Батлан хамгаалахын техник, технологи шилжүүлэх хэлэлцээрийг батална

Я.Болор | Zindaa.mn
20 цагийн өмнө

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.01.08/ хуралдаанаар Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Энэ талаар Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах асуудал нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2022 онд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан “Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдаж, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор хоёр талаас томилогдсон ажлын хэсэг хэлэлцээрийн төслийг эцэслэхээр тохиролцсон.

Хэлэлцээр байгуулах асуудлыг Засгийн газрын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдэж,  Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар зөвшилцсөний үндсэн дээр уг хэлэлцээрт “Гарын үсэг зурах эрх олгох тухай” Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарч, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо хэлэлцээрт гарын үсэг зурсан гэлээ.

Энэхүү хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6, 8.2-т заасан болон Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн чиглэлийн дагуу Улсын Их Хурлаар заавал соёрхон батлуулах Олон улсын гэрээнд хамаарна гэдгийг салбарын сайд онцлоод хуулийн төсөл нь нэг зүйлтэй гэв.

Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээнүүд болон бусад хууль тогтоомжтой нийцэх бөгөөд хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлэх, батлагдсантай холбогдуулан шинээр боловсруулах болон нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хууль тогтоомж байхгүй. Хуулийн төсөл батлагдсанаар манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд аливаа сөрөг үр дагавар үзүүлэхгүй, улсын төсвөөс нэмэлт зардал шаардагдахгүйг танилцуулгад дурдсан байлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат хоёр улсын хооронд батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ тэдгээр технологи, техник, тоног төхөөрөмжийг ашиглах боловсон хүчнийг бэлтгэх асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар, Улсын Их Хурлын Б.Батбаатар батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлээр олон улстай хамтын ажиллагааг өрөгжүүлэн хөгжүүлэх хүрээнд явуулж буй үйл ажиллагааг иргэд болон хөрш орнууддаа зөвөөр ойлгуулахад анхаарч ажиллаж буй эсэх талаар лавлаж, үг хэлсэн.

Ингээд “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top