Каспийн тогоо: Рокфеллер, Ротшилдынхны ашиг сонирхол Бакуд хэрхэн сүлэлдэв

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 08

Их Британи, Оросын эзэнт гүрний Дундад Ази, ялангуяа Перс буюу Иранд ноёрхохын төлөөх өрсөлдөөнийг том тоглоомтой зүйрлэдэг. Бизнес эрхлэгчид байр сууриа үүнээс дутахааргүй сонирхолтой аргаар олж авдаг байв. XIX, ХХ зууны зааг дээр газрын тосны зах зээлд ноёрхохын төлөөх ширүүн тулааны гол талбар тухайн үеийн Оросын эзэнт гүрний газрын тосны нийлэл байсан Баку болж байв. Тэнд Оросын газрын тосны 90 хувь, дэлхийн газрын тосны бараг тал хувийг олборлож байжээ.

Дэлхийн газрын тосны зах зээл Пенсилваний газрын тосны халуурлаас эхлэлтэй. Хурандаа хочтой геологич Эдвин Дрейк 20 м гүн цооног ухаж, энгийн помпын тусламжтай газрын тос олборлож эхэлснээр тус муж газрын тосоор өвчилжээ. Тухайн үед газрын тосыг эрчим хүчний эх үүсвэр гэж үздэггүй байв. Хар алтыг ардын анагаах ухаанд эмчилгээний тос хийхэд голдуу ашиглаж байжээ.

Каспийн тэнгисийн тос

Газрын тосыг хотын гэрэлтүүлгийн эрчим хүчний эх үүсвэр болсон минерал тос үйлдвэрлэхэд тохирсон түүхий эд гэж хүлээн зөвшөөрсний ачаар Рокфеллер  газрын тосны зах зээлийн оргилд гарч чаджээ. Гудамжны гэрэлтүүлэгт зориулсан тосыг эхлээд нүүрсээр үйлдвэрлэж байсан бол хожим нь газрын тосыг шууд нэрэх замаар керосин гаргаж авах аргыг нээжээ. Керосины үйлдвэрийг Жон Рекфеллер байгуулж байлаа.

1857 онд Оросын эзэнт гүрний Баку хотод керосины жижиг үйлдвэр нээлтээ хийж байжээ. Эзэн нь Дундад Азийн улс орнуудтай худалдаа хийдэг байсан Василий Кокорев. Керосин үйлдвэрлэлийн гарц дөнгөж 15 хувь байсан тул Кокорев ихээхэн алдагдал хүлээжээ. Үйлдвэрээ аврахын тулд тэр олон шинжээчдэд хандсаны нэг нь Дмитрий Менделеев байлаа. Химичийн зөвлөгөө Кокоревт таалагдаж, түүнд ашгийнхаа хувийг амлан, үйлдвэрийг нь тэргүүлэх санал хүртэл тавьжээ. Гэвч ирээдүйн химийн үелэх системийг зохиогч саналыг авсангүй. Бакуд гаргаж авсан бүтээгдэхүүнийг гэрэлтүүлэгт хэрэглэх боломжтой байсан ч үнэ, чанарын хувьд Хойд Америкаас Москва, Санкт Петербургт авчирч байсан керосинд ялагдана. Түүнчлэн, тээвэрлэлтийн хувьд Пенсилваний бүтээгдэхүүн дотоодын болон дэлхийн зах зээлд гарахад ойр байв. 1870 онд “Standard Oil” компанийг үүсгэн байгуулсан Жон Рокфеллер хожим нь газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтэд хяналтаа тавьж чадсанаар өрсөлдөгчдөд нь эсвэл түүний трастад нэгдэх эсвэл дампуурахаас өөр сонголт үлдээгүй байна. Дмитрий Менделеев Бакугийн газрын тосны тээврийн асуудлыг шийдэхийн тулд газрын тос тээвэрлэх хөлөг онгоц болон газрын тос дамжуулах хоолой барих шийдлийг санал болгосон ч Рокфеллер өрсөж дөнгөжээ.

Оросын газрын тосны нийслэлд Алфред Нобелийн ах нар болох Роберт, Людвиг Нобель нар 1873 онд ирснээр байдал сайжирчээ. Ахынхаа улсын захиалгаар үйлдвэрлэдэг винтов буу хийхэд зориулсан мод худалдан авахаар ирсэн Роберт Нобель өгсөн мөнгөөр нь газрын тос боловсруулах жижиг үйлдвэр худалдан авчээ. Хэдхэн жилийн дараа Нобелийн үйлдвэр Санкт Петербург хотод гэрэлтүүлгийн масло нийлүүлж эхлэв. Дүүгийнхээ бизнест Людвиг Нобель татагдан орж, 1879 онд ах дүү Нобелийн газрын тосны үйлдвэрлэлийн нөхөрлөл байгуулагджээ.

Ах дүү Нобель Менделеевийн тодорхойлсон асуудлыг шийдэж чадав. Газрын тосны тээвэрлэлтэд зориулж тэд 1878 онд дэлхийн анхны газрын тос тээвэрлэгч уураар явдаг “Zoroaster” хөлөг онгоцыг далайд гаргав. Тус хөлөг нэг талдаа 25 тонн керосин тээвэрлэх хүчин чадалтай байжээ. Ижил мөрнөөр жилийн дөрвөн улирал тээвэрлэлт хийх боломжгүй байсан тул мөрний дагуу газрын тос хадгалах агуулахуудыг барьж, улмаар керосиныг жилийн турш тасралтгүй нийлүүлэх боломжтой болжээ. Ийн Ижил мөрнөөр газрын тосны бүтээгдэхүүнийг Орос даяар, тэр бүү хэл Европт нийлүүлэх боломжтой болсон ч тээврийн тусдаа дэд бүтэцгүйгээр өрнөд рүү гаргахад хүндрэлтэй байлаа.

Батуми дахь уулзалт

Каспийн газрын тос тээвэрлэх өмнөд чиглэлийг Нобелийнхны монополд дургүйцсэн Оросын газрын тосны бизнес эрхлэгч Андрей Бунге, Сергей Палашовский нар 1878 онд Бакугаас Кавказын уулсаар дамжуулан Батуми хүртэл төмөр зам тавьснаар нээжээ. Гэвч санхүүгийн боломжоо шавхсан тэд Адриатын тэнгисийн эрэг дээр газрын тосны үйлдвэр ажиллуулж байсан Ротшилдынхнаас тусламж хүсжээ. Ротшилдынхны хувьд Бакуугийн газрын тосыг хямд үнээр нийлүүлэх боломж нээгдэв. Ийн Батуми дэлхийн газрын тосны томоохон боомтуудын нэг болж, харин Ротшилдынхан дэлхийн газрын тосны зах зээлд байр сууриа бэхжүүлжээ. 1886 онд тэд Батумийн газрын тосны үйлдвэрлэл, худалдааны нийгэмлэг байгуулж, газрын тосны агуулах, худалдааны цэгүүдийг барьжээ. Удалгүй Нобелийнхан тус хотод ирж суурьшина.

Дэлхийн керосины зах зээл дээр ийн томоохон тоглогчид гарч ирсэн нь АНУ-ын “Standard Oil” компанийн удирдлагуудын санааг түгшээж эхэлжээ. Өрсөлдөөнөөс тохиролцоо илүү гэж үздэг Рокфеллер ах дүү Нобелиос бизнесийнх нь тодорхой хэсгийг худалдан авах санал тавьсан ч татгалзсан хариу авав. 1879 оноос хойших 10 жилийн дотор Орост газрын тосны олборлолт 10 дахин нэмэгдэж, Америкийн түвшинд хүрэв. Гэхдээ америкчууд шиг том зах зээл байсангүй.

Америкийн корпорац үүнийг ухамсарлаж байсан бөгөөд Нобелийнхантай хийсэн хэлэлцээ бүтэлгүйтсэний дараа цэргийн ажиллагаа эхлүүлэв. 1885 оны арваннэгдүгээр сард “Standard Oil” Европ дахь үнээ огцом унагаж, үүнтэй зэрэгцэн зах зээл дээр Оросын керосин чанар муутай гэсэн яриа дэгдэв.

1890-ээд оны эхээр тэдний тулаан Ротшилд, Рокфеллер, Нобелийнхны дэлхийн газрын тосны синдикат байгуулах тухай хэлэлцээрээр төгсөх шахсан. Гэхдээ хэлэлцээ, хараат бус үйлдвэрлэгчдийг өөрийн талд оруулж чадаагүй “Standard Oil” корпорацын буруугаас болж нурсан гэж үздэг. Гол шалтгаан нь тус корпорацыг ирээдүйд синдикатын бүх оролцогчдыг залгина гэсэн айдастай холбоотой. Тэр тусмаа “Standard Oil” 1895 оны гуравдугаар сарын 14-нд Ротшилд, Рокфеллер, Нобелийнхны холбоо байгуулах тухай хэлэлцээр байгуулж байсан. Америкчууд дэлхийн зах зээлийн дөрөвний гурвыг авч байсан бол Оросын талд /Ротшилд, Нобель/ 25 хувь ногдсон тул Оросын эрх баригчид энэхүү хэлцлээс татгалзсан түүхтэй.

Томоохон хэлцэл

Энэ үеэр Ротшилдынхан керосиныг дэлхий даяар нийлүүлэх чадвартай тээврийн компани олоод байв. Тэр бол Маркус Сэмюэлийн байгуулсан “Shell” компани байлаа. Тэд керосиныг Суэцийн сувгаар дамжуулан Азийн зах зээлд нийлүүлэх тохиролцоонд хүрэв. Тун удалгүй “Shell” брэндийн улаан савтай керосин Зүүн Азийн зах зээлийг эзэлжээ.

Ийнхүү XIX зууны сүүлээр дэлхийн газрын тосны зах зээлийг Рокфеллер, Ротшилд, Нобель гэсэн гурван гэр бүл тодорхойлж байв.

Харин хожим нь газрын тосны тоглоомын өрнөлд улс төрийн үйл явдал нөлөөлж эхэлсэн байна. 1905 онд Орост хувьсгал гарч, газрын тосны олборлолт зогсож, олон үйлдвэрүүд хаалгаа барьсан. Ротшилдынхан ч гарахаар бэлтгэж, Оросын активаа Нобелийнхан болон Deutsche Bank-д авах санал тавьсан ч татгалзсан хариу авч байжээ. Энэ үеэр “Shell” газрын тосны шинэ эх үүсвэр олж, Холландын “Royal Dutch Petroleum Company” компанитай нэгдсэнээр Индонез дахь газрын тосны ордыг гартаа авчээ.  1907 онд “Royal Dutch Shell” хэмээх компани үйл ажиллагаагаа эхлүүлнэ.

1911 онд Ротшилдынхан “Royal Dutch Shell” компанитай Орос дахь гарын тосны бизнесээ худалдах хэлэлцээ эхлүүлж, 1912 онд тохиролцоонд хүрсэн байлаа. Үүний төлөө Ротшилдынхан тус хоёр корпорацын хувьцаанаас эзэмшив. Ийн тус гэр бүл Оросын бизнесээ орхисон ч дэлхийн газрын тосны зах зээл дээрх байр сууриа хадгалж үлдэв.

Удалгүй керосин үеэ өнгөрөөж, гудамж, айл өрхүүд цахилгаантай болсон байв. Улмаар газрын тосны бүтээгдэхүүн тээврийн хэрэгслийн түлшний үүрэг гүйцэтгэх болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top