Дэлхийн оёдолчдын өдрийг тохиолдуулан Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Лханаагийн Мөнхтөрийн Монгол Улсын мастер оёдолчин Аюурзанын Алтантуяагийн тухай “Алтан гар"-тай А.Алтантуяа” хөрөг нийтлэлийг “Өглөөний зочин” булангаар уншигч танаа хүргэж байна.
Нуур амар бол нугас амар гэж сайхан үг бий. Хүн нутаг усаа дуурайж төрдөг ч гэж ярьдаг. Эрдэнэзууд ойрхон төрсөн хүн ийм байдаг бол уу гэмээр налгар бүсгүйг би уншигч олондоо танимхайран өөриймсөх гэж байна.
Тэр “дээл” гэж хэлд орсон бол уу гэмээр нэгэн. Бид хоёр хөтөлцөж гүйж, хурга тугалын бэлчээрт танилцсангүй. Хотын гудамжаар алхаж хоол зоогийн газар тухалж танилцсангүй. Зүгээр л монгол гэсэн сэтгэлийн ширхэг маань эчнээ танилцуулж дотно нөхөрлүүлж, нэгнээ дэмжих, хүндэтгэхийн язгуурт чамгүй хэдэн жил нөхөрлөж яваа юм даа. Түүнийг ажил үйлс нь овоглох болоод цаг хугацаа нэлээд урссан байх юм. “Ур-Ундрах”-ын Алтантуяаг та бүхэн мэднэ. Монгол хувцас урлаж суудаг энэ бүсгүй, Монголоо гэсэн сайхан сэтгэлээ хамт урладаг нэгэн. А.Алтантуяа бол 1982 онд Хөнгөн үйлдвэрийн салбарын харьяа Нийтийн ахуй үйлчилгээний сургуулийг захиалга хувцасны чиглэлээр төгсөж, мэргэжлээрээ ажилласан. Энэ цагаас хойш 40 гаруй жил мэргэжилдээ үнэнч яваа хүн. Би нэг удаа “Ур-Ундрах”-ыг зорилоо.
Цагаан сарын өмнөхөн монголчуудад монгол хувцасны тухай танин мэдүүлэх дотор бодолтой. Ингээд бид хоёр монгол хувцасны тухай дөрвөн цуврал нэвтрүүлэг бэлтгэсэн юм. Дээл, бүс, малгай, гутал гэсэн. Ер нь бол нэг л нэвтрүүлэг хийх бодолтой очоод яриан дундаа түүний хэлсэн сайхан үг л намайг дөрвөн нэвтрүүлэг хийхэд хүргэсэн. Тэр юу гэж ярьсан гэж та бодож байна. “Монгол хүн бүр мандах төрийн малгай, бүтэх төрийн бүс, дэвжих төрийн дээл, тулах төрийн гутлаа өмсч цэгцтэй явахад хямралд нэг их өртөхгүй. Хямрал гэдэг зүйл харин ч засаг, төрийн хэмжээнд болж байна уу л гэж би боддог. ”Ийм үг хэлсэн нь намайг бодлоо өөрчилж цуврал нэвтрүүлэг хийхэд жолоодсон юм. Ер нь бол Алтантуяа радиогоор надтай эчнээ танил, би энэ хүний тухай олны амнаас ч сонссон, “Болор цом”-д шүлэг уншсан, “Болор цом”-ын эздийг дээлээр шагнадаг болсноос хойш таньж мэдэх болсон юм. Алтантуяа бол Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул. Тэр нэг удаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа: “...Манай сум нэг жил улсдаа ургацаар тэргүүлсэн юм. Тэр үед би концерт хөтөлж, Д.Пүрэвдорж гуайн “Сэгс цагаан Богд”, “Хөх даалимбан тэрлэг” найраглалыг уншсан юм. Үзэгчид нэлээд хэдэн удаа дахиуллаа. Би ч өөрөө яруу найрагт их дуртай, аав ээж маань биднийг багад үлгэр ярьж өгч, сайхан шүлэг найраг уншиж өгч өсгөсөн. Тэр концертын дараахан намайг аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга н.Ухнаа гуай дуудууллаа. Ямар алдаа гаргасан юм бол гэж айж сандрах зэрэгцээд очлоо. Ортол “За миний хүү наашаа суу. Сайхан найраг уншдаг хүүхэд байна, баяр хүргэе. Чи оёдолчин юм байна, аймгийнхаа “Хөдөлмөрийн төлөө” сонинд ажиллах уу” гэж асуулаа. Тэгэхэд нь “Би оёдлынхоо ажилд л дуртай. Өөр ажил хийе гэж бодохгүй байна” гэлээ. Тэгсэн санал хэлэх, хүсэх зүйл байвал хэлээрэй гэж байна. Тухайн үед манай ахуйн үйлчилгээний газарт хэрээсний машин, гутал наадаг цавуу нүдний гэм байсан. Дээр нь хүүхэд болохоор их зоригтой гэгч нь “Надад өөрийн эзэмшлийн оёдлын машин байдаггүй. Та машин өгч болох уу. Манай ахуйн үйлчилгээний газарт цавуу хэрэгтэй байгаа” гээд хэлчихлээ. Түүнээс хойш нээх удалгүй тусгай зориулалтын машин, 200 кг цавуу, оёдлын машин ирлээ. Ингэж би яруу найргийн сайхныг, олон түмэнд хүртээлтэйг мэдэрч баярлаж байлаа. Сүүлд “Ур-Ундрах” компаниа байгуулахдаа Дарханы савхин эдлэлийн үйлдвэрийн захирал Хүнийхүү “Болор цом”-ыг савхин дээлээр ивээн тэтгэж байснаас санаа авч монгол дээл өгч болох юм гэж бодсон” ...гэжээ. Алтантуяа маань надад нэг өдөр утас ирүүллээ. Манай “Ур-Ундрах” компани ойгоо тэмдэглэх гэж байна. Өөрийг чинь урьж байна” гэлээ. Урилга ёсоор очиход надад сайхан монгол хүрэм бэлэн зэхээний хийчихээд бэлэглэж байж билээ. Энэ цагаас хойш бид гэр бүлээрээ “Ур ундрах”-ын захиалагч болсон доо. Цаг хугацаа нэг л мэдэхэд арван жилээр алсарч “Ур-Ундрах” маань хорин жилийнхээ ойтой золгож байх юм. Түүнд алт шиг сайхан хүүгээ алс хүний нутагт алдсан гунигт түүх ч бас бий. Жаргал зовлон ээлжилдэг жамын хорвоог яалтай. “Бөмбөл эрдэнэ” гэж өхөөрддөг байсан хүү нь “Ээждээ” зориулан бичсэн шүлгийг нь “Болор цом” дээр уншиж сэтгэлээ онгойлгосон тэр цаг хугацаа бас л алсарчээ... Энэ шүлгийн хэсгээс та уншаарай
“Алтан, мөнгөн загас мөрөн дээрээ наадуулсан
Авралын дээд бурхан миний зүүдэнд ирэв
Алтаа ээжийн минь захьсан үг шиг сайхан
Ардын сургаалийг надад тэр бурхан айлдав
Инээмсэглэл тодорсон нүдийг нь харахад
Ижийтэй минь адилхан харагдсан болохоор
Эрхгүй уйлмаар санагдсан юм
Ижийдээ очмоор бодогдсон юм…”
Алтантуяа бид хоёр уулзахаараа хуучилдаг, хуучлахаараа монгол хувцас, монгол залуусын тухай зовнин ярьдаг л хоёр. Уламжлалт монгол хувцсаараа гангарч, хүн зоныг гоёж яваа энэ уран үйлчийн дээл төрийн ордон, түмний цэнгэл дунд онцгойрон өмссөн эзнээ тулж түшиж, гоёж гоодож, ихэмсэг болоод эрхэмсэгийн ертөнцөд аваачдаг юм. Алтантуяа маань нэгэнтээ: “Бид ертөнцийн есөн бүтнээр амьдармаар байна. “Нартай байвал өдөр нь бүтэн, сартай байвал шөнө нь бүтэн, эртэй байж эм нь бүтэн, үртэй байж гэр нь бүтэн, дуутай байвал найр нь бүтэн, дуртай байвал хайр нь бүтэн, ухаантай байвал хүн нь бүтэн, хүнтэй байвал дэлхий бүтэн, дэлхийтэй байвал хорвоо бүтэн байна” гэдэг үг бий...хэмээн цэцэлсэн билээ.
Өнөөдөр ч өнө хожимч түүний хэлсэн энэ нандин үг хээтэй торгоны хээг нийлүүлэх шиг, сэтгэлд хадагдсан юм. Дээл хувцас урлана гэдэг дуртай нэгний хийдэг ажил биш ээ. Гандангийн зүүн энгэрт “Ур-Ундрах” компани ургах нарыг угтан, уран гарыг яралзуулан оёдол үйлээ эмбрийдэж байна. Аливаа зүйлийг А-гаас нь эхэлсэн бол алс эндээ амжилт бүтээл нь ундардаг. Алтантуяа оёдол үйлийг арав ч хүрэхгүй наснаасаа харж тэмүүлж, хүсэл сэтгэлдээ ургуулж явсаар өнөөдөр “Алтан гар"-тай уран үйлчин болжээ. Ур дүй авьяас билэг бол удах тусмаа өнгөжин гялалзаж, ундран баяжиж байх нигууртай ажаам. Тийм ч болохоор энэ оёдолчин үүсгэн байгуулсан компаниа “Ур-Ундрах” хэмээн бэлэгшээжээ. Тэрээр бид сэтгэл зүтгэлээ дайчлан анх “Начин заан” компанийн байранд оёдол үйлээ эхэлж байсан. Энд 10 жил ажилласан. Тэгээд энэ буян хурсан сайхан энгэрт өөрийн гэсэн байраа дархалж ажил үйлс маань нэг шат ахисан. Аюурзанын Алтантуяа хоёр охин ганц хүүтэй. Нөхөр нь жолооч. Тээвэрчин хүний гэргий байна гэдэг амаргүй. Ажил үйл, амьдрал ахуй, ар гэрээ бүгдийг нь дааж явах үе зөндөө. Тэр “Болор цом” яруу найргийн тэмцээнийг 21 дэх жилдээ монгол сайхан дээлээрээ мялааж байна. Оюун ухааныг дээдлэгч энэ сайхан үйлсийг дэмжин баярлуулах болсон нь хэд хэдэн учир шалтгаантай. Хархоринд оёдолчин байхдаа урлаг уран сайхан хөтөлж шүлэг уншдаг байсан. Тэр үедээ Дэндэвийн Пүрэвдорж гуайн “Хөх даалимбан тэрлэг”, “Сэгс цагаан богд” найраглалыг уншдаг байсан. Энэ алдарт зохиолч “Болор цом” наадмыг санаачилсан. Өвөрхангай нутгийнх. Ийм гадаад шүтэн бишрэгчийн учир шалтгаан байлаа. Тэр бүхний далд нуугдсан нэг гол шалтгаан нь газар дээр ганц хүүгээ харийн оронд харамсалтайгаар алдаж сэтгэлийн зовлон эдэлсэн эх хүний нинжин сэтгэл байсан юм. Хүү нь шүлэг бичдэг яруу найрагт элэгтэй нэгэн байсан. Хүүгээ бодож сэтгэлээ сэврээж явах далдын ухаан энд их нөлөөтэй байсан. Би яагаад ч юм энэхүү ухааныг түүний яриа хөөрөөнөөс олж мэдсэн. Тэгээд ч Алтантуяа “Яруу найраг бол оюун ухааны оргил” хэмээн ярих дуртай нэгэн. “АЛТАН ГАР”-тай Алтантуяагийн ур авьяас нь ухаан зарсан, уламж хойчоо бодсон, эрдэм мэдлэг хуримтлуулсан эхийн ариун сэтгэл шингэсэн байдаг. Тэр монгол уламжлалт хувцас гоёлын үүх түүх, учир жанцанг ихээхэн судалсан хүн. Гоёлоо хийлгэхээр ирсэн хүн бүхэнд дээл хувцасны утга учир өмсөж эдлэх соёлыг ухуулж таниулж өгнө. Захиалагч шинэ мэдлэг шинэ ухаан сэлбээд гарна. Тэрээр монгол хувцасны өнө эртний хэрэглээ өвөг дээдсийн сургаалыг нэгбүрчлэн судалж мэдсэн гэхэд хэтийдэхгүй. Тухайлбал, Чингис хаан есөн өрлөгтөө баяр бахархалын үед алтан нарны өнгөтэй шаргал дээл зориудаар өмсгөдөг байсан тухай, мөн ч төр улсаа нэгтгэж их хаанд ор сууж тангараг өргөхдөө “намрын загсаасан өрөм шиг шаргал өнгийг бэлэгшээж баяр цэнгэл, найр хуриманд энэ өнгийн дээл хувцасаар гоёх, элгэн хүрэн өнгийг эрхмийн дээд эвийн бэлэгшээл болгож энэ хоёр өнгийг дээдэлж явахыг онцолсон тухай...” хүртэл ярьж сууна. Тэгээд ч монгол улсын үе үеийн хаад монгол хувцасыг хэрхэн эрэмбэлж дээдэлж явах тухай хууль гаргаж байсан. 1205 онд Мөнх хааны үед монгол хувцасны тухай анхны хууль гаргаж, улмаар 1275 онд Хубилай хаан дахин энэ хуулийг баталгаажуулж байсан. Алтантуяа бол Монгол хувцасны тухай хуультай болмоор байна гэж удаа дараа ярьдаг нэгэн. Энэ чухал. Монгол хувцсаа дээдлэн өмсөж, дэргэдийн хүндээ үлгэрэх нь өвөг дээдсийн үр хойчдоо олгож байгаа том мэдлэг зан дадгал юм. Зөвхөн ур авьяас байлаа гээд цогцолбор болохгүй. Ур авьяасыг эрдэм мэдлэгээр сэлбэж гэмээнэ төгс төгөлдөр болохын бодитой жишээг түүнээс олж харсан минь их олз байсан даа. Алтантуяа бол алтан гартайгаас гадна алтан сэтгэлтэй нэгэн. Тэр урласан бүхэндээ сэтгэлээ шингээдэг. Сэтгэл гэдэг бол аливаа зүйлийн чанарын тэмдэг юм. Түүний хийсэн монгол хувцсанд гологдол гарна гэж байхгүй. Чухамхүү энэ нь сэтгэл шингээсэнд оршино. Ур+Сэтгэл болой. Алтан гартай Аюурзанын Алтантуяа гэсний ухааныг учирлах гэж энээхэн зурвасыг илгээж сууна.
Сэтгэгдэл ( 0 )