-ДУНДГОВЬЧУУД АРДЫН ХУВЬСГАЛЫН ЖУРАМТ ЦЭРГИЙН ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН МЭНДЭЛСНИЙ 132 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ-
Ардын хувьсгалын журамт цэргийн жанжин, Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ойг Дундговьчууд тэмдэглэн өнгөрүүлж, Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд аймгийн удирдлагууд, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага, алба хаагчид болон иргэдийн төлөөлөл цэцэг өргөн, хүндэтгэл үзүүллээ.
Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, хүүхэд залуус, ард иргэдэд цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх ажлын хүрээнд Цэргийн түүхийн музейгээс үзмэрийн үзэсгэлэн, баримтат киног дэлгэн толилуулав. Мөн Цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан доктор, дэд профессор Л.Баяр “Эх орны үнэ цэн – Иргэдийн бахархал” сэдвээр, Цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ц.Нарангэрэл “Их жанжин Д.Сүхбаатарын үйл хэрэг” сэдвээр илтгэл тавьсан юм.
Ойн баярын ажиллагаанд Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын орлогч С.Ариунбаяр, Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дарга, хурандаа Г.Золзаяа, Цэргийн Штабын дарга Ө.Баясгалан болон тусгайлсан чиг үүрэг бүхийн байгууллагуудын удирдлага, алба хаагчид, иргэд, сурагчдын төлөөлөл оролцлоо.
Тус ойн хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, С.Буяннэмэхийн нэрэмжит Төв номын сангаас "Содон ном" бүтээх уралдааныг зохион байгуулж, 20 сургууль, 7 байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн бүтээлийг өнөөдөр Төв халхын дуулалт жүжгийн театрт үзэсгэлэн болгон дэлгэсэн байна. Түүнчлэн Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид хэсэгчилсэн тоглолт толилуулав.
Сэтгэгдэл ( 0 )