Хятадын ховор бараа: Бээжин худалдааны дайныг хэрхэн эргүүлэх вэ!

Я.Болор | Zindaa.mn
4 цагийн өмнө

Доналд Трампыг Цагаан ордонд эргэн ирэхээс өмнө Хятад улс АНУ-д нийлүүлэх цэргийн болон иргэний цахилгаан бараа бүтээгдэхүүний эд ангийн нийлүүлэлтээ хязгаарласаар байна. Шинжээчдийн үзэж буйгаар, 2025 он тус хоёр их гүрний хоорондын худалдааны дайн хэрхэн хурцатгахыг гэрчилнэ. Гэхдээ Трампын хүрээлэлд Хятадтай худалдаагаа хэвийн үргэлжлүүлэх сонирхолтой томоохон бизнесменүүд цөөнгүй байгаа тул найдвар төрүүлж байна гэж Forbes бичжээ. 

Арванхоёрдугаар сарын эхээр АНУ-ын Худалдааны яамны дэргэдэх Аж үйлдвэр, аюулгүй байдлын товчоо Хятадын хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн эсрэг экспортын хяналтын шинэ арга хэмжээ авна хэмээн зарласан билээ. Хязгаарлалтад Хятадын 136 компани орсон. Вашингтон эдгээр компанийг Хятадын цэргийн шинэчлэлд амин чухал технологийг олж авах боломжийг хаахаар оролдож байгаа юм.

Энэхүү алхмын хариуд БНХАУ-ын тал галлий, германи, сурьма зэрэг давхар зориулалт бүхий хэд хэдэн төрлийн барааг АНУ-д экспортлохыг даруй хориглосон. Эдгээр химийн элемент цэргийн үйлдвэрлэл төдийгүй хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд чухал түүхий эд юм. Бээжин өмнө нь вольфрам, бал чулуу, магни болон хөнгөн цагаан хайлш зэрэг стратегийн барааг экспортлох тусгай зөвшөөрөл олгох журмаа чангатгасан юм. Хятадын эрх баригчдын үйлдэл нь Доналд Трампын шинэ засаг захиргааг хэлэлцээнд урьж байгаатай адил харагдахгүй байна. Харин эсрэгээр 2025 оны нэгдүгээр сараас хойш бидний ажиглах худалдааны дайны шинэ дүр зураг гэлтэй.

 

 

Японы эсрэг хориг арга хэмжээ

 

БНХАУ эртнээс байгалийн баялгаа гадаадын бодлогынхоо зэвсэг болгон ашигласаар ирсэн. 2010 онд Өмнөд Хятадын тэнгисийн Сенкаку арлыг тойрсон газар нутгийн маргаантай холбогдуулан тус улс Японд нийлүүлэх газрын ховор элементийн экспортод анх удаа хязгаарлалт тавьж байв. Газрын ховор элементүүд нь орчин үеийн цахилгаан автомашин, цахилгаан бүтээгдэхүүний орлуулшгүй түүхий эд юм.

2010 оны есдүгээр сарын 21-нд Японы хэд хэдэн компани Хятадаас нийлүүлэлт зогссон тухай мэдэгдэж байлаа. Харин Хятадын эрх баригчид экспортоо хязгаарласан тухай албан ёсоор мэдээлээгүй байна. Гэвч үүнтэй зэрэгцэн Японд чиглэсэн жуулчдын урсгал хязгаарлагдаж эхэлсэн ба Японы компаниуд Хятад дахь улсын худалдан авалтын тендерүүдээс хасагдсан байв. Энэ бүх алхам нь Сенкаку арал орчим Японы эргийн хамгаалалтын албаны хөлөгтэй мөргөлдсөн Хятадын загас агнуурын хөлгийн ахмадыг саатуулах хугацааг сунгасны хариу арга хэмжээ байлаа. 2010 оны есдүгээр сарын 25-нд Японы эрх баригчид Хятадын ахмадыг сулласнаас хойш хэд хоногийн дараа Хятадын гаалийн алба газрын ховор металллын экспортын бүрдүүлэлтийг хэсэгчлэн сэргээж байжээ. Гэсэн хэдий ч олон улсын трейдерүүд Япон руу хийх нийлүүлэлт тасалдаж, АНУ болон Европ руу хийх экспортод асуудалд гарсан тухай мэдэгдэж байсан юм. Хожим нь зарим ажиглагчид нийлүүлэлтэд гарсан тасалдал Хятад, Японы хооронд гарсан сөргөлдөөнтэй холбоотой бус харин 2010 оны долоодугаар сард нэвтрүүлсэн Хятадын квоттой холбоотой байсан гэж тайлбарлаж байв. Харин дэлхий дахинд үүнийг Хятадын албан бус хориг арга хэмжээ хэмээн хүлээн авсан. 2010 оны аравдугаар сард Японы эрх баригчид Монгол Улстай газрын ховор металлл олборлох шинэ төсөл боловсруулах тухай хэлэлцээ эхлүүлж байв.

Хожим нь Япон улс БНСУ-тай ордын судалгаа хамтран хийх тухай мэдэгдэж байсан бол хэдэн сарын дараа АНУ-тай хамтран Калифорни, Австрали, Индонез улсад төслийн судалгаа эхлүүлж байв. Тухайн үед Хятад улс Японд хохирол учруулах бус саатуулагдсан хөлгийн ахмадыг суллах тодорхой зорилго агуулж байлаа. Гэхдээ энэ кейс Хятад улс, улс төрийн дарамт шахалт үзүүлэхийн тулд нийлүүлэлтийн гинжин хэлхээг ашиглах чадвартайгаа харуулсан. Түүнээс хойш Бээжин газрын ховор металлыг стратегийн нөөц хэмээн авч үзэн, экспортын дүрмээ тогтмол өөрчилсөөр иржээ.

 

Оновчтой стратеги

 

Хятад улс газрын ховор металлын экспортоо 1985 онд эрчимжүүлэх үүднээс уул уурхайн компаниудад татварын хөнгөлөлт үзүүлж эхэлсэн. 1980-аад оны сүүлээр тус улс АНУ-ыг гүйцэж, газрын ховор металллын хамгийн том үйлдвэрлэгч орон болсон билээ. 2000-д оны эхээр дотоодын эрэлт өссөний улмаас ийм төрлийн металллын экспортод нэвтрүүлсэн хөнгөлөлтөө хумьж эхэлсэн ба 2005 он гэхэд бүрэн цуцалсан. 2007 онд эсрэгээр экспортын татвар ногдуулсан нь газрын ховор металллын талаар баримтлах стратегиа бүрэн өөрчилснийг илтгэж байв.

 

 

Хамгийн сүүлд АНУ-д нийлүүлэх газрын ховор металллын экспортыг хязгаарласан нь

 

Хятадын дотоод нийлүүлэлтэд саатал гарсантай зарим талаараа холбоотой. Эдгээр металллын үйлдвэрлэлийн ихэнх хэсгийг Мьянмар дахь зохицуулалт үгүй олборлолтоор хангадаг. Гэвч 2024 онд тус улс дахь иргэний дайн хурцатсанаар тус улс дахь газрын ховор металлын олборлолтын томоохон төв зогсоход хүрч, улмаар хомстол үүсэхэд хүргэсэн байна. Хэрэв газрын ховор металлын нийлүүлэлт үнэхээр тасалдаж байгаа бол Хятадын эрх баригчдын авч буй алхам тууштай харагдаж байна. Өөрийнхөө өндөр технологийн салбарт нөөцөө хадгалж үлдсэнээр Хятад улс дэлхий дахинд асуудал үүсгэж байна. Ялангуяа, ногоон эрчим хүч, цахилгаан автомашины үйлдвэрлэл үүнд өртөж байна. Худалдааны шинэ саад нь олон улсын эрчим хүчний шилжилтийн чиглэлд авч буй хүчин чармайлтыг сааруулах магадлалтай.

 

Шинэ цар хүрээ

 

Ямартаа ч 2010 оны түүхээс ялгаатай нь Хятад улс АНУ-д нийлүүлэх стратегийн чухал металлын экспортыг хязгаарласан нь АНУ-ын эрх баригчдын саяхны үйлдэлд барьж буй хариу арга хэмжээ гэдгийг нуусангүй. Япон руу хийх газрын ховор металлын нийлүүлэлтэд тасалдал гарсан нь тодорхой зорилготой байсан бол дэвшилтэд технологийн салбар дахь АНУ, Хятадын өрсөлдөөн илүү өргөн цар хүрээтэй асуудлыг хөндөж байгаа бөгөөд хялбар бөгөөд шуурхай шийдвэрлэх боломж харагдахгүй байна. Хятад улс экспортын хяналтаа тодорхой бараа бүтээгдэхүүнд бус харин бүхэл бүтэн салбар, төрлөөр нь тавьж байна. Зах зээл дээрх давамгайлсан байр сууриа хатуу зохицуулалттай экспортын бодлоготой хослуулснаар Бээжин нэг л шийдвэрээр стратегийн ач холбогдолтой олон төрлийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнийг зохицуулах чадвартай болохоо харуулж байна. Үүний зэрэгцээ Бээжинд далд аргаар эдийн засгийн дарамт шахалт үзүүлэх боломж мөн бий. АНУ-д ашиглагдаж буй галлий, германийн нөөцийн 50 гаруй хувийг Хятадаас импортолдог. АНУ дотооддоо эдгээр элементийн нөөцтэй хэдий ч олборлох дэд бүтэц хангалттай хөгжөөгүй учир нийлүүлэлтийг өргөжүүлэх, эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь асуудлыг шийдэх боломжтой шийдэл юм. Ингэхдээ бусад улсаас импортлох бус харин дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх замаар шийдвэрлэх бүрэн боломж бий.

АНУ газрын ховор металлын нөөцтэй ч олборлолт, хайгуул, үйлдвэрлэлд олон жил шаардагддаг. БНХАУ, АНУ хоёр дэлхийн худалдаатай нягт сүлэлдсэн учир ийм арга хэмжээ нь хоёуланд нь эрсдэл үүсгэдэг. Хятад улс борлуулалтын зах зээлээ алдаж байгаа бол АНУ-д импортын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй нүүр тулж байдаг. Америкийн компаниудад зуучлагчдын үйлчилгээ ашиглахаас өөр аргагүйд хүрч магадгүй. Ямартаа ч тус хоёр их гүрний хоорондын худалдааны дайны шинэ үе шат нэг чухал онцлогтой. Эл онцлог нь Вашингтон, Бээжингийн хооронд тохиролцоонд хүрэх шансыг нэмэгдүүлж байгаа. Трампын хүрээлэлд томоохон бизнесменүүд олон бий. Тэд улстөрчдийн үзэл бодлын сөргөлдөөнийг үл харгалзан Хятадтай хэвийн худалдаа хийх сонирхолтой байгаа.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top