-Гуравдугаар сарын 1-нд хөдөлбөргүй шинэлэх бөгөөд монгол сарны тоолол 100 мянган жилд нэг удаа алдах өндөр нарийвчлалтай нь тогтоогдсон-
Монголын Бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд өчигдөр цагаан сарыг ёслон тэмдэглэх, цаг улирлын байдалд нийцүүлэн зурхайн аль хэлбэрийг барих талаар олон нийтэд нэгдмэл ойлголт өгөх нэгэн чухал үйл явдал болов. ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, Монгол Улсын гавьяат багш, физикч Лосолын Бямбажаргалын судалгааны бүтээл болон Монгол Улсын Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын 2002 оны хамтарсан ажлын хэсгээс боловсруулсан “1000 жилийн цаг тооны бичгийн тооцооллын эцэслэн шийдсэн судалгаа”-ны ажлын бүрэн эх хувийг Гандантэгчэнлин хийдийн удирдлагад гардуулан өгсөн юм.
Уг арга хэмжээнд Монголын Бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн Дэд хамба, гавж С.Гантөмөр, гэвш А.Батцэнгэл, зурхайч Б.Нямжанцан, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн захирал, доктор, Академич Ж. Даваасамбуу, тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, Академич, Монгол төрийн тэргүүн дээд “Чингис хаан” одонт, Төрийн соёрхолт, Шинжлэх ухаан гавьяат зүтгэлтэн, 1960-аад оны үед ШУА анхны зурхайн судалгааны багтай байх үед хамт ажиллаж байсан Х.Намсрай, мөн тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор, гавьяат багш, тухайн судалгааг санхүүжүүлэгч Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Х.Цоохүү, тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, гавьяат багш, судалгааны багийн ахлагч Л.Бямбажаргал нар оролцов.
Энэ үеэр судалгааны багийн ахлагч, Монгол Улсын гавьяат багш Л.Бямбажаргал сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ “Миний бие зурхайч, одон оронч хүн биш. Онолын физикч хүн. Хувь зохиолоор 1990 онд Физик, технологийн хүрээлэнд ажиллаж байхад Зурхайн тасаг гэж байсан. Тэр Зурхайн тасагт н.Зуухай, С.Нинжбадгар, Г.Баасанжав нарын нэртэй сайхан эрдэмтэд ажиллаж байхдаа намайг компьютерын праграмм хангамжийн тал дээр туслахыг хүсэж, анхны тооцоог 1990 оноос хийж эхэлсэн. Нийгэм өөрчлөгдөхөд цаг тооны бичгийг Шинжлэх ухааны академи хариуцахаа больсон. Ингээд арваад жилийн дараа буюу 2002 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газар хуралдаж, Монгол төрийн түүхэн тэмдэглэлт томоохон үйл явдал болон хуучин цагийн төр, нийгмийн зүтгэлтнүүдийн мэндэлсэн өдрийг орчин цагийн тоололд шилжүүлэн тогтоох шаардлага байнга гарч байгааг харгалзан эрдэмтдийн санал, монгол зурхайн уламжлалт аргад тулгуурласан төсөл боловсруулж, цаг тооны бичгийн асуудлыг нэг мөр шийдэх үүргийг Засгийн газрын хуралдаанд оруулахыг тухайн үеийн Боловсрол, шинжлэх ухааны яаманд үүрэг болгосон.
Бага хурал зохион байгуулж, тэндээс ажлын хэсэг гарсан. Түүнд Түвдэнпэлжээлин хийдийн хамба Гончигсүрэн, Гандантэгчэнлин хийдийн цорж лам Диваасамбуу, МУИС-ийн багш, зурхайч Л.Тэрбиш, Монголын Үндэсний түүхийн музейн захирал Идшинноров, эрдэмтэн С.Нинжбадгар, Г.Баасанжав нарын зэрэг эрдэмтэн мэргэд орж байлаа. Тэндээс гарсан судалгааны тооцоо нь 1027-2106 он дуусталх астрономын үзэгдэлтэй хэр нийцэж байна вэ гэдгийг үзэхээр 13.361 сарын 394.865 хоногийн өдрөөр монгол зурхайн зурлагыг Төгсбуянт зурхайгаар зурж, сар бүрийн нар, сарны тохиолыг орчин үеийн астрономын тооцоотой харьцуулан судалсан байна. Энэ үеэр болсон болон болох 2565 удаагийн нарны хиртэлт, 2602 удаагийн сарны хиртэлтийг жишиж үзжээ. Монгол тооллын сарын дундаж урт энэ хугацаанд 29 бүхэл нэг зуун мянганы 53,56 хоног байгаа нь орчин үеийн нарийн компьютераар гаргасан 29 бүхэл нэг зуун мянганы 53,59 хоног байна гэсэн тооцоотой тохирч байна. Үүгээр монгол сарны тоолол 100 мянган жилд нэг удаа алдах өндөр нарийвчлалтай байгааг харуулж байна. Энэ судалгааны эх хувийг Гандантэгчэнлэн хийдэд гардуулах нь зүйтэй гэж үзэж өнөөдөр энэ арга хэмжээг зохион байгууллаа.
Манжийн эрхшээлд байсан үед Монголын төрийн хэрэг шар зурхайгаар, ард түмний зан үйл Төгсбуянтын зурхайн ёсоор явдаг байсан бөгөөд сар шинийн баярын өдөр зөрөх үед ноёд хоёр удаа цагаалдаг, дийлэнх олонх нь Төгсбуянтын зурхайгаар явдаг байжээ. Монголын цагаан сар гэдэг үг 1911 оноос өмнө гарсан нэршил юм. Богд хаант Монгол Улсын үед ч, Ардын хувьсгалаас хойш ч монгол тооллоо хэрэглэсээр ирсэн баримт архивт олон бий. Ер нь цаг тооны бичээс тэнгэрт бий. Түүнийг эрдэмтэд, зурхайчид харж, тооцож цаг тооны бичиг гаргадаг юм. Энэ жилийн Цагаан сар 2025 оны гуравдугаар сарын 1-нд хөдөлбөргүй тохионо гэлээ. Шинийн нэгэн тасарч буй нь ч нарийвчилсан тооцоогоор гарсан байна. Гандантэгчэнлин хийдийн Дэд хамба, гавж С.Гантөмөр хэлэхдээ “Өнөөдөр түүхэн өдөр болж байна. Монголын олон нэртэй эрдэмтэн судлаачдын олон жилийн зурхайн тооцоог манай хийдэд гардуулж байгаад баяртай байна. Азийн олон оронд сарны тооллыг ашигладаг. Монголчуудын хувьд байгаль, цаг уурынхаа нөхцөл байдал, ахуй амьдралдаа тохирсон Төгсбуянтын зурхайгаар ондоошиж, тусгаар тогтнолын бэлгэдлээ болгож ирсэн. Сарны хоногийг тооцдог зурхайн ухаан зуун мянганы нэг хувьтай зөрдөг. Заримд үед сар маш хурдан явж өнгөрдөг учраас өдөр тасарч, удаашрах үед өдөр давхардлаа гэж ярьдаг. Үүнийг эрдэмтэн судлаачид судалгаагаараа баталсныг бид гардан авлаа” гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Азийн бүх орон монголын жинхэнэ сарны тоололоор цагаан сарын баярыг тэмдэглэдэг. Түвдизмд түлэгдсэн монгол орк хятадтай адилхан өдөр цагаан сарыг тэмдэглэхгүй гээд түвдийн шар хувалзуудын заасанаар тэмдэглэдэг\nХятадаас өөр өдөр цагаан сараа хийж байгаа нь монголын тусгаар тогтнолын баталгаа мэтээр солиорно\nӨнөадөр дэлхий даяараа хятадын цагаан сарын баярыг тэмдэглэж байна\nДэлхийн ямар ч том хотуудад буухад яг л хятад улсад очсон шиг болтолоо баяр чимэглэл хийж худалдаа наймаа, баяр хөөр зугаа цэнгэл болж энэ баярынхаа ачаар олон тэрбумыг хятадууд хийж чадаж байна\nЭнэ дэлхийн хөгжлийн адаг