АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Панамын ерөнхийлөгчтэй уулзжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 02 сарын 03

 

Өнгөрсөн бямба гарагт Панамд албан ёсны айлчлал хийсэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Панамын ерөнхийлөгч Хосе Раулем Мулино-той уулзахдаа Панамын сувгийн эргэн тойронд тогтсон одоогийн байдлыг байж боломгүй зүйл бөгөөд энэ нөхцөл байдал өөрчлөгдөх байх хэмээн Америкийн засаг захиргаа үзэж байгаа тухай мэдэгдсэн байна.

“Хятадын Коммунист намын нөлөө болон хяналтын өнөөгийн түвшин нь Панамын сувагт аюул нүүрлүүлж байна гэсэн урьдчилсан дүгнэлтийг АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп хийсэн ба энэ нь байнга төвийг сахих болон Панамын сувгийг ашиглах тухай гэрээг зөрчиж байгаа явдал хэмээн үзэж байгаа” хэмээн Марко Рубио онцолжээ. Ийм нөхцөл байдлыг нэн даруй өөрчлөхгүй бол АНУ гэрээний дагуу эдлэх эрхээ хамгаалахын тулд шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд хүрнэ гэдгийг Америкийн Төрийн нарийн бичгийн дарга ойлгуулсан байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай найрсаг, харилцан хүндэтгэлтэй, Панамын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн уур амьсгалд ярилцлаа гэж Панамын ерөнхийлөгч Хосе Рауль Мулино мэдэгдсэн байна. Панамын засгийн газар Хятадын “Нэг бүс – Нэг зам” санаачилгад нэгдэх тухай хэлэлцээрийг сунгах бодолгүй байгаа тухай мэдээлжээ.

“Энэ айлчлал Панам, АНУ-ын харилцааны шинэ үе шатыг хэрэгжүүлэх замыг нээж байна. Манай засгийн газар сувгийн дэргэдэх Хятадын компаниудын хяналтад байгаа боомтуудад аудитын шалгалт хийж байгаа” гэж Панамын Төрийн тэргүүн мэдээлсэн байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Төв Америкийн орнуудаар айлчилж байгаа бөгөөд Панамаас гадна Сальвадор, Коста-Рика, Гватемал, Доминикан зэрэг улсад хоёрдугаар сарын 6 хүртэл айлчлах ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top