Д.Чойжамц: Ижий минь насаараа миний дарга явлаа

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
3 цагийн өмнө

Бурханы шашинд ээжээр дамжуулан нигүүлсэнгүй сэтгэлийг төлөвшүүлж,  эхийн ачийг хариулах, тусыг санах ухаанд  сургадаг. Тиймээс ижийн тухай ихийг бодууштай. Зарим хүн энэ талаар бодохгүй байх нь бий. Бидний ижий асар их гавьяатай, дурсан санахгүй, хайрлахгүй байхын аргагүй улс хэмээн  Хамба Номун хан, гавж Д.Чойжамц ярьж байна. Хайр энэрэл, нигүүлслийн тухай түүнтэй ярилцсанаа хүргэж байна.


-Шашны уран зохиолд, тухайлбал “Молом тойны намтар”, “Нарангэрэл хатны тууж”  буюу “Ногоон дарь эхийн магтаал”-д эхийн  хайр энэрэл, ач гавьяаг магтан дуулсан нь байдаг. Бурханы номлолд  эхийн ачийг хариулахын мөн чанарыг хэрхэн сургадаг юм бол? 

 -Хүн болгон ээж, аавдаа хайртай. Ээжийгээ хайрлаж явах нь монголчуудын эрхэм заншил, сайхан уламжлал юм. Ялангуяа манайхан шиг бурханы шашинтай улс орнууд энэрэл хайрын тухай өргөн дэлгэр ойлголттой. Хайр, энэрэлийг амьдралд бодитоор хэрэгжүүлсэн ард түмэн байдаг юм. Бурханы шашинд ээжээр дамжуулан нигүүлсэнгүй сэтгэлийг төлөвшүүлж,  эхийн ачийг хариулах, тусыг санах ухаанд сургадаг.

Ижийн тухай  ихийг бодууштай  юм. Зарим хүн энэ талаар бодохгүй байх нь бий. Бидний ижий асар их гавьяатай, дурсан санахгүй, хайрлахгүй байхын аргагүй улс. Хэвлийд нь олдсон цагаас эхлэн бид эхээсээ шим шүүсийг нь сорж, долоо, долоо хоногоор өсч томорсоор хүн дүрсийг олдог. Эхийнхээ яс махнаас тасчиж энэ орчлонд ирээд олон шөнийн нойрыг нь хугаслан арчилж тордуулсаар өсөж хүмүүждэг. Өдий зэрэгтэй хүн болсон нь ижийн ач гэдгийг эхийн хэвлийд олдсон цагаас хөөгөөд бодоход хайрлахаас аргагүй юм. Нэгэнт эх болсон юм чинь  хойд, урд төрөл гэж бий. Тэгэхээр эх болж явахдаа л ийм байдлаар намайг асарч тээж байжээ гэх сэтгэл үүсэж, ийм их ачийнх нь өмнө зүгээр байж болохгүй, ачийг нь хариулах ёстой гэдэг оюун ухаан үүсдэг. Эндээс  нигүүлсэл, энэрэл, хайр, асрал эхэлдэг  учиртай.

-Хайр, асрал, нигүүлсэлийн  хооронд  ялгаа  бий юү, эсвэл? 

-Асрал гэдэг арай ондоо утгатай хайр юм. Хайр мөн атлаа  асрал гэдэг юу вэ гэвэл, ижийгээ жаргалтай байлгах юмсан гэсэн уран ухаан. Эх болсон хамаг амьтан, ижийгээ жаргалтай байгаасай, жаргалын шалтгаан нөхцөл бүрдэж байгаасай гэж боддог. Нигүүлсэл гэдэг мөн л арай өөр хайр. Тэр нь ижийгээ болон эх болсон хамаг амьтныг зовлонгоос ангид байгаасай. Зовлонгийн шалтгаанд бүү бүрдээсэй гэх  оюун ухаан юм. Үүгээр дамжин асрал, нигүүлсэлийн сэтгэл үүсдэг. Бусдыг хайрлах үзэл ижийгээ хайрласан хайрын сэтгэлд үндэслэж бий болж төлөвшин тогтдог гэж бурханы шашин үздэг. Энэ оюун ухаан Монголын ард түмний дотор хэдэн зуун жилийн турш таран түгж, үе дамжин  уламжлагдаж ирсэн.

-Тухайлбал, монголчуудын ижийгээ хайрлах үзлийг илүү тод харж, анзааръя гэвэл хаанаас харж болох вэ?

-Монголчуудын аж амьдралын хэвшил, соёл, зан заншлаас үзэхэд  эхийн тухай гайхамшигтайгаар зохиодог, шүлэглэдэг, дуулдаг уламжлалтай. Ардын дуунаас эхлээд орчин үеийн дууны чиг хандлагыг ажиглахад дандаа эх орон, ээж, аавын сэдэв зонхилдог нь монголчуудын нэг араншин байна. Бусад улс оронд төдий л байдаггүй онцгой шинж чанар нь энэ юм даа. Сүүлийн үед уламжлалт соёл, зан заншлаасаа холдсон тал бий. Хайрын тухай ойлголт, монгол хүний онцгой шинж чанарыг уламжлуулах талаар  учир дутагдалтай байгаа юм. Бид дахин сэхээрэх ёстой. Энэ бүхнийг мэдэж, чадаж, учир шалтгааны хувьд ээж ямар их ачтай хүн бэ гэдгийг ойлгуулах ёстой  юм. Тэгж чадвал, ижийдээ амин голоосоо хайртай байх үзэл бодол хүмүүст төлөвшин тогтох учиртай.

-Эхийн ачийг хариулах тухай хүмүүс янз бүрийн бодолтой байдаг. Дөнгөж нэг шөнө өндийж хөхүүлсэн ачийг хариулахын тулд мянган хичээл, зүтгэлийг барна гэлцэх нь бий?

-Эхийн ачийг бүтэн, бүрэн хариулна гэдэг хэцүү. Тиймээс  ачийг нь хариулахын учир, эхийн  ач агуу гэдгийг ойлгуулахын тулд монголчуудын дунд тийм үг, сургаал байдаг юм. Эхийн ачийг хариулна гэдэг багаас эхэлдэг. Тухайлбал, ээжийгээ  баярлуулж,  амар тайван байлгах, ядаж архи, тамхи гуйж сэтгэлийг нь зовоохгүй, хэрэг төвөгт орооцолдохгүй байхаас л эхэлнэ. Өнөөдөр сүрхий том ажил хийж  ижийгээ баярлуулахаас илүү санааг нь зовоохгүй байх талаас бодууштай. Хүүхдээ зовж зүдэрч байхад нь, архи ууж агсам тавьж, эхнэр хүүхэдтэйгээ хэрэлдэн гэр орон нь тохьгүй, ажил олдохгүй, амьдрал нь зохицож өгөхгүй байхад эх хүн  байнга сэтгэлийн тамд байдаг шүү дээ. Ижийгээ амар тайван байлгахгүй, энэ насанд нь жаргааж чадахгүй байна гэдэг маш том нүгэл. Ижий, аав нь хөдөлмөрлөж, зүтгэж байж  өөрийг нь өсгөтөл ачийг хариулах бүү хэл хэдэн цаас байвал тэрийг нь авч архинаас өгчихдөг. Байшин, савыг нь ломбардад тавьчихаад баар хэсэж архидаад ирэхгүй настай хүмүүсийг шөнө унтуулахгүй явдал байна. Гэтэл ижий, аав нь өтөлж зөнөнө, ухаан санаа нь самгардахаас эхлээд янз бүр болно. Эндээс хэн хэндээ тусгүй үйл үүднэ. Эхийн ачийг хариулах ийм жижиг зүйлээс эхэлнэ. Эхийн хайр, энэрэл гэдэг бодож чаддаг хүнд их ухаан өгнө. Ядаж гомдоохгүй байхыг хичээх хэрэгтэй.

-Аливаа зүйл хоёр талтай байдаг. Хайр энэрэлийн зэрэгцээ бид мунхаг хайрын тухай шүүмжлэлтэй ханддаг. Энэ тухай та ямар бодолтой байна?

-Эцэг, эхийн мунхаг хайр гэж байна. Тухайлбал, бид зүрх, тархи хоёр гэж их ярьдаг. Зүрх гэдэг нигүүлсэл, энэрэл хайр байгаа юм. Тархи гэдэг ухаан бодол. Сүүлийн үед эцэг эхчүүд үр хүүхдийнхээ тархи руу, боловсролд нь их анхаарч байна. Боловсролтой л болчихвол, өөрөө сайхан амьдарч, намайг өргөж асарна гэсэн бодол агуулаад байгаа юм. Ганцхан тархи амьдралыг шийдэхгүй гэдэг нь өнөөдөр ил байна. Хамаг хөрөнгөө барж, сургуульд явуулаад дипломтой болгодог. Нөгөөх нь ирээд ажил, хөдөлмөр эрхэлсэн юмгүй. Гадаад, дотоодод сурч боловсроод улаан диплом л авчирсан, хайр энэрэл гэх юм юу ч байхгүй, эцэг, эхээ асарч харж  чадахгүй. Барууны ардчилал, эрх чөлөөний үзэл гээчийг энгийн  амьдралд тусгаад авчихсан ”Өөрийнхөөрөө, зоргоороо амьдарна” гэхчлэн дэмий юм яриад эцэг эхийгээ гомдоодог явдал байна. Тархийг сүүлд хийж болох юм. Багаас нь зүрхийг нь хий, зүрх рүү их анхаарах ёстой.

-Яаж багаас нь зүрх сэтгэлтэй болгох билээ. Эцэг эхчүүд ихэнхдээ тархи оюуныг цэнэглэхэд л анхаардаг шүү дээ?

-Зүрхэнд нь энэрэл хайр, сайн сайхныг хийж өг. Эцэг, эхчүүд хүүхдээ багаас нь сайхан хүмүүжүүлж, аливааг хайрлаж энэрдэг нинжин сэтгэлтэй, эцэг эхдээ хайртай, ахан дүүсээ мэддэг, ард түмнээ хайрладаг сайхан сэтгэлийг бий болгох ёстой. Жаахан байхаас зүрхэнд нь энэрэл хайр тогтоод ирсний дараа ухаанд нь юм хийхэд эрдэм болж хувирна. Тэр эрдмээр ёстой  жинхэнэ аав ээждээ, өөртөө, эх орон, албан байгууллагадаа хэрэгтэй юм болгож чадаж байна. Ганц тархийг нь хөгжүүлээд тавьчихсан, ямар ч энэрэл, хайр нигүүлсэл байхгүй зүрхийг нь хаячихсан хүүхэд хатуу ширүүн хүн болж өсдөг. Эхнэр, хүүхэддээ ч асрал хүндэтгэлгүй, хэдэн цаас олсноо нэг их мундаг юманд бодож, эхнэр хүүхдээ дээрэлхэж, дарлах гэсэн хандлагатай болдог. Нигүүлсэл, энэрэл, асралыг багаас нь төлөвшүүлэх учиртай. Ялангуяа, эцэг эхийн гар дээр байгаа бага наснаас нь зүрхийг нь төлөвшүүлэх нь зүйтэй. Монголчуудын уламжлал ийм л байсан. Энэ чиглэлд өвөө эмээ нарын үүрэг их. Аав ижий нь ажилтай, их төлөв завгүй байдаг. Монгол ёсонд өвөө эмээ нар үр ачаа өсгөж ирсэн.

-Таны үеийнхэн хэрхэн хүмүүжиж байв. Аав ижий тань хэрхэн сургадаг байв?

-Биднийг жаахан байхад хамгийн гоё юмыг эмээ өвөө нар л хэлдэг. Үлгэр уншиж өгч, сайхан зүйл ярина. Хамгийн гол нь зүйр цэцэн үгээр сургана “Өглөөний дулаан дулаан биш. Өсөхийн жаргал жаргал биш” гээд л. Манай эмээ энэ үгийг дандаа хэлдэг байсан юм. Бодоод үзсэн ч хүн өсөхдөө хэчнээн жаргалтай өссөн мэт боловч зовж зүдэрдэг. Өсөхөд нь ажил хөдөлмөр, эрдэм номд сургаж, нигүүлсэл, хайр, энэрэлийг төлөвшүүлсэн байхад учиртай. Өсөж дэрвэж яваа насанд нь юу ч хэлэхгүй, ямар ч сургалтгүй явуулчихаад 17, 18 хүрэхэд сая халагладаг нь ухаан мунхагаас үүдэлтэй юм. Монголчууд “Хайр нь дотроо, хал нь гаднаа” гэлцдэг. Бага насанд нь жаахан шаардлага тавьж, сайхан хүмүүжүүлсэн байхад гайхамшгийг үзнэ. Өглөө сайхан дулаан байснаа үдээс хойш харанхуйлаад шуурга тавьдаг нь байгалийн үзэгдэл бол бага насанд цэцэг жимс шиг сайхан өсөж, дунд наснаас архи тамхинд орж зовоодог нь хүний араншин. Ингэж юмс үзэгдлийн учир шалтгааныг зүйр цэцэн үгээр холбон сэтгэл санаанд нь буулгаж байсан монгол  ухаан байна. Эцэг эхийн хайр бодитой,  хүн болгонд байдаг зүйл боловч уламжлалаас нэмж өгөх, өсөх насанд нь сануулж байх  юм их бий.

-Бага наснаас нь юм л бол хошуу дэвсээд, юу ч хэлэхгүй, эрхлүүлж өсгөснөөр эцэг эхдээ тусгүй, толгой нь өвдөж байхад эм авчраад өгөх сэтгэлгүй  хүн болж төлөвшдөг тал ажиглагддаг шүү?

-Уламжлалаас холдсоноор бид анхны цалингаа авчихаад өөртөө хэрэглээд цаашаа явах хүмүүсийг бий болгож байгаа нь тэр. Бодитой, ухаалаг зүрх тархитай болгож өсгөж хүмүүжүүлсэн хүүхэд анхны цалингаа аваад аав ээждээ бэлгэ дэмбэрэлтэй юм, эсвэл балга сүү, цалингийн дээж хэдэн төгрөг авчраад өгчих жишээтэй. Эцэг эх баясана, хүүхэд ч ачийг нь хариулж байгаадаа баяртай байна. Амьдралын тулхтай үед аав ижийдээ асралтай хандана. Өнөөдрийн аав ижийдээ хандаж байгаа байдал ямар байна, ирээдүйд үр хүүхэд чинь тийм байдлаар өөрт чинь хандана шүү гэдгийг бид ойлгох ёстой. Аав ээж амьдралынхаа суурийг хэрхэн тавьж байна. Ирээдүйд хүүхдүүд нь тийм л амьдрал эхэлнэ. Зарим нь орчин үеийн ухаанаар европынхон болоод байгаа юм гэж бодож магадгүй. Гэтэл тийм биш. Тэнд очоод харахад тэтгэвэртээ гарч, гачаалд орсон хөгшчүүлийг монголчууд харж асарч байдаг. Тэдний ярьж байгаагаар, үр хүүхэд нь дарамт болж, эд хөрөнгийг нь булааж авах гээд байхаас бус хайр энэрэл байдаггүй. Тэгээд их төлөв харж асарч байгаа монголчуудад дасч үр хүүхдээсээ өөрцгүй хандсан нь цөөнгүй. Тэнд өндөр настнуудыг харж асарч байгаа монголчууд үнэхээр сэтгэл гаргаж хамаг ажлыг нь хийж өгдөг юм билээ. Ингээд ганц, хоёр жил болоход хүүхдээсээ илүү хайртай болж, зарим нь өв хөрөнгөө хүртэл үлдээдэг гэж дуулсан.

-Нэг насны жаргал гэж юуг онцлох вэ?

-Эцэг эхийгээ хайрлах нь нэг насны жаргал юм. Түрүүнд хэлсэнчлэн, гадныхныг дуурайлаа гэхэд хүүхэд насандаа аав ээжээрээ тэтгүүлэх юм биз. Яваандаа, хүүхэд нас ч жаргалгүй шүү дээ. Дунд насанд гэр бүл болж жаахан жаргах биз. Насны эцэст зовно. Бага насанд эцэг эхийн хайранд умбаж, дунд насанд эхнэр хүүхэдтэй жаргаж, насны эцэст үр хүүхэддээ жинхэнэ сэтгэлээсээ хандаж байсан хүнийг хүүхдүүд нь ирээд тэтгэнэ. Энэ нь нэг насны жаргал. Орчин үеийн нийгмийн  гажуудлыг дуурайж нэг насны жаргалаа зуурдынх болгочихвол хүн өөрөө л хохирно.  

-Хохирлыг тэвчиж, хожих ухаан гэвэл?

-Үр хүүхэддээ цаг гаргая. Үр хүүхэд нь буцаад аав ижийдээ энэрэл, хайраа зориулъя. Ингэсэн цагт бүх юм сайхан болж, нийгэм зөв замаар урагшилна.  

-Хүмүүсийн амжиргааны төвшин өөр, амьдрах арга янз бүр байдгаас нийгмийн гажуудлыг зөвтгөх хандлага ажиглагддаг?

-Тэр бол бидэнд байгаа том дутагдал. Өнөөдөр манай улсын иргэдийн ихэнх нь буюу 60-70 хувь нь амьдрал ядуу, цаг наргүй ажиллаж байгаа. Нийгмийн гол ноён нуруу төлөвшөөд ирвэл тэд дагаад төлөвших учиртай. Сөрөг  үзэгдэл олон бий, нийгэмд. Юун хүүхдээ өсгөж, хүмүүжлэх манатай, өдрийн ганц талхны ажил байна. Гэхдээ нийгэм тэр аяараа тийм болчихсон юм биш. Ихэнх нь үр хүүхдээ хүмүүжүүлж, цаг зав гаргаж болохоор байгаа юм. Нийгэм доошоо явж, бэлэнчлэх сэтгэлгээ ихсэх тусам өөртөө байгаа бололцоог хаяж эхэлдэг. Гэтэл тэр хүн тодорхой хэмжээгээр  гэр орноо хариуцаад явж байна. Түүний ирээдүйг засах юм нь үр хүүхэд. Санаа, сэтгэлээ 100 хувь гэж үзвэл өдөрт 70 хувийг мөнгөний төлөө зориуллаа гэхэд ядаж 30 хувийг нь хүүхэддээ зориулдаг байвал тэр хүүхэд ирээдүйд өөрийг нь сэвхийтэл аваад явах юм.

-Гэтэл эсрэгээрээ 100 хувь өөрийнхөө амьдралыг анхаараад, хүүхдээ хаячихдаг явдал байна...?

-Ядахдаа сургууль соёлд нь анхаардаггүй юм гэхэд хүнлэг сэтгэлийн талд бус мөнгө олох чиглэлд хүүхдээ ашиглаад ирэхээр өөрийнх нь амьдрал ч устаж, хүүхэд нь ч буруу зам руу явж байна. Тиймээс хэчнээн цаг завгүй, ядуу буурай явлаа ч оюун ухаан, боловсрол мэдлэг, нигүүлсэл, энэрэл, хайрын зарчмыг алдаж ерөөсөө болохгүй. Тэгэж чадвал, нэг л өдөр амьдрал эргэнэ. Хорвоо хүнийг дан ганц ядуугаар төрүүлчихдэггүй, баянаар ч заяадаггүй юм. Бид ядууг нь яриад л байна. Миний  мэдэх олон том бизнесмэн архи тамхинд ороод байдгаа барж л байсан. Хэдэн мөнгөндөө бардаж салсан сарнисан, тэр бүү хэл амьдралаа орвонгоор нь устгасан хүн ч цөөнгүй. Яагаад тийм болов. Хөрөнгө байхад тэд яагаад ядуурав гэвэл цаад талд нь ёс суртахуун, зүрх, тархи хоёрын ажиллагаа муу байснаас хүнийг энэрэн хайрладаг, нигүүлсдэг, сайхан сэтгэлээ алдаж хэдхэн цаасны ажил бодоод эхэлсэнээс тэр. Тэгэхээр баян, ядуу хоёр талд адилхан  байгаа биз. Энэ нь бидэнд юуг сануулж байна вэ гэхээр ноён нуруутай сэтгэлгээ, ноён нуруутай энэрэл, нигүүлсэл, ноён нуруутай хүмүүжил, ноён нуруутай байхыг л шаардаад байгаа юм. Ингэж чадвал тэр хүн ядуу амьдралтай байсан ч дээшээ гараад л ирнэ. Хэрэв үүнийг амьдралдаа мөрдлөг болгож чадахгүй бол хэчнээн сайн амьдралтай байсан ч доошоо явна. Өөрөөр хэлбэл, нэг талын хүнд баталгаа хэрэггүй юм.

-Нийгмийн талаас юу анхаарвал зохистой бол?

-Аль болох биеэ дааж амьдрах, бололцоог нь олгох, үйлдвэр байгуулж иргэдээ ажилтай болгох, хамгийн гол нь оюун ухааныг нь зарц гуйлгачингийн сэтгэлгээ рүү оруулж болохгүй юм. Ямар ч ядуу байлаа гэхэд монгол хүний эртэй, бяртай, амьдралын төлөө  тэмцэгч эрч хүчтэй бардам сэтгэлгээг алга болгож болохгүй. Ингэж чадвал ядуу дорой дотроос цэцэг ургана. Тэр баян дотроос илжирч өмхөрнө.

-“Цагаан Дарь Эх”. “Ногоон Дарь Эх” зэрэг  эмэгтэй бурхадын мөн чанар, хүмүүст өгөх ухаарал нь юу вэ?

-Бурханы шашны гол номлолд бүх амьтанд бурхан болох авъяас, хөрөнгө бий гэж үздэг. Эмэгтэй хүнийг доорчилсон үзэл байдаггүй. Өөрөө хүсэж зүтгэвэл эрэгтэй хүний хийж чадах бүхнийг хийж чадна. Тэр бүү хэл бурхан болж чадна гэдгийг эмэгтэй бурхад илэрхийлж байгаа юм. Бурханы шашны гайхамшиг тэр. Бурханы шашинтай  Монгол оронд гэхэд л эмэгтэй хүний үнэлэмж хамаагүй өндөр байдаг шүү дээ. Тухайлбал, “Цэцэн бэрийн үлгэр”-т гэр орноо, хань ижил, үр хүүхдээ авч явдаг нарийн нандин ухааныг  өгүүлсэн байдаг. Нүүдэлчин монголчууд эмэгтэйчүүдээ маш их гоёж гооддог. Дорд үздэггүй. Хоцрогдолтой нийгэмд ч эмэгтэй хүнд түшиглэж,  хөдөө хээр  ганц нэгээр нүүж бууж ирсэн. Тиймээс эмэгтэй хүнгүйгээр амьдралын төсөөлөл үгүй юм. Түүний дүнд өнөөдөр гэр бүлд эмэгтэйчүүд нэлээд эрх мэдэлтэй байгаа. Ихэнх нь тийм байгаа. Сайхан амьдарч байгаа хүмүүсийг харахад эмэгтэйчүүд нь нэлээд нөлөөтэй байна.

-Зарим улс оронд эмэгтэйчүүдийнхээ хөл гарыг давслаад жижигхэн болгочихсон, ажил хийлгэхгүй гэрт суулгаж, тогоо шанага бариулдаг явдал байсан уламжлал байх юм билээ?

-Монголчууд ийм байдалд хүрэлгүй явж ирсэн нь бурханы шашны нөлөө юм. Бүх амьтан эр, эм гэж ялгаралгүй бурхан болж болдог. Төгс гэгээрэлд хүрч болно гэдэгт эмэгтэй хүний оюун ухааныг  басамжлан доромжилсон утга алга байгаа биз. Нөгөө талаар энэрэл, хайрын бурханыг эмэгтэй хүнээр илэрхийлдэг. Ажил үйлсийн бурхад байна. Цагаан Дарь Эх бол урт насны, Ногоон Дарь Эх ажил үйлсийн бурхан юм. Хүнд хайр, энэрэл харамгүй өгч чаддаг талаас нь бурхадыг эмэгтэй дүрслэлээр илэрхийлдэг. Монголчууд эмэгтэй  бурхан хурдан тус болдог, залбирч л чадах юм бол гэлцдэг нь ийм учиртай.

-Таныг ижийтэйгээ хамт амьдарч, хамтдаа өтөлж, ижийгээ асарч тойлж явсаар бурханд үдсэн гэж дуулсан?

-Миний ижий  Сэрээтэр гэж хүн байлаа. Өндөр насалсан даа, одоо тэнгэрээс хүүгээ харж байгаа байх. Би коммунизмын үед лам болсон. Аав ээжээс хоёулаа. Нэг эмэгтэй дүү бий. Миний хувьд өсөх наснаас өтлөх хүртэл ижийтэйгээ хамт явлаа. Гэрлэж бараалаагүй учраас ижийтэй хамт өтөлж, сүүлчийн мөч хүртэл ижийгээ асарч тойлж байгаад бурханд үдсэн. 

-Ээж тань таныг өсгөж хүмүүжүүлэхдээ юуг чухалчилж захиж байв?

-Ээжүүд үр хүүхэдтэйгээ  дандаа хамт байх юм шиг боддог шүү дээ. Манайх хуучин сургалттай, уламжлалт гэр бүл. Аав хуучин нийгмийн үед лам байсан. 1937 оны хэлмэгдүүлэлтээр хар болсон. Ээж бас тийм. Эмээ маань ч шүтлэгтэй байсан. Буян, нүглийг их боддог айл байлаа. Би түрүүнд хэлсэн дээ, “Эрхийг сурахаар бэрхийг сур”, “Эрдмийг хичээлээр олдог” гэхчлэн  ардын зүйр цэцэн үгээр сургаж өсгөсөн гэж. Эмээ, ижий хоёроос дуулсан юм тэр л байна.

-Ижийн үг танд зарлиг байна биз?

-Ижий минь насаараа миний дарга явлаа. Ижий бид хоёроос гадна манайд дүүгийн хоёр хүүхэд хамт байж ирсэн. Тэр хоёрыг хичээлээ давтаг гээд намайг босгож “Тэрийг хий, энийг хий” гэдэг байлаа шүү дээ. Наад хоёр жаахан чинь хийнэ биз гэхээр “Хичээлээ давтаж байгаа юм биш үү” гээд нэлээн чанга дуугарч байдагсан /инээв/. 

-Та охин дүүдээ юу хэлж захидаг вэ?

-Нэг их үглээд байдаггүй. Хааяа хэлж ярих юм байлгүй яах вэ. 

-Танайхнаас шашны ном үзэж байгаа хүүхэд бий юү?

-Шашин гэдгийг бодох учиртай. Заавал эцэг нь лам байснаар дараагийнх нь үе шашны ном үзэх албагүй. Албагүйгээр барахгүй юм. Шашин гэдэг өөрийн хүсэл эрмэлзлэлээр ордог зүйл учраас ямар ч айлын, хэний ч хүүхэд байсан өөрийн хүсэл байвал тэрийгээ дагаад л явна. Сүүлийн үед бидний алдаад байгаа бас нэг хандлага нь энэ юм.

-Барилгачин байсан гэхээр л хүүхэд нь барилгачин болдог. Лам болно гэдэг бүр албагүй гэсэн үг үү?

-Ер нь лам хүн хүүхэдтэй байх учиргүй. Дэлхийд бол үүнийг ойлгохгүй шүү дээ. Шашинтай газар “Юу яриад байгаа юм бэ” гэнэ. Манайд 1937 оны хэлмэгдүүлэлтээр баахан лам нар хар болж эхнэр авсан учраас бид ингэж ярьж, сонсож болоод байгаа юм. Түүнээс биш бусад улс оронд бусдын төлөө энэ насаа зориулна гэсэн хүн гэрлэсэн гэвэл “Яагаад хийдэд байлгаж байгаа юм бэ” гэж асууна шүү дээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top