УИХ-ын даргын 2024 оны 85 дугаар захирамжаар байгуулагдсан Хот, суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг энэ талаарх эрх зүйн болон тогтолцооны орчин нөхцөлийг судалж, холбогдох талуудын мэдээллийг сонсох, нэгтгэх ажлыг хийж байна. Өнөөдөр (2025.01.13) тус ажлын хэсэг зургаа дахь хуралдаанаа хийж, банкны салбарын мэдээллийг сонслоо.
Хуралдааны эхэнд Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц өмнөх таван хуралдаанаар хэлэлцсэн асуудал, сонсож танилцсан мэдээллийг нэгтгэн танилцуулаад, барилга, орон сууцны ногоон санхүүжилтийн зах зээл, эрэлт, нийлүүлэлтийн байдал болон барилгын чанар, стандартын талаар тодорхой мэдээллүүд цуглаад байгаа талаар ярив.
Ажлын хэсгийн хуралдаанд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Монголын ногоон барилгын хүрээлэн, Дэлхийн банк, Тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан, Хас, Голомт, Худалдаа хөгжлийн болон Төрийн банкны төлөөлөгчид оролцож, барилга, орон сууцны зээл, санхүүжилтийн талаар танилцуулсан юм.
Хас банкны Эко банкны газрын захирал Г.Туул, Голомт банкны Олон улсын банкны газрын хэлтсийн захирал Ч.Үнэнгэрэл, Тогтвортой санхүүжилтийн хэлтсийн мэргэжилтэн Х.Нарангэрэл нар тус тусын банкны ногоон зээлийн бүтээгдэхүүнүүдийн талаар танилцуулж, энэ төрлийн зээлийн хүү харьцангуй өндөр, өртөг ахиу байгааг хуваалцах боломжийг судалж ажиллах шаардлагатайг онцолсон юм. Хас банкнаас хүлэмжийн хийг бууруулах биногоон бизнесийн, иргэдэд гэр, байшингаа дулаалахад зориулсан эко хэрэглээний, мөн эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барих зээлүүдийг олгодог бол Голомт банк бизнесийн тогтвортой зээл, цахилгаан автомашины, амны орон сууцны, хэрэглээний болон хүүгээ хуваан төлөх нөхцөлтэй гэсэн таван төрлийн ногоон зээлийг олгож байна. Хэдийгээр ногоон зээлийн бүтээгдэхүүнүүд байгаа ч эдгээрийн хувь хэмжээ нийт зээлийн дотор 5.0 хүртэл хувийг л эзэлж байгаа бөгөөд ялангуяа амины орон сууцны ногоон зээлийн нөхцөл шаардлага, өртөг өндөр байгаагаас нийлүүлэлт хангалттай хэмжээнд хүрэхгүй байна гэж банкны салбарын төлөөлөгчид хэлж байлаа.
Хаан банкны ногоон зээлийн хэмжээ өнгөрөгч 2024 онд 711.0 тэрбум төгрөг болж, нийт зээлийн 6.0 хувьд хүрснийг тус банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа танилцууллаа.
Энэ онд уг зээлийн нийлүүлэлтийг 1.4 их наяд төгрөг буюу нийт зээлийн 10 хувьд хүргэхээр ажиллаж байгаа юм байна. Барилга, орон сууцны ногоон зээлийг олгохын тулд зээлдэгчийн барилга, байшинд Олон улсын санхүүгийн корпорацийн EDGE, АНУ-ын LEED зэрэг гэрчилгээ, стандартыг шаарддаг байна.
Эдгээр стандартыг хангаж, гэрчилгээ авахад хэр хүндрэлтэй судлах үүднээс тус банк өөрийн байр, салбарын барилгуудынхаа цахилгаан эрчим хүчийг нарны эх үүсвэртэй болгож, үнэлгээ хийлгэхэд дунджаар 14 сарын хугацаа зарцуулж байгааг ярьсан юм. Тиймээс ногоон барилгын үнэлгээний үндэсний системийг нэн даруй хэрэгжүүлж, шуурхай, хүртээмжтэй нэвтрүүлж ажиллах шаардлагатай гэв. Мөн тэрбээр ногоон зээлийн зориулалтаар гадаадаас санхүүжилт олж авчраад түүнийгээ дотоодын зах зээлд төгрөгөөр олгох учир гадаад валют, төгрөг хоорондын своп арилжааны зардлыг бууруулах шаардлага байгааг дурдав.
Ногоон барилгын үнэлгээний үндэсний системийг бий болгохоор ажиллаж байгаа “Ногоон барилгын хүрээлэн” ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Батгэрэл ажлын хэсгийн хуралдаанд BestGER (Best Governance Efficiency Resilience) үнэлгээний системийнхээ талаар танилцууллаа. Системийг боловсруулахдаа олон улсад түгээмэл хэрэглэгдэж байгаа LEED, EDGE, ISO, Германы DGMB, Английн BREEAM зэрэг системүүдийг харцуулан судалж, хэмнэлт, тэсвэржилт, санхүүгийн болон хэрэгжүүлэх боломж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц байдал зэрэг зарчмуудыг баримталсан байна. BestGER системийн хялбаршуулсан үнэлгээний аргачлал нь барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжийг үнэлэхэд ашиглах бөгөөд хоёр бүлгийн 12 шалгууртай бол бага, дунд, өндөр болон онцгой төвөгшилтэй барилга байгууламжуудыг үнэлэх дэлгэрэнгүй үнэлгээний аргачлалыг эрчим хүч, тэсвэржилт, материал, дотоод орчны чанар, усны хэмнэлт, хүрээлэн буй орчин гэсэн зургаан бүлгийн 31 шалгууртай боловсруулжээ. Ногоон барилгын BestGER гэрчилгээ олгох журмыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын тушаалаар батлаад байгаа бөгөөд барилгын төлөвлөлт, зураг төсөл боловсруулах үед шатанд урьдчилсан гэрчилгээ, барих, ашиглах үе шатанд ногоон барилгын гэрчилгээг тус тус үнэлгээ, дүгнэлтэд үндэслэн олгох юм.
Дээрх үнэлгээний системийг боловсруулах болон орон сууцны ногоон санхүүжилтийн зах зээлийг судлах, төлөвлөхөд дэмжлэг үзүүлж ажилласан Дэлхийн банкны ахлах мэргэжилтэн, хатагтай Дао Харрисон мөн ажлын хэсгийн хуралдаанд мэдээлэл хийлээ. Тэрбээр, олон улсын орон сууцны зах зээлийн санхүүжилтийн туршлагаас үзвэл арилжааны банкууд эхэндээ төлбөрийн чадвартай, эрсдэл багатай хэрэглэгчдэдээ чиглэж ажилладаг бол барилгын стандарт шаардлагыг мөрдүүлж ажилласнаар бага орлоготой хэрэглэгчид рүү хандах болсон талаар танилцуулж, ногоон барилгын үнэлгээний системийг өөрийн орны онцлогт тохируулан боловсруулж, нэвтрүүлснээр дунджаас доогуур орлоготой иргэдийн санхүүгийн хүртээмжийн асуудалд санаа зовох шаардлагагүй болно гэсэн юм. Мөн тэрээр Индонези Улсын орон сууцны барилгын стандартыг хэрэгжүүлсэн тухай жишээлэн ярьж, ногоон барилгын BestGER үнэлгээний системд эрчим хүч болон усны хэмнэлт, тэсвэржилт ба хүрээлэн буй орчны хүчин зүйлсийг онцлон авч үзсэн нь оновчтой болсныг тэмдэглэв.
Банкны салбарынхны мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат нийслэл Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгын хүрээнд сэргээгдэх эрчим хүч ашиглаж буй айл, өрхүүд илүү гарсан эрчим хүчээ төвийн системд худалдаж болох боломжтой болсон тул энэ чиглэлийн зээлийн эрэлт нэмэгдэнэ гэдгийг дурдаж, өрх бүрийг эрчим хүч үйлдвэрлэгч болгохын тулд идэвхтэй ажиллахыг уриалав. Мөн Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа ихээхэн дутмаг байгааг онцолж, ялангуяа эрчим хүч, барилгын салбар хооронд ойлголцох, харилцан бодлого, зорилтоо дэмжих, нийцүүлэх шаардлагатайг дурдсан бол Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрүүдийг хөгжүүлж, 10 000 нарны өрхийг бий болгох зорилт Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 14 мега төслийн дотор тусгагдсаныг мэдээлж, мега төслүүдийн хэрэгжилтэд идэвхтэй оролцож, үр дүн гаргахыг зөвлөсөн юм. Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц мэдээлэлд дурдагдсан асуудлуудыг ногоон санхүүжилтын тогтолцоо, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд тусгахаа илэрхийлж, энэ асуудлыг зохистой шийдвэрлэхийн тулд нягт хамтран ажиллахыг хүсэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )