Тоног төхөөрөмжөө шинэчлэхгүй бол “ДЦС-3” дэлбэрэхэд ойрхон байна гэв

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 10 сарын 31

Энэ өвөл олон жилийн дунджаас илүү хүйтэн болно. Мөн урт өвөл болох урьдчилсан мэдээллийг цаг уур, орчны шинжилгээний байгууллагууд өгч байна.Үүнтэй зэрэгцээд хот тэр аяараа хөлдөх, улс даяар эрчим хүчний тэг зогсолтод хүрч мэдэх аюулын харангыг цахилгаан, дулааны станцууд дэлдэж эхэлжээ. Ингэхээс ч аргагүй юм.

Монгол Улс хөгжихийн хэрээр, байшин барилга нэмэгдэх тоолонд эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөж ирсэн. Гэтэл эрчим хүчний шинэ эх үүсвэр огт нэмэгдээгүй. Одоогоос 56 жилийн өмнө буюу тэртээ социализмын систем ноёрхож байсан 1968 онд “ДЦС-3”-д ЗХУ-ын /хуучин нэрээр/ тусламжтайгаар дунд даралтын зуух, 1980-аад онд өргөтгөл баригдсан нь өдгөө тоног төхөөрөмж нь хуучирч, актад гарах цаг нь өнгөрөөд удаж байна. Манайхаас бусад улсад бол музейд тавихаар. Гэвч манай улс шинэ үйлдвэр бариад ашиглалтад оруулчих чадамжгүй тул хуучин үйлдвэрээ л тойлж тордож энэ хүрсэн. Чухамдаа энэ салбарын мэргэжилтнүүд л мэддэг чаддагаа дайчлан, хойд, урд хөршөөс сэлбэг зөөж, эвдрэл гэмтлийг нь засаж, сэлбэн “аргалж”, аргацаан өдий хүрсэн. Сүүлийн үед сэлбэг олдохоо байсан. 1940-өөд оны үеийн тоног төхөөрөмжид таарах эд анги яаж ч олдох билээ.

 

 

Дээр нь ОХУ-д үүсээд буй нөхцөл байдал нөлөөлж буй. Хятадаас сэлбэг авлаа ч зуухны  хүчин чадал, галд тэсвэртэй байдал зэрэг нь таарах, таарахгүй байх зэрэг асуудалтай. Мөн төвийн бүсийн дулааны станцуудын харьяа Багануурын уурхай  хямд үнээр нүүрс нийлүүлснийхээ төлөө  алданги үүрч, өр төлбөрт баригдсан. Шивээ-Овоогийн уурхайг ч энэ зовлон тойрсонгүй хэзээ мөдгүй элгээрээ хэвтэх дөхсөн гээд тоочвол энэ салбарт болж бүтэж буй юм бараг л алга. Харин тэнд, хэзээ мөдгүй дэлбэрч мэдэх эрсдэл осол дунд ажиллаж буй “ДЦС-3”-ын ажилтан, ажиллагсдын нуруун дээр л монголчууд цахилгаан, дулаантай тааваараа тарвалзаж явна.

 

АЛДАГДАЛТАЙ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ДУТАГДАЛТАЙ, АЙДАС, ЭРСДЭЛ ДУНД АЛБА ЗАЛГУУЛАГЧДЫН НИЙГМИЙН АСУУДАЛ ОРХИГДЖЭЭ

 

Эрчим хүчний салбар яагаад ийм байдалтай явж ирсэн бэ гэвэл “ДЦС-3” гэхэд л 1КвТ эрчим хүчийг 224 төгрөгөөр үйлдвэрлэдэг хэрнээ хэрэглэгчдэд 175 төгрөгөөр борлуулдаг. Олон жилийн алдагдал нь уул овоо шиг болчихсон. Ашиг олдоггүй, харин ч эсрэгээрээ  байнгын алдагдалтай ажиллаж ирсэн учраас тоног төхөөрөмжөө шинэчилж чаддаггүй. Сул зогссон зуны хэдхэн сар ажилчдынхаа бүхий л хүч бололцоог дайчлан урсгал завсар хийгээд өвөлтэй золгодог. Ажилчдынх нь  нийгмийн асуудал орхигдсон. Цалин хөлс нэмэх ямар ч  боломжгүй. Ийнхүү алдагдалтай, ажиллах хүч,тоног төхөөрөмжийн дутагдалтай явж ирсэн “ДЦС-3” өнөөдөр аюулын ирмэгт нэгэнт ирж, үүдээ ч барихад хүрчээ. Үүнд мэдээж, өнгөрсөн 30 жилд “Үнэ нэмчихвэл сонгуульд уначихна” гэж арьсаа хамгаалж ирсэн улс төрийн хүчнүүдийн, үе үеийн сайд нарын буруу ч  бас жин дарна. Цааш дахиад 30 жил ингэж явах ямар ч боломж өнөөдөр үгүй. Нөхцөл байдал нэгэнт иймдээ тулсан тул Засгийн газраас цахилгаан, дулааны үнэд өөрчлөлт оруулах тооцоо, судалгаа хийж байгаа ч шийдэл  тодорхой болоогүйг албаны эх сурвалжууд хэлж байна.

 

ЭНЭ ӨВӨЛ ХОТ ХӨЛДӨХ АЮУЛ НҮҮРЛЭЖ МЭДЭХЭЭР БАЙНА

 

“ДЦС-3” 10 зуух, найман трубинтай. Тэгвэл өвлийн оргил  ачааллын үед таван трубин, 6-7 зуухтай ажиллаж, бусдыг бэлэн байдалд байлгадаг байсан бол сүүлийн үед ингэж чадахаа байжээ. Энэ тухай үйлдвэрлэлийн албаны дарга Л.Бөхболдоос тодруулахад “Жилээс жилд  өсөн нэмэгдэж буй эрчим хүчний ачааллыг дийлэхээ байсан тул есөн трубин, 10 зуух нь зэрэг  ажилладаг болсон. Энэ нөхцөлд засвар, үйлчилгээ хийхэд хэцүү. Яагаад гэвэл доголдол үүсэж, иргэд, хэрэглэгчдийн тав тухыг алдагдуулах эрсдэлтэй” хэмээн хариулсан. Мөн “ДЦС-3”-ын Ерөнхий инженер Н.Чимэддорж хэлэхдээ “Бид  2023-2024 оны өвлийн ачаалалд үндсэн тоноглууруудаа 120 хоног тасралтгүй ажиллуулсан. Энэ маш их эрсдэл үүсгэдэг. Зууханд   60 хоног, трубинд  45 хоног тутам  урсгал засвар хийх горимтой. Энэ засварыг хийхгүйгээр өвлийн ачаалалд оруулсан. Энэ өвлийн хувьд байдал давтагдана. Эрсдэл үүсвэл  хот хөлдөх аюул нүүрлэнэ.Ийм эрсдэл үүсгэхгүйн тулд бид хичээж, хэсэгчилсэн засварууд хийж байгаа. Өвлийн бэлтгэл  98 хувьтай  байна” гэсэн юм.

Үнийн нэмэгдлийг эерэгээр хүлээж авч, тог, дулаанаа ухаалгаар удирдаад сурчихаасай...

 

 

Үнэхээр аргагүй болсон тул Засгийн газар өнөөдөр эрчим хүчний үнийг нэмэх асуудлыг судлахаар болсон нь тодорхой. Тэгэхээр үнэ нэмэх үү,  чөлөөлөх үү. Эрчим хүчний салбарт хувийн хэвшлийнхнийг оруулж ирэх үү гэдэг асуултын хариу удахгүй гарах биз ээ. Гэтэл олсноороо  нэг орой шоуддаг, баяр ёслол болохоор байдгаа ломбардад тавиад балгалздаг монголчууд эрчим хүчний үнэ нэмнэ гэхээр зөвшөөрөхгүй байх талтай.

Яагаад гэвэл, манай улс халамжийн системээр иргэдээ бөөцийлж, өчнөөн жилээр эрчим хүчний салбарт үнийг хүчээр барьж ирсэн. Энэ хооронд иргэдийн цалин, тэтгэвэр хэдэн ч удаа нэмэгдсэн. Талх гэхэд л хэдэн ч удаа үнэ нь нэмэгдсэн. Ганцхан зүйлийн үнэ хэвээр явж ирсэн, тэр нь цахилгаан, дулааны үнэ. “Үнэгүй юманд нугасгүй” гэдэг зарчмаар асуудалд хандаад сурчихсан монголчуудын ухамсарт “Үнэхээр аргагүй шүү, эрчим хүчний салбар маань элгээрээ хэвтсэн шүү” гэдгийг ойлгох тэнхээ, мэдлэг боловсролд байгаа чуу, үгүй чүү. Тиймээс одоо үнэ нэмнэ гэхээр ойлгох нэгэн байхад эсэргүүцэх нь цөөнгүй.

 

 

Эцэст нь хэлэхэд, хүн амын талаас илүү хувь нь амьдарч буй Улаанбаатар хот “ДЦС-3” гэдэг “дарьтай торх”-ны дэргэд байгаа шүү. Тэр дотор таны ч, миний ч үр хүүхэд ажиллаж байгаа...Эрчим хүчний үнийн нэмэгдлийг эерэгээр хүлээж авч, тог, дулаанаа ухаалгаар удирдаад сурчихвал бэрхшээл биш гэдгийг л хэлэх байна даа. Бас нэг зүйл нь орон сууцанд амьдарч буй иргэд хамгийн их цахилгаан, дулаан хэрэглэдэг атлаа бага мөнгө төлдөг, гэр хорооллынхон цахилгаан, дулаан бага хэрэглэдэг атал хамгийн их зардлаар амьдарч байгаа судалгаа байна лээ. Дор бүрдээ тооцоо хийгээд үзээрэй.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITY(105.112.214.0) 2024 оны 11 сарын 01

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Иргэн (66.181.183.10) 2024 оны 10 сарын 31

Хуурамч эм тариа оруулж ирдэг компаниудыг татан буулгаач ээ! 6 эмний 2 нь хуурамч байна шүү дээ. Мөн химийн бүтээгдэхүүн жишээ нь пробиотик, витамин гэх мэтийг оруулж ирдэг компаниудад хяналт тавиач ээ! Монголчууд хордож дуусах нь ээ.

0  |  0
М(66.181.183.148) 2024 оны 10 сарын 31

Авилга шахаа авилга шахаа.МАН МАН МАН

0  |  0
Top