ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 04

Өнөөдөр 2024.10.04. Энэ оны 278 дахь өдөр бөгөөд он дуусахад 88 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 56 минутад мандаж, 18 цаг 26 минутад жаргана.

Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 7 хэм, шөнөдөө 0 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын амьтдыг хамгаалах өдөр. Мозамбикт өнөөдөр Эв найрамдлын өдөр бол Лесотод Тусгаар тогтнолын өдөр.

Энэ өдөр Швейцарийн химич, 2002 оны Нобелийн шагналт Курт Вютрих, Америкийн зохиолч Энн Райс, Оскарын шагналт жүжигчин Сьюзан Сарандон, жүжигчин Дакота Жонсон, Алисиа Сильверстоун, Австрийн жүжигчин, Оскарын хоёр удаагийн шагналт Кристоф Вальц, Оросын алдартай программист Евгений Касперский, Орос-АНУ-ын дуучин, “Тату” хамтлагийн дуучин байсан Лена Катина зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1535 оны энэ өдөр анхны англи хэлээрх Библи хэвлэгдэж байжээ.

1675 онд Холландын физикч Христиан Гюйгенс халаасны цагтаа патент авч байжээ.

1958 оны энэ өдөр Лондоноос Нью-Йорк руу тийрэлтэт онгоцны анхны тогтмол нислэг эхэлжээ.

1959 онд сарны сүүдэртэй талын анхны гэрэл зургийг авсан “Луна-3” сансрын хөлгийг хөөргөж байв.

1994 онд Швейцарт “Нарны сүмийн одон” шашны урсгалын 48 гишүүн өөрийгөө шатаажээ.

2000 оны энэ өдөр шүүх алдарт Жон Ленноныг хөнөөсөн этгээдийг хэргээ урьдчилан төлөвлөсөн байсан гэж үзэж, хугацаанаас нь өмнө суллахаас татгалзжээ.

2006 оны энэ өдөр WikiLeaks сайт нээгдэж байв.

Билгийн тооллын 2. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top