Манай анги уртаашаа ганц малчинтай. Түүнийг малчин ард Далай гэнэ. Малчин ард гэдэг нь түүний өөртөө оноосон нэр л дээ. Уг нь Жамбалын Далай гэдэг хүн. Хатгалынхаа Онцгой байдлын хэлтэст олон жил ажилласан аврагч. Өссөн, төрсөн, өдгөө амьдран суугаа нутаг нь Хөвсгөл далай ээж. Жилийн дөрвөн улиралд сарлагийн хэдэн үхрээ дагуулан маллаж, эр хүн хэрнээ сааль сүү базааж, цагаан идээг жигтэйхэн нямбай боловсруулна. Хэтэрхий нямбай зангаас нь болж хэрийн бүсгүй халгадаг учраас л өөрөө цагаан идээгээ базааж суудаг нь тэр ээ.
Өвөл болохоор Далай Эрдэнэт, Улаанбаатарт байгаа ангийн анд найзууддаа шинэ жилийн үеэр хөөрхөн бэлэг илгээдэг уламжлалтай. Хөдөө гадаанаас идээ цагаа авдаггүй миний хувьд хоёр дахь өвлөө Далайгаасаа бэлэг гардаж баярласан гэж тоймгүй. Тийм олон хүн тус бүрд ямар бэлэг илгээдэг вэ гэвэл нэг бүрийг хүнсний скочоор нямбайлан ороосон хэдэн бондгор аарц, цагаан тос, савтай шар тос, өрөм, савлаж хөлдөөсөн сүү зэрэг байх. Тэр бүр нь туйлын цэвэрхэн. Идэшний үүцнээсээ жаахан мах илүүчлэхээ мартахгүй. Яг л хот орон газар суугаа үр хүүхэддээ ээж нь юм зэхсэн мэт найзуудынхаа төлөө гаргасан сэтгэл нь нэвт шувт мэдрэгдэнэ. Найзууддаа явуулах илгээмжээ цэвэрхэн хайрцагт савлаж, дээр нь “Малчин ард Далайгаас” хэмээн хаяглаж хүлээн авагчийн нэр, утасны дугаарыг тавина даа. Бичиг гэж сийлсэн мэт уран. Түүнийг бидэндээ хүргэж ирдэг хүн нь байсхийгээд Ж.Далай найзыгаа очиж эргэдэг манай ангийн мөнхийн дарга Л.Готов. Унаган багын найзуудын бие биеэ гэх сэтгэл ийм агуу ажээ.
Сэтгэгдэл ( 0 )