Монгол Улсын Их Хурлын чуулганы 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг хэлэлцэн, баталсан бөгөөд 2024 оны 1 дүгээр сарын 1 ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль олон улсын жишигт нийцсэн хууль болсон бөгөөд нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж төр хувийн хэвшлийн урт хугацааны үр дүнтэй хамтын ажиллагаанд суурилан иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн юм. Тухайлбал төмөр зам, авто зам, нисэх буудал, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт төрийн хийж гүйцэтгэж ирсэн төсөл, ажил үйлчилгээг цаашид хувийн хэвшлийн оролцоо, инновац, хөрөнгө оруулалтад тулгуурлах үр ашигтай, амжилттайгаар хэрэгжүүлнэ.
Төрөөс зөвшөөрөл, хөрөнгө болон газрын асуудлыг шийдвэрлэх, төрд төлөх хураамж, төлбөрийг бууруулах, эсхүл чөлөөлөх, тусгайлан тодорхойлсон нөхцөл байдал үүссэн тохиолдолд татварын болон татварын бус бусад нөхцөлөөр хөнгөлөлт үзүүлэх хэлбэрээр хувийн хэвшлийн түншлэгчид дэмжлэг үзүүлнэ.Хуульд зааснаар хувийн хэвшил, аж ахуй нэгжүүд өөрсдөө холбогдох тооцоо судалгааг хийсний үндсэн дээр төртэй түншлэн төсөл хэрэгжүүлэхээр төсөл санаачлах эрхтэй бөгөөд төслийн саналаа тухайн асуудлыг эрхэлсэн салбар яаманд хандан гаргах боломжтой юм.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч талуудын хууль ёсны эрх ашгийг хамгаалсан зохицуулалт туссан тул түншлэлийн төсөл хэрэгжсэнээр гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, Монгол улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой.
Сэтгэгдэл ( 0 )