Хичээлийн жилийг НАЙМДУГААР САРД эхлүүлье

2024 оны 02 сарын 28

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч, Засгийн газраас улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж буй.

Улсын онцгой комиссоос хамгийн сүүлд буюу өчигдөр /2024.02.27/ орой өгсөн мэдээллээр зудын нөхцөл байдалд үнэлгээ хийхэд 13 аймгийн 58 суманд төмөр зуд, 17 аймгийн 139 суманд цагаан зуд, 18 аймгийн 69 суманд цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байгаа бөгөөд нийтдээ 21 аймгийн 266 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрчээ.

Хоёрдугаар сарын 26-ны өдрийн байдлаар малын хорогдол 2.136.563 болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 85.9 хувиар өссөн байна.
 


Малчдын нөхцөл хүндэрсэн энэ цаг үед нэлээд өрхийн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд хичээлдээ явж чадахгүйд хүрсэн байдаг. Нөгөө талаар хүүхдүүд хичээлдээ явсан үед эцэг эх нь хоёулхнаа үлдэж, ар гэр хүн хүчгүйдэх нь цөөнгүй. Тэжээлийн малд өвс, хэвгийг нь өгөхөөс эхлээд хүүхдийн тус их байдгийг малчид ярьдаг.

Тийм ч учраас цаг үеийн нөхцөл байдлын шаардлагаар Улсын онцгой комисс сурагчдын улирлын амралтад өөрчлөлт оруулахаар санал нэгдэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн болов уу.

Одоогийн байдлаар ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар улирлын хичээл нэгдүгээр сарын 29-ний өдрөөс гуравдугаар сарын 29-нийг хүртэл хичээллэж, дөрөвдүгээр сарын 01-07-ны өдрүүдэд улирлын амралттай байх хуваарьтай байгаа юм.

Ер нь сурагчдын амралтыг нааш, цааш хөдөлгөх, цахимаар хичээллүүлэх зэрэгт нэг хүндрэл үүсдэг нь хичээлийн хоцрогдлын асуудал байдаг.

Хамгийн том жишээ бол ковидын жилүүд байсан. Тухайн үед амьдралын боломжгүйгээсээ шалтгаалсан буюу цахилгаангүй, гар утасгүй, интернэтгүйгээс болж сурагчид цахим хичээлдээ орж чадахгүй тохиолдлууд гарч 178 мянган хүүхэд хичээлээсээ хоцорсон гэдгийг салбарын сайд нь хэлж байв. Нөгөө талаар хүүхэд сурах ёстой мэдлэгийнхээ 60-70 хувийг заавал танхимд суралцаж авдаг. Нэг хичээлийн жилд сурагчид 165-180 хоног танхимд хичээллэх ёстой. Гэвч нийслэлийн сурагчид 2021 оны хичээлийн жилийн 110 хоногт нь зайнаас суралцсанаас үүдсэн хоцрогдол бий болсон гэж байв. Тиймдээ ч сурагчдын хоцрогдлыг арилгах зорилгоор тухайн үед хичээлийн жилийг наймдугаар сард эхлүүлэх хувилбар яригдаж байлаа.
 


Харин одоо малчдын нөхцөл байдал хүнд, дээрээс нь мал төллөлт удахгүй эхлэх гэж байна. Ийм үед хүүхдүүдээ аймаг, сумын төв рүү явуулж, эцэг эх нь үлдэх, нөгөө бол эхнэр нь хүүхдүүдээ аваад сум бараадаж, өрхийн тэргүүн ганцаар хэдэн малтайгаа зутарч үлдэх дүр зураг харагдана. Тиймээс сурагчдын хаврын улирлын амралтыг урт хугацаатай олгож, аав ээж, ар гэрийн ажилдаа туслах боломжийг олгомоор байна. Үүний тулд өмнө нь ярьж байсан хувилбараар хичээлийг наймдугаар сард эхлүүлж ч болох юм. Гэхдээ хичээлийн жилийн эхлэх хугацааг өөрчлөхийн тулд мэдээж Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд хичээлийн жил нь есдүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны зургаадугаар сарын 15-ны өдрийн хүртэл үргэлжилнэ гэж заасныг өөрчлөх хэрэг гарна.

Ямартай ч жилийн жилд л өвөл, хавар ээлжилж, их, бага хэмжээгээр цас зуд болох нь гарцаагүй. Тулаад ирэхэд нь халаглах биш, өмнө нь тулгардаг, тулгарсаар байх асуудлаа харж, гарц гаргалгааг олох шаардлагатай байна.
 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top