СОНГУУЛЬ I Улс төрд “ЦАХИУР ХАГАЛАХ” хүн Д.Батсайхан

Г.Ганчимэг | Zindaa.mn
2024 оны 10 сарын 04

Монгол Улсын маань хойморт уул ус тэгш сайхан нутаг Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Доржоо эмчийн гал голомтноо ээжийнхээ 45 насанд хэнз хүү төрсөн нь Батсайхан. Дээд талын эгчийг нь отголох байх гээд Отгонтуяа нэр хайрласан байжээ. Дөрвөн эгч, хоёр ахтай Батсайхан ажил амьдрал гээд бүхий л зүйлээрээ тэгш дүүрэн, намба суусан аав ээжийн отгон хүү тул юугаар ч дуталгүй өсчээ. Одоо эргээд санахад, Хөвсгөл аймгийн баруун урд талд Дэлгэрмөрөний хөвөөнд Баянбулаг гээд тусдаа булаг урсдаг газар Батсайханы бага нас өнгөрчээ. Эднийх Баянбулагаа бараадан хэдэн үхэр, хонио хариулан зусдаг сан. Хүү сүүнд их дуртай. Өглөө, өдөр, орой ёс юм шиг суу уудаг байв. Их сониуч, төмөр утсаар янз бүрийн зүйл урлаж суутал оройн саалийн цаг болчихсон байдаг байжээ. Ингээд л ээждээ үнээ саахад тусална. Үхэр, хонио эргүүлнэ. Тугал татна. Сүүлдээ гарын дүй хөгжиж, морины амгай давтах хэмжээнд оччихсон хүү байв. Хазаарын сур элдчихнэ, ногт зангидна. Нутгийн өвгөн Мандах дархны түлхүүр цоож хөөрөгдөж, хуурайдахыг харж өнждөг сөн. Өвгөн ч хүүг ад үзээд байхгүй. Аав нь хүний их эмч. Ханиад шуухитнаанаас эхлээд эмчлэхгүй өвчин байхгүй. Ийшээ нэг дуудлаганд мориор явж, тийшээ очиж эх барина.

Цагаан сараар том, том ах эгч нар “Боосон ээж”-дээ ирж золгоно гээд ирдэг байв. Эмийн шүүгээнийхээ өмнө байгаа аавынх нь дүр төрх одоо ч зүрх сэтгэлд нь тодхон. Хүн болж, ухаан орсон цагийн хамгийн анхны бахархал бол “Аав маань эмч”. Эрхэм хүмүүн, аав Ч.Доржоо нь Хөвсгөл аймгийн Галт суманд төржээ. Айлын хоёр дахь хүүхэд. Таван хүүтэй, нэг охинтой айл байж. Хамгийн бага нь охин. Аавын аав нь Чойжилсүрэн гээд тэр үедээ “Үер” киноны өвгөн шиг усч хийдэг байж. Идэрийн гол үерлэхээр нааш, цааш нь завиар хүн мал гаргаж өгдөг. 1939 оны хэлмэгдүүлэлтийн үед янз бүрийн хүнийг нааш цааш нь гаргаж өгч байжээ. Харамсалтай нь эрт өнгөрчээ. Харин Батсайханы ээж Нямдулам Арбулаг суманд төрсөн. Дээрээ дөрвөн эгчтэй, айлын бага. Хар багаасаа бас л өнчирч үлджээ. Хамгийн том эгчийгээ дагаж явсаар 16 насандаа айлын хүн болж, аавтай нь суужээ. Ч.Доржоогийнх Бүрэнтогтох суманд нэлээд олон жил амьдарчээ. Сум дундын эмнэлэгт хүний их эмчээр ажилладаг. Эхнэр Нямдулам нь Ус суваг нийтийн аж ахуйд үсчин хийдэг байв. Урдаа барьдаг үсчний нэг тул дандаа л дарга нарын үс засах болдог байжээ. Хамгийн анхны цахилгаан үсний машиныг барьж байсан, тухайн үеийнхээ шаггүй ур чадвартай үсчинд тооцогдоно.

 

ЭМЧ БОЛОХООСОО ӨМНӨ ХИЙМЭЛ ШҮД ХИЙЖ СУРАХ НЬ ТОДОРХОЙ БОЛОВ

Аавыг нь тэтгэвэрт гарснаас хойш эднийх Хөвсгөлийн баруун урдхан талд гол дагаж зусдаг байв. Батсайханд энэ үеийн дурсамж маш тод үлджээ. Хурдан морины хүүхэд байсан тул моринд их хайртай, 4-5 жил наадмаар морь унажээ. Энэ хобби явсаар байгаад цэвэр цусны хэдэн адуутай болгосон гэх. Хоёр дахь ах нь Хөвсгөл аймгийн Тариалан суманд хэдэн адууг нь хардаг юм байна. Жаахан томорсон хойноо голын хөвөө дагаж, дугуй унаж зугаацсан хөдөлгөөнтэй хүү бол Батсайхан. Сүү, мангир зарж бөөнддөг хэрсүү хүү байж. Ахуй, орчны нөлөөгөөр нэлээд хөдөлгөөнтэй, сэргэлэн хүү болжээ. Тэрбээр Хөвсгөл аймгийн II арван жилийг 2000 онд төгссөн юм байна. ЭМШУИС-ийн Сувилахуйн сургуульд шүдний техникч мэргэжлээр анх суралцжээ. Аавыгаа ходоодны хорт хавдараар 13 настайдаа алдсан тэртээх гашуун өдрүүдэд учраа олохгүй самгардаж байсан ч “Би аав шигээ эмч хүн болох юм шүү” гэдэг бүүр түүрхэн бодол толгойд нь орж иржээ. Аавдаа ч юм уу, өөртөө ч юм уу, хүү нулимсаа залгин дотроо ийн бодсоноо амандаа шивнэн амлаж байжээ. Юутай ч далд ухамсарт нь “Би аав шигээ эмч хүн болно” гэдэг мөрөөдөл сийлэгдэн үлджээ. Бага, залуу хүүхдийн санаа дундуур нь хувирч “Цагдаа болно” гээд бүр конкурс өгсөн ч хувь тавилангийн зам нь түүнийг яалт ч үгүй эмч болгохоор хөтөлжээ гэлтэй. Бүх сорилго шалгалтыг амжилттай давж байсан хүү хамгийн сайн чаддаг зүйл дээрээ буюу хамгийн сүүлд 800 метр тойрч гүйхэд гэнэт толгой эргэж, дотор муухайран суугаад өгтөл энэ сорилго дээр тэнцээгүй гэдэг шалтгаанаар цагдаа болох хөвгүүдийн жагсаалтаас хасагдав. Түр зуурын саваагүй хүсэл ч тэгэсхийгээд замхрав. Хараахан шууд эмч болох хуваарь аваагүй ч шүдний техникчийн хуваарь гарт нь ирэв. Эмч болохоосоо өмнө эхлээд хиймэл шүд хийдэг хүн болох нь ингээд тодорхой болов. Яалт ч үгүй өсч торнисон ахуй нь хүртэл эм тариа сэнгэнэсэн эмнэлгийн өвөрмөц үнэр, цагаан халад нөмөрсөн эмчийн цэмцгэр орчин шүү дээ. Далд ухамсартаа тэгээд л зурчихсан, мөрөөдөл зорилгоо болгочихсон байснаа хожмын өдөр л ийнхүү бүрэн дүүрэн ухаарчээ. Гурван жил шүдний техникчээр сурсан нь ч хувь зохиол гэлтэй. Угийн гарын дүй сайтай хүүд хиймэл шүд хийх нь хүн халшраад байхаар хэцүү ажил биш байсан нь ойлгомжтой. Хөсвгөл аймгаас ногоон авдартай ирсэн хүү ээжийнхээ эгчийн хажуу өрөөнд амьдардаг оюутан болов.

 

АРЛЫН ЯПОНЫГ ЗОРЬСОН ТҮҮХ

Ажлын гараагаа “Энэрэл дент” шүдний эмнэлэгт шүдний техникчээр эхэлжээ. Өмнө нь хүүхэд байхдаа хазаар хийдэг, ногт зангиддаг байсан учраас гарын дүй хөгжчихсөн, хийж байгаа ажилдаа дуртай, их сонирхолтой санагдана. Дадлага хийхдээ хүртэл хиймэл шүдийг хамгийн сайн хийдэг, хамгийн гоё өнгөлдөг байв. Анх гурвуулаа дадлагад гарсан ч хоёр хүүхдийг сонгож цааш ажиллуулсаны нэг нь Д.Батсайхан. Мэргэжлийнхээ онцлогийг жинхэнэ утгаар нь ойлгож дурлан, ажилдаа сонирхолтой болж байсан ид үе нь тэр байв. Ингээд 2005 онд захирал нь гарын дүй сайтай, ирээдүйтэй хүүхэд хэмээн үнэлэн Д.Батсайханыг илүү хөгжүүлж, эмнэлэгтээ шинэ технологи нэвтрүүлэхээр шийдэн Япон явуулж сургах санаатайгаа байгаагаа дуулгажээ. Гэхдээ эргэж ирээд “Энэрэл дент”-д таван жил ажиллана гэсэн гэрээ хийх гэж буйгаа хэлэв. Тэр үед буюу 2003 онд авч байсан анхны цалин 45 мянган төгрөг. Сүүлдээ 100 мянган төгрөг болж нэмэгдээд байсан үе. Гэхдээ ажил дээрээ өглөө 08:30 цагт ирчихсэн л байна. Орой 17:00 цаг хүртэл ажиллах ёстой ч Д.Батсайхан үндсэн ажлаа хийчихээд дандаа илүү цагаар суудаг, 22:00 цаг хүртэл ажилладаг байв. Илүү юм сурахыг хичээдэг, ажилдаа сонирхолтой залуугийн илүү цагийг тооцоод үзтэл ажлын өдөр 70 гаруй цаг, амралтын өдөр 30 гаруй цаг илүү ажилласан байжээ. Тэгэж хичээж, өөрийгөө хөгжүүлсний хүчинд ур чадвар сайжирсан болов уу. Тэр үедээ илүү цагаар сууж ажиллах болсондоо огт төвөгшөөхгүй, илүү шинэ зүйл сурч мэдэх, гартаа ортол хийх сонирхолтой ганц бие залуу байжээ. Хийж байгаа ажилдаа их дуртай, арагшаа шөнө орой боллоо гэж яарч, сэтгэл хоёрдохгүй, ид хийж бүтээж явсан үе. Ийнхүү захирал нь нэг өдөр “Чи манайд хоёр жил ажиллалаа. Гарын дүй ч бусдаасаа илүү сайн байна. Чамайг Япон явуулна. Гэхдээ таван жилийн гэрээ хийнэ” гэдэг санал тавихад нь залуусын хэлдгээр “Ок” байлгүй яах вэ. Тохиролцсон ёсоор мөнөөх гэрээгээ хийчихээд Япон мордсон түүх нь энэ. Гэхдээ үүний өмнө бас нэгэн түүх бий.

 

ХАНЫН МАТЕРИАЛ ТИЙШ ЗУРАЙСАН ЖИМ

Ажилд орсныхоо дараа жил буюу 2004 онд гэр бүлийн хүнтэйгээ танилцжээ. Гэргий нь тухайн үед шүдний эмчээр сургуулиа төгсөөд “Энэрэл дент”-д ажилд орохоор ирж байв. Залуус хоорондоо танилцаад, үерхэж эхэлжээ. Тэр үед Д.Батсайхан найз охиноо гэр рүү нь буюу Ханын материал руу троллейбусаар хүргэж өгнө. Буцахдаа мөнгөө хэмнээд ТБД андууд хүртэл алхаж байсан нь олонтаа. Эхнэр нь айлын ганц охин. Дээрээ хоёр ах, доороо нэг эрэгтэй дүүтэй. Дундговь аймагт төрж өссөн. Өвөө эмээгийн хүүхэд. Оюутан болоод ирэхэд нь хөгшчүүл охиноо дагаад ирчихсэн, Ханын материалд төвхөнөчихсөн байж. Найз залуу нь нагац эгчийнхээ хажуу өрөөнд амьдардаг. Найз охиноо авчрахаар шийдэж нөгөө хажуу өрөөндөө засвар хийгээд л. Гэтэл найз охин нь 80 гарсан өвөө эмээгээ орхиж түвдэхгүй. Ингээд тэд нэг гэртээ дөрвүүлээ амьдарч эхэлжээ. Амьдралын гарааны эхний он жилүүдэд ийнхүү Ханын материал руу зурайсан жим татаж байсан түүхтэй. Хос залуус нэг орой ажлаа тараад л троллейбусаар харьж явлаа. “Таван шар” руу эргэдэг уулзвар дээр тог тасраад цааш алхахаар шийдэв. Замдаа машин зардаг газрын хажуугаар өнгөрөхдөө “Хоёулаа, машинтай болох юмсан. Одоохондоо арай дийлэхгүй л дээ, тийм ээ” гээд л ярьж, мөрөөдсөн шигээ явж байтал яг “мөр дээрээ” боломжийн үнэтэй машинтай таарав. Сонирхоод асуутал “Зээлээр өгнө” гэж байна. Ингээд залуу хос гэрлэлтээ батлуулан тэр үед өгч байсан 500 мянган төгрөгөө аваад, хөдөө гэр рүүгээ яриад нэг үхэр заруулаад энэ хоёр мөнгөө нийлүүлтэл сая гаруй төгрөг болж, нөгөө сонирхоод байгаа машиныхаа урьдчилгаанд өгчихлөө. Үлдсэнийг нь “Голомт” банкны зээлээр буюу хар хөх өнгөтэй япон тэрэг лизингээр авчихав. Энэ айлын анхны хөрөнгө эзэддээ ирэх нь энэ. Сарын эргэн төлөлт 100 мянга хавьцаа. Ингээд нэгнийхээ цалингаар лизинг төлөөд, нөгөөгийнхөө цалингаар амьдрахаар тохиролцлоо. Гэхдээ бас болбол дундуур нь таксинд явах санаатай. Ингээд ажлаа тарчихаад харьж хоолоо идчихээд шөнө, заримдаа үүр цайтал таксинд явдаг “шинэ ажил”-тай болов. Өглөө 08:30 цагт ажил дээрээ бэлэн байдаг, ийм циклээр нэг хэсэг явж машиныхаа зээлийг даржээ. Дараа нь “Хоёулаа хуримаа хийе” гээд таксинд явж олсон мөнгөөрөө хуримын бөгж авав. Тухайн үед хос бөгж 500 гаруй мянган төгрөгийн үнэтэй байж. Ингээд Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийж, “Зүчи” рестораны I давхарт цайллага хийхээр тохиролцож, урьдчилгааг нь өгөв. Хүмүүстээ урилгаа өгтөл 180 хүн ирэхээр байна. Зориг зүрхтэй, нандин сайхан дурсамжтай үеийнх нь нэг хэсэг болох хуримын ёслол, цайллага сайхан боллоо. Хамгийн хөгжилтэй нь цайллагын дараа хүмүүсийн өгсөн дугтуйтай мөнгийг задалж нөгөө ресторандаа тушаачихаад гэртээ хэдэн сайхан зурагтай харьсан гэдэг. Өөр юу ч байхгүй. Гэхдээ хуримаа гоё хийсэн дурсамж сэтгэл зүрхэнд, хаан бугуйвч, хатан сүйх хуруунд нь үлджээ. Айл болсон хүмүүс тусдаа гарахаар шийдэж зуслангийн газартай ч болов. Тэр газартаа 5х5 хэмжээтэй дүнзэн байшин барихаар шийдэж Хэнтийгээс торх аваад намар орой болтол барилгачин болцгоов. Сүүлдээ сэрүү ороод эрхгүй даарч эхлэнгүүт ажилдаа ойрхон байр түрээсэлсэн байна. XIII хороололд нэг өрөө байр түрээслэн хэсэгтээ амьдарчээ.

 

ЯПОНООС ТҮҮСЭН “СУВД”

Ийн байтал мөнөөх 2005 он ивээл хишгээ хайрлаж, Д.Батсайхан Японы Кагава мужийн хотуудаар явж, эмнэлэгүүдээр нь очиж мэргэжлээ дээшлүүлэн, шүдний техникчийн ур чадвараа илүү хөгжүүлэн улмаар Монголд хамгийн анхны төмөр тагнайтай шүдэлбэрийг “Энэрэл дент” шүдний эмнэлэг нэвтрүүлжээ. Төмөр тагнайтай шүдэлбэр маш нимгэн, тагнай нь цоорхой зэргээр илүү эвтэйхэн шүдэлбэр байв. Өмнө нь дандаа хуванцар тагнайтай шүдэлбэрийг орос школоор хийдэг байж. Үүнийг япон технологиор өөрчлөв. Үүнээс гадна ахмадын бүрэн шүдгүйдлийг алим хазахад хүртэл унахгүй, илүү тогтвортой байх, яавал хоол хүнсийг илүү нягт бутлах вэ гэдэг технологийг Японд эзэмшиж ирсэн аж. Мөн “Холливуд смайл” гэгддэг шаазан технологийг ч Японд сурч иржээ. Нийт 700 ажилтантай 500 техникчтэй Вдасеймицу гээд Япон орон даяар муж бүрд салбартай групп лабораторийн нэг салбарт дадлага хийж, өөрийгөө хөгжүүлсэн байна. Шинэ технологиудыг энэ л үедээ эзэмшжээ. Хамгийн анх очихдоо японоор гүйцэд сайн ойлгохгүй ч залуучууд нь “Та нар мориор ажилдаа явдаг уу” гэх мэтийн сонин, сонин асуултыг нь ойлгоод л, ойлголцох гэж хэрэндээ хичээгээд л явдаг сан. Энэ мэтийн зам зуурын асуудлыг үл тоон эрдэм сурахаар ирсэн их аянаа гүйцэлдүүлэн “ганзага хоосонгүй” буцах цаг ч болов. Эргэж ирээд “Энэрэл дент” шүдний эмнэлэгтээ шинэ технологи нэвтрүүлэн ажиллаж, таван жилийн хугацаанд дөрвөн хүнийг шавь сургалтаар бэлдэж өгчээ. Тэр шавь нар нь өдгөө шүдний лабораторийн захирлууд болцгоосон байна. Өөрийгөө хөгжүүлээд дахиад цаашаагаа эмчээр сурсан ч хүн байна. Өдгөө бүгдээрээ л Монголын тэргүүлэх лабораторийн захирлууд болчихсон, 10 гаруй шүдний техникч бэлтгэсэн сууж байх. Монголд одоогоор нийт 580 гаруй шүдний эмнэлэг бүртгэлтэй. Тэдний хамаг нарийн ажлыг хийдэг шүдний лабораториудын захирлууд нь түүний шавь нар гэсэн үг.

 

НАРАН МЭТ ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ

Нэг л мэдэхэд, “Энэрэл дент”-д ажиллах гэрээний хугацаа дуусчихсан, 2010 он гарчихсан байжээ. Том охин ч төрөв. Хоёр, хоёр жилийн зайтай дөрвөн дүү дагуулжээ. Ирэх гэж байгаа бяцхан амь бүхнийг төрүүлнэ гэж шийдсэн хос одоо таван хүүхэдтэй болоод байна. Хоёр охин, гурван хүүтэй “Дархан бэр” болжээ, гэргий Сосорбурам нь.

“Энэрэл дент” эмнэлэгтэйгээ хийсэн гэрээний хугацаа дуусаад ажлаа өгснийхөө дараа Д.Батсайхан “Их Зайсан” шүдний эмнэлэгт нэг өрөө түрээслээд хиймэл шүд хийж эхлэв. Шүдний эмнэлгүүдийн захиалгаар хийсэн шүдээ аваачиж өгөөд л төлбөрөө аваад явна, энэ нь түүний цалин, орлого болдог байв. Хүний ам, буйланд таарамжтай, сайн шүд хийдэг тул ажил нь дороо босоод иржээ. Ингээд эхнийхээ орлого ашгаас л БНХАУ руу явж уян шүдний аппарат оруулж ирсэн байна. Тоног төхөөрөмжөө ийнхүү ганц, ганцаар нь нэмсээр байгаад хөл дээрээ босоод ирэв. Ингээд “Ер нь хоёулаа шүдний эмнэлэг байгуулах уу” гэж зөвшилцөөд “Сайхан дижитал дент” лабораторио үүсгэн байгуулжээ. Ийнхүү ажил, амьдралынх нь хоёр дахь том давалгаа 2010 оноос эхэлсэн байх юм. Гоё шүдтэй, харилцаа, хандлага сайтай гэдэг үнэлгээг үйлчлүүлэгдээсээ авч эхлэв. Энэ нь компани хурдан хөл дээрээ босож, эрүүл мэндийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхтэй шүдний эмнэлгээ босгох “виз” нь байжээ. Ингээд “Сайхан дент” шүдний эмнэлгээ 2014 онд “Баян Монгол” хороололд байгуулсан аж. Тэндээ бас л нэг эмч, нэг сувилагч, нэг креслотой шинэ ажлаа эхлүүлж байв. Эхнэр Сосорбурам нь эмчээ, нөхөр Батсайхан техникчээ хийгээд л нэг сувилагчаа цалинжуулан шүдний эмнэлгээ ажиллуулж эхэлсэн юмсанж. Тэр хавийнхаа өвөө эмээ нартай хамгийн түрүүнд найз болов. Жил гаруйн дараа Бээжинд шүдний үзэсгэлэнд оролцчихоод иртэл байрны эзэн “Энэ байрыг өөр хүнд түрээслэхээр болсон. Та нар гарна уу даа” л гэж. Дөнгөж хүнээ татаад эхэлж байсан ч арга буюу түрээсэлж байсан байраа суллаж өгсөн байна. Ингээд “Зайсан центр”-ийн гурван давхарт байр түрээслэн шүдний эмнэлгийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулжээ. Анх байр түрээсэлж эхэлсэн эмнэлэг одоо “Улаанбаатар сувилал”-ын дэргэд өөрийн гэсэн 158.2 м/кв байртай болжээ. Хариуцлагатай, хичээнгүй япон школоор суралцсан Д.Батсайханы арлын орноос тээж ирсэн дэвшилтэт технологи үйлчлүүлэгчдэд хамгийн ихээр таалагдаж, ажил амьдралд нь “тэсрэлтийн жилүүд”-ийг авчирчээ.

 

ТАЙВАНИАС ШҮҮРДСЭН “ШҮР”

Залуу хос тэгэсхийгээд байрандаа суугаад байхыг бодсонгүй. Залуу хүний тэмүүлэмтгий зангаар 2017 онд хоёулаа Герман яваад, хамгийн анхны таван хэмжээст хүний гар оролцдоггүй, компьютерийн технологиор шүд хийдэг аппаратыг эмнэлэгийнхээ үйл ажиллагаандаа нэвтрүүлэв. “Холливуд смайл”-ын металлгүй циркон шүдийг хийдэг технологи аж. Хүний амнаас хэв аваад, скайнердаад компьютерт оруулангуутаа том жижиг хэмжээ, дизайн, өнгийг өгөөд аппаратаар зордог технологи юм байна. Шинэ технологи түрүүлж нэвтрүүлэн, дандаа хүн баярлуулж, байнга талархал сонсдог болов. Яармаг болон Зайсанд хоёр салбартай “Сайхан дент” шүдний эмнэлэг өдгөө 20 гаруй хүн цалинжуулан нийгмийн даатгал төлөөд явж байна. Ажил үйлс бүтэмжтэй сайхан өрнөж, амьдрал ч цэцэглэж, хүүхдүүд төрсөөр. Ээж нь шинэ хүмүүсээ хоёр сар хүртэл нь харна. Тэгээд л ажилдаа орж, ажлынхаа дундуур хүүхдээ хөхүүлдэг хэвшлээр нэг хэсэг явав. Ингэж л ажил, амьдралаа зэрэг босгохыг хичээж зүтгэжээ, залуус. Анх бол нэлээд “шүдээ зууж” эхэлсэн гэдэг. Хувийн эмнэлэгээ удирдан авч явахын тулд эхлээд өөрийгөө хөгжүүлэн, компани байгуулж, маш олон зүйлийг шинээр сурч мэджээ, Д.Батсайхан. Япон, Герман, Солонгос, Тайвань, БНХАУ руу ч явж суралцаж, өөрийгөө хөгжүүлэх, мэргэжлийн ур чадвараа өсгөхийг чармайж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, зав зай л гарвал суралцаж байсан гэсэн үг. Ажлаа ч хийнэ. Хажуугаар нь “Ач” АУИС-д нүүр, амны их эмч мэргэжлээр таван жил сурч төгсөв. Эмч болсныхоо дараа Тайвань улсыг зорьж, бас л том групп эмнэлэг дээр дадлага хийн агт арааг авахаас эхлээд сувгийн эмчилгээ хийх, имплант суулгах, нэг орохдоо 10 цаг үргэлжилдэг эрүүний үеийг тайрах хагалгаа буюу шаймийг засах, эсвэл эрүүгүй хүнд эрүүтэй болгох зэрэг эрүү, нүүрний гоо сайхны хагалгаа хийхэд суралцаад иржээ. Ковидын үед амжиж Монголдоо орж ирсэн гэхээр 2019 онд Тайваниас шүүрдсэн “шүр” энэ аж. Анх явахдаа нэлээд урт хугацаагаар явахаар төлөвлөж байсан ч цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор богино хугацаанд олон зүйлийг амжуулан суралцжээ. Шүдний техникчээс эхлэн эмч болтлоо мэргэжлийн ур чадвараа өсгөн суралцсаны зэрэгцээ эмнэлэг буюу компаниа удирдан авч явахын тулд бизнес, санхүү, хууль, эрх зүй, маркетинг, сэтгэл зүй, барилга, сантехник, менежмент зэрэг маш олон салбарын зүйлээс суралцаж байж сая нэг санасан хэмжээндээ хүртэл бүрэн дүүрэн үйл ажиллагаа явуулдаг гэдгийг өөрийн биеэр мэдэрч туулсан байна.

 

ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА ЕРӨНХИЙ САЙД ШҮДНИЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Түүний өнөөдрийн гаргаж буй шийдвэр буюу Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд ХҮН намаас нэрээ дэвшүүлсэн нь ажил амьдралынх нь зам мөр бүхэнтэй холбоотой юм. Монгол Улс технологи нь нэвтэрчихсэн, хүний нөөц нь байхад эрүүл мэндийн салбар яагаад хөгжихгүй байна вэ гэж бодсондоо тэр. Тэрбээр 2016 онд Шүдний техникчдийн мэргэжлийн холбооны дэд ерөнхийлөгч болжээ. Дандаа л энэ салбарынхаа хүмүүсийн сайн сайхны төлөө болон болж бүтэхгүй байгаа зүйлсийн дуу хоолой болж явжээ. Шүдний техникч байсны хувьд мэргэжил нэгт дүү нар, найз нарынхаа дуу хоолой болж, ер нь эрүүл мэндийн салбарт яагаад ийм дунд мэргэжлийн хүмүүсийг орхигдуулчихсан юм бэ, тэдний маань ажлын орчин ямар хэцүү, агааргүй, тоосжилттой байдаг билээ. Гэтэл тэдний маань хууль, эрх зүйн орчин хангалтгүй гээд санаа зовох асуудал олон буй нь одоо ч хэвээр. Дараа нь эмч болоод Хувийн шүдний эмнэлгүүдийн холбоог анх үүсгэн байгуулаад ТУЗ-ийн даргаар JCI-ийн зарчмаар жил болоод солигддог дүрмээр ажиллаж үзэв. Тэгээд гишүүн нь болсон юм. Д.Батсайхан өөрийгөө хөгжүүлж, өсөж байв. Харин эрүүл мэндийн салбарт болж бүтэхгүй зүйл олон байгааг анзаарсаар. Өвчлөл өндөр, даатгалын асуудал оновчгүй, дээрээс нь тал тохой татдаг, авилга, хээл хахууль гээд шударга бус зүйлсийг яавал устгаж, эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртээмжтэйгээр үйлчилгээний чанарыг сайжруулах вэ, ерөөсөө л өөрчлөлт шинэчлэлт хийе гэж бодож, энэхүү бодол тэмүүллээ бусадтайгаа хуваалцсан байна. Гэтэл санаанд оромгүй зүйл болж, ихээхэн эсэргүүцэлтэй тулгарчээ. Үүнээс үүдээд дараагийн гарц гаргалгаа нь яг юу юм бэ гэдэг асуулт гарч иржээ.

И н г э э д   М о н г о л ы н   ш ү д н и й мэргэжилтнүүдийн холбоо гэж 40 жилийн түүхтэй байгууллагын дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн чинь олонхын санал авсан байна.

Дэд ерөнхийлөгч болоод Ази, Номхон               д а л а й н   о р н у у д ,   Д э л х и й н   ш ү д н и й  мэргэ­жилтнүүдийн холбооны гишүүн болж, Монголынхоо шүдний мэргэжилтнүүдийг гадаадын их сургуулиудад урт болон богино хугацаагаар сургав. Манай улсад шүдний өвчлөл 90 гаруй хувьтай байгаа нь, нас ахих тусам эрсдэл нэмэгддэг, шүдний өвчлөлөөс 200 гаруй төрлийн өвчлөл үүсдэг, ялангуяа хавдрын эхлэл, суурь болдог. Тиймээс монголчууд хамгийн түрүүнд шүдээ, ясаа хайрлахыг хүн бүр санаж явах хэрэгтэй. Ингээд Эрүүл мэндийн яамтайгаа холбогдлоо. Эрүүл мэндийн яамтай хамтран Ерөнхий сайд болон Засгийн газар руу “Хүн амын 90 гаруй хувь нь шүдний өвчлөлтэй байна. Үүнийг яаж бууруулах вэ” гээд албан бичиг хүргүүллээ. Түүхэндээ анх удаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрүүл мэндийн яаман дээр Монголын шүдний мэргэжилтнүүдийг цуглуулан хүлээн авч уулзав.

 

ҮЗЭЛ БОДОЛ, ЯВДАЛ СУУДАЛ НИЙЛЭХ ЖУРМЫН НӨХӨД ХҮН НАМД БАЙНА

Өнөөдөр шүдний салбарыг бараг 99 хувь нь хувийн хэвшлийнхэн авч явж байна. Нэгхэн хувийг нь улс үүрч байгаа. Эрүү, нүүрний төв буюу ганцхан эрүүл мэндийн даатгалаар үздэг нь тэр. Хүмүүс тэнд даатгалаараа үзүүлье гээд очихоор “Сарын дараа ир”, “Хоёр сарын дараа ир” гэдэг. Шүд нь өвдөж байгаа хүн түүнийг хүлээхгүй. Хувийн хэвшлийн эмнэлэгт үзүүлье гэхээр төлбөр өндөр, даатгалтай холбогдоогүй байдаг. Гэтэл өнөөдөр цалин, тэтгэвэр ямар байгаа билээ. Ард иргэдийн амьжиргаа ямар байгаа билээ. Татварын дарамт ямар өндөр байгаа билээ. Энэ бүгдийг хараад дуугарахгүй байж чадахгүй явсаар эцэстээ шийдвэр гаргах түвшинд хүрч ажиллаж байж амжилт олох юм байна гэж тэрбээр боджээ. Өөрөө л болж бүтэж байвал чимээгүй суугаад байхыг хүссэнгүй, яагаад эрүүл мэндийн салбарт, ялангуяа шүдний мэргэжилтнүүдийн хүчтэй дуу хоолой болж явах хүн гарч ирэхгүй байна вэ гэж хүлээж суухын оронд өөрөө шударга дуу хоолой нь болж, хүн ардынхаа эрүүл мэндийн хамгийн чухал асуудлыг шийдвэр гаргах түвшинд хүргэж, шийдүүлэхийг хүсэж зорьсон юм байна, тэрбээр. Ингээд баруун төвийн үзэл баримтлалтай, залуучуудын хийх, бүтээх эрх, эрх чөлөөг бий болгосон, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болдог ХҮН намыг сонгон хоёр жилийн өмнө элссэн байна. Өөрийн үзэл бодолд ойр, явдал суудал нийлэх журмын нөхөд маань энэ мөн байна гэх бодол 2020 онд анх төрж байжээ. Чингис хааны хэлсэнчлэн “Сэтгэлийг уясан байхад бие хаа холдох вэ” гэдэг шиг л тухайн үед илүү шинэлэг, соргог, өнгөлөг, эрч хүчтэй гарч ирж байсан ХҮН намд дотроо бол хэдийн элсчихсэн л явж. Харин хоёр жилийн өмнөөс албан ёсоор элсэж, дуу хоолойгоо хүргэсээр иржээ. Өнөөдөр Төлөөлөх зөвлөлд нь байна. Өөрөөр хэлбэл, Д.Батсайханы улс төрийн шийдэл, гарц нь эндээс эхэлж байгаа юм. Авлига, хулгайгүй, залуучуудаа дэмждэг нам бол ХҮН.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-д ганцхан суудалтай хэр нь Т.Доржханд гишүүн сөрөг хүчний буюу АН-ын ажлыг өмнөөс нь хийсээр ирж, үүргээ давуулан гүйцэтгэлээ. Өнөөдөр маш хурцаар яригдаж байгаа “Цавчаа ногоон автобус, “Дөчин тэрбум”, “Нүүрсний хулгай” зэрэг болохгүй, бүтэхгүй бүхэнд ХҮН нам “шүгэл үлээсэн” юм. ХҮН нам өнөөдөр ард түмнээ төлөөлж, дуу хоолойгоо хүчтэй өргөж ирсэн нам. Тиймээс ч тэрбээр итгэл үнэмшлээрээ элсэн орсон нам бол ХҮН. Өнөөдөр Монгол Улс маань дэлхийн хөгжлөөс хэдэн жилээр хоцорч байна вэ. Монголын эмч мэргэжилтнүүд чадвар муутайдаа биш чанаргүй эм, хуучирсан тоног төхөөрөмжтэй байгаад асуудал нь байна.

Хүн ардаа эрүүлжүүлэн эмчлэхийн тулд эрүүл мэндийн салбарт энэ мэтээр бугшсан муу муухайг эхлээд арилгаж, эмч мэргэжилтүүндээ шийдвэр гаргах түвшинд төлөөлье хэмээн тэрбээр сэтгэж сууна. Олон хүүхэдтэй аав хүний хувьд ч улс, эх орныхоо ирээдүйд илүү ихээр санаа зовж ХҮН намын “Өөрчилнө, цаг нь ирсэн” уриаг дэмжиж, Д.Батсайхан “Эмчилнэ, цаг нь ирсэн” хэмээн нэрээ дэвшүүлж байгаа юм. Монголын сор болсон сэхээтнүүд суурьшсан элит дүүрэг учраас хамгийн их өрсөлдөөнтэй байх нь гарцаагүй. Зайсан, Санзай гэдэг энэ нууцын орон дээр Монгол Улсын сор болсон сэхээтнүүд, тэргүүний хүмүүс амьдарч ирсэн жишиг газар. Төрийн ордон, хууль, эрх зүй гээд тусгаар улсын хамгийн чухал зүйлс, зарим нэг нууц зөвхөн энэ л сувагт буюу нууцын оронд хадгалагдан байдаг. Монгол хүн улсаараа эрүүл байх гэдэг бол ганц эмч, ганц хүний ажил биш шийдвэр гаргах түвшнөөсөө эхлээд төрийн анхан шатны нэгж хүртлээ бодлогоор хийх ажил юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үнэн(103.57.94.160) 22 цагийн өмнө

хэн ч гэмсэн аж амьдалаа нэгд нэгэнгүй тоочиж ийм балай юм нийтлүүлж чадна гэхдээ энэ бол тэнэглэл, үхнд эвгүй сэтгэл төрүүлж инээд хүргэхээс биш яасан сайхан амьтан бэ гэхгүй л байхдаа бодооч хүү минь

0  |  0
энэ үнэн(103.57.94.160) 22 цагийн өмнө

”УЛСТӨРД ЦАХИУР ХАГАЛАХ” ГЭНЭЭ ӨӨРИЙГӨӨ ХА ХА. ИНГЭЖ СОЛИОРОХОО БОЛИОЧ , ХҮНИЙ ДУРГҮЙ ХҮРЭХЭЭС БИШ ШУУРААД ДЭМЖИХГҮЙ ШҮҮДЭЭ ИНГЭЖ ХЭЛЛЭЭ ГЭЭД. ИЧМЭЭР ДАМШИГ ВЭ

0  |  0
zzzz(59.153.113.240) 2024 оны 10 сарын 04

iim yum niitluulj tenegtekhee boli ,

0  |  0
Top