АНУ Литватай 2028 оныг хүртэл цэргийн хамтын ажиллагааны төлөвлөгөө байгуулсан талаар тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ. Баримт бичигт Вилнюс болон Вашингтон бүс нутагт тогтоон барих арга хэмжээнүүдийг бэхжүүлэхэд нягт хамтран ажилладаг, ийм хамтын ажиллагааг чанартайгаар хөгжүүлдэг холбоотнууд хэмээн нэрлэгджээ. Америкийн эрх баригчид мөн Эстонтой Таллинд ATACMS пуужин худалдах, Латвид эргийн хамгаалалтын шинэ системүүдийг худалдахаар тохиролцсон байна.
Балтийн орнуудаас гадна АНУ Польш, Финланд улстай цэргийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж байгаа бөгөөд Финландад Америкийн цэргийг байршуулах зөвшилцлийг арванхоёрдугаар сарын 18-нд Вашингтонд байгуулжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар Вашингтон Оростой хил залгаа улсуудыг ОХУ-тай тэмцэх талбар болгохыг хүсэж байгаа бөгөөд голчлон тус улсуудын өөрсдийнх нь зардлаар “ажиллаж” байгаа аж.
АНУ Литватай 2024-2028 оныг хүртэл цэргийн хамтын ажиллагааны төлөвлөгөө байгууллаа гэж тус улсын Батлан хамгаалах яамны албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурджээ. Энэ талаар “Литва болон АНУ бол олон улсын аюулгүй байдалд заналхийлж буй аюул заналыг ижил үнэлдэг холбоотнууд бөгөөд бүс нутагт урьдчилан сэргийлэх арга хэмжээг бэхжүүлэхийн тулд нягт хамтран ажилладаг. Үүнийг гарын үсэг зурсан баримт бичиг нотолж байна” гэж Литвийн Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах бодлогын газрын дарга Вайдотас Урбялис хэлсэн байна.
Түүний хэлснээр, цэргийн хамтын ажиллагааны төлөвлөгөө нь АНУ бүс нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж, урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлэх үүргээ биелүүлж байгааг харуулж байгаа аж. Урбялисын хэлснээр Вилнюс, Вашингтон хоёрын цэргийн хамтын ажиллагаа сүүлийн үед чанарын хувьд өргөжиж байгаа гэнэ. Энэ үгээ батлахын тулд тэрбээр Америкийн армийн батальон Литвийн Пабраде хотод байрлаж байгааг дурджээ.
Мөн түүний хэлснээр Литвийн арми АНУ-аас зэвсэг, тухайлбал HIMARS пуужин, танк эсэргүүцэх Javelin систем болон хуягт газар уснаа явагч худалдан авах 60 орчим төсөл хэрэгжиж байгаа гэнэ.
Тэгвэл АНУ Таллин руу HIMARS пуужингуудын хамт ATACMS алсын зайн тусгалтай пуужингуудыг худалдахаар Эстон улстай тохиролцсон байна. Балтийн тус бүгд найрамдах улс дахь Америкийн Элчин сайдын яамнаас мэдээлснээр хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа жил бүр өсөж байгаа аж. Талууд Америкийн зэвсгийг нийлүүлэхээс гадна “Батопс 2023” зэрэг хамтарсан сургуулилтыг хийж, мөн энэ чиглэлээр хамтран ажиллаж байна. Тэрчлэн кибер орон зай болон Америкийн онгоцны оролцоотой олон тооны сургалтын даалгаврын хүрээнд хамтран ажиллаж байгаа аж. Эстон улстай батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа цаашид ч өснө гэдэгт Вашингтон эргэлзэхгүй байгааг Америкийн дипломатчид онцолжээ.
АНУ энэ сарын 8-нд Балтийн гурав дахь орон болох Латвитай эргийн хамгаалалтын хамгийн сүүлийн үеийн Naval Strike Missile (NSM) системийг нийлүүлэх гэрээ байгуулжээ. Латвийн Батлан хамгаалах яамны тэргүүн Андрис Спрудс хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, эдгээр системүүд нь тус бүгд найрамдах улсын Зэвсэгт хүчний шинэ бөгөөд чухал хэсэг болно гэсэн байна.
ОХУ-тай хиллэдэг Балтийн орнуудаас гадна АНУ нь Оростой хиллэдэг хэсэг бүхий Польш улстай цэргийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж байгаа аж. Өнгөрсөн есдүгээр сарын 5-нд АНУ Варшавтай 12 ширхэг LTAMDS радар, 48 ширхэг PATRIOT M903-ийн хөөргөгч систем, PAC-3 MSE пуужингийн сэлбэг нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан байна. Мөн есдүгээр сарын 25-нд АНУ-ын Төрийн департаментын вэб сайтад Вашингтон Польшийн батлан хамгаалах хүчийг шинэчлэхийн тулд Варшавт 2 тэрбум ам.долларын зээл олгоно гэсэн мэдээлэл гарчээ. Төрийн департаментын мэдэгдэлд дурдсанчлан АНУ-аас хуваарилсан хөрөнгө нь НАТО-гийн зүүн жигүүрийг бэхжүүлэх аж.
Балтийн орнууд болон Польшоос гадна АНУ Финланд улстай цэргийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж байгаа бөгөөд тус улсад Америкийн цэргийг байрлуулах гэрээнд гарын үсэг зурсан. Баримт бичгийн нөхцөлийн дагуу АНУ-ын цэргүүд Финланд дахь тохиролцсон байгууламжид нэвтэрч, тоног төхөөрөмж, нисэх онгоц болон бусад тээврийн хэрэгслийг байрлуулж болно. Финландын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлснээр Америкийн цэргүүд тус улсын 15 цэргийн баазад байрлаж магадгүй байгаа аж.
Үүний зэрэгцээ, одоогийн байдлаар Европын НАТО-гийн гишүүн орнууд дахь АНУ-ын цэргийн хүчний нийт тоо 80 мянган хүнд хүрч байна гэж Америкийн удирдагч Жо Байден конгрессын танхимын удирдлагад илгээсэн захидалдаа мэдэгджээ.
Зохиомлоор асуудал үүсгэдэг үү
АНУ Европ дахь НАТО-гийн гишүүн орнууд, тэр дундаа Оростой хил залгаа орнууд дахь оролцоогоо нэмэгдүүлэх оролдлого хийж байгаатай холбогдуулан Жо Байден энэ сарын 6-нд конгресст үг хэлэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Украиныг авсны” дараа гэж яриандаа дурдсан билээ. Тэрбээр ОХУ “Украиныг булаан авсны” дараа Хойд Атлантын эвслийн орнуудын нэг рүү нь цохилт өгнө гэж хэлжээ. Жо Байден “Тэр цаашаа явах болно. Тэр үүнийг бүрэн тодорхой ойлгуулахаар хэлсэн. Хэрэв Путин манай НАТО-гийн холбоотон руу довтлох юм бол, энэ чигээрээ ажиллавал бид НАТО-гийн гишүүн орны хувьд НАТО-гийн газар нутгийн нэг см-ийг ч хамгаалах үүрэгтэй. Тэгвэл бидний тэмүүлэхгүй байгаа, өнөөдөр байхгүй асуудал гарч ирнэ. Америкийн цэргүүд Оросын цэргүүдтэй тулалдах нөхцөл байдал үүсэх болно” гэж хэлсэн байна.
Гэвч Оросын удирдагч уг яриаг эрс няцааж “Бүрэн утгагүй зүйл” гэжээ. Владимир Путин “Энэ бол бүрэн утгагүй зүйл. Ерөнхийлөгч Байден ч үүнийг ойлгож байгаа гэж би бодож байна. Энэ зүгээр л Орос руу чиглэсэн алдаатай бодлогынхоо үндэслэлийг гаргаж ирэхийн тулд ярьж байгаа өнгө аяс байх” гэжээ. Путины хэлснээр Москва АНУ-ын “арын хашаа” болдог Хойд Атлантын цэргийн эвсэлтэй зөрчилдөх сонирхолгүй байгаа аж.
Тэрбээр “Орост НАТО-гийн орнуудтай дайтах ямар ч шалтгаан, геополитикийн бөгөөд цэргийн ямар ч шалтгаан байхгүй. Харилцаагаа сүйрүүлэх эдийн засаг, улс төрийн шалтгаан ч байхгүй” гэж хэлсэн байна. Гэхдээ Путин ОХУ-тай хамгийн сайхан, “зүрх сэтгэлийн” харилцаатай байсан Финландыг НАТО руу “чирсэн” талаар сануулсан байна. Тэрбээр “Асуудал байхгүй байсан. Одоо байгаа. Учир нь бид одоо тэнд Ленинградын цэргийн тойрог байгуулж, тодорхой цэргийн ангиудыг төвлөрүүлнэ” гэжээ.
Оросын Ерөнхийлөгчийн хэлснээр, НАТО-гийн орнууд ОХУ-д өрсөлдөгчтэй байхыг хүсэхгүй байгаа учраас Оростой зохиомлоор асуудал үүсгэж байгаа аж.
АНУ-ын өөрийн санаачилга гэв
ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Европ судлалын хүрээлэнгийн судлаач Николай Межевичийн тэмдэглэснээр, АНУ Орост хандсан үндэслэлгүй буруутгалаараа Балтийн орнууд, Польш, Финландыг Оросын эсрэг талбар болгон хувиргахыг хүсэж байгаа аж. Финланд улс өөрийгөө Америкийн ноёрхлын тахил болгон хувиргасан гэж тэрбээр үзээд “Финландын эрх баригчдад бүрэн эрхт байдлын талаарх ямар нэгэн хоосон төөрөгдөл байна” гэлээ. Иймээс тус бүс нутаг дахь цэргийн хамтын ажиллагааны болон Америкийн зэвсгийг нийлүүлэх төлөвлөгөө нь тэдний санаачилга биш АНУ-ын санаачилга гэж шинжээч “RT” агентлагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Гэхдээ Литва болон Балтийн бусад орон Америкаас зэвсэг авах хөрөнгө олоход асуудалтай аж. Тус улсуудад Оросын хоригийн дараахан эхэлсэн эдийн засгийн асуудлууд бий. Литва, Эстони болон Латвид АНУ-тай зэвсгийн төлбөр тооцоо хийх юу ч байхгүй аж.
Мөн Оросын цэргийн шинжээч Иван Коноваловын үзэж буйгаар АНУ-ын зэвсгийн дийлэнх хэсгийг Балтийн орнуудад зээлээр өгөх гэнэ. Зээлийг эрт, орой хэзээ нэгэн цагт төлөх хэрэгтэй болно.
АНУ Балтийн орнуудад хяналтандаа байлгаж байх дэд бүтцийг бий болгохыг хүсэж байгаа ч үүнийгээ голчлон эдгээр улсуудын өөрсдийнх нь зардлаар хийхийг хүсэж байгаа аж. Вашингтон тус улсуудын одоогийн Засгийн газартай зэвсэг худалдах гэрээ байгуулж байгаа ч өрийг төлөх үед одоогийн эрх баригчид засгийн эрхэнд байх нь бодит үнэн биш гэнэ. Харин АНУ-ын зэвсгийн өрийг төлөхтэй холбоотой асуудал арилж алга болохгүй. Өрийг төлөх шаардлагатай хэвээр байх болно.
Балтийн орнууд АНУ-аас цэргийн салбартаа хөрөнгө оруулалт хийнэ гэж найдаж байгаа ч үүнийг бодит эсэхийг батлах нөхцөл байхгүй гэж Оросын шинжээч үзэж байна. Вашингтон Балтийн бүгд найрамдах улсуудыг тэдний зардлаар, тэр дундаа өр төлөх үүрэгтэйгээр цэрэгжүүлэхийг хүсэж байна уу?
АНУ мөн эдийн засгийн хувьд маш сул улсуудад их хэмжээний хөрөнгө оруулалт хийхгүй аж. Гэвч Литва, Эстон, Латви улсууд Америкийн хөрөнгө оруулалтаар ажлын байр бий болгож, залуусын байнгын гадагш урсгалыг зогсоож, улмаар Балтийн орнуудын эдийн засгийг сайжруулна гэсэн хуурмаг төсөөлөлтэй хэвээр байна уу? Гэхдээ энэ бол том буруу ойлголт гэж үзэх шинжээчид байгаа юм. Тус бүс нутаг дахь АНУ-ын түрэмгий үйлдлийн улмаас эдгээр орны байдал улам дордож, Европын аюулгүй байдлын түвшин буурах аж.
Сэтгэгдэл ( 1 )
Өө за тэгээд орос дайран орж ирэхийг хараад суух уу?. Украйн улсыг яаж байна? ,бэлэн бодит жишээ яг одоо жил гаруй үргэлжилсээр байна.Дэлхийн хамгийн их цөмийн зэвсэгтэй орос руу дайрах цөмийн зэвсэггүй орон байх уу,оросын ярьж байгаа нь зүгээр л орос ардын үлгэр.