Ч.Доржхуяг: Ээжийгээ хөшөөнд мөнхлөх санааг би гаргаж, дүү минь бүтээсэн

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 05 сарын 24

Сүхбаатар аймгийн нутаг дахь олон замын уулзварт араг үүрсэн ээжийн хөшөө аян замд яваа хүмүүсийг  угтаж, үдсээр багагүй хугацаа өнгөрчээ. Хөшөөг анх санаачилж, дүүдээ хэлж бүтээлгэн нутагтаа залсан Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уугуул, зохион бүтээгч Ч.Доржхуягтай уулзаж ярилцлаа.


-Араг үүрсэн ээжийн хөшөөг харахаар ижий минь өөдөөс тосох мэт сэтгэл догдлом мэдрэмж төрдөг гэж олон хүн сэтгэгдлээ илэрхийлнэ. Хөшөө бүтээх санаа танд анх яаж төрөв?

-Миний ээж бараг 100 насны босгонд очиж урт насалсан сайхан буурал байлаа. Нас сүүдэр 97 хүрээд бурхан болсон. Ижий минь ухаан сийрэг, их сэргэлэн хүн байсан. Ижийгээ хөшөөнд мөнхлөхсөн гэсэн бодол сэтгэл дотор байгаад байлаа. Тэгээд “Миний дүү ийм хөшөө бүтээгээч, чи уран барималч юм чинь” гэж төрсөн дүүдээ анх санал болгосон хүн нь би. Тэгээд Уулбаян сумандаа босгодог юм уу гэж хоорондоо ярилцлаа. Тэгж байтал “Дэмий, олны замд босгоё” гэсэн яриа хөөрөө үүслээ. Хөшөөг урласан дүү Эрдэнэбилэг маань Уулбаян сумаас Улаанбаатар, мөн Сүхбаатар аймаг руу зам салдаг уулзварт байрлалыг нь сонгосон.

-Саравчлаад зогсож байгаа байдлаар бүтээх саналыг хэн нь гаргав?

-Тэр ч одоо ээжийн минь л байр байдал, төрх юм даа. Ер нь ээжүүд жаргах наран доогуур хүү өнөөдөр ирэх нь үү гээд саравчлаад зогсож байдаг. Тэр утгаар нь би арай доогуур харуулсан юм, шингэж байгаа нарны зүг. Бусдыг бол дүү өөрийн шийдлээр хийсэн. Суурийг нь би цутгасан. Дүү хотоос ирж хөшөөнийхөө суурийг үзэхдээ зам руу нь харуулсангүй гэж надад нэлээн ахарчлангуй байсан. Тэгээд яах вэ дээ, нэгэнт хийчихсэн суурин дээр  авчирсан хөшөөгөө  тавьчихсан. Тэрнээс хойш нэлээн хэдэн жил болчихжээ.

-Тэгэхээр ээжтэй чинь адилхан болсон уу гэж асуух илүүц байх нь ээ?

-Ер нь баримлаар хүнийг ийм адилхан хийж болдог юм уу гэмээр адилхан болсон юм билээ. Тэр зогсож байгаа байдал, бие хаа, царай төрх, нүд, хамар, ам... Баримлыг хүнтэй ингэж адилхан хийж болдог юм байна даа гэж бодогдохоор.

-Хөшөөн дээр “Ээж нь хүүгээ их л санах юм даа” гэж бичсэн байсан?

-Уг нь Пунцагийн Бадарч найрагчийн “Эх” шүлгийн “Ижий нь хүүгээ их санах юмаа

Араг, савар хоёроо зөрүүлэн байж чамайг боддог

Аргал, чулуу хоёрыг андууран байж би хүүгээ санадаг даа” гэсэн мөрүүдийг бичих хүсэл байсан. Өөртэй нь ч  уулзаж, ярилцаж  байлаа.  Гэтэл хүргэн нь зөвшөөрөөгүй.

-Таны аав ээж  Сүхбаатар аймгийн Уулбаян сумын хүмүүс үү?

-Тийм, манай аав ээж хоёул Уулбаян сумын Баян бригадын уугуул. Миний аав Гэндэнгийн Чойнжин гэж хүн байсан. Ээжтэй нэг насны зөрөөтэй,  бараг л чацуу байсан гэдэг. Аав минь жолооч байсан юм билээ. Цэргээс ирээд анх Жавхлант-Шарга аймаг байгуулагдахад аймгийн даргын жолооч хийж байсан. Газ-67 гэдэг жижиг тэрэг барьж явсан гэдэг. Жолоочоор ажиллаад удаагүй. Яагаад гэвэл, тэр үед техник хэрэгслийн сэлбэг  муу, жолооч нар ч тааруухан байж. Тиймээс сүүлдээ залхсан шиг байгаа юм, сумандаа ирээд үнэмлэхээ галд хийчихсэн  гэдэг. Нэг удаа давхиж явтал хажуугаар нь нохой давхиж явж, дагуулаад хартал дугуй нь мулт үсрээд өнхөрч байсан гэсэн яриа байдаг. Аав минь сумандаа ирээд насаараа мал маллаж амьдарсан. Энэ жил манай сумын 100 жилийн ой тохиож байгаа болохоор аавынхаа эдэлж, хэрэглэж байсан түлхүүр, гэрэл зургийг орон нутгийн шинэ музейд өгөх гээд бэлдчихсэн байгаа. Жавхлант-Шарга аймгийн анхны даргын жолооч учир түүхэн хүн, үлдсэн эд зүйл нь хойч үед дурсгалтай  юм даа. Харин ээжийг Б.Лхамсүрэн гэдэг, долоон хүүхэд төрүүлсэн. Одоо ах Доржпүрэв, Балжинням нар Уулбаян суманд, Галзагд ах бид хоёр аймагт амьдарч байна.  Бид ах дүүсээрээ Баянмөнх уулынхаа нөмөр нөөлөг газарт төрж өссөн.

-Таны ээж урт насалжээ. Та өөрөө нас сүүдэр 80 гарч яваа юм байна. Урт наслахын нууц нь юунд байна?

-Ер нь манай нутгийнхан  урт насалдаг. Манай ээжийн ээж мөн 100 дөхөж насалсан, шар хөгшин гэж их инээдэг хүн байлаа. Насыг би удам, дээр нь сэтгэлгээтэй холбоотой. Бас  сайхан энергитэй нутаг усны  өгөгдөл  гэж боддог. Унасан газар, угаасан ус гэдэг эрдэнэ шүү дээ. Манайх Уулбаян сумынхаа баруун талаар нутаглаж байгаад, сүүлд зүүн чигт Талбулгийн уурхайгаас цааш Нүүрстэй, Хар тойрмын говиор нутагласан. Уулбаян сумынхаа зүүн талаас хань Дуламсүрэнгээ сонгож, гэр бүл болсон. Гэргий маань залуудаа нэгдлийн хоньчин, саальчин байсан.

-Таныг нутагтаа худаг гаргасныг хүмүүс рашаан гэж шүтдэг юм билээ. Ямар учиртай худаг гаргав?

-Дээхнэ үед намайг 18 настай байхад Бадайтын шанд гэж байсан юм. Тэндээс хоёр арвын битоноор ус зөөж, аав ээждээ цай чанаж өгдөг байлаа. Элэг цөс, ходоодонд сайн гэж нутгийнхан ярьдаг. Амсаад үзэхэд рашааны исгэлэн амт байхгүй. Маш цэвэрхэн тунгалаг ус, гэхдээ ядуухан ундаргатай. Очоод авахад шанага ус л хутгагддаг. Тэр ором нь эргээд усаар дүүрдэг. Сая би усыг нь арвитгахын тулд нэлээн тэлж ухаад дээр нь кольцо хийж бүүрэглэсэн. Доторх усан санг ихэсгэх зорилгоор тэгж хийсэн. Шанд ширгэж алга болсон тул сумынхаа 100 жилийн ойд зориулж сэргээсэн нь тэр л дээ. Газрыг нь ухаж худаг гаргаж хашлага хийж бүүрэглэснээр эргэж элсэнд дарагдахааргүй болгосон. Шанд байхад нэг ус аваад эргээд элсэнд дарагдаад алга болдог байсан. Тиймээс худаг гаргаад багийн даргад нь  хүлээлгэж өгсөн. 

-Та бага насаа нутагтаа өнгөрүүлэв үү. Ямар мэргэжил эзэмшиж, хаана ямар алба хашиж байв?

-Нутагтаа өссөн, багадаа их зүггүй хүүхэд байлаа. Хөх Намжил гэж хүний хурдан цоохор морийг унаад “Согоо шиг хурдан морь унасан, солгой гартаа ташуураа барьсан” гээд цоллуулж явлаа. Манай нутгийнхан шооч болохоор дор нь шоглоод цоллочихож байгаа юм. Харин ээж минь намайг өхөөрдөж “Ёстын хошууны Чөгөөн /туранхай гэсэн утгатай нутгийн аялгууны үг/ Зундуй аварга” гэж дууддагсан. Би хариугүй туранхай амьтан гарч, нурсан газар нь хонины сүүлний өөх хавчуулж тавьж байж хүн болгосон, их ч зовоож өссөн гэж ээж минь ярьдаг байлаа. Бас “Долоон настай догшин Бор, найман настай нарийн Бор, есөн настай Ерөнхий Бор, арван настай алиа Бор” гээд хүүгээ хөөрсөж өхөөрдөж байсан даа. Ер нь миний ээж их алиа хошин, үгийн баялагтай хүн байсан юм. Хурдан сэтгэдэг ой сайтай. Гялс гээд л хэлнэ.Надад ээжийгээ дууриасан юм нэлээн бий. Сэтгэлгээ бол би ээжээсээ  л авсан гэж боддог. Аав бол хүүхэд байхдаа баруунтаа хийдэд сууж байсан, ламын ном үзсэн, юмыг удаан ойлгодог атлаа мартдаггүй, дуу цөөнтэй дүнэгэр хүн байсан. Мэргэжлийн хувьд би худгийн моторчин. Төв аймгийн Баянчандманийн ТМС-ийг 1971 онд төгссөн анхны төгсөгч. Тэр мэргэжлээр ганцхан хуваарь ирснийг манай нутгийн “шаазан” Гомбосүрэн гэж алгебрь, геометрийн  багш надад олгож явуулж байлаа. Сайн багш төдийгүй, хүүхдүүдийн амьдралын арыг ч хардаг, юу сурах, сурахгүй, хийж чадах эсэхийг судалдаг хүн байсан шиг байгаа юм. Би багшийнхаа ачийг дандаа бодож явдаг. Нутагтаа мэргэжлээрээ ажиллаж, амьдрал ахуйгаа авч явсаар өдий зэрэгт хүрсэн. Ах нь ажил, амьдралын замаар олон газар явсан. Ингэхдээ гоё өнгөтэй чулуу таарвал сонирхож, өндөр уул байвал тэрэн дээр гармаар санагддаг их сониуч  хүн байгаа юм. Миний төрсөн газар Эхэнтосон гэж сайхан нутаг Баянмөнх уулаас нэлээн урагш, 20-оод км-т байдаг.

-Таныг шинийг санаачлагч, зохион бүтээгч, сонирхолтой бүтээлүүд хийж патентыг нь  эзэмшиж байгаа гэж сонссон. Хэчнээн бүтээлээр анхдагч болж, патент эзэмшиж байна вэ?

-Хамгийн анхны бүтээл бол 1980 онд Уулбаян сумандаа усны группын даргаар ажиллаж байхдаа тухайн үед ЗХУ /ОХУ/-д үйлдвэрлэсэн морь, тэмээгээр эргүүлдэг худгийн насосын засварын ажил гэж маш хүнд ажлыг хөнгөвчилж, насосыг нь сугалж гаргахгүйгээр  нэг хүн  ороод эвдэрдэг хэсгийг түлхүүрдээд сольж болдог болгосон. Энэ миний анхны бүтээл. Түүнээс хойш газар доогуур хөлдсөн шугамыг гэсгээх төхөөрөмж бүтээснийг одоо ч хүмүүс ашигладаг. Манай аймгийн хэмжээнд барилгын шугам хөлдсөн нөхцөлд байнга хэрэглэдэг. Түүнчлэн худгаас усаа урсгаад онгоц руу дамжуулах хэсэгт хийдэг “Жаранбулаг” гэдэг ус өргөгч насосыг санаачилж хийсэн.Энгийн ажиллагаатай, бензин шатахуун хэрэглэхгүй. 60 литр ус татаад ирэхэд хүүхэд ч хийж чадах энгийн аргачлалтай. Нэлээд хэдийг хийсэн, зарим сум хэрэглэж байгаа. Сүүлийн үед цахилгаан ашиглах болсноор төдийлөн хэрэглэхгүй байх шиг байна. Мөн 2010 онд  машины  бензин хэмнэх төхөөрөмж зохион бүтээсэн. Машины хөргөлтийн системийг ашиглаж хийсэн юм. Өөрөөр хэлбэл, хөргөлтийн систем дотуур бензин дамжихаар. Энэ бүтээлийн патентыг ганц би л эзэмшиж байсан.

Өөрийнхөө машинд хэрэглэж байсан юм. Түүнээс хойш арав гаруй жил өнгөрчээ. Энэ бүтээлийг  цаашид машины үйлдвэр, металлургийн үйлдвэрт ашиглаж болох юм. Ташрамд хэлэхэд, энэ бүтээлийнхээ патентыг олон улсад гаргахсан гэж бодож явдаг. Миний энэ саналыг сониноороо дамжуулан олон нийтэд хүргэж өгөхийг хүсье. Машины үйлдвэртэй Япон, Солонгос, Хятад руу гаргаж хамтын ажиллагаа байгуулбал нэн сайнсан. Анхнаасаа тэр төхөөрөмжийг машинд суулгачих юм бол бензиний зарцуулалт багасна. Мөн машины хурд хүч илүү сайжирна.

-Машины  бензин хэмнэх төхөөрөмж хийхэд хэр хэцүү вэ?

-Хүндрэлгүй юм гэж байхгүй. Өндөр даралтын гагнуураар гагнахаас эхлээд хэцүү. Тиймээс алт мөнгөний дарханыг гуйж гагнуулж байсан.

-Энэ жил олон сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Та бол сумынхаа ойд зориулж худаг гаргаж, сайн үйлс бүтээж байгаа юм байна. Аймаг, сумынхаа ойг хэрхэн тэмдэглэх талаар хүмүүст хэрэг болох зүйл хэлж өгөөч?

-Тухайлбал, Уулбаян сум 100 жилээрээ ийм зүйлүүд хийсэн, үлдсэн зүйл нь энэ юм гээд харуулчих үлдэцтэй, бүтээлч ажлууд хийгээсэй. Нэг бужигнаад, найр наадам хийж тоос шороо босгоод  тараад явчих биш, түүний дараа сумандаа бүтээсэн, хийсэн зүйлтэй, олон түмэнд хүртээлтэй ажлыг сэтгэж хийгээсэй. 

-Танай удамд  танаас өөр зохион бүтээгч  байна уу?

-Байхгүй. Харин дүү Эрдэнэбилэг маань уран хүн. Баримал хийнэ гэдэг мөн л зохион бүтээж байна гэсэн үг шүү дээ. Дүү маань Дарьганга суманд аавынхаа өвөр дээр тоглож байгаа хүүхдүүдийн баримлыг маш уран гоё  хийсэн. Баянзүрх дүүрэгт хийсэн хөшөө нь бий. Манайх ганц хүүтэй. Хүү минь гарын дүйтэй, гэхдээ тэр болгон юм хийгээд байдаггүй. Ихэнхдээ барилгын дотор засал хийдэг.

-Та энэ олон бүтээл хийгээд төрөөс гавьяа шагнал хүртэв үү?

-Байхгүй. Гэхдээ би одон хийгээд өөрөө өөрийгөө шагначихсан /Монгол Улсын газрын зураг бүхий энгэрийн тэмдэг харуулав/.  

-Ямар утга учиртай шагнал юм бэ?

-Монгол Улсын нутаг дэвсгэр, дээр нь алтан соёмбо, түүний дээр хорол эрдэнэ дүрсэлсэн эх загварыг өөрөө гаргаад, алт мөнгөний дарханаар хийлгэсэн. “Монгол Улсын шилдэг зохион бүтээгч”-ийн одон ийм байна, тийм хүн  энэ одонг зүүнэ гэсэн санааг  шингээсэн юм.

-Орчин үеийн техник, технологийн дэвшил  улам хурдаа авч байна. хөгжлийн тухай таны бодлыг сонсьё?

-Хөгжлийн энэ алхааг мань мэт гүйцэхгүй. Одоо эхээс мэндэлж байгаа, аав ээжийнхээ гар утсыг булаалдаж тоглоод байгаа багачуул ирээдүйн  эзэд. Тэднийг зөв аргаар сургах юм бол багаасаа аливаад ухаалаг хандана, улам сэргэлэн болно. Бид бол гаднаас хүн орж ирэхэд хүний үг чагналаа гээд аав ээждээ хөөгдөөд гардаг, гараад чулуугаар тоглож өссөн үеийнхэн шүү дээ.

-Насны энэ өндөрлөгөөс залууст хандаж үг хэлээч гэвэл та юу гэж захих бол?

-Хөдөлмөрлө, зөв бай, үнэнч бай. Хүний үгийг  бухимдахгүйгээр сонсож сур л гэж хэлнэ. Одоо хүнд үг хэлдэг хүн  алга болжээ. Хэрэв хүн танд үг хэлбэл, тэрийг зөв тусгаж, зөв ухаарч авч бай л гэж захина даа.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дорж Цэдэндорж(94.191.152.217) 2024 оны 05 сарын 27

Зуун зуун дамжин сүндэрлэх болтугай.

0  |  0
Зочин(202.179.18.237) 2024 оны 07 сарын 23

Egel humuus l ihiig hiiih yumdaa

2  |  0
Зочин(122.201.31.26) 2024 оны 10 сарын 21

Мундаг юмаа. Маш сайхан хөшөө болсон байналай. Монгол хүн бүр харахад сэтгэл огшоосон юм бодогдуулах үнэхээр гайхалтай хөшөө болсон байналай. Баяр хүргэе.

3  |  0
Иргэн (202.126.91.146) 2024 оны 05 сарын 27

Монгол хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэхээр сайн бүтээл болсон. Ах дүү нарт нь сайн сайхныг хүсэн ерөөе

4  |  0
Зочин(103.57.92.144) 2024 оны 05 сарын 26

Сүрхий хүн байна. Тэр их сайхан хөшөө болсон шүү.

6  |  0
Top