Каспийн тэнгисийн эрэг дээрх үзэсгэлэнт БАКУ хот

Админ | Zindaa.mn
2024 оны 11 сарын 12

Зүүн Европ болон Баруун Азийн хил дээрх Кавказын нуруунд орших Бүгд Найрамдах Азербайжан Улс энэ өдрүүдэд COP29 буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцын Талуудын 29 дүгээр бага хурлыг зохион байгуулж байна. Нийт 198 орны нийт 50 орчим мянган төлөөлөгч оролцож буй энэхүү хурал яах аргагүй Азербайжан улс болон Баку хотыг эдгээр өдрүүдэд дэлхийн анхаарлын төвд хүргэж байгаа билээ. Каспийн тэнгисийн эрэг дээр сүндэрлэх үзэсгэлэнт Баку хотыг уншигчдадаа танилцуулж байна. 


Азербайжан Улсын нийслэл Баку хот нь орчин үеийн архитектур, түүхэн дурсгалт газрууд хосолсон олон мянган жилийн түүхтэй үзэсгэлэнт хот юм. Каспийн тэнгисийн эрэг дагуу орших тус хот нь далайн түвшнээс доош 28 метрт оршдог бөгөөд далайн уур амьсгал, ширүүн салхитай тул “Салхит хот” хэмээн нэрийддэг. Баку хотод ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Ичеришехер (Хуучин хот) болон алдарт Мэйдэн цамхаг болон Ширваншахын ордон зэрэг түүхэн дурсгалт газрууд байдаг.

Улс орны төдийгүй бүс нутгийн соёл урлаг, аж үйлдвэрийн томоохон төв болохын хувьд Баку хот нь олон улсын арга хэмжээ, дипломат уулзалтуудын голлох цэгүүдийн нэг болдог. Сүүлийн жилүүдэд Баку хот хурдтай хөгжиж, орчин үеийн барилга, архитекторын өвөрмөц шийдлүүдээрээ дэлхийд гайхагдах болсон ба алдарт Flame Tower (Дөлт цамхгууд) болон нэрт архитектор Заха Хадидын зохион бүтээсэн Хейдар Алиевын төв зэрэг байгууламжуудаараа ирээдүйн хотын дүр төрхийг бүтээдэг байна.

Баку хот Азербайжаны газрын тос, байгалийн хийн салбарын гол төв бөгөөд дэлхийн эрчим хүчний зах зээлд стратегийн ач холбогдолтой хотод тооцогддог. Тус хотын асар их газрын тосны нөөцийг өдгөө 100 гаруй жилийн турш олборлон ашиглаж байгаа ба энэ нь Баку төдийгүй тус улсын эдийн засгийн чухал хөдөлгүүр болдог.  Түүнчлэн Баку хот нь торгоны замын нэг төв байсан бөгөөд эдүгээ Өрнө, Дорныг холбосон соёлын уулзвар хэвээр байна. 

Баку хотын хүн ам 2023 оны байдлаар 2.3 сая байсан бөгөөд Азербайжаны хамгийн олон хүн амтай хот юм.  Тус хот нь засаг захиргааны хувьд 12 район буюу дүүрэг, 48  нэгжид хуваагддаг ба эдгээрт Баку Арчипелагийн арлууд болон Баку хотоос 100 км зайд орших Гиннесийн номд бүртгэгдсэн Нефт Дашлары аж үйлдвэрийн байгууламжийн суурин мөн багтдаг байна. 

Баку хот нь сайтар хөгжсөн нийтийн тээврийн системтэй ба автобус, метро болон такси үйлчилгээний хүрэлцээ, хангамж сайтай. Баку хотын метро үнийн хувьд хямд бөгөөд  такси үйлчилгээний Bolt, Uber зэрэг сүүлийн үеийн аппликейшнийг ашиглах боломжтой. Баку хот үйлчилгээний байгууллага болон залуучууд англи хэлээр чөлөөтэй ярьдаг. Гадаадын жуулчид аялахад тааламжтай төдийгүй аюул багатайд тооцогддог.

Баку хотод ирсэн зочдын үзэж сонирхдог газрууд:

1. Ичеришехер (Хуучин хот) – ЮНЕСКО-д бүртгэгдсэн, түүх соёлын дурсгалт газар

2. Дөлт цамхгууд – Хотын дүр төрхийг чимэх орчин үеийн барилгууд

3. Хейдар Алиевын төв – Дэлхийд алдартай архитектор Заха Хадидын бүтээл

4. Баку Булвар – Каспийн тэнгисийн эрэг дагуу алхах үзэсгэлэнт газар

5. Хивсний музей – Азербайжаны хивс урлалын өв соёлын тухай

Азербайжаны үндэсний хоол:

1. Плов – Азербайжаны уламжлалт цагаан будаатай хуурга

2. Долма – Усан үзмийн навчинд ороосон махтай хоол

3. Шорлог – Олон төрлийн шорлогоос сонгон зооглох боломжтой

4. Дүшбара – Махтай банштай шөл

5. Лаванги – Хушга самрын холимог шанзтай тахиа эсвэл загас

Баку хотын ирсэн зочдын зочилдог орон нутгийн зах, худалдааны төвүүд:

1. Тезе за – Шинэ ногоо, жимс, амтлагч болон нутгийн идээний хүнсний зах

2. Яшил зах – Шинэ жимс, хүнсний бүтээгдэхүүн, уламжлалт амттаны зах

3. Низами гудам – Бэлэг дурсгал, хувцас хэрэглэл болон нутгийн иргэдийн гар урлалын худалдааны төв

4. Лахиж зэс урлалын тосгон – Баку хотын захад орших гар аргын зэс урлал,  эдлэл, бэлэг дурсгалын төв.

Гэрэл зургийг Г.Ган-Өлзий

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top