Б.Гүрсоронзон: Шалгуур хангасан 904 аж ахуйн нэгж улс хооронд ачаа тээвэрлэж байна

2024 оны 05 сарын 15

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзонг "Өглөөний зочин"-оор урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.


Засгийн газар 16 улстай ачаа тээвэрлэх хэлэлцээр байгуулсан

-Монголд авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой 2025 онд тохионо. Мэдээж ойн хүрээнд төлөвлөж хийж буй ажил байгаа байх. 100 жилийн түүхтэй салбарыг удирдаж байгаа хүний хувьд өөрийгөө манай уншигчдад танилцуулах уу?

-Юуны өмнө, энэхүү ярилцлагыг уншиж буй уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд Автотээврийн салбарт анх 2015 онд тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэргэжилтнээр ажилд орж байлаа. Түүнээс хойш ахлах мэргэжилтэн, тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга гээд шат дараалалтайгаар буюу удирдах албан тушаалтнуудын баримталж ажиллаж байсан мерит зарчмаар албан тушаал дэвшиж одоо тус төвийн захирлын албан тушаалд ажиллаж байна. 100 жилийн түүхтэй салбарыг удирдаж буйн хувьд ойн хүрээнд төлөвлөж хийж буй ажлууд байгаа.

-АТҮТ-ийн үйл ажиллагааны хамрах хүрээнд улс хоорондын ачаа тээвэрлэлт, Хот хоорондын ачаа болон зорчигч тээвэрлэлт, үнэ тариф, тусгай зөвшөөрлүүд, тээврийн хэрэгслийн бүртгэл, үзлэг оношлогоо, тооллого зэрэг олон үйлчилгээ багтдаг. Улс хоорондын ачаа тээвэрлэлт бол Монгол Улсын хөгжлийг гадаад улсад таниулах толь. Өнөөдөр хэдэн боомтоор хэчнээн аж ахуйн нэгж улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлж байна, тэдэнд ямар шалгуур тавьдаг бол?

-Олон улсын Автотээврийн харилцааны тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газар улс хооронд ачаа тээвэрлэх хоёр талт хэлэлцээрийг 16 улстай байгуулсан. Авто тээврийн үндэсний төв нь БНХАУ-тай байгуулсан хэлэлцээрийн хэрэгжилтийг ханган ажилладаг. Автозамын хилийн боомтуудаар экспортлогдож байгаа ашигт малтмалын /нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, газрын тос, жонш, цайрын баяжмал/ тээвэрлэлтийг Бургастай, Булган, Гашуун сухайт, Шивээ хүрэн, Ханги, Баянхошуу, Замын-Үүд, Бичигт, Хавирга гэсэн есөн боомтоор гүйцэтгэж байна.  Шалгуур үзүүлэлт гэвэл Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хоёр талт хэлэлцээр болон Автотээврийн тухай хууль, түүнтэй холбогдон гарсан дүрэм журам, стандартын дагуу шаардлага хангасан тээвэрлэгч аж ахуй нэгж байгууллагуудыг “Тээврийн нэгдсэн систем”-д бүртгэн ажилладаг. Тус системд 904 тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагын 37184 тээврийн хэрэгсэл, 24137 мэргэшсэн жолооч бүртгэлтэй байна. 2024 оны тавдугаар сарын 10-ны байдлаар нүүрс 25.1 сая.тн  тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 37,1 хувиар, зэсийн баяжмал 319.1 мян.тн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 41 хувиар, төмрийн хүдэр 201.2 мян.тн тээвэрлэсэн  нь өмнөх оноос 49 хувиар тус тус өссөн бол газрын тосны тээвэрлэлт 174.8 мян.тн тээвэрлэсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 10.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Та тусгай зөвшөөрлийн талаар асуулаа. Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хоёр талт хэлэлцээр 2023 онд шинэчлэгдсэн бөгөөд энэхүү хэлэлцээрээр хил нэвтрэх тээврийн хэрэгсэлд олгодог, зорчих зургаан төрлийн зөвшөөрлийн бичиг дээр шинээр G болон H гэсэн хоёр төрөл нэмэгдсэн. 2024 онд нийт ашиглах 115110 ширхэг зөвшөөрлийн бичгийг БНХАУ-ын талтай солилцон ажиллаж байна. “G” төрлийн зөвшөөрлийн бичиг гэдэг нь гуравдагч улсаас, гуравдагч улс руу тээвэрлэлт хийхэд зориулагдсан, “H” төрлийн зөвшөөрлийн бичиг гэдэг нь Дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлт хийхэд зориулагдсан бичиг юм. Дамжин өнгөрөх тээвэрлэлтийн тухайд  Монгол Улс, БНХАУ болон ОХУ-ын Засгийн газар хоорондын “Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто зам” буюу БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Үрэмч хотоос Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин 2023 онд ОХУ-ын Новосибирск хот хүртэл нийт 2253 км замд туршилтын тээвэрлэлтийг хийсэн.

Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд vip ангиллын тээврийн үйлчилгээг нэвтрүүлнэ

-Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ бол хамгийн их хяналт тавих газар. Жолооч нар хурд хэтрүүлэх, бүрэн бус техниктэй гарах, харилцааны соёл дутуугаас үл ойлголцох гэх мэт. Гэхдээ нэг үеийг бодвол хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний чанар сайжирсан. Тухайлбал, Булган чиглэлийн автобусны нэг жолооч түгжрэлд саатан хоцорч буй зорчигчийг хүлээж байгаад авч явсанд зорчигчид талархаж байсныг мэдэх юм. Зорчигчдын эерэг сэтгэгдлүүд цахим орчинд нилээдгүй байсан. Ээлжийн жолоочтой болсон, техникийн бүрэн байдлыг хангаж хэвшсэн, аймгуудын  авто тээврийн төвүүд  24 цагийн турш дамжин өнгөрч буй бусад автобусанд хяналт тавьдаг нь ахиц гарахад нөлөөлсөн болов уу. Илүү сайжруулах талд юу хийж байна?

-Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг 21 аймгийн 49 чиглэлд 59 аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулан 700 гаруй тээврийн хэрэгсэлтэйгээр үйлчилгээг үзүүлж байна. Үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор жилээс жилд шинэ үйлчилгээнүүдийг нэвтрүүлж ирсэн, тухайлбал өнгөрсөн жил “Номтой автобус” төсөл хэрэгжүүлсэн. Энэ жил бид Free wifi-тай  автобус үйлчилгээг үе шаттайгаар нэвтрүүлж байна. Энэ үйлчилгээ баруун болон хойд чиглэлийн автобуснуудад бүрэн нэвтэрсэн. Мөн хот хоорондын  нийтийн тээврийн үйлчилгээнд VIP ангиллын тээврийн үйлчилгээг үе шаттайгаар нэвтрүүлэх бэлтгэлийг хангаж байна. Туршилтын тээврийн үйлчилгээг энэ тавдугаар сард багтаан “Улаанбаатар-Увс-Улаангом сум” чиглэлд эхлүүлнэ. VIP үйлчилгээний давуу тал нь 28 хүний суудалтай, хөл амраагчтай, хагас унтлагын зориулалттай, 24 цагийн тасралтгүй интернэт болох Старлинктэй, 24 цагийн турш цай, кофе үнэгүй, халуун хүйтэн устай, зорчигчид утсаа  цэнэглээд  явж болох usb оролт суудал бүрт гэх мэт маш олон давуу үйлчилгээг  зорчигчид авах юм.

-Хот хоорондын зорчигч тээврийн автобусны тариф өнгөрсөн жил нэмэгдсэн ч  иргэд агаарын тээврийг биш, зорчигч тээврийн автобусаа л сонгоод үйлчлүүлж байх шиг. Энэ нь найдвартай, саадгүй үйлчилгээ үзүүлдэгт байх. Орон нутгийн иргэд үнэ тарифын талаар санал гомдол гаргадаг уу?

-Өнөөдрийн нийгэм эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор бүх салбарт ажил үйлчилгээний үнэ нэмэгдсэн, ялангуяа өргөн хэрэглээний бараа эрс өссөн. Энэ өсөлт тээврийн үйлчилгээний зардалд нөлөөлж аж ахуйн нэгж байгууллагууд алдагдалд орсноор үйлчилгээний тарифыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан. Бид тооцоо судалгааг нарийвчлан хийж, харьцуулан дүгнэж аль болох  иргэд, зорчигчдод хүндрэл учруулахгүйгээр хуучин тарифаас 1000-20000 төгрөгийн хооронд нэмэгдүүлсэн. Энэ нь  зорчигчдод нэг их дарамт болоогүй нь тэд галт тэрэг, агаарын тээврээс илүүтэй автобусны үйлчилгээг сонгож байгаагаас харагдаж байна. Тиймээс тарифын талаар гомдол харьцангүй  бага гарсан. Манай үндсэн үүрэг, зохион байгуулалт бол батлагдсан чиглэлд тогтсон цагийн хуваарийг баримтлан 24 цагийн хяналт дор зорчигч тээврийн үйлчилгээг үзүүлснээр иргэд баталгаатай, найдвартай, саадгүй үйлчилгээг авах боломж бүрдэх юм. Тиймээс зорчих найд­вартай тээврийн төрлөө сонгох нөхцөлийг нь бид хангах ёстой.

-Тээврийн хэрэгслийн бүх мэдээлэл цахимжсанаар тээврийн хэрэгслийн тоо тодорхой болсон. Өнөөдөр монголд яг хэчнээн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна вэ?

-2024-05-08-ны байдлаар улсын хэмжээнд нийт бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 1,244,316 байна. Үүнээс нийслэл хотод 736,184, орон нутагт 508,132 байна. Он гарсаар 56,491 тээврийн хэрэгслийг шинээр бүртгэж 237,557 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэсэн, 3643 тээврийн хэрэгслийг бүртгэлээс хассан байна. Улсын дугаарын дэвсгэр өнгөөр нь ангилбал шар дэвсгэртэй буюу нийтийн тээврийн 2765, хар дэвсгэртэй буюу технологийн замаар явах тээврийн хэрэгсэл 13252, ногоон дэвсгэртэй буюу цахилгаан болон устөрөгч, тэдгээрийн хосолсон хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл 1244, цэнхэр дэвсгэртэй буюу төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын 9296, улаан дэвсгэртэй буюу дипломат байгууллагын тодорхой хэдэн тээврийн хэрэгсэл бий, үлдсэн нь цагаан дэвсгэртэй буюу энгийн тээврийн хэрэгслүүд бүртгэлтэй байна.

Яармагт шинээр техникийн хяналтын төв ашиглалтад орно

-Машинаа үзлэгт оруулсан зарим жолооч “Ялихгүй зүйл дээр буцаалаа, яаж дахин ирэх юм, цаг зав алга” хэмээн бухимдаж буй харагддаг. Авто оношлогооны төвүүд нийслэлд арай цөөн байна уу, олон байвал дараалал багасаж цаг зав хэмнэнэ шүү дээ?

-Тээврийн хэрэгслийн хувьд Монгол Улс маань үйлдвэрлэгч биш импортлогч орон, дээрээс нь нийт ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслийн 90-ээд хувь нь 10-аас дээш жилийн насжилттай хуучин тээврийн хэрэгслүүд байгаа. Ийм учраас тээврийн хэрэгслийн ашиглалтаас хамааран тодорхой хэмжээний  элэгдэл хорогдол үүснэ. Жишээлбэл, Зарим машинууд тоормосны дөрөөн дээрх резин байхгүй шалтгаанаар тэнцдэггүй. Энэ тухайн хүний хувьд ялихгүй шалтгаан гэж байгаа боловч маш том эрсдэлийг дагуулдаг. Монгол орны хувьд эрс тэс уур амьсгалтай учраас гэнэтийн  бороо цас орсны дараа тоормосны дөрөө бээрэх,  хөл  халтирч зогсоож чадахгүйгээс  эрсдэл үүсдэг. Үүнээс болоод зам тээврийн осол гарах, хүний амь нас, эд хөрөнгөөрөө хохирох гэх мэт маш том асуудлууд үүсдэг.Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг буруулах, төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэх үүднээс 2023 оноос эхлэн Чингэлтэй, Цамбагарав, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвүүдийг үе шаттайгаар байгуулж ашиглалтад оруулан ажиллаж байна. Энэ онд буюу 2024 онд Хан-Уул дүүргийн 23 дугаар  хороо буюу Яармагт шинээр техникийн хяналтын үзлэгийн төвийг байгуулахаар тоног төхөөрөмжийн суурилуулалтын  ажлыг гүйцэтгэн үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Тус төвийн үйл ажиллагааг энэ  тавдугаар  сард эхлүүлэхээр төлөвлөж байна.

-АТҮТ-өөс Монгол Улсын 10 байршилд аялал жуулчлалын цогцолбор байгуулах зорилт тавь­сан. Энэ ажлын явц хэр байна?

-Төр, хувийн хэвш­лийн түнш­лэлийн хүрээнд улсын чанартай авто замын дагуу 150-200 км тутамд үйлчилгээний цогцолбор байгуулах шийдвэр ЗТХЯ-наас гарсан. Нийтдээ 47 байршилд цогцолбор баригдах юм. Энэ жил уг 47 байршлаас 10 байршлыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Эхний ээлжинд газрын асуудлыг шийдвэрлэхэд холбогдох газруудаар дамжуулан дэмжлэг үзүүлэх, замын хажуугийн байгууламж, цогцолборын стандартын талаарх зөвлөмжийг өгч дэмжин  ажиллаж байна.

-Энэ манай сонины уншигчийн асуусан асуулт л даа. ОХУ- ын нийслэл Москва, БНХАУ-ын нийслэл Бээжин, Тяньжин, Шанхай руу улс хоорондын зорчигч тээврийн автобус явуулах боломж бий юу?

-Юутай ч эхний ээлжинд гурван улсын автотээврээр дамжин тээвэрлэлт гүйцэтгэх эхний уулзалт хэлэлцээрүүд хийгдэж байгаа.  Цаашид,  алсдаа зорчигч тээврийн автобусыг зорчуулах  боломжтой болно гэсэн гэгээлэг төсөөлөл бий.

Ж.Намжил

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top