Далайн гахайн амьсгалд бичил хуванцрын хэсгүүд илрүүлжээ

Админ | Zindaa.mn
2024 оны 10 сарын 21

Америкийн далай судлаачид Флорида муж улсын эрэг хавийн далайн усанд амьдардаг лонхон хамарт далайн гахайнуудын амьсгалын эрхтнүүдийн ажиллагааг ажиглах үедээ цуглуулсан агаарын дээжүүдээс бичил хуванцрын олон тооны хэсгийг илрүүлсэн байна.

“Эдгээр дээжид хуванцар байгаа нь далайн гахайнуудын уушгинд хуванцар хуримтлагдсан байх магадлалтайг харуулж байгаа юм. Урьд нь бичил хуванцрын хэсгүүд болон хуванцаржуулагч бодисуудын молекулуудыг далайн гахайнуудын хоол боловсруулах эрхтнүүдээс олж илрүүлж байсан хэдий ч тэдгээр нь амьсгалын эрхтнүүдэд нь байгаа эсэхийг хараахан судалж байгаагүй билээ. Бид далайн гахайн амьсгалаад гаргасан агаарын дээжүүдийг цуглуулсан бөгөөд дээж бүрээс бичил хуванцрын наад зах нь нэг хэсгийг илрүүлсэн. Энэ нь далайн гахайнуудын амьсгалын эрхтнүүдэд эдгээр бохирдуулагчийн учруулж буй аюулыг судлах шаардлагатай болохыг гэрчилж байна” гэж Америкийн судлаачид шинжлэх ухааны PLoS One сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлдээ тэмдэглэжээ.

Атлантын далайн Мексикийн буланд Флорида болон Луизиана муж улсын эрэг орчимд амьдардаг лонхон хамарт далайн гахайнуудын амьдралыг ажиглаж байгаа АНУ-ын Чарлстоуны коллежийн доцент Лесли Харт тэргүүтэй далай судлаачид ийм нээлт хийсэн байна. Энэ ажиглалтынхаа хүрээнд эрдэмтэд нас бие гүйцсэн 11 далайн гахайг барьж аваад, тэдний амьсгалын нүхээрээ гаргаж байгаа агаарын дээжүүдийг цуглуулаад, бүтцийг нь судалсан ажээ. Эдгээр дээжийг шинжлэн судлахад агаарын бүх 17 дээжид хамгийн багадаа бичил хуванцрын нэг хэсэг байсан байна. Ийм хэсгүүдийн дотор янз бүрийн хатуу хэсгүүдээс гадна полиэфир, полиамид зэрэг хуванцрын түгээмэл бодисуудаас бүрдэх нийлэг эд байжээ. Хуванцрын эдгээр эд, хэсгүүд далайн гахайн уушгинд амьсгалж буй агаартай хамт орсон гэж судлаачид таамаглаж байгаа хэдий ч дэлхийн далайн ус хуванцар хог хаягдлаар бохирдсон хэмжээг харгалзан үзвэл өөр замаар ч орсон байхыг үгүйсгэхгүй байна. Далайн гахайнуудын уушгинд хуванцрын эдгээр эд, хэсгүүд их хэмжээгээр хуримтлагдах нь энэ сүүн тэжээлтнүүд уушгины фиброз өвчинд нэрвэгдэхэд хүргэж болзошгүй аж. Дараа дараагийн туршилт, ажиглалтууд бичил хуванцрын далайн гахайнуудын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг илүү нарийн тогтооход тусална гэж эрдэмтэд дүгнэсэн байна.

Л.Батбаяр 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top