгийн сонгууль дөхсөн энэ үед иргэдийн саналыг татах поп амлалт, богино настай, гоё нэртэй сүржин арга хэмжээ авах гэхээсээ Хууль зүйн яам толгойлж байсны хувьд Х.Нямбаатар гишүүн нийслэл хотын дунд шатанд үүрлэсэн авлига, хээл хахуулийг илрүүлж, төсөв хөрөнгө хий үрж байгаа жил бүр замын бордюр сольдог гэх мэт ажил, ногоон байгууламж сүйтгэж, Сэлбэ гол, Дунд голын голдирлыг боож барьсан газрын наймааны балаг барилгуудыг цэгцэлж, өвлийг утаа багатай, халтиргаагүй өнгөрөөж, иргэдийн өглөө, оройг замын түгжрэлд бардаг цагийг нь багасгаад өгвөл УИХ-ын гишүүний эрх ямбаа хотын даргын хүнд ачаагаар сольсны үр дүн гарах нь тэр гэж хэлж болно.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Шинэ доргоо авилга хорооллоо яаж шийдэхийг чинь харж хүлээж бгаа шүүү
Amjilt husie Dee! IH hurald olon huuliig sanaachilsan batluulj yabsan Hun.Ajiliig ni absan Enhbayar gishuun abilgachidtai hiij bauigaa temtseliig ni urgeljuulen Erunhii saidtaigaa ta2 min gar niilen ajillaj baugaa mundag said nar gej boddog doo( gadaadaas bichib)
Онц аюултай гэмт хэрэгтнийг эр зориг авхаалж самбаа гаргаж барихад тусалсан Манлай сумын тогооч эмэгтэйгээр бахархаж байна\nьэрчүүдээс ч илүү зориг тэвчээр гаргаж гэмт этгээдийн халдлагаас өөрийгээ болон бусад хүмүүст дэмжлэг үзүүлсэн баатарлаг эмэгтэыд төр засаг олгох ёстоы шагналыыг олгоосой Тэр тулгарсан хүнд үед үүнээс илүү тус гэж хаана ч байхгүй бизээ.