А.Түвшинбаяр: Нийтийн эрх ашгийн төлөө ажиллах хүмүүс л улс төрд орох хэрэгтэй

2024 оны 09 сарын 26

Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн Цогтцэций сумын 14 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Адилбишийн Түвшинбаяртай ярилцлаа.

Тэрбээр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 1991 онд төрсөн. Аав Цэдэн-Ишийн Адилбиш Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Налих багийнх, ээж Бүдийн Цэвэлмаа Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн уугуул. А.Түвшинбаяр айлын хоёр дахь хүү. Багш мэргэжилтэй. МУБИС-ийг 2013 онд төгсөөд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Мөрөөдөл” сургуульд нийгмийн ухааны багшаар ажлын гараагаа эхэлж байв. 2017-2020 онд Өмнөговь аймгийн Политехник коллежийн захирлаар ажиллан мэргэжлийн боловсролын салбарт хүчин зүтгэсэн тэрбээр 2023 оноос Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ажиллаж байна.
 


МАН-д 2015 онд гишүүнээр элсэж, 2016-2020 онд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын тавдугаар багаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр, 2020-2024 онд мөн тус багаас Даланзадгад сумын ИТХ-ын төлөөлөгчөөр тус тус сонгогдон ажилласан.
 


-Өмнөговь аймаг бол уул уурхайн үйлдвэрлэлийн цөм болсон аймаг. Тухайлбал, Цогтцэций сумын иргэдийн хувьд амьдрал ахуй нь ямар онцлогтой болж, тэнд ямар асуудал илүү ихээр анхаарал татаж байна вэ?

-Өмнөговь аймгийн хувьд уул уурхайн бүтээн байгуулалтын төв цэг төдийгүй уул уурхайн томоохон компаниуд үйл ажиллагаа явуулдгаараа онцлог юм. Түүнийг нь дагаад дотоодын шилжих хөдөлгөөн ч нэмэгдсэн. Ялангуяа Цогтцэций сумын хувьд жил ирэх тусам хүн амын тоо байнга өсөн нэмэгдэж байдаг. Үүнтэй холбоотойгоор зарим эерэг нөлөөллүүд бий болж байна. Бизнес эрхэлж байгаа хүмүүсийн зах зээл тэлж байна. Бараа бүтээгдэхүүн борлуулж байгаа хүмүүсийн ашиг орлого нэмэгдэж байна. Аймаг, сум, орон нутгийн хувьд төсвийн орлого нь нэмэгдэж байна. Мөн ажлын байрны тоо нэмэгдэж, мэргэжилтэй ажиллах хүчний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа гээд олон давуу талыг дурдаж болно. Нөгөө талдаа цаг алдалгүй арга хэмжээ авах шаардлагатай асуудал бэрхшээлүүдийг ч дагуулж байгаа. Тухайлбал, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчин, уламжлалт мал аж ахуйд тулгарах бэрхшээл, тоосжилт, эрүүл мэнд, боловсролын хүртээмж гэх мэтээр олон асуудал бэрхшээл тулгарч байна.
 


Арваад жилийн өмнө Цогтцэцийд амьдарч байхад өглөө бүр цонхон дээр хар тортог тогтчихсон байдаг байлаа. Өнгөрсөн хугацаанд тоосжилтыг бууруулах чиглэлд мэдээж тодорхой шийдлүүдийг хэрэгжүүлсэн л байх. Гэсэн хэдий ч Улаанбаатарын хэт төвлөрлийг сааруулаад орон нутагтаа шилжиж ирж амьдрах тухайд залуусыг уриалах гэхээр асуудал бэрхшээл нь шийдэгдэхгүй байсаар нийслэл рүү буцаад нүүхэд хүргэж байна. Ирэх жилүүдэд орон нутагт бүтээн байгуулалтын ажил, дулааны цахилгаан станц, төмөр зам гэх мэтчилэн зөвхөн Өмнөговь гэлтгүй говийн бүсийн хэмжээнд ажлын байрны тоо нэмэгдэнэ. Тэгэхээр тэр хүмүүсийг нутагтаа гэр бүлээрээ шилжиж ирээд, ажиллаж амьдрах тэр орчин нөхцөлийг нь яаж бүрдүүлэх вэ гээд харахаар сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээ, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх гээд маш олон асуудлыг орон нутгийн бодлого боловсруулах түвшинд ажиллаж байгаа хүмүүс цаг алдахгүй шийдэж, үндсэн гол асуудлуудаа эрэмбэлэн төсвийн орлогыг оновчтой зөв хуваарилах шаардлагатай.

-Цогтцэций сумын хүн ам одоо хэд хүрч байгаа вэ?

-Цогтцэций сум 2023 оны байдлаар албан ёсны бүртгэлтэй есөн мянга гаруй хүн амтай байна. Нүүрс тээврийн жолооч нарыг оруулах юм бол бараг 20 мянга орчим, үүн дээр уул уурхайд ээлжээр ажиллаж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Хэдийгээр ростероор ирж ажилладаг хүмүүс Цогтцэцийд 14 хоног ажиллаад буцдаг ч гэр бүлээрээ ирж суурьших тухайд одоогоор нөхцөл боломж нь бүрдээгүй байна.

Арав гаруй жилийн өмнө намайг багшаар ажиллаж байх үед л сургуулийн хүртээмж, багтаамжийн асуудал ноцтой хөндөгдөж байсан. Дараа нь 2019 онд улсын төсвийн хөрөнгөөр 960 хүүхдийн сургуулийн барилгын ажил улсын төсөвт суугаад эхэлсэн. Харамсалтай нь, таван жилийн хугацаанд энэ сургууль ашиглалтад ороогүй. Өнөөдрийн нөхцөл байдал ямар байна вэ гэхээр, нэг ангид 40-50 хүүхэд сурч байна. Хүүхдүүдийн хувьд чанартай боловсрол авах боломж нь хязгаарлагдаж, хүндрэл үүсэж байна. Багш нарын ачаалал ихсэж, эмнэлгийн үйлчилгээ ч ачааллаа дийлэхгүй байна. Сум, орон нутгийн удирдлагууд эдгээр асуудлыг шийдвэрлэхийн төлөө санаа зовниж, гарц гаргалгаа хайж ажиллаж байгаа нь тодорхой. Цогтцэций сумын хувьд 2023 онд 47 орчим тэрбум төгрөгийг аймгийн төсөвт төвлөрүүлсэн юм байна лээ. Гэтэл буцаагаад энэ гол асуудлыг нь шийдвэрлэх чиглэлээр тодорхой төсвийн хөрөнгөөр шийдсэн зүйл ажиглагдахгүй л байна. Сумын хувьд шинэ суурьшлын бүсэд 50 мянган хүн амтай хот бий болно. Тэгэхээр цаг алдалгүй шинэ суурьшлын бүсэд шилжин очиж амьдрахад шаардлагатай дэд бүтцийг хийх хэрэгтэй.


ОРОН НУТГИЙН ТҮВШИНД УУЛ УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ ЗӨВ ОЙЛГОЛТЫГ НЭГ УРСГАЛААР ӨГӨХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
 

-Гэхдээ одоо ч гэсэн Цогтцэцийд бараг л 50 мянган хүн орж гараад амьдраад байгаа юм биш үү. Тэдний нийгмийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа бол?

-Цогтцэций сумаас урагш 240 гаруй км-т байдаг нүүрс тээврийн зам Цогтцэций, Ханбогд сумын нутгаар дайрч явдаг. Энэ нүүрс тээврийн зам, нүүрс тээвэрт ажиллаж байгаа жолооч нарын эрх ашгийн асуудал гэж ярих юм бол маш хүнд асуудлууд байдаг. Тэнд байгаа жолооч нарын нөхцөл байдлын талаар олж хараад, хэлж дуугарч байгаа хүн цөөхөн. Дуугарч хэллээ гэхэд арга хэмжээ авч байгаа нь ховор. Жилийн 360 хоногийн бараг дийлэнхэд нь машиныхаа кабинд амьдарч байна. Тэгсэн хэрнээ улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулаад байдаг. Гэтэл бид хүнийхээ асуудлыг хайхрамжгүй орхичихсон юм шиг ийм дүр зураг харагдаад байна.

-Ростероор ажилладаг хүмүүсийн хувьд ч адил уу?

-Тийм ээ. Уурхайд 14, 14 хоногоор ажиллаж байгаа бидний хувьд ч гэсэн магадгүй гэр бүлдээ хандуулах анхаарал бас л хомс болж байгаа. Энэ бүхнийг дагасан асуудлууд, ард нь үр хүүхдээ хараад үлдэж байгаа нөхөр, эхнэр дээр нь ирэх гэр бүлийн ачаалал тухайн хугацаанд хэрхэн нэмэгдэж байгааг судалсан судалгаанууд байдаг юм билээ. Цогтцэций сумыг ирээдүйд хот болгоно гэсэн ийм зорилт дэвшүүлээд явж байгаа бол бэрхшээлтэй асуудлыг цаг алдахгүйгээр шийдээд явах нь чухал юм.

-Нэн тэргүүнд ямар асуудлыг шийдэх хэрэгтэй гэж үзэж байна вэ?

-Цогтцэцийд хэд хэдэн уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байна. Нутгийн уугуул иргэдийн хувьд, уул уурхайн үйл ажиллагааны талаар янз бүрийн л ойлголттой байдаг. Бэлчээрийн хомсдол бий болж байна, уламжлалт мал аж ахуй эрхлэх малчдын тоо цөөрч байна. Худаг, ундны ус, гүний усны түвшин доошилж байна гээд асуудал, бэрхшээлүүд байгаа. Нэн тэргүүний асуудал бол мэдээж, уул уурхайн идэвхтэй үйл ажиллагаа явагдсаар байх болно. Тэгэхээр тоосжилт, байгаль орчны бэрхшээлтэй асуудлуудыг шийдэх хамгийн оновчтой арга зам нь юу байх юм бэ? Уул уурхайн компаниуд хамгийн орчин үеийн шилдэг технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, ашиглах шаардлагатай болно. Тоосжилт бууруулах чиглэлд гэвэл ногоон байгууламжуудыг олноор нь бий болгож байж асуудлыг шийднэ. Цаашлаад орон нутгийн иргэдэд уул уурхай, нэн ялангуяа хариуцлагатай уул уурхайн талаар зөв ойлголт, хандлагыг бий болгох ажлыг зохион байгуулах нь чухал байна. Мэдээллийг ил тод байлгах, Хамтран ажиллах гэрээг байгуулахдаа иргэдийг илүү /уул уурхайн компани-орон нутаг-иргэд/ их татан оролцуулах шаардлагатай. Ингээгүй нөхцөлд иргэд бол уул уурхай гэж ерөөсөө л муу муухай зүйл гэсэн хатуу ойлголттой байгаад байна. Гэтэл уул уурхайн компаниас сум, орон нутгийн хөгжилд, ялангуяа төсвийн орлого бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна. Нөгөө талдаа энэ үйл ажиллагаа нь бас тэнцвэртэй явагдах шаардлагатай байгаа юм. Байгаль орчинд ямар нэг хор холбогдол учруулах бол түүнийг бууруулах ямар арга хэмжээ авах вэ, цаашлаад сум, орон нутгийн нэг бус айл өрхийн хүүхэд уул уурхайн салбарт орж өрсөлдөхүйц цалин хангамж авах, ахуй амьдралын хувьд амьдралын чанарт нь ч гэсэн эерэг өөрчлөлт бий болох ийм дүр зургууд байгаа. Тэгэхээр нэн тэргүүнд шийдэх ёстой асуудал бол орон нутгийн түвшинд уул уурхайн үйл ажиллагааны талаарх зөв ойлголтыг нэг урсгалаар өгөх шаардлагатай байна. Цаашлаад хамтын ажиллагааны гэрээг байгуулахдаа гэрээ нь зөвхөн үйл ажиллагааны жагсаалт гэхээсээ илүү иргэдтэйгээ зөвшилцсөн, ярилцсан, тулгарч байгаа асуудлуудыг суулгасан, ажлын үр дүнг нь ил тод тайлагнадаг зарчмаар явах нь зүйтэй байх.

-Цогтцэций сумын ИТХ хэдэн төлөөлөгчтэй болж байгаа вэ?

-Энэ удаад 29 хүн нэр дэвшиж байгаа. Аймгийн ИТХ-д бол гурван хүн нэр дэвшиж байна. Өмнөговь аймаг 35 мандаттай.

-ИТХ-ын төлөөлөгч бол орон нутгийн шийдвэр гаргах түвшинд ажиллана. Иргэдэд зөв мэдээлэл өгөх, ойлголтыг цэгцлэх нь зөв л дөө. Ер нь цаашид иргэдтэйгээ гурван талт маягийн гэрээ байгуулмаар ч юм шиг. Уул уурхайн компани болон орон нутгийн засаг захиргааны хамтын ажиллагааны гэрээ хариуцлага өндөртэй байх нь ямар ач холбогдолтой вэ?

-Уг нь уул уурхайн компанитай орон нутгийн удирдлага яаж харилцан ашигтайгаар хамтран ажиллах вэ гэдгийг л харах ёстой. Тэгэхгүй бол зарим тохиолдолд, энэ уул уурхай болон тээврийн компаниудын хувьд “орон нутгийн удирдлагууд нэг тэмцээн уралдаан болохоор л шагналын сан гуйдаг, тэрийг нь шийдээд өгчихөд болдог” гэсэн нэг ийм хэвшмэл ойлголттой байна шүү дээ. Гэтэл орон нутгийн удирдлага гэдэг чинь тэнд амьдарч байгаа иргэдийн нийтлэг эрх ашгийг төлөөлж тухайн компанитай хэрхэн, яаж хамтарч ажиллах вэ гэдэг ийм байр сууринаас гэрээ хэлэлцээр хийгээд сууж байгаа гэдгээ л ойлгочихмоор байгаа юм. Тэгэхгүй бол найр наадам болохоор л нэг наадмын төсөв авдаг байдлаар яваад байх юм бол ерөөсөө асуудал шийдэгдэхгүй.

-Хамтын ажиллагаа биш, тэмдэглэлт үйл явдлыг ивээн тэтгэх харилцаа л үүсээд байна гэсэн үг биз дээ?

-Жишээ нь, орон нутгийн удирдлагын гэр бүлийн гишүүдээс ажилд авах, хувийн асуудлыг нь шийдэхэд туслах маягаар яваад байхад болно гэсэн ташаа ойлголтоор асуудал шийддэг компаниуд ч байна. Тэгэхээр орон нутгийн хамтын ажиллагааг жишиг хэмжээнд хэрэгжүүлж буй зарим компаниудаас бид суралцах, шийдвэр гаргагчдад иргэд хяналтаа тавих зэрэг шаардлагууд байна.

-Хамгийн оновчтой шийдэл юу вэ?

-Ерөөсөө л хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх. 2024-2028 онд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт Өмнөговь аймаг, тэр дундаа Цогтцэций суманд хийгдэх томоохон мега төслүүд бий. Уг төслүүдэд ямар ур чадвартай мэргэжилтэн шаардлагатай гэдгийг урьдчилан харж, боловсон хүчнийг мэргэжлийн боловсролын байгууллагуудтай хамтран бэлтгэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, ажил олгогч чадварлаг боловсон хүчин авах сонирхолтой, орон нутгийн иргэд өрсөлдөхүйц цалин хангамж бүхий ажилд орох хэрэгцээ бий. Энэ хэрэгцээнд тулгуурлан  ажил олгогч нь чадварлаг ажилтан бэлтгэх үйл явцад тодорхой хөрөнгөө гаргаж оролцоно, ХАБ-ын хувцас хэрэглэлийг нь аваад өгчихнө. Гагнуурчнаар бэлдэх гэж байгаа бол тоног хэрэгслийг нь бэлдээд өгчихнө. Тэр нь нутгийн хүн байна. Тэгээд шаардлагатай ур чадварыг жилийн хугацаанд бэлтгээд авчихаж байна. Компани ч хожиж байна. Орон нутгийн бид ч хожиж байна.

 

ТӨСВИЙН ХӨРӨНГИЙГ ЭРЭМБЭЛЭХ, ХУВААРИЛАХДАА Л ИЛҮҮ ОНОВЧТОЙ ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙХГҮЙ БОЛ МӨНГИЙГ ЗҮГЭЭР Л ГАРЫН САЛААГААР УРСГААД БАЙНА
 

-Өмнөговьд юу л байна, мөнгө байна гэж болно. Яагаад хөгжихгүй байна вэ?

-Төсвийн хуваарилалт нь сонгуульд зориулсан шинжтэй, нийтийн өмнө тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхгүй байх юм бол орон нутагт тулгамдаж буй асуудал бэрхшээл, иргэдийн бухимдал яг хэвээрээ байна. Энэ дүр зураг Өмнөговьд одоо ч гэсэн байгаа. Нэг жишээ дурдахад, 2018 онд 500 оюутны байрыг төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотод эхлүүлсэн. Одоо болтол ашиглалтад ороогүй. Гэтэл нэг оюутан жилдээ 10 гаруй сая төгрөгийг түрээсийн байранд төлж байна. Сургуулийн төлбөрт 6-7 сая. Энэ бүх ачаа эцэг эхийн нуруун дээр очдог. Малтай нь малаа зарна, малчны зээл авна, ажилтай нь цалингийн зээл авна. Энэ бүхнийг ерөөсөө л нам, улс төр, намчирхал гээд улс төрийн өнцгөөс л хараад байгаа болохоос биш тэнд байгаа хүүхэд амьдрах орчиндоо санаа зовохгүйгээр оюутны байранд ороод сурлагын амжилт гаргаж, хичээлдээ сайн суралцаасай гэдэг ийм санаа зовнил ерөөсөө байхгүй байна.

Хоёрдугаарт, саяхан цахим орчинд хариуцлагагүй барилгын компани чанар муутай барилга барьснаас болж Өмнөговь аймагт гэр цэцэрлэг ажиллаж байгаа талаар мэдээлсэн. Аймаг 1,4 их наяд төгрөг баталдаг. Яагаад хүүхдийн ирээдүй, ая тухтай орчинд сурч хөгжих боломжийг бүрдүүлэхгүй байгаа юм бэ. Тэгсэн хэрнээ хэд хэдэн багийн төвийн дэргэд спорт заал /тэрбум, тэрбум төгрөгөөр/ барьчихсан. Энэ ямар зорилготой юм. Магадгүй улс төрийн зорилготой байх. Яахав багийн иргэд тэнд очоод чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг гэвэл хүлээн зөвшөөрнө. Гэхдээ асуудлыг эрэмбэлээд үзэх юм бол цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх нь илүү чухал. Төсвийн хөрөнгийг эрэмбэлэх, хуваарилахдаа л илүү оновчтой шийдвэр гаргаж байхгүй бол улс орон даяар Өмнөговь аймаг их хөрөнгө мөнгөтэй, сайхан болж байгаа гэж хараад байдаг. Гэтэл байгаа хөрөнгө мөнгийг зүгээр л гарын салаагаар урсгаад байхаар чинь иргэдийн амьдралын чанарт өөрчлөлт бий болохгүй байна. Эдийн засгийн өсөлт хэрвээ бий болж байгаа бол иргэдийн ахуй амьдрал дээшилж, орлого нь нэмэгдэнэ биз дээ. Иргэдийн төлж байгаа татварын хэмжээ нэмэгдэж байгаа бол төрөөс бидний авч байгаа үйлчилгээний чанар илүү сайжирмаар байна шүү дээ.

-Залуус улс төрд хүчин зүтгэж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахын гол утга учир нь юу вэ?

-Залуучуудын нам, улс төр гэдгийг харах өнцөг нь “улс төр бол бохир заваан зүйл, залуу хүн улс төрөөс хол байх ёстой” гэсэн агуулгатай байдаг. Улс төрд явж байгаа залууст элдэв нэр хоч өгдөг. Нэг талаас үүнийг буруутгах аргагүй. Яагаад гэвэл улс төрд байгаа хүмүүс бас болж бүтэхгүй юмыг хийгээд байна.

Гэтэл энэ улс төр гэдэг чинь бохир заваан гээд дөлөөд байх юм бол, арай нэг шударга зарчимч, нийтийн сайн сайхны төлөө байх гэсэн энэ хүмүүс хойшоогоо нэг ухарчих л юм бол, дахиад нэг тийм төрлийн хүнд л боломж олгож байна гэсэн үг. Ний нуугүй хэлэхэд, улс төрд орж бизнесээ өргөжүүлэх гэсэн, улс төрд орж эрх мэдлээрээ далимдуулж хамгийн ашигтай байрлалд газар авах гэсэн, тендер авах гэсэн ийм нөхдүүдээр сум орон нутаг, аймгийн ИТХ дүүрчихээд байна л даа.

Сайн сайхан зүйл амлаж сонгогдчихоод хувийн эрх ашгийнхаа төлөө явж, тэр хүний ахуй амьдрал нь дээшлээд, тендер аваад, авсан тендерийнх нь багахан хувийг цагаан сараар танд тавгийн идээ болгоод л тараагаад байхаар чинь таны эргэн тойронд байгаа асуудлуудад тэр хүн санаа зовохгүй. Тэгэхээр хэн, юу амлаж гарч ирээд ямар үйлдэлд нэр холбогдоод байна вэ гэдгийг анзаарч, ажигладаг байх хэрэгтэй.

Сонгогдоод гараад ирчихсэн зарим хүн нийтийн сайн сайхны төлөө ажиллахгүй, дараагийн сонгуульд энэ хүмүүс надад санал өгнө гэдэг үүднээс шаардлагагүй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт дээр төсвийн хөрөнгийг улайран дайрч батлуулдаг. Өөрөөр хэлбэл, өөрийн сонгогдсон тойрог дээр шаардлагагүй хөрөнгө оруулалтыг шийдүүлж байхад нь, зэргэлдээ суманд түүнээс ч илүү шийдвэл зохих хүнд асуудал байхад тоохгүй байх тохиолдол байдаг. 

Иймд аль ч намаас нэр дэвшиж байгаа хүмүүсийн мөрийн хөтөлбөрийг сайтар унших хэрэгтэй. Сонгогч нь ч, нэр дэвшигч нь ч хариуцлагатай хандаж байж бидний амьдралд өөрчлөлт бий болно.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top