1.6 ТЭРБУМ: Эзэнгүй нохой, муурыг устгах уу, үржлийг нь хааж, бүртгэлжүүлэх үү!

2023 оны 11 сарын 17

Нийслэл хүрээ гэж байх үед хүрээний хог дээр сүүлээ сагсалзуулсан сүрлэг том ноход хүн барих нь холгүй сүрэглэн  давхидаг байсан гэдэг. Тэр үед монгол, төвөд банхар, гарз нохой олон байж. Өдгөө нийслэл хот түүнээс дутах юм ер алга. Тэр тусмаа энэ жил төөрсөн, хаягдсан, эзэнгүй нохой, муур бүр ч олшров. Учир юу гэвээс, хүмүүс ийш тийшээ нүүх, гадаад оронд амьдрахаар явахдаа гэрийн тэжээвэр амьтнаа үлдээх газар олдохгүй бол орхиод явчихдаг байна. Хүүхдүүдээ гөлөг, муурын зулзага авна гэхээр  нь аваад өгчихдөг. Өнөөдүүл нь сонин дээрээ тэвэрч гүйж байгаад төд удалгүй тоохгүй болно. Ингээд нохой, муурыг арчлах ажил эцэг эхчүүдийн толгой дээр бууна, олонх нь төвөгшөөнө. Ажил, гэр, үр хүүхэд гээд өчнөөн ажилдаа түүртсэн тэд хэн нэгэнд үрчлүүлж, эсвэл хашаандаа гаргаж орхиод мартана.

Эзэнгүй, хаягдсан, золбин гэх тодотголтой нохой, муур олширч, үржиж байна. Дээр нь эдгээр амьтдыг сайн дурын үндсэнд авч, сайн үйлсийн аян өрнүүлэн тэжээж, үржлийг хаалгаж, нийгэмшүүлж, заримыг  эзэнтэй болгох зохицуулалтыг хийж ирсэн “Азтай савар” ТББ, “Хөөрхөн зулзага” ТББ-ын залуус орон байр, боломж, бололцоогүй болсон. Өөрөөр хэлбэл, даац нь хэтэрсэн. Жишээ нь, мал эмнэлгүүдийн нохой, муурны үржлийг хаах мэс ажилбарын тариф өндөр, 120-150 мянган төгрөгөөр үнэлэгддэг.

Зарим эмнэлэг сайн үйлсийн аянд нэгддэг ч хэдий болтол ийм байдалтай явах вэ гэдэг учир дутагдалтай. Тэгэхдээ л залуус энд тэнд байгаа хаягдсан гээгдсэн амьтдыг очиж авч, эзэн хайж, бүхий л боломж бололцоогоороо  тусалсаар байгааг цахим хуудаснаас нь харж болно. Мөн тэд өөр гарц хайж Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл боловсруулснаа УИХ-д өргөн барьсан нь хэлэлцэгдэж эхлээд байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар ч залуусын саналыг шинэлэг, дэвшилттэй хэмээн дэмжиж байгаагаа илэрхийлж, олон нийтийг уриалж  нохой хөтөлсөн рийл хийж цахим орчинд цацсан биз. Олон нийтийн зүгээс, мөн  амьтан тэжээдэг хүмүүс түүнийг нь  шэйрлэж, санал сэтгэгдлээ үлдээж байгаагаас энэ хууль хүлээгдэж байсан нь, мөн  цагаа олж гарч ирсэн  нь харагдана. Өнгөрсөн хавар уг хуулийг хэлэлцэх, эсэхэд санал хураахад УИХ-ын гишүүдийн  72 хувь нь дэмжсэн. Мөн гэрийн тэжээвэр  амьтан хүнтэй, нийгэмтэй салшгүй холбоотой учраас хуулийн төслийг танилцуулсан Б.Энхбаяр гишүүн "Дэлхийн 120 гаруй орон гэрийн тэжээвэр амьтны хуультай. Хуулийн цаана нийгмийн эрүүл мэндийн шалтгаан, нөхцөл байна. Энэ нь амьтны хууль гэхээсээ илүү хүнээ бодсон хууль юм” хэмээн онцолж байсан юм.

Хуулийн төслийн зорилго нь гэрийн тэжээвэр амьтдын асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, гэрийн тэжээвэр амьтдаас үүдэн нийгэмд гарч буй сөрөг үр дагавар, бусдын эрхийг зөрчих явдлыг бууруулах, нохой, муур үржүүлэх үйл ажиллагаанд хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх, эзэнгүй амьтдын тоо толгой, гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийллийг бууруулахад оршино гэдгийг танилцуулгын үеэр дурдаж байв. Ийнхүү УИХ-аар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг хэлэлцэж батлах гэж байна. Өмнө нь уг хуулийн асуудлыг ярихад “Нохой, муур тэжээж байгаа хүн заавал эдийн засгийн боломжтой, уг амьтны эрх, эрүүл мэнд, хоол хүнс, орон байр гээд бүх талаар хангах чадамжтай байх ёстой” гэсан заалт оруулна гэдгээс үүдэн хүний эрхийг зөрчсөн гэх мэт шүүмжлэл гарч байв. УИХ-ын дарга Г.Занданшатарын олныг дагуулаад байгаа рийлд “Бид нохой муураа буудан алж, булсаар л байх уу. Нүүдэлчин соёл иргэншилтэй монголчууд бид нохойг гаршуулж, мал сүргээ хариулуулахад, хашаа хороогоо мануулахад сургасан ард түмэн билээ. Харин орчин цагт монголчууд суурин соёл иргэншилд шилжсэнээр зөвхөн нохой биш бусад олон төрлийн гэрийн тэжээвэр амьтдыг өсгөн үржүүлж, тэжээж, гэр бүлийнхээ нэг гишүүн гэж тооцдог болоод байна. Тиймээс өв уламжлалаа өнөө цагийн нөхцөл байдалтай уялдуулан гэрийн тэжээвэр амьтдын болоод ард нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлага бий болоод байна.

Гэрийн тэжээвэр амьтдын тоо толгойг зохицуулахын тулд буудаж хороох арга нь хоцрогдсон, үр дүнгүй арга. Харин муур нохойны үржлийг хааж, гэрийн тэжээвэр амьтдыг "бичил чип" бүхий бүртгэлтэй болгож, эздийг нь сургалтад хамруулах зэрэг хүмүүнлэг, энэрэнгүй, дэвшилтэд арга хэлбэрүүд орчин цагт хэрэглэгдэж байна” хэмээн онцолсон.

Нийслэлийн хэмжээнд  байгаа  нохой, муурын тоо 98.8-д хүрсэн. Сайн эзэд олон ч дургүйгээ хүрэхээр гудамжинд гаргаад хаячихдаг, ийш тийшээ нүүхдээ хогтой хамт гаргаж орхиод явдаг нь ч байна. Тэгвэл нийслэлийн төсвөөс жил бүр 1.6 тэрбумыг эзэнгүй  нохой, муурыг устгахад зарцуулдаг. Устгасан нохойгоо газарт булдаг, энэ нь хөрсний бохирдол, халдварт өвчин тархаж болзошгүй гэх мэт  эрсэдэлтэй. Тэгэхээр 1.6 тэрбум төгрөгөөр  нохой, муурыг устгаж, дээр нь хөрсний бохирдол, халдварт өвчин үүсэх эрсэдэлт нөхцөлд амьдрах уу. Энэ мөнгөөр дээрх амьтдын үржлийг нь хааж, бүртгэлжүүлэх зэргээр зохицуулалт хийх үү. Аль нь зөв сонголт вэ гэдгийг Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулиар шийдэх нь ээ.

Ч.ОЛДОХ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ddavaa(202.21.107.31) 2023 оны 11 сарын 17

Nohoi zalah hurga zasahaas amarhan Neg jingeriin urjil zogsooj zardlaar arvan eri nihoin urjliig zogsoono Nohoi orooniihoo ued dogshidog Zassan nohoi zolbin yavsan ch Ter bur hun dairahgui

0  |  0
Иргэн(202.9.46.79) 2023 оны 11 сарын 17

Одоо үед бараг устгал нь дээр дээ эзэнгүй юм бол тэр амьтаныг амьд байлгаж улам зовоож байхаар халиасан нь дээр.

1  |  0
Зочин(202.126.89.20) 2023 оны 11 сарын 17

Мэдээж хуулийн зохицуулалт хэрэгтэй, гэхдээ яг одоо бол дорвитойхон устгал л хэрэгтэй байна даа

2  |  0
Top