“Чимээ үгүй”-н чимээг чагна

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 09

 

“Чимээ үгүй”-н чимээг чагна

-Мэдэхгүй байгаагаасаа айж байгаа бол мэдрэхийг хичээ-

…“Ухаан нь хөвж, оршихуй нь үл таних гүн рүү уусан алга болох шиг. Орчин тойрон бараг оршин тогтнохгүй мэт, хязгааргүй аниргүй. Түүний ухамсар эргэлдэж, бодит байдал, дотоод ертөнц хоёрын хил хязгаар алдарсан байв. Гэвч хаа нэгтээ, маш холоос, бүдэгхэн чимээ сонсогдох шиг. Тэр чимээ өөрийг нь дуудна. Тэр чимээ түүнийг эргүүлж татна. Бүдэгхэн гэрэл аажуухан тодорч, орон зайд халин дүүрэх мэт. Бүх зүйл гэнэт хэт хурц, хэт тод болж, харанхуй нь гэрэл рүү хурдацтай уусна”...

…“Тэр сэхээний өрөөнд сэрэв. Цээж нь хүчтэй өргөсхийн агшиж, уушгинд нь гүнзгий агаар орж ирэв. Нүд нь анивчин, тааз руу гөлрөх зуураа амьсгаагаа удаанаар татав. Зүрх нь цохилж байгааг мэдэрлээ…

Тийм ээ, үхэл, амьдралын зааг дээр очоод эргэж ирэх агшныг үзэхгүйгээр тэмдэглэнэ, мэдэрнэ, тэр ч байтугай тунхаглана гэдэг аугаа мэдрэмж, гүнзгий судалгаа биш гэж үү?

 

“Хар нялхаараа” философийн шинжлэх ухаанд татагдан хүмүүний хорвоогийн хуудсыг имэрч, шинжилж тархиа гашилгах ховорхон хувь тавилангийн боол нь ч, эзэн нь ч болж жаргалтайгаар шаналан суудаг Баярхүүгийн Санчирын уран бүтээлүүдийн талаар “чимээ үгүй” өнгөрч боломгүй мэт санагдана.

 

Юуны төлөө тэр бээр “Есөн араншин”-г хүүрнэж, “Чимээ үгүй”-г шивнэнэ вэ?

 

“Есөн араншин”-гийн эхийг гар дээрээ тавих мөчөөс л есийн тоо хүмүүний амьдралд яагаад ийм гүнзгий шүтэлцээтэй байдгийг гайхширч, уншиж тусам амьдрахуй тэр чигээрээ есөн үечлэл хуваагдаж, “хуваах тусам хуваагдана” гэх гайхамшигт онол ийм ойрхон байсныг мэдрэх шиг болж билээ. Гэхдээ уг номын сүүлчийн цэгийг хатгах мөчид яагаад ч юм бэ, “энэ бол цэг биш таслал, цааш үргэлжилнэ” хэмээн 81-ийн төгсгөлд ирчихсөн мөртлөө нэг л дутуу дулимаг, төгсөшгүй санагдсан.

 

Зөн совин ч биелж, нэг л өдөр Баярхүүгийн Санчир “Чимээ үгүй”-н эхийг барьсаар ирэв. Гүйлгээд харахын төдийд дотор ургаад байсан зөн амилсныг мэдэрч, “Хорвоогоос тэр чигтээ халин одуулахүйгээр, клиник үхлийн тухай байвал ямар вэ хэмээн санал болгоход, Б.Санчир тэр дороо үсрэн гарч яг тэр санааг маш тодорхой болгоод хүрээд ирсэн. Ингээд “Чимээ үгүй”-н чимээ хаанаас, ямар учраас гарсан нь бүр ч тодорхой болж амтархан уншиж эхэлсэн дээ.

 

Философийн хүүрнэл хүмүүний амьдралд ойрхон тусмаа ойлгоход, хүлээн зөвшөөрөхөд энгийн, хялбар болдгийг энэ ном харуулсан. Бидний хэлдэггүй л болохоос мэдэрдэг тэр зүйлийг уншаад, хүлээн зөвшөөрөөд, толгой дохин уншиж дуусгана гэдэг маш сонин.

 

“Өмнө нь энэ харанхуйгаас зугтахыг хүсдэг байсан бол одоо тэр өөрийн дотор орших харанхуйг л ойлгохыг хүсэж байлаа.

Тэр өөрөөсөө асуув.
​Би хаана байна вэ?

Нүднийх нь буланд хэн нэгний бүдэг сүүдэр үзэгдэв. Сувилагч уу? Эмч үү? Эсвэл энэ бүхэн зүүдний үлдэгдэл үү?

 

Энэ бүхэн чухам юу болохыг “Чимээ үгүй” номоос та уншаарай. Тодорхой зүйл хамгийн бухимдуулам, аймшигтай. Урьдчилан мэдрэх, тодорхой мэдэж байхын тулд та үүнийг заавал унших хэрэгтэй. Үүгээр тархинаас урсаад байгаа бодлоо түр тогтооё.

 

 

Номын редактор
Сэтгүүлч
У.ОРГИЛМАА

 

 

“Хүний дотоод ухаарал, нийгмийн төөрөгдөл дунд эцэс төгсгөлгүйгээр эргэлдэх хоосон чимээнээс ангижрахуйг илэрхийлнэ. Хүн гаднах дуу чимээнд автан амьдарч, өөрийн дотоод дууг сонсолгүй төөрөлддөг.

Гэвч жинхэнэ уналт, гүн харанхуй, оршихуйн хил дээр ирэх мөчид бүх зүйл аниргүй болно.Тэр чимээгүй дунд хүн анх удаа бодит байдлыг харж, нийгмийн дүр эсгэлт, хиймэл үнэт зүйлс хэрхэн оршин байдгийг танина.

Чимээ үгүйд жинхэнэ дотоод харц нээгдэж, үнэн бодит байдлыг таних боломжтой. Энэ бол хүний жинхэнэ ухааралтай нүүр тулах сүүлийн орон зай.”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu