"Squid Game" киноны бодит түүх гэгдээд буй "Brothers’ Home" гэж юу вэ?

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 26-нд "Netflix" дээр цацагдсан "Squid Game" киноны хоёрдугаар улирал Netflix-ийн дээд амжилтыг эвдээд байгаа билээ. 

Тус киног 1980-аад оны үед болсон үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн гэх мэдээлэл цахим сүлжээнд тархаад буй бөгөөд уг мэдээлэл хэр үнэн бодит болохыг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсүүдээр мэдээлж эхэлжээ. Цахим орчинд тархаад буй зураг нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтжээ. Зураг дээрх хүмүүсийн зураг бодит хэдий ч ягаан болон ногоон өнгийн ханыг хиймэл оюун ухаанаар бүтсэн тул 100 хувь баталгаатай мэдээлэл биш юм.

Бодит түүх: Уг зураг дээрх хүмүүс нийгмийн эмзэг бүлгийнхний хорих лагер болох "Brothers’ Home"-д хоригдож байсан хүмүүсийн бодит зураг бөгөөд орон гэргүй иргэд, өнчин хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон баривчилгаа явагдах үед гудамжинд байсан хүмүүсийг тус хорих лагерт хорьж, албадан хөдөлмөр эрхлүүлдэг байв. Мөн үүнээс гадна эрүүдэн шүүж, бэлгийн мөлжлөг үйлдэн, амь насыг нь хөнөөж байв. Тус хорих лагерт нийт 40.000 орчим хүн хоригдож байсан гэх тооцоо бий. 

Хоригдож буй хүмүүсийг жижиг хэсгүүдэд хуваан дотроос нь удирдагч томилж, хамгийн сайн удирдагч байсан хүмүүсийг нь амьд үлдээх нэрийдлээр хүчирхийллийг өөхшүүлдэг байжээ. "Brothers’ Home" 20 гаруй жил оршин тогтносон бөгөөд энэ хугацаанд нийт 650 гаруй хүн амиа алдаж, тэднийг нууцаар оршуулж, заримынх нь цогцосыг эмнэлэгт худалдсан гэх мэдээлэл бий. 

Өнгөрсөн жил тус хорих лагерт болсон хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсээр байсан ба 2024 оны дөрөвдүгээр сард 15 хохирогчид 4.6 тэрбум воны нөхөн олговор олгохоор шийдвэрлэж байжээ. 

Нийгмийн эмзэг давхаргынхныг ийнхүү хорих лагерт хорих нь гаднын улс орнуудад Өмнөд Солонгос улсыг дайны хор уршгаас ангижирч, хэрхэн орчин үеийн хөгжингүй улс болсныг батлан харуулах зорилготой байжээ. Мөн тус улс 1986 оны Азийн наадам, 1988 оны Зуны Олимп зэрэг дэлхийн хэмжээний спорт арга хэмжээг зохион байгуулах гавьяатай болсныг дэлхий дахинд харуулах зорилготой байсан ба төр болон хувийн хэвшил нэгдэн ийнхүү нийгмээ "цэвэрлэх" ажиллагаа явуулсан байна. 

Харин "Squid Game" киноны хувьд кино зохиолч Хван Дун Хёг нь киногоо уг явдлаас сэдэвлэсэн гэх зүйл өмнө нь хэзээ ч ярьж байгаагүй ажээ. 

 

1987 оны 1-р сар. Бусан дахь хорих лагер.  

 

Тус хорих лагераас амьд үлдсэн хохирогч Хан Жун Сон хүмүүсийг хэрхэн тамладаг байсан тухай Үндэсний Ассамблей дээр зохион байгуулагдсан хэвлэлийн бага хурлын үеэр ярив. 

 

Тус хорих лагераас амьд үлдсэн хүмүүс 2015 оны 4-р сарын 28-нд Үндэсний Ассемблейн өмнө үсээ хусуулж, хохирогчдод зориулсан тусгай хууль батлахыг уриалж буй нь. 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top