-МАН-ынхан экс сайд Ч.Улааныгаа урьж, АН-ынхан Н.Алтанхуягаас номын дуу сонсож, ХҮН-ынхан Т.Доржхандаа сонсооч-
УИХ төсвийн тодотгол хэлэлцээд арваад хонолоо. Төсөв тодотгох, төсөл батлах бүү хэл юу хэлэлцэж байгаагаа ойлгож буй хүн тун цөөхөн болтой. Зарим нь байнгын хорооны хурал дээр лайв хийж байгаагаа бахархалтайяа зарлаж суугаагаас энэ УИХ-ын чадамж харагдана. Тэгэхээр юун хууль тогтоох, батлах вэ, харин ч ийм чадал суух, итгэл хүлээх бол үнэндээ хол санагдаж байна. Гэтэл тэд төрд сонгогдчихсон, нэг хэсэг нь намын жагсаалтаар УИХ-ын босго давчихсан. Дийлэхгүйгээ мэдсэн зарим нь сүүлийн үед парламентыг хоёр танхимтай болгох ухааны юм нууц хаягнаас жиргээд сууж байх жишээтэй. Ний нуугүй хэлэхэд, олон жил парламентын сурвалжлагч хийсэн хашир сэтгүүлчдээс илт дутуу эрхэм түшээ нар олширчээ.
Өнөөдөр ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэж байна. Гэтэл зарим гишүүн төсөв гэж юу болохыг мэдэж байгаа шинж алга. Үнэндээ төсөв гэхээр жирийн иргэдэд ч хол сонсогддог. Өөрт нь хамаагүй юм шиг санах нь ч бий. Гэтэл төсөв бол тухайн улс орны амин зуулга, ард түмний өөрийнх нь төсөв.
Татвар төлөгчдийн төлсөн тэрхүү хөрөнгийг юунд зарцуулав гэдгийг бодлогын хүрээнд нэгтгэж байгаа нь өөрөө төсвийн үйл ажиллагаа байдаг. Наад захын энэ мэтийг мэдэхгүй хүн тэнд УИХ-ын гишүүн хэмээн цээжээ дэлдээд сууж байгаа нь Монголд л байж болох үзэгдэл байх. Бусад улс орон ийм биш л дээ. Үүнийг ёстой нөгөө жагсаалтын сул тал гэхээс яалтай.
Тэгэхээр толгой нь хүрэхгүй гишүүн байгаа бол улс төрийн нам нь тэр боловсон хүчнээ эргүүлэн татдаг баймаар. Жагсаалтаас дараагийн хүнийг нь оруулаад ир, болохгүй бол дахиад буцаа. Монголын төр тоглоом биш. Ийм хүмүүсийг жагсаалтаар оруулж ирсэн улс төрийн намууд хариуцлага хүлээдэг баймаар. Хуучин жишгээр бол УИХ аргацааж, төсөв батлахгүй гүрийж, хуулийн хугацаанд төсвөө батлуулж чадаагүй Засгийн газар огцордог гэж айлгаж байгаад тойрогтоо том мөнгө тавиулдаг байсан. Энэ удаагийнх төсвийн тодотгол. Хамтарсан Засгийн газар байгуулсан, УИХ нь 126 гишүүнтэй болсон гэхчлэн төсөв нь нэмэгдсэнээрээ онцлог. Том төсөв харагдаад тогтож сууж чадахгүй байгаа нам, бүлэглэл, гишүүд байгаа нь нууц биш.
МАН-ын бүлэг хүртэл завсарлага авч үргэлжлүүлэн сунгалаа. Гэхдээ наанаа бол “Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь төсвийн төлөвлөлт, хяналт, хариуцлага, эдийн засгийн аюулгүй байдал гэх мэт олон асуудлыг хөндсөн өөрчлөлт хийгдэхээр орж ирсэн.Тиймээс бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэх зайлшгүй шаардлага байгаа. Энэ агуулгаар завсарлагаа сунгаж, уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцүүлэх зүйтэй гэж үзсэн” гэж буй. Энэ үнэн бол сайн л даа.
Ер нь бол олон улсад эдийн засгийнхаа нөхцөл байдалд тохируулж төсвийн тусгай шаардлагуудаа өөрчилдөг. Манай улсын хувьд өмнө нь уул уурхайн савалгаанаас эдийн засгаа хамгаалах зорилгоор төсвийн тусгай шаардлагуудаа өөрчилж ирсэн. Энэ удаад Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, Эдийн засгийг эрчимжүүлэх, хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтыг эхлүүлэх, Төсвийн тогтвортой байдлыг хангах, Өрийн дарамтыг бууруулах, өрөө нэмэгдүүлэхгүй байх, түүнийг дагаад импортыг багасгах гэх мэт зорилт дэвшүүлээд байгаа.
Төсвийн шинэ тусгай шаардлагуудыг хэрэгжүүлэхгүй байснаар хөгжлийг дэмжих байтугай хөгжил гэж ярих ч боломжгүй. Дээр нь эдийн засгаа өсгөх, тэлэх, ажлын байр нэмэгдүүлэх, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ямар ч боломж байхгүй болно. Түүнчлэн хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон, Ерөнхий сайдын танилцуулсан 14 мега төсөл, тухайлбал Эрдэнэбүрэнгийн УЦС, “Солонго 1,2” орон сууц барих төсөл, Шинэ төв цэвэрлэх байгууламж, Улаанбаатар хотын ногоон орон сууц, Газрын тос боловсруулах үйлдвэр, арван аймагт барих дулааны станц, Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах төсөл нь байнд ч үгүй, банзанд ч үгүй болох сөрөг талтай. Хамтарсан Засгийн газар хөгжлийн энэ мэт том төслүүдээ төрөлжүүлж явуулахгүй бол эдийн засаг нь нүүрснээс хараат байдлаас гарахгүй. Бусад салбараа ч дэмжиж чадахгүй болно. Болохгүй, боломжгүй, байхгүйгээр дүүрэх юм бол гурван нам засагт хамтарсны хэрэг гарахгүй. Улмаар бүсчилсэн хөгжлийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол бүсчилсэн сонгууль явуулсны үр дүн байхгүй. Улс орон хөгжихгүй, утаатайгаа, түгжрэлтэйгээ үлдэнэ. Ийм болчихгүйн тулд гишүүд төсвөө ойлгож, судалж, мэдлэгтэй хандмаар байгаа юм. Ядаж л засагт багтсан гурван нам нь хариуцлагатай, санаачилгатай баймаар. Наад зах нь асуудлаа мэдэхгүй байгаа гишүүддээ хууль эрх зүй, эдийн засаг, төсөв санхүүгийн “Цагаан толгой” зааж, холбоотой сэдвүүдээр нь лекц уншдаг болмоор юм. Ингэхдээ их сургуулийн багш нарыг ажлынх нь хажуугаар дуудуулж Их хурлын гишүүдэд хичээл заалгалтай биш. Жишээ нь, МАН-ынхан Сангийн сайдаар дархан тав, зургаан удаа улиран ажиллаж, Төсвийн байнгын хороог толгойлж явсан Ч.Улааныгаа уриад лекц уншуулчихад хийморийн сан тавиулахтай адил болно байх. АН-ынхан Н.Алтанхуягаар биш юм гэхэд Дашийн Бямбасүрэн гуайгаар лекц уншуулж, барцдаа арилгуулмаар. ХҮН-д Т.Доржханд нь байхад хүрээд илүү гарах биз ээ.
Сэтгэгдэл ( 6 )
Хулгайч болгох сургалт байх
Өө,ийм тэнэг юмнуудыг (126) огцруул.эсвэл шалгалт аваад, мэдлэгтэй гэснийн гишүүн хэвээр үлдээгээд, мэдлэггүй гишүүдийг огцруул. Яаж хөгжин дөө.
Ямар та нарын хичээл хийдэг танхим юмуу мэддэг чаддаг байж наана чинь очих ёстой юм!!!! Сайн дураараа зайлж огцорч улс оронд гай болохоосоо татгалзах хэрэгтэй. Ямар ичих нүүргүй гэхээрээ юу ч мэдэхгүй чадахгүй байж тэнд очиж суудаг байнаа.
jagsaalt gedeg yumnaas bolj buun ul medegch ikh medekhuud , orkuud ikh khurlyn tankhimyn sandlyg yadraaj suuna , za tegeed khereg tuwug , kheruul gekheer kheree shig guaglaad ekhlene , , munkhbayasgalan , lodoi terguutnuud , kharaarai daa
УИХ бол бор халзан ”хонь, ямаа”, ”муур нохойны” дадлага хийдэг газар биш ээ.....................
Шинэ хуучингүй хичнэл заа! Ялангуяа тэмүүлэн энхбаяр ллдойрамбуу нара билүү энэ хэдэд яаралтай заа!